| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0737/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/759 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Насалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/759
2018 09 04 759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Баасанжавын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0376 20955 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ын Б, Монгол Улсын иргэн, . аймгийн . суманд . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, эмэгтэй, . настай, дээд боловсролтой, хүний нөөцийн ажилтан мэргэжилтэй, “Б” ХХК-д инженер ажилтай, ам бүл ., . настай хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, . . тоотод оршин суух хаяагтаа, регистрийн дугаар ..
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Б нь согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 03-наас 2018 оны 8 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишигт-Од” нэртэй караоке бааранд иргэн Б.Дамдинсүрэнг “сандал дээр суулгасангүй” гэх шалтгаанаар зүүн шанаа чихэн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн шарх, чихний дэлбэн чамархайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө “Хишигт-Од” гэх бааранд..сууж байтал...танихгүй хүүхэн миний сууж байсан сандлыг татаад суусан. Тэгэхээр нь би чи ширээн дээрээ очоод суучих би хүнтэй хамт явж байгаа гэж хэлсэн чинь тэр хүүхэн шууд миний зүүн шанаа руу гараараа нэг цохиод дараа нь пивоны шилээр зүүн шанаа руу цохисон...миний зүүн чих сэтэрсэн...Б архи уусан байсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5)
2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9823 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн чихний дэлбэнгийн дээд ирмэгт 1,8х0,2 см хүрэн тав тогтсон шархтай, чихний дэлбэнгийн ар ба чамархай, хөхлөг сэртэнгийн хэсгээр бага зэрэг хавдсан, хөх ягаан өнгийн бүдэг цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ:
1. Б.Дамдинсүрэнгийн биед зүүн чихний дэлбэнд, шарх, чихний дэлбэн, чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10),
3. Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 03-04-нд шөнө 02 цагийн үед найз Батсүрэнтэй хамт “Хишигт-Од” гэх бааранд орсон. Батсүрэн бид хоёр нэг шил 0.75 литрийн болор нэртэй архи авсан. Тэгээд ширээн дээр очоод суух гэтэл сандалгүй байсан тэгэхээр нь би хажуу талын ширээний нэг сандлыг аваад суутал нэг танихгүй залуу хөөе наад сандал дээр чинь хүн сууж байгаа өөр газар суу гэсэн тэгэхээр нь би пивоны шилээр нэг удаа зүүн чих рүү нь цохисон...Би Дамдинсүрэнг пивоны шилээр нэг удаа зүүн чих рүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 18), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31), хохирол төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 37) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нь мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишигт-Од” нэртэй караоке бааранд, 2018 оны 8 дугаар сарын 03-наас 2018 оны 8 дугаар сарын 04-нд шилжих шөнө, согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, иргэн Б.Дамдинсүрэнг шууд санаатай үйлдлээр “сандал дээр суулгасангүй” гэх шалтгаанаар зүүн шанаа чихэн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн шарх, чихний дэлбэн чамархайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Б.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө “Хишигт-Од” гэх бааранд..сууж байтал... тэр хүүхэн шууд миний зүүн шанаа руу гараараа нэг цохиод дараа нь пивоны шилээр зүүн шанаа руу цохисон...миний зүүн чих сэтэрсэн...Б архи уусан байсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5)
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9823 дугаар шинжээчийн дүгнэлтэнд... ДҮГНЭЛТ: ...1. Б.Дамдинсүрэнгийн биед зүүн чихний дэлбэнд, шарх, чихний дэлбэн, чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ...3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10),
- Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 03-04-нд шөнө 02 цагийн үед найз ...Батсүрэн бид хоёр нэг шил 0.75 литрийн Болор нэртэй архи авсан. Тэгээд ширээн дээр очоод суух гэтэл сандалгүй байсан тэгэхээр нь би хажуу талын ширээний нэг сандлыг аваад суутал нэг танихгүй залуу хөөе наад сандал дээр чинь хүн сууж байгаа өөр газар суу гэсэн тэгэхээр нь би пивоны шилээр нэг удаа зүүн чих рүү нь цохисон...Би Дамдинсүрэнг пивоны шилээр нэг удаа зүүн чих рүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Дамдинсүрэнг зодсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
-шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь “Б” ХХК-нд ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөө талаар шүүгдэгч нь гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 1 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв. Түүнчлэн шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0376 20955 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ