Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/01293/и |
Дугаар | 1949 |
Огноо | 2017-08-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1949
Д.Болормаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01757 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Болормаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Энх-Эрдэнэд холбогдох
36 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Д.Энх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,
Хариуцагч Д.Энх-Эрдэнэ,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болормаа нь Д.Энх-Эрдэнийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, 29/а байрны 45 тоот хаягт байрлах 56.35 м.кв талбай бүхий байрыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 36 800 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2015 оны 12 дугаар сард дээрх байранд орсон. Гэтэл Д.Энх-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сараас хойш намайг байрнаас гар гэсэн шаардлага тавих болсон. Д.Энх-Эрдэнийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, 29/а байрны 45 тоотод байрлах орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Дээрх нэхэмжлэлийг миний зүгээс гардан авсны дараагаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдүүлэхээр "Байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 36 800 000 төгрөгийг Д.Энх-Эрдэнээс гаргуулж өгнө үү" гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд хандаж байгаа болно. Байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 36 800 000 төгрөгийг Д.Энх-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Энх-Эрдэнэ нь "Сэрүүн" ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд нэхэмжлэл гаргагч Д.Болормаа тус компанид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.Болормаад өөрийн Хас банкны цалингийн картыг итгэж хариуцуулан өгсөн боловч нягтлан Д.Болормаа картнаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлага гаргах, уг зарлагадсан мөнгөө уг картын данс руу Д.Болормаагаас байрны урьдчилгаа төлбөр гэх нэрээр орлого хийж, нийт 13 удаагийн үйлдлээр 36 800 000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан улмаар их хэмжээний хохирол учруулсан байх тул Чингэлтэй дүүргийн прокурорт хандсан. Иймд Чингэлтэй дүүргийн прокуророос шийдвэр гарсны дараа иргэний хэргийн асуудлаа шийдвэрлүүлэх болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Энх-Эрдэнээс 36 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 342 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Энх-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Болормаа нь "Сэрүүн" ХХК-ийн нягтлан бодогчоор 2013 оноос ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сард Д.Болормааг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/а байрны 45 тоот дахь 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө байрандаа түр амьдруулж байсан. Тэрээр уг орон сууцыг авах санал гаргаж, 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж “та надад урьдчилгаа төлсөн баримт бүрдүүлэхэд туслаач, би орлогоос авч таны данс руу мөнгө хийсэн болгож баримт бүрдүүлээд банкнаас зээл авах хүсэлтэй байна" гэхэд нь би туслахаар шийдэж зээлийн 30 хувь буюу 36,8 сая төгрөгийг нь өөрийн боломжийн хэмжээнд бүрдүүлж егье гэж аман тохиролцоо хийсэн. Тухайн үед манай компанийн нягтлан бодогчийн хувьд яаралтай төлбөр тооцоо хийлгэх шаардлагаар би Хас банк дахь өөрийн 5001465586 тоот данс бүхий дотоодын цалингийн картыг Д.Болормаад итгэлцлийн үндсэн дээр хадгалуулдаг байсан. Тэрээр миний цалингийн картнаас зарлага гаргаж, зарлагадсан мөнгийг уг картны данс руу орлого хийх замаар нийт 36 800 000 төгрөгийг 5001465586 тоот дансанд өөрийн орлогын эх үүсвэрээс хийсэн мэтээр тайлбарлаж надад их хэмжээний хохирол учруулсан.
Анх 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8 сая төгрөгийг “Болормаагаас байрны урьдчилгаа төлбөрт" гэсэн гүйлгээний утгатайгаар миний дансанд хийж, тэр даруйдаа 800 000 төгрөгөөр 6 удаа буюу нийт 4.8 сая төгрөгийг бэлэн мөнгөний автоматмашинаас авсан. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөн 800 000 төгрөгөөр 4 удаа буюу нийт 3.2 сая төгрөгийг бэлэн мөнгөний автоматмашинаас авсан байдаг. Дээрх 8 сая төгрөгийг Д.Болормаа миний данс руу хийсэн гэх боловч манай компанийн нярав ажилтай Н.Оюунчимэг шилжүүлсэн бөгөөд Д.Болормааг байрны урьдчилгааг бүрдүүлэхэд нь намайг тусалж байгааг мэдэж байсан тул ХХБ-аас АА-0002578696 тоот чекээр 5500 ам.доллар авч солиулав кассад орлого аваад 8 сая төгрөгийг миний дансанд Д.Болормаагийн өмнөөс Н.Оюунчимэг шилжүүлсэн. Үүний дараа миний 5001465586 тоот данснаас АТМ-ээр дамжуулж 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.8 сая төгрөг дээрээ 12 дугаар сарын 02-ны өдөр 3.2 сая төгрөгийг авмагцаа тэр өдөртөө 6 сая төгрөгийг буцааж орлого болгож шилжүүлсэн. Тэр өдөр Д.Болормаа "Захирлаа та 6 сая төгрөг аваад өгөөч, дандаа АТМ-аас мөнгө аваад байхаар зээл судлахад хуурамчаар баримт бүрдүүлсэн болж харагдах байх" гэхээр нь би уг 6 сая төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хас банкны тооцооны төвд өөрийн биеэр очиж зарлагадан авч өгсөн бөгөөд тэрээр 12 дугаар сарын 03-ны өдөр 5 сая төгрөгийг байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгатай төлөлтийг миний данс руу хийсэн. Дараа нь 12 дугаар сарын 05-ны өдөр 800 000 төгрөгөөр 6 удаа буюу нийт 4.8 сая төгрөгийг АТМ-ээс авсны маргааш нь 12 дугаар сарын 06-ны өдөр 5.2 сая төгрөгийг мөн байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгатай төлөлтийг миний данс руу хийсэн байдаг. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “GUSTO” гэх ресторанаас 800 000 төгрөгийн бэлэн мөнгө гаргуулж авсан байдаг. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 800 000 төгрөгөөр 5 удаа, 400 000 төгрөгөөр 1 удаа буюу нийт 4.4 сая төгрөгийг мөн л АТМ-ээс авсны дараа 12 дугаар сарын 12-ны өдөр 2.4 сая төгрөгийг мөн байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгатай төлөлтийг миний данс руу хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 800 000 төгрөгөөр 3 удаа мөн л ATM-ээc нийт 2.4 сая төгрөг авсан бөгөөд нийт дүн 26.6 сая төгрөг болсон. Харин 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тэрээр 10.2 сая төгрөгийг мөн байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгатай төлөлт хийснийг би тэр өдөрт нь Хас банкны Чингэлтэй дүүрэг дэх 103 дугаар тооцооны төвөөс өөрөө авсан. Ийнхүү түүний урьдчилгаа төлбөрийн дүн 36 800 000 төгрөг болсон. Энэхүү 10 200 000 төгрөгөөс 10 саяыг нь тухайн өдөр Д.Болормаа "Булгат мөрөн" ХХК-ийн касснаас бэлнээр авсан болохыг "Булгат мөрөн" ХХК-ийн захирал Б.Лхагвадорж, нягтлан бодогч Ш.Баярцэцэг нар гэрчилдэг бөгөөд энэ тухайгаа 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03/34 тоот албан бичгээр нотолж байгаа. Д.Болормаа нь миний болон манай “Сэрүүн” ХХК-ийн орлогын мөнгөөр миний хувийн дансанд гүйлгээ хийж, бодитоор төлөөгүй төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж буй явдал нь илтэд үндэслэлүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл юм. Д.Болормаагийн дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байсан. Уг Цагдаагийн байгууллагад хандсан гомдлын тухай шүүхэд мэдүүлсэн бөгөөд шүүхээс энэхүү эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар анхаарч үзэлүй хэргийг шийдвэрлэсэн. Миний бие 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэтэй гэрээ байгуулсан бөгөөд шүүхийн зүгээс миний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан боловч бодит байдал дээр өмгөөлөгчийн ажиллах нөхцөл боломжийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч миний бие 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу шүүх хурал болох өдөр хариуцагч Д.Энх-Эрдэнэтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан бөгөөд шүүх хурал болохоос 20 минутын өмнө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очсон болно. Гэвч шүүгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгч намайг дуудан хуралдаанд оруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Миний бие шүүгчийн туслах н.Намуужинтай уулзаж Д.Болормаагийн нэхэмжлэлтэй Д.Энх-Эрдэнэд холбогдох шүүх хурал 10 цаг 30 минутад шүүхийн аль танхимд болохыг тодруулахад "Шүүгч нар зөвөлгөөнтэй байгаа тул шүүх хурал хоцорч 11 цагт эхэлнэ" гэсэн тайлбарыг өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2 дугаар байранд тухайн өдөр барилгын засварын ажил хийгдэж байсан бөгөөд нэг давхрын хүлээлгийн хэсэгт хүн байх боломжгүй шороо тоостой байсан бөгөөд шүүхийн цагдаа ирсэн хүмүүсийн бүртгэлийг хийх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан шүүхийн байрны гадаа байсан бөгөөд 10 цаг 30 минутад шүүхийн цагдаагаас асуухад шүүгчдийн зөвөлгөөн дуусаагүй байна гэсэн хариултыг өгсөн тул мөн л гадаа талбайд хүлээж байсан. Гэтэл шүүгч зөвлөгөөнөө дуусгаж орж ирээд 10 цаг 50 минутад шүүх хурлаа эхлүүлсэн бөгөөд энэ талаараа надад огт мэдэгдээгүй. Орох хүсэлт тавьсан боловч хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Дээр дурдсан нөхцөл байдал нь хариуцагч тал болон түүний өмгөөлөгчөөс шалтгаалалгүйгээр тэдний шүүх хуралд оролцох, тайлбар түүний үндэслэл болсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчиж Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлөгч авах эрхийг хангасан боловч бодит байдалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.
...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д хохиролд ямар зүйлийг хамруулах талаар нарийвчлан зохицуулсан байтал шүүгч маргааны зүйлд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Иргэний хуулийн 261 дүгээр зүйл нь гэм хорын асуудал байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д шүүгчийн дангаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй байхад шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд ноцтой алдаа болно. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д иргэний эрх зүйн харилцаа нь гэм хор учруулснаар үүсэж болох талаар зохицуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд заасныг уг маргаантай холбоотой асуудлыг шүүгч дангаар шийдвэрлэхийг хориглосон байна. Мөн миний үйлчлүүлэгч Д.Энх-Эрдэнэ шүүх хурал болох өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймагт нээгдэж буй Өргөө кино театрын хөргөлтийн системийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан бөгөөд надаар дамжуулан шүүхэд нотлох баримтаар хүсэлтээ хүргүүлсэн боловч дээр дурдсан шүүхийн зохион байгуулалт муутай, хариуцлагагүй байдлаас болж хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хувьд хэт нэг талыг барьсан байх бөгөөд төлбөрийн баримтад дурдсан данс Д.Энх-Эрдэнэ эзэмшдэг болохыг тодруулаагүй, холбогдох баримтаар бүрэн нотлоогүй, мөн хариуцагчийн зүгээс мөнгө, төлбөртэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан тухайгаа мэдэгдсээр байтал уг эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэснийг эцэслэн баримтаар тогтоогоогүй байгаа нь мөн хуульд заасан хэргийг тал бүрээс нь нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх агуулга бүхий зарчмыг зөрчсөн байна. Хариуцагчийн хувьд анхан шатны шүүхэд гаргаж өгөх бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтыг гэрчлэх гэрчийн этгээдүүд байгаа бөгөөд энэхүү ажиллагааг зайлшгүй хийлгэж хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох хуулийн заалтад нийцнэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.Болормаа нь хариуцагч Д.Энх-Эрдэнэд холбогдуулан 36 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/а байрны 45 тоот хаягт байрлах 56.35 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 36 800 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, орон сууц худалдах, худалдан авах хэлцлээс хариуцагч татгалзсан тул гэрээний үнийг буцаан шаардаж байна гэж тайлбарласан байна.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ Д.Болормаа нь 13 удаагийн үйлдлээр өөрийнх нь мөнгөн хөрөнгө болох 36 800 000 төгрөгийг түүний цалингийн картнаас авч шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах зорилгоор орон сууцны урьдчилгаа төлбөрт 36 800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн нь Хас банкны орлогын маягт гэх баримтаар тогтоогдсон байна.
Талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч гэрээнээс татгалзаж уг орон сууцнаас нэхэмжлэгчийг нүүлгэн гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай 183/ШЗ2017/01468 тоот захирамж, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай 183/ШЗ2017/03420 тоот захирамж болон талуудын тайлбараар тогтоогдсон талаар шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
Худалдах, худалдан авах гэрээний нэг тал гэрээнээс татгалзсантай холбоотой анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Энх-Эрдэнээс 36 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
Учир нь Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нэг тал гэрээнээс татгалзсан бол нөгөө тал нь хохирол шаардах эрхийг зохицуулсан тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд хамааруулж дүгнэснийг зөв гэж үзнэ.
Хариуцагч нь маргаж буй мөнгөн хөрөнгийг өөрийнх нь гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
Шүүх 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулахдаа хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй. Тэрээр шүүхийн зохион байгуулалтын ажиллагаанаас болж шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэж тайлбарлах боловч энэ нь нотлогдохгүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй тул хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Зохигчдын хооронд үүссэн маргаан нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой маргааны төрөлд хамаарахгүй юм. Иймд хэргийг дангаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Энх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ