Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 123/ШШ2020/0020

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 18 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК,

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: ..Манай компани Төв аймгийн С сумын нутагт дэвсгэрт байрлах 60.000 мкв/ 6га газрыг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/381 тоот Төв аймгийн С сумын Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан.

Төв аймгийн С сумын Засаг дарга 2015 онд 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/381 дугаар захирамжийг гаргахдаа 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/06 дугаар тогтоолоор батлагдсан 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн манай компанид газар эзэмших эрхийг олгосон. Гэтэл газар эзэмших эрхийг тус сумын Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар хүчингүй болгосон бөгөөд ийнхүү хүчингүй болгосон гэдгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С сумын Засаг даргын 02/251 дугаар албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүлээн авч мэдсэн.

Газар цуцалсан тухай захирамжийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардаж аваад Төв аймгийн Засаг дарга хандаж гомдол гаргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэж байна гэх хариуг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2188 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Төв аймгийн газрын албаны хариуг 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 01/2188 дугаар албан бичгийг хариулж тайлбарлах нь:

-С сумын Засаг даргын тамгын газар нь газар цуцлах тухай захиргааны актыг мэдэгдэж сонсох ажиллагаа явуулахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Зууны мэдээ сонинд нийтэлсэн гэх боловч Захиргааны Ерөнхий хуулийн 27.1 дүгээр зүйлээс 27.7 дугаар зүйл хүртэлх ажиллагааг зөв зүйтэй гүйцэтгээгүй, эрх нь хөндөгдсөн этгээд, нийтийн ашиг сонирхлыг хангаагүй гэж үзэж байна.

-Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны актыг мэдэгдээгүй. Цуцалсан тухай актыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаагүй.

-А ХХК-д эзэмшиж байсан 6 га газрыг эзэмшүүлэхдээ 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/06 дугаар тогтоолоор батлагдсан 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг зөрчөөгүй.

-Эзэмшиж байсан 6 га газрын төлбөрийг тогтмол төлж байсан. Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

-Мөн Газрын тухай хууль 42 дугаар зүйл газрыг эргүүлэн авахдаа урьдчилан тохиролцох нөхөн олговор олгоно гэж заасан байхад давхцал түүнтэй холбоотой шийдвэр албан бичиг хүргүүлж, дүйцэхүйц газар сонгох боломж олгоогүй.

-Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтаар цуцалсан нь газрыг ашигласан эсэх талаар нотлох баримтгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан гэж үзэж байна.

Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг бүхэлд нь, Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийг бүхэлд нь тус тус зөрчсөн гэж байгаа учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг тус сумын Засаг дарга хангах боломжгүй байна. Учир нь: 1. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн хуулийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтаар хүчингүй болгосон тул Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан нөхөн олговор үүнд хамаарахгүй болно. 2. А ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/381 тоот захирамжаар тус сумын нутаг 4 дүгээр багийн Эрдэнэ толгой гэх газар агуулах тээвэр жуулчлал, төмөр замын зогсоолын зориулалтаар газар эзэмшиж эхэлсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй болно. 3. Маргаан бүхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолын дагуу Олон улсын нисэх онгоцны зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд орсон. 4. Захиргааны ерөнхий хуулийн 27, 42 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн зөрчсөн гэсэн нь дараах зүйлүүдээр үгүйсгэгдэж байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд хэвлүүлж иргэн, аж ахуй нэгжид мэдэгдсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэсний дагуу А ХХК-ийн менежер Б-д 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн нь түүний мэдэгдэх хуудас хүлээн авсан баримтаар нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу гомдол гаргаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчөөгүй болно. 5. А ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 339 тоот захирамжаар Х ХХК-аас тээвэр жуулчлалын, төмөр замын ачаа буулгах агуулах терминалын зориулалтаар 10 га газрыг эрх шилжүүлж авсан боловч Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамжаар хүчингүй болгосон. Газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгоно.

Иймд А ХХК нь 2013 оноос хойш газар дээрээ ямар нэгэн барилга байгууламж бариагүй нь илт байх учраас 2018 оны А/113 тоот захирамжаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А ХХК нь Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн С сумын нутаг дэвсгэр Хөшгийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор авсан 12000 га газартай давхцалтай, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад дурьдсан үндэслэлээр захирамжийн 3 дахь заалтад заасан ...нэхэмжлэгч А ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[1].

Төв аймгийн С сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203 дугаар захирамжаар уг маргаан бүхий газрыг Х ХХК-д тээвэр жуулчлал, төмөр замын ачаа буулгах агуулах терминалын зориулалтаар 15 жилийн хугацаатай анх эзэмшүүлсэн байна[2].

Тус сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 339 дугаар захирамжаар дээрх 10 га газрыг Х ХХК-иас А ХХК-д шилжүүлжээ[3].

Улмаар Төв аймгийн С сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/381 дүгээр захирамжаар А ХХК нь өөрийн эзэмшлийн 10 га газраас 4 га газрыг АД ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 10 га газрын хэмжээг багасгаж, 6 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.[4]

Маргаан бүхий Захиргааны актыг үндэслэл тус бүрээр нь авч үзвэл:

1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.3 дахь заалтад газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж заасны дагуу газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч А ХХК нь 2013 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй болох нь Төв аймгийн С сумын Газрын даамал М.А-гийн тодорхойлолтоор[5] нотлогдож байна. Харин газрын хувийн хэргийн материалд Хасчандмань өргөө ХХК-ийн нэр дээр газрын төлбөр төлсөн баримт байх бөгөөд үүнийг А ХХК-иас газрын төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасны дагуу захиргааны актыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг газрыг 2013 оноос 2018 он хүртэл 5 жилийн хугацаанд эзэмшиж байжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн газрыг эзэмшиж байх хугацаанд тээвэр жуулчлал, төмөр замын ачаа буулгах агуулах терминалын зориулалтаар ашиглах боломж байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.

Иймд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу газрыг ашиглаагүй болох нь тогтоогдож байна.

3.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай А ХХК-ийн эзэмшлийн 6 га газар давхцалтай гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тогтоолоор Төв аймгийн С сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг-ийг өөрчилж тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч А ХХК-ийн эзэмшлийн 6 га газар нь тусгай хэрэгцээний газартай давхацсан байна. Энэ нь Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/736 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн[6] зураглалаар нотлогдож байна.

А ХХК нь хариуцагчийг газар эзэмших эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлан маргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд[7] газар эзэмших захирамж хүчингүй болгож байгаа талаар мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэстэй.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасны дагуу хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/251 дугаар албан бичгээр[8] гарсан захирамжаа мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч тухайн захиргааны актад гомдол гаргах эрхээ эдэлжээ. Иймд Захиргааны актыг гарахаас өмнө болон гарсны дараа мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3 дахь хэсэгт Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэсэн хуулийн дагуу үндэслэлтэй гарсан захиргааны акт байх тул А ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 6-7 хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 103-104 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 114 хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 115 хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 55 хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 118, 126 хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 116-117 хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 13 хуудас