Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/827

 

                          

 

 

 

 

       2018          09             27                                         827

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч А.Ганзориг (томлолтоор),

шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас .............. Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808028190970 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.............. Д-, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ..... оны .... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой,  барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ......... оршин суудаг  урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай тоотод оршин суух Б.С-г гэртээ байхад “чи намайг гэрээсээ хөөлөө, архи хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны...20 цагийн үед...Г.Д-д хандаж чи албатай юм шиг гэрт орж ирчихээд архи нэхээд байдаг чамд архи өгөх албатай юм уу гэж хэлээд...манай гэрээс гар гээд хөөгөөд гал тогооны өрөөнд ширээний ард цай уугаад сууж байтал Г.Д- миний хажуу талд сууж байхдаа чи намайг гэрээсээ хөөлөө гэж уурлаад элдвийн юм яриад сууж байгаад босоод миний хажуу талаар гарах гэж байна гэж бодсон чинь миний толгойн зүүн тал руу гараараа цохих шиг болсон ба би тухайн үед ухаан алдаж унасан...Г.Д- надаас архи нэхээр намайг элдвээр хэлээд байхаар нь өөдөөс нь уурлаад унтаж амармаар байна одоо манай гэрээс гар гэж хөөгөөд байж байтал гэнэт босч ирээд миний толгой руу гараараа нэг удаа цохиод би ухаан алдчихсан...гомдолтой байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11)

“...Г.Д-...надаас архи байвал өгчих гээд архи нэхээд байхаар нь би архи авч өгч чадахгүй гэж хэлтэл намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хэл амаар доромжилж байгаад...Г.Д- босож ирээд миний шанаа руу гараараа нэг удаа цохисон...Г.Д- намайг нэг удаа гараараа нүүр рүү цохисон...миний эрүү, зүүн шанаа хөхөрсөн...би автобус унааны мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

“...энэ хэрэг гарснаас хойш эм эмчилгээ, шүүх эмнэлэг явуулах, нааш цааш унаа тэргэнд суух хувь хүнээр бариа засал хийлгэсэн гээд нийтдээ 330.000 төгрөг өөрөө гаргаж хэрэглэсэн...энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

2. Гэрч Ц.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны орой...20 цагийн орчим...Г.Д- гэрт орж ирээд Б.С-гаас архи нэхээд Б.С- байхгүй гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тухайн үед даралт ихсээд орон дээр хэвтэж байсан бөгөөд Г.Д- агсам тавьж байгаад Б.С-гийн нүүр рүү нь нэг удаа гараараа алгадчих шиг болсон бөгөөд Б.С- газар уначихсан...тухайн үед Г.Д- Б.С-гийн нүүр рүү нэг удаа цохичих шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20)

“...Г.Д- Б.С- хоёр маргалдаж байгаад Г.Д- Б.С-г хацар руу нь алгадаад авсан. Намайг босоод ирэхэд Б.С- ухаан алдаад газар уначихсан байсан...Г.Д- манай гэрт согтуу орж ирээд архи нэхээд Б.С- чамд архи өгөхгүй гэж тэр хоёр маргалдаж хэрэлдэж байгаад Д- С-гийн зүүн хацар руу нэг удаа алгадаад унагаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

3. Гэрч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр...С- надад тал шил архи гаргаж өгөөд би тэрнээс нь уугаад сууж байтал Д- гэх таньдаг залуу архи уучихсан байдалтай орж ирсэн ба архи уух гэхээр нь би тэр архинаас хийж өгөх гэсэн чинь С- босч ирээд би чамд архи өгөхгүй өгдөг хүндээ өгнө гэж уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаад ширээний урд сууцгааж байсан. Тэгээд тэр хоёр нилээн удаан хэрэлдэж байгаад Д- С-г алгадчихсан чинь С- унаад ухаан алдчихсан...зүүн хацар руу нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27),

4. Гэрч Н.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр...Д- гэх залуу орж ирээд ширээн дээр байсан архинаас уух гэсэн чинь С- өгөхгүй гэж уурлаад...маргалдаад сууж байгаад Д- С-г алгадаад унагаасан чинь С- ханан пийшин мөргөөд уначихсан...Д- С-гийн зүүн хацар руу нэг удаа алгадаад унагаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6156 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Ил гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1.Ц.С-гийн бид тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

6. Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр...22 цагийн орчим гараад...С-гийн гэрт нь орсон чинь Хуягаа ах, С- нар нэг шил 0.75 литрийн архи тавьчихсан уугаад сууж байсан. Намайг ороход архинаасаа хоёр аягалж өгөхөөр нь уучихсан....тэгээд архиа уугаад юм яриад байж байтал С- та нараас болоод бид хоёр салах гээд байна гэсэн утгатай зүйл яриад уурласан. Тэр үед гаднаас Чулуунсүх, Баярсайхан нар орж ирцгээсэн бөгөөд тэр хоёрыг харчихаад С- над руу уурлаад гай болсон юм нууд гэж дайраад байхаар нь би чи эцэг шигээ хүнтэй амьдарч байж гээд хэлчихсэн чинь С- над руу танай эхнэр ч гэсэн янхан гэсэн утгатай зүйл хэлэхээр нь би С-г баруун гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь алгадчихсан чинь С- газар уначихаад хэсэг байж байснаа босож ирээд над руу дайраад орилоод байхаар нь гэрээс нь гараад явчихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66),

7.хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 32),

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 49), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 40, 41), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 70) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Д- нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай тоотод, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.С-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д- миний хажуу талд сууж байхдаа чи намайг гэрээсээ хөөлөө гэж уурлаад элдвийн юм яриад сууж байгаад босоод миний хажуу талаар гарах гэж байна гэж бодсон чинь миний толгойн зүүн тал руу гараараа цохих шиг болсон ба би тухайн үед ухаан алдаж унасан...миний толгой руу гараараа нэг удаа цохиод би ухаан алдчихсан...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11)

“...Д-...миний шанаа руу гараараа нэг удаа цохисон...миний эрүү, зүүн шанаа хөхөрсөн...би автобус унааны мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

“...энэ хэрэг гарснаас хойш эм эмчилгээ, шүүх эмнэлэг явуулах, нааш цааш унаа тэргэнд суух хувь хүнээр бариа засал хийлгэсэн гээд нийтдээ 330.000 төгрөг өөрөө гаргаж хэрэглэсэн...энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч Ц.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д- агсам тавьж байгаад С-гийн нүүр рүү нь нэг удаа гараараа алгадчих шиг болсон бөгөөд С- газар уначихсан...тухайн үед Д- С-гийн нүүр рүү нэг удаа цохичих шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20)

“...Д- С-г хацар руу нь алгадаад авсан. Намайг босоод ирэхэд С- ухаан алдаад газар уначихсан байсан...Д- С-гийн зүүн хацар руу нэг удаа алгадаад унагаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Гэрч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д- гэх таньдаг залуу архи уучихсан байдалтай орж ирсэн ба архи уух гэхээр нь би тэр архинаас хийж өгөх гэсэн чинь С- босч ирээд би чамд архи өгөхгүй өгдөг хүндээ өгнө гэж уурлаад ...тэр хоёр нилээн удаан хэрэлдэж байгаад Д- С-г алгадчихсан чинь С- унаад ухаан алдчихсан...зүүн хацар руу нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27),

- Гэрч Н.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д- С-г алгадаад унагаасан чинь С- ханан пийшин мөргөөд уначихсан...Д- С-гийн зүүн хацар руу нэг удаа алгадаад унагаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6156 дугаар дүгнэлт...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

- Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С- над руу уурлаад гай болсон юм нууд гэж дайраад байхаар нь би чи эцэг шигээ хүнтэй амьдарч байж гээд хэлчихсэн чинь С- над руу танай эхнэр ч гэсэн янхан гэсэн утгатай зүйл хэлэхээр нь би С-г баруун гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь алгадчихсан чинь С- газар уначихаад хэсэг байж байснаа босож ирээд над руу дайраад орилоод байхаар нь гэрээс нь гараад явчихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Д- нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “архи өгөхгүй, гэрээсээ хөөлөө” гэх сэдэлтээр, хохирогч Ц.С-г зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Д- нь хохирогч ...Ц.С-г зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Г.Д-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С- нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Г.Д- нь хохирогчид 330.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 70) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Д- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д- нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Д-г эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

шүүгдэгч Г.Д- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0281 90970 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. .............. Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-г 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ