Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0511

 

 

2015 оны 11 сарын 11 өдөр       Дугаар 221/МА2015/0511

 

Р.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, Д.У, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрт хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Р.Н-ийн нэхэмжлэлтэй, НЗД , НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НЗД-ын 2013 оны А/840 дүгээр захирамжийн Р.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэхийг НЗД д даалгах, Р.Н-ийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 0-21 тоот, 3 талт хашааг хууль бусаар буулгасныг тогтоож, анхны байдалд нь оруулахыг НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтэс болон КСБ ХХК-д даалгах, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 884 м.кв газар олгосон НЗД-ын 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагч НЗД-аас  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Р.Н  Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 390 м.кв газрыг эзэмшүүлсэн. Тухайн газрын хойно НЗД-ын 2010 оны 677 дугаар захирамжаар КСБ ХХК-д орон сууцны зориулалтаар 884 м.кв газрыг олгосон. Тухайн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ба газраа зориулалтын дагуу ашиглаж байна. Барилгын бохир, цэвэр усны шугам, түүний хамгаалалтын бүсэд төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт иргэн Р.Н д газар эзэмшүүлсэн тул НЗД-ын 2013 оны А/840 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

 

Хариуцагч НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: тухайн газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар тул дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх байхгүй. Манай зүгээс Р.Н-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа хашааг буулгасан тул хууль зөрчөөгүй. Мөн энэ харилцаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Р.Н  нь 2011 оны 11 дүгээр сард танай нөмөрт өвөлжье гэж гуйн хашаа барьж, улмаар газар давхардуулан хууль бусаар дүүргийн Засаг даргын захирамж гаргуулсан байсныг НЗД-аас  хүчингүй болгосон. Барилгын ажил дуусч шугам сүлжээний ажил эхлэхэд бидэнд саад учруулж, ажил хийлгэлгүй өнөөдрийг хүрсэн. Үүний улмаас бид 2 жил барилгаа ашиглалтанд өгч чадахгүй байсаар банкны их хэмжээний зээлтэй, илүү төлөлттэй дампуурлын ирмэгт ирлээ. Иймд шүүхээс үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж захиргааны акт шинээр гаргатал НЗД-ын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн иргэн Р.Н д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн хашааг шинээр гаргах захирамжаар олгогдсон газрын хэмжээгээр татаж өгөхийг НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтэст даалгаж,

2. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М НЗД-ын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжийн КСБ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...НЗД-ын 2013 оны 09 дугээр сарын 06-ны өдрийн А/840 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Буянт Ухаа" хорооллын хэсэгчилсэн өрөнхий төлөвлөгөөг зөрчин орон сууцны хороолол дунд Хан-Уул дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчин эзэмшүүлсэн учир нэхэмжлэгч Р.Н-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн газарт "КСБ " ХХК-ийн барилгаас өөрөөр баригдсан барилга байгууламж байхгүй, байршлын хувьд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газраас баруун тийш гэр хороолол үүссэн хашаа баригдаж гудамж үүссэн тул орон сууцны хороолол дунд газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

Учир нь тухайн маргаан бүхий газарт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор "Буянт-Ухаа" хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг тул уг маргаан бүхий газарт дүүргийн Засаг дарга хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн болох нь батлагдаж байна.

 

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшүүлснийг буруутах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 21.5.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ хотын суурьшлын бүсийн эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, мөн хуулийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" хэмээн эрх хэмжээг зааж өгсөн.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх заалтыг анхаарч үзэлгүй дүүргийн Засаг даргыг тухайн маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх эрхтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх НЗД-аас  "нэхэмжлэгч Р.Н-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамжийг түүний болон гуравдагч этгээд КСБ " ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэргийн нөхцөл байдлыг судлан үзэж дахин захиргааны акт гаргахаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагчаас иргэн Р.Н д газар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохдоо Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэж тайлбарлаж буйгаас гадна маргаан бүхий захирамжиндаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэсэн 31.2 дахь хэсэг, мөн зүйлийн Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн 31.3 дахь хэсгийг тус тус баримталсан байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 242 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзэхэд иргэн Р.Н д эзэмшүүлсэн газар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар тогтоолоор баталсан Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны хороолол баригдахаар тусгагдсан газарт хамаарч байгаа гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэргээр тухайн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр баталсан газартай давхцаж байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүх тухайн газарт КСБ ХХК-ийн 5 давхар орон сууцны барилгаас өөрөөр баригдсан орон сууцны барилга байгууламж байхгүй, иймд орон сууцны хороолол дунд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэсэн нь үндэслэлгүй гэж буруу дүгнэжээ. Хэдийгээр тухайн үед орон сууцны хороолол баригдаж гүйцээгүй зөвхөн ганц орон сууц баригдсан байсан нь тухайн газар орон сууцны хороолол огт барихгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Үүнийг гагцхүү тухайн газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсанаар л тодорхойлох ёстой.

Хан-Уул дүүргийн Засаг дарга нь иргэн Р.Н д газар эзэмшүүлэхийн тулд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-*т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг тус тус анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Р.Н д 2012 онд газар эзэмшүүлэх захирамж гаргаж байх үед тухайн газар нь дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд нь эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Энэ талаар нотлох баримтыг шүүх цуглуулж үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүх гуравдагч этгээд болох КСБ ХХК-ийн газартай иргэн Р.Н-ийн газар давхцаагүй болох талаар дүгнэсэн байна. Гэхдээ маргаан бүхий захиргааны акт нь КСБ ХХК-ийн эзэмшил газартай давхцсан гэж гараагүй, харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр орон сууцны хороолол барихаар төлөвлөгдсөн газартай давхацсан гэж гарсан болохыг анхаараагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газартай давхцаагүй болох нь уулзалтын тэмдэглэлээр нотлогдоно гэж, хариуцагч тал хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газартай давхцаж байгаа болох нь уулзалтын тэмдэглэлээр тогтоогдоно гэж тус тус маргаж байна. Дан ганц уулзалтын тэмдэглэл гэсэн нотлох баримтаар иргэн Р.Н д эзэмшүүлсэн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр орон сууцны хороолол баригдахаар төлөвлөгдсөн газартай аль хэсгээрээ хэдэн м.кв давхцаж байгаа болох эсхүл бүхэлдээ давхцаж байгаа эсэх, огт давхцахгүй байгаа зэргийг тогтоох боломжгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч НЗД-аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР