Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/818

 

                          

 

 

 

 

       2018          09           24                                         818

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Ундрах

шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ............... Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808039901012 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............... Н-, Монгол Улсын иргэн, ..... аймагт ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, эрэгтэй, .... настай, дээд боловсролтой,  механик инженер мэргэжилтэй, Олон улсын хүүхдийн найрамдал төвд хэсгийн ахлагч ажилтай, ам бүл ...., эхнэр, ...  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... дүгээр хороолол .... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмдэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 864000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар НИ76020610.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Н- нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслангийн байранд “Найзтай хамт хөдөө явуулсангүй” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.У-г зодож, түүний биед тархи доргилт, зүүн зулай, зүүн мөр, тохой, зүүн гарын чигчий хурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 21-ний 19 цагийн орчим...манай нөхөр Н- хамт ажилладаг Машболдтой хамт Баянчандмана явна гэхээр нь би яваад хэрэггүй хүний ажил юм чинь гэртээ харья гэж хэлсэн чинь манай нөхөр Н- би хамт явна чи хоёр хүүхдээ аваад яв гэсэн. Тэгэхээр нь би Машболд гэх залуутай уулзаад Н-ыг аваад явлаа бид хоёр орой 22 цагаас кино үзэх гээд тасалбар авсан байгаа гэж хэлсэн. Гэтэл Машболд тэг тэг гэсэн. Манай нөхөр Н- нь би заавал хамт явна гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би нөхөр Н-ыг гэртэй харья гээд хүүхдүүдийнхээ хувцсыг машиндаа хийлгүүлээд Н-ыг гэр рүүгээ явъя гэсэн чинь би харихгүй гэсэн. Тэгээд Н- намайг түлхэж унагаасан, газар унасан байхад дээрэс өвдөглөсөн, гараараа цохисон, хана мөргүүлсэн...Н- миний толгой руу төмөр ус буцалгагчаар 5-6 удаа цохисон, гараараа миний зүүн гар, хөл, мөр, дар руу цохисон...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10337 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн зулайн ар хэсэгт 7х7см хэсэг овойж хавдсан, духн гол ба баруун хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн мөрийг дээш өргөхөд эмзэглэлтэй, цээж рүү хатгуулж өвдөнө гэнэ, тохойн ар дээд хэсэгт 6х4 см хүрэн өнгийн цу хуралттай, хавдсан, зүүн гарын чигчий хуруу хавдсан, хүрэн өнгийн цус хуралттай, зүүн далны дээд хэсэгт 1х1см хөх өнгийн цус хуралттай, зүүн гуя, шилбэний гадна дунд хэсэгт эмзэглэнэ гэнэ, хавдсан, цус хурсан зүйлгүй.

2018.08.22-ны ГССҮТ-ийн эмчийн үзлэгт онош: Тархи доргилт гэжээ.

2018.08.22-ны Мелд траума эмнэлгийн Толгойн КТГ-н шинжилгээний хариунд: хамрын таславч дунд хэсгээр баруун тийш мурийлттай. Хамрын самалдаг хавагнаж зузаарсан...ДҮГНЭЛТ

1.Б.У-гийн биед тархи доргилт, зүүн зулай, зүүн мөр, тохой, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, гарын чигчий хуруу, зүүн далны дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр гэмтлүүд байна.

6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),

3. Шүүгдэгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт манай ажлын Машболд гэх жолооч нэг автобусаа хөдөө гэртэй хүргэх гээд намайг цуг явчаад ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл манай эхнэр У- ажил дээр ирээд намайг цуг гэр рүүгээ явъя ажил дээрээ юугаа хийх гээд..манай эхнэр У- над руу уурлаад хэл амаар доромжлоод...орилоод байхаар нь би чимээгүй бай гээд түлхсэн. Тэгсэн өрөөний хаалга руу нуруугаараа унасан...Би У-г гараараа цаашаа бай гээд түлхсэн мөн зүүн хөл рүү нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37)

4. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 39, 43), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 38), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 49)  хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44, 45), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 68-69), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Н- нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслангийн байранд, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутын үед,  хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.У-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н- хамт ажилладаг Машболдтой хамт Баянчандмана явна гэхээр ...би Машболд гэх залуутай уулзаад Н-ыг аваад явлаа бид хоёр орой 22 цагаас кино үзэх гээд тасалбар авсан байгаа гэж хэлсэн. Гэтэл ...Манай нөхөр Н- нь би заавал хамт явна гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Тэгээд Н- намайг түлхэж унагаасан, газар унасан байхад дээрэс өвдөглөсөн, гараараа цохисон, хана мөргүүлсэн ...Н- миний толгой руу төмөр ус буцалгагчаар 5-6 удаа цохисон, гараараа миний зүүн гар, хөл, мөр, дар руу цохисон...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10337 дугаар дүгнэлт...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),

- Шүүгдэгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машболд гэх жолооч нэг автобусаа хөдөө гэртэй хүргэх гээд намайг цуг явчаад ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл ...манай эхнэр У- над руу уурлаад хэл амаар доромжлоод ...орилоод байхаар нь би чимээгүй бай гээд түлхсэн. Тэгсэн өрөөний хаалга руу нуруугаараа унасан...Би У-г гараараа цаашаа бай гээд түлхсэн мөн зүүн хөл рүү нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Г.Н- нь хохирогч Б.У-г зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нөгөө талаас хохирогч нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.У- нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Г.Н- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагдагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.  

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0399 01012 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ............... Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Н-ыг 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ