Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 49

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** оршин суух, ********* нэхэмжлэлтэй, 
хариуцагч: ********-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* би ********аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг 1997 онд төгсөөд ******** аймгийн ********* сумын *******-т сувилагчаар ажилд ороод 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс*********сумын ********-д Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилогдон ажиллаж байтал ********-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар сахилгын шийтгэлийн хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би энэ тушаалыг хууль бус гэж үзэж байна. Учир нь уг тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт, *********сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар захирамж зэргийг үндэслэсэн байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болно. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт нь сахилгын шийтгэл ногдуулах заалт биш, сахилгын шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацаа болно. Мөн*********** сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар захирамж нь надад хамааралгүй болно. Иймд ********* аймгийн ****** сумын ******-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, ******** намайг ******* сумын *******-н Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэл гаргагч *******-ийн НЭМА-аар ажиллаж байсан ********* МУХТ-ийн 131 дүгээр зүйлийг үндэслэн сахилгын шат дараалсан арга хэмжээ авч    2017оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б\15 дугаар тушаалаар сахилгын хариуцлага тооцож ажлаас чөлөөлсөн юм. НЭМА-аар ажиллах хугацаанд ******:
1. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байгууллагын Ёс зүй, Удирдлагын багийн хамтарсан хурлын шийдвэрийг үндэслэн   ******-ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б\04 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, сануулах арга хэмжээ авагдсан.
2. *******-ийн даргын  2017  оны  04 дүгээр сарын  24-ний  өдрийн  Б\07 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, цалинг 1сарын хугацаатай 20%-аар бууруулсан.
3. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б\15 дугаар захирамж, байгууллагын чанар, Ёс зүйн багийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хамт олны хурлын шийдвэр зэргийг үндэслэн  *****-ийн даргын  2017  оны   11   дүгээр  сарын  21-ний  өдрийн  Б\15 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн байна. Жич: Тухайн өдөр тушаал гаргах болсноо хэлсэн учир ажилтан өрөөнд орж ирэн хашгичиж хэл амаар доромжилж эвгүй аашилснаас анхааралгүй байдал үүсч МУХТХ-ийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 заалтыг 131.4 гэж удирдлагын багийн хурлын тэмдэглэлд буруу бичигдснийг хянаагүй бичсэн\ буруу бичсэн. Бичиг хэргийн ажилтан сургалтаас ирж тушаалыг хянаж 2017 оны 11 сарын 5-ны өдөр заалтыг зассан ч ********* уулзалдаж тушаалын хувийг хүргүүлж чадаагүй нь буруу. ********** нь НЭМА-ний ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргээ биелүүлж, сургалт сурталчилгааг хангалттай хийж, жилийн эцсийн болон бусад мэдээ тайланг хугацаанд нь тайлагнаагүй, СЭМСЗ-ийн ажил үүргийн \НЭМА нь СЭМСЗөвлөлийн нарийн бичгийн дарга 6айдаг\ хуваарьт заагдсан ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, Засаг даргын \СЭМСЗөвлөлийн дарга сумын засаг дарга байдаг\ өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, харьцаа хандлага, ёс зүйтэй холбоотой удаа дараагийн гомдол, ажилчдын дундах хамтын ажиллагаа, багаар ажиллах чадвар сул ажлын хариуцлагаа сайжруулах, ёс зүй харьцаа хандлагаа сайжруулах талаар олон удаа хэлж сануулсаар байхад санаа санаачлага гаргаж ажиллаагүй, амь албаны ажлаа ялгаж салгаж чадахгүй ажил цалгардуулсан, ажилдаа сэтгэлгүй хандсан зэргээс сахилгын шат дараалсан арга хэмжээ авагдсан юм. ****** ажлын хариуцлагагүй байдлаас байгууллагын удирдлагад сумын Засаг даргын зүгээс удаа дараа хариуцлага тооцогдсон. Үүнд: Улирал тутмын ажил дүгнэх үзүүлэлтийг 70% гэж үнэлсэн. Сахилгын шийтгэл ногдуулж, сануулж, цалин 20%-аар хассан. Төрийн албан хаагчийн урамшуулал олгогдоогүй. Энэ бүхний тайлбарыг Засаг дарга НЭМА-аа ажиллуулж сурга гэж хариулдаг. Нэхэмжлэл гаргагч ******* урд нь манай эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад гэр бүлийн хамт аймгийн төвд амьдрах болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2010-2012 онуудад манай байгууллагад ажилд орох саналыг удаа дараа ирүүлж, сонгон шалгаруулалтанд орж байсанч боловч Удирдлагын болон сонгон шалгаруулах комиссоос өмнө ажиллах хугацаандаа нийтэч, хамтач биш, амиа хичээдэг, хамт олон дунд нэр хүнд муутай, байнгын хэрүүл хов үүсгэдэг, буодад тусалж хамтарч ажилладаггүй, багаар ажиллах чадваргүй зэрэг шалтгаанаар ажилд авахыг зөвшөөрдөггүй \ хурлын тэмдэглэл\ байсан юм.
Гэвч удирдлагын зүгээс миний бие өрх толгойлсон эх хүн, үр хүүхдээ тэжээх санхүү хэрэгтэй гэдэг талаас нь бодолцож, ******дараах тохиолдлуудад:
1. 2010 оны  10 сарын 01-нээс 12 сарын 01  хүртэл сувилагч ********* суралцах хугацаанд 2 сар
2. 2011 оны 03 сарын 01-нээс 06 сарын 07 хүртэл сувилагч *******суралцах хугацаанд 3 сар 7 хоног
3. 2011 оны 06 сарын 07-нээс 10 сарын 18 хүртэл дүн бүртгэгч ******** жирэмсэн амаржсаны амралтын хугацаанд 5 сар
4. 2013 оны 5 сарын 13-наас 08 сарын 01 хүртэл сувилагч ********** оронд 2 сар 17 хоног өөрийн эрх мэдлийн хүрээнд түр тушаалаар томилон ажиллуулж байсан юм.
- 2013 оны 08 сарын 01-нээс сувилагч ******* НЭМА болсон учир ээлжийн сувилагчаар ****** томилж удирдлагын багаар хэлэлцүүлэлгүй\ ажиллуулсан юм. 2015 оны 10 сарын 08-ны өдөр ****** НЭМА-аар томилж, ажиллах боломжийг нь бүрдүүлж, компьютер, принтер, зургийн аппарат, проектор, дэлгэц, нормын хувцас зэргийг бүрэн хангаж, ТҮЭМ-Ш шатлалаар цалин өгч, ЗГ-ын 150 дугаар тогтоолын 20%-ыг нэмэгдүүлэн \НЭМА ТҮЭМ- II шатлалаар цалинжиж, 150 дугаар тогтоолын нэмэгдэл байдаггүй\ цалинжуулж ажиллуулсан юм. Гэвч ажиллах хугацаандаа 2016 оны жилийн эцсийн хөтөлбөр, стратегийн тайланг 54.3 хувьтай тайлагнаж, мөн I улиралын тайлан тасалсан, Сумын Эрүүл мэндийн салбар зөвлөлийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргээ биелүүлээгүй, хамт олны дунд бусадтай хамтарч ажиллах нийлэмж, багаар ажиллах чадвар муу, харьцаа хандлага, ёс зүйн хувьд доголдолтой, 2017 оны 10 сард магадлан итгэмжлэлийн үнэлгээнд хариуцсан НЭМ-ийн хөтөлбөр, стратегуудын биелэлт, хариуцсан ажлууд хангалтгүй байсан, хувийн асуудлаас болж ажил олон удаа цалгардуулсан зэрэг нь хамт олны энэ саналыг гаргахад нөлөөлж, удирдлагын итгэл найдварыг хүлээж чадаагүй, олон удаа авах ёсгүй хүн ажилд авлаа гэдэг шүүмжлэл, бурууг ажилчдаас сонссоор ирсэн. Иймээс уг ажилтан НЭМА-ны ажлын байранд болон хамт олон дунд ажиллахад тэнцэхгүй болох нь тодорхой болсон учир сахилгын хариуцлага тооцож ажлаас чөлөөлөгдсөн. Эдгээр арга хэмжээний дундуур НЭМА ********холбоотой вакцинатор***** өргөдөл гомдлыг бүртгээд хэлэлцээгүй, 2 ажилтан тус бүрд арга хэмжээ авагдвал дараагийн гарах үр дагаврын талаар хэлж ярьж өгсөн. НЭМА -тай холбоотой Ёс зүйн багийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрийг биелүүлж хариуцпага тооцоогүй ажилтаныг хамгаалсан боловч ажилтан өөрөө хичээж сэтгэл гаргаж ажиллаагүй, хамт олны болон удирдлагын багийн удаа дараагийн шийдвэрүүд гарсан, ажилтанд хугацаа өгсөн боловч хамт олны санал хэвээр байсан нь зайлшгүй сахилгын хариуцлага тооцох үндэслэл болсон юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******** нь *********-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгч ****** нь *********-д 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №08 дугаар тушаалаар ээлжийн сувилагчаар ажилд орж, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай “****** сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлаас чөлөөлөгдсөн болох нь:
- ********* нотариатаар гэрчлүүлсэн ******** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 30-31 дүгээр хуудсанд бичигдсэн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №08 дугаар тушаалаар ээлжийн сувилагчаар томилсон тушаал, *******-н даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/11 дугаартай ********* Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилсон “******* ажил албан тушаалыг өөрчлөх тухай” тушаал, *********-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай ***** хөдөлмөрийн гэрээг цуцалсан “**** сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******** нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор...”,  129.2 дахь хэсэгт заасан “...ажилтан ажлаас буруу халсан тухай гомдолоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу хуулийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. 
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4 дэх заалтыг үндэслэн ******* ажлаас чөлөөлжээ. 
Хариуцагч ****** нь ***** ажлаас чөлөөлсөн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...******* нь ёс зүйн зөрчил гаргасан тул ажилтанд шат дараалсан арга хэмжээг авч сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн нэгдүгээр улирлын тайланг хугацаанд нь баталгаажуулж явуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, мэргэжил, ур чадвар дутмаг учраас ажлаас чөлөөлсөн... гэж мэтгэлцэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, мөн хуулийн 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг тус тус заасан байна. 
Ажил олгогчийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байхаар заасан байна.
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн харилцааг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталсан байх ёстой бөгөөд ********-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаалын удирдлага болгох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4, ****** сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар захирамж, Чанар, Ёс зүйн комиссын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хамт олны хурлын шийдвэрийг баримтлан ******* хөдөлмөрийн гэрээг цуцалж, Нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачлагаар цуцална. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Гэтэл хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлаагүй байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байна. 
Өөрөөр хэлбэл **********-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байгаа нь уг ажлаас чөлөөлсөн тушаал нь хэлбэрийн хувьд хууль зүйн үндэслэлгүй байна. 
Нэхэмжлэгч ********** ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тодорхой бус байх тул шүүх хуралдааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч ********* ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг тодруулахад хариуцагч ******** нь улирлын тайлан мэдээг хугацаанд нь хүргүүлээгүй, мэргэжил, ур чадвар дутмаг гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тухайн ажилтныг гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болохыг нотолсон байхыг ойлгоно. 
Түүнчлэн энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн байх шаардлагатай юм. 
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад дээрх тайлбар нотлогдохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ***** улирлын тайлан мэдээг хугацаанд хүргүүлээгүй, тухайн эрхэлж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байгаа нь баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд **********-г ************-н Нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд ******* 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 53 хоногийн олговор 1.827.362 төгрөгийг ************-с гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч ********олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 8, 9, 10 дугаар сарын цалин 2.275.591 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг *********-д даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч ********-с ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.827.362 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44.188 төгрөг, нийт 114.388 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******** оршин суух, *******-г *******-н Нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар И. ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.827.362 төгрөгийг *********-с гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч ***********олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ******* нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг **********-д үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч ********-с ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.827.362 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44.188 төгрөг, нийт 114.388 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ