| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00471/И |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 36
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ************** итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ************ тоотод оршин суух ******* холбогдох,
байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 2.089.875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, хариуцагч **********, иргэдийн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд болон шүүх ху********ралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: ************ багт байрлах ******** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь жижүүрээр ажиллаж байсан ********ажлаас халсаны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалаар ****** нь ажилгүй байсан хугацааны цалин 450.555 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 1.638.320 төгрөг нийт 2.089.875 төгрөгийг олгосон байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс ******** цэцэрлэгт учирсан хохирол болох 2.089.875 төгрөгийг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч *********шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ********* миний биеийг ********* цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа байгууллагад 2.089.875 төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Жижүүр ***** ажлаас халсан нь хууль бус гэдэг нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин болох 2.089.875 төгрөг бол Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчмын дагуу үүнийг төр хариуцана гэж үзэж байна. Миний бие төрийн албыг тасралтгүй шуурхай явуулах зорилгоор өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрээ гаргасан ба нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 498.5-д зааснаар шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулаагүй. ****** халсан нь шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл гэж үзэхгүй байна. Одоогоор би гэр бүлийн хүний хамт эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул уг төлбөрийг төлөх ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
********* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь хариуцагч ****** холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 2.089.875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу ********** цэцэрлэгийн хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.
Хариуцагч ********* нь байгууллагад буюу *********** цэцэрлэгт учруулсан гэх 2.089.875 төгрөгийн гэм хорын хохирлыг төлөх боломжгүй, эрхэлсэн ажилгүй, байрны зээлтэй, байгууллагад хохирол учраагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч *******нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ний өдрөөс 2016 оны 07 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ******** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь ******** аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/59 дугаар захирамж, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/66 дугаар захирамжуудаар тогтоогдож байна. /хх-20, 21/
Хариуцагч ******** нь ******** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгт жижүүрийн ажил эрхэлдэг байсан ***** ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгууллагад 2.089.875 төгрөгний гэм хорын хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 389 дугаартай шүүхийн шийдвэр, Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай магадлал, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаартай шийдвэрүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна. /хх 7-18/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан агуулгаас үзэхэд “гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй” гэсэн нь учирсан хохирлыг байгууллага арилгасан байх буюу хохирол бодитойгоор бий болсон байх нөхцлийг шаардаж байна.
Энэ тухайд *********** цэцэрлэг нь ******* учруулсан гэм хорын хохирлыг арилгасан буюу уг хохирлыг төсвийн мөнгөөр төлж барагдуулснаар төсөвт хохирол учирсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр 65.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №23 дугаартай төлбөрийн хүсэлтээр 86.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №27 дугаартай төлбөрийн хүсэлтээр 300.555 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №115 дугаартай төлбөрийн хүсэлтээр 1.638.320 төгрөг нийт 2.089.875 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь дээрх төлбөрийн баримтуудаар тус тус нотлогдож байна. /хх-19, 22, 23, 24/
Хариуцагч ********нь төлбөрийн баримтын “хяналтын хуудас №1-ийн 65.000 төгрөг, хяналтын хуудас №23-ын 86.000 төгрөг, хяналтын хуудас 27-ын 300.555 төгрөг” нийт 451.555 төгрөгийг байгууллагаар дамжуулан өөрөө хувиасаа төлсөн гэж тайлбарлаж байх боловч тухайн төлбөрийг хариуцагч төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. /хх-22, 23, 24/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байна.
Өөрийн шаардлага, татгалзал, тайлбарыг нотлох гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд зааснаар зүй ёсны болохыг батлах ёстой юм.
Нотлох үүргээ хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогч хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийг ашиглах үүрэгтэй ба нотлох баримтууд нь хуульд заасны дагуу хэлбэржсэн байх шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч ********** татгалзалын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцана” гэж заасан тул байгууллагад хохирол учраагүй гэж тайлбарлаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар тухайн буруутай албан тушаалтны иргэнд учруулсан хохирлыг төр хариуцан төлж барагдуулсан байх бөгөөд тухайн байгууллагад хохирол бодитойгоор учирсан байгаа нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу ******** цэцэрлэг ******** учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байна.
Харин албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учруулсан гэм хорын хохирлыг тухайн байгууллага хариуцан төлж барагдуулснаар байгууллагад бодитойгоор хохирол учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу буруутай этгээдээс шаардаж байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд гэм хорын хохирол байх ба шүүх гэм хорын маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох хүсэлт гаргаад уг хүсэлтээсээ татгалзаж, өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 48.388 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******-с байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 2.089.875 /хоёр сая наян есөн мянга найман зуун далан таван/ төгрөгийг гаргуулан ********* цэцэрлэгт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч ***********-с 48.388 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ц.ҮЙТҮМЭН
Д.ЯНЖИНДУЛАМ