Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/806

 

                          

 

 

 

 

        2018          09           20                                         806

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч А.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт А-ийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0261 10908 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт А-ийн Л, Монгол Улсын иргэн, - аймгийн - суманд - оны . дугаар сарын .-ний өдөр төрсөн, эрэгтэй, . настай, бүрэн дунд боловсролтой,  гагнуурчин мэргэжилтэй, “О” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл -, эхийн хамт . аймгийн . сумын . дугаар баг . дүгээр хэсгийн . тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Ц.Э...............ны нүүр болон цээж нь тус газарт өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Э...............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө...Зүүн салааны эцсийн автобусны буудлын хажууд байдаг караокед орж нэг шил 0.5 литрийн архи авч ганцаараа нэг хундага уусан бөгөөд гадаа гараад нэг тамхи татаад зогсож байтал “нэг залуу хөөе пиздаа минь тамхилчих” гэж хэлсэн...тэгээд... нөгөө залуу чинь хоёулаа үзэх үү гэж хэлээд янз янзаар намайг доромжлоод байхаар нь би тэр залууг цамцных нь захнаас заамдаад...бид хоёр зууралдаад урд талын гудамж руу орсон. Тэгтэл тэр залуу намайг газар унагаад ноцолдож байгаад би дээр нь гарсан чинь нэг залуу ирээд миний баруун эрүү рүү нэг удаа өшиглөсөн бас баруун харига руу өшиглөсөн. Тэгээд миний амнаас цус гараад хажуу тийшээ унасан чинь надтай хамт явж байсан Жүүрээ хүрээд ирсэн надтай эхлээд маргалдсан залуу Жүүрээг мөргөж нүдийг нь цохисон байсан...Намайг өшиглөж зодсон залууг би танихгүй, өмнө харж байгаагүй залуу байсан. Тэр залуу миний эрүү рүү нэг удаа өшиглөхөд нь би хэлээ хазчихсан ба уруулын дотор талд язарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11),

“...намайг зодсон гэх А.Л нь миний хажуу талаас шууд өшиглөөд, цээж рүү цохисон. Үүнээс болоод миний хэл хазагдсан, мөн уруул хөндүүрлэж язарсан, цээжний баруун хэсэг хөндүүртэй болсон...А.Л-оос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

2. Гэрч Б.Б..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед...Э...............н, Жүүрий ах нарын хамт...караоке руу ороод нэг шил архи захиалаад дөнгөж задлаад уух гэж байтал Э...............н ах утсаа бариад би тамхилаад ирье гээд гарсан.  Тэгээд нэлээд удаад орж ирэхгүй байхаар нь гараад харсан чинь баарны гадаа байхгүй байхаар нь урд талын Хайрханы 2 дугаар гудамжинд хүмүүс шуугилдах чимээ сонсогдохоор нь очтол Э...............н ахын амнаас цус гарчихсан хажууд нь хоёр залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

3. Гэрч А.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед...Л-ын гэр рүү явж байхдаа...Зүүн салааны эцэст нэг караоке руу ороод нэг цаг дуулахаар орсон...би гараад үүдэнд байсан нэг ахаас тамхи байна уу гэсэн чинь тэр ах надад тамхи өгсөн. Тэгэхээр нь бас гал асуусан чинь өөдөөс юу ч байхгүй юм байж гэсэн утгатай зүйл хэлснээс болоод маргалдаад нөгөө ахтай урд гудамж руу нь ороод барьцалдаж аваад газар унасан...Тэгтэл Л ирээд нөгөө ахыг хажуунаас нь нүүр рүү нь жийж унагаагаад дахин нэг өшиглөсөн...сүүлд ирсэн залуу нөгөө ахыг харчихаад ам хамраас нь цус гаргасан байна та нар яаж байгаа юм бэ гэхээр нь бид хоёр айгаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6675 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: хэлний дээд хэсэгт 3см шарханд оёдолтой. Доод уруулын дотор салстад язарсан шархтай. Тэмтрэлтээр цээжний баруун хажуу хэсэгт эмзэглэлтэй. ..ДҮГНЭЛТ

1.Э...............ны биед хэлний дээд хэсэгт шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, цээжний баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26),

5. Шүүгдэгч А.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-22-нд өөрийн найз Ган-Эрдэнэтэй хамт 25 дугаар хороонд байх караокед 23 цаг өнгөрч байхад 4 ширхэг пиво авч уучихаад Ган-Эрдэнэ түрүүлээд гарчихсан. Тэгээд би хайгаад гарсан чинь гадаа байхгүй болохоор нь би урд гудамж буюу Хайрханы 2 дугаар гудамжны үзүүрээр эргээд харсан чинь Ган-Эрдэнэ, одоо энэ хэргийн хохирогч Э...............н нар хэрэлдээд байхаар нь очоод харсан чинь Э...............н нь манай найзыг дарчихсан сууж байхаар нь би зодож байна гэж бодоод шууд очоод татах гэсэн чинь өөдөөс ухасхийх шиг болохоор нь нүүрэн хэсэгт нь 1 удаа өшиглөөд, хажуу тийшээ болохоор нь цээжний хэсэгт бас нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь цаанаас нэг хүн ирээд салгаад нөгөө хүний чинь найзыгаа дагуулаад гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55)

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 36) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Лид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.Л нь 2018 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, иргэн Ц.Э...............ныг шууд санаатай үйлдлээр, нүүр болон цээж нь тус газарт өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ц.Э...............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тамхи татаад зогсож байтал нэг залуу хөөе пиздаа минь тамхилчих гэж хэлсэн...тэгээд... нөгөө залуу чинь хоёулаа үзэх үү гэж хэлээд янз янзаар намайг доромжлоод байхаар нь би тэр залууг цамцных нь захнаас заамдаад...бид хоёр зууралдаад урд талын гудамж руу орсон. Тэгтэл тэр залуу намайг газар унагаад ноцолдож байгаад би дээр нь гарсан чинь нэг залуу ирээд миний баруун эрүү рүү нэг удаа өшиглөсөн бас баруун харига руу өшиглөсөн. Тэгээд миний амнаас цус гараад хажуу тийшээ унасан..Тэр залуу миний эрүү рүү нэг удаа өшиглөхөд нь би хэлээ хазчихсан ба уруулын дотор талд язарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11),

“...намайг зодсон гэх А.Л нь миний хажуу талаас шууд өшиглөөд, цээж рүү цохисон. Үүнээс болоод миний хэл хазагдсан, мөн уруул хөндүүрлэж язарсан, цээжний баруун хэсэг хөндүүртэй болсон...А.Л-оос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Гэрч Б.Б..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хайрханы 2 дугаар гудамжинд хүмүүс шуугилдах чимээ сонсогдохоор нь очтол Э...............н ахын амнаас цус гарчихсан хажууд нь хоёр залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Гэрч А.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүн салааны эцэст нэг караоке руу ороод нэг цаг дуулахаар орсон...би гараад үүдэнд байсан нэг ахаас тамхи байна уу гэсэн чинь тэр ах надад тамхи өгсөн. Тэгэхээр нь бас гал асуусан чинь өөдөөс юу ч байхгүй юм байж гэсэн утгатай зүйл хэлснээс болоод маргалдаад нөгөө ахтай урд гудамж руу нь ороод барьцалдаж аваад газар унасан...Тэгтэл Л ирээд нөгөө ахыг хажуунаас нь нүүр рүү нь жийж унагаагаад дахин нэг өшиглөсөн...сүүлд ирсэн залуу нөгөө ахыг харчихаад ам хамраас нь цус гаргасан байна та нар яаж байгаа юм бэ гэхээр нь бид хоёр айгаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6675 дугаар...ДҮГНЭЛТ ...1.Э...............ны биед хэлний дээд хэсэгт шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, цээжний баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26),

-Шүүгдэгч А.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-22-нд өөрийн найз Ган-Эрдэнэтэй хамт 25 дугаар хороонд байх караокед 23 цаг өнгөрч байхад 4 ширхэг пиво авч уучихаад Ган-Эрдэнэ түрүүлээд гарчихсан. Тэгээд би хайгаад гарсан чинь гадаа байхгүй болохоор нь би урд гудамж буюу Хайрханы 2 дугаар гудамжны үзүүрээр эргээд харсан чинь Ган-Эрдэнэ, одоо энэ хэргийн хохирогч Э...............н нар хэрэлдээд байхаар нь очоод харсан чинь Э...............н нь манай найзыг дарчихсан сууж байхаар нь би зодож байна гэж бодоод шууд очоод татах гэсэн чинь өөдөөс ухасхийх шиг болохоор нь нүүрэн хэсэгт нь 1 удаа өшиглөөд, хажуу тийшээ болохоор нь цээжний хэсэгт бас нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь цаанаас нэг хүн ирээд салгаад нөгөө хүний чинь найзыгаа дагуулаад гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Л нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, “намайг доромжлолоо” гэх сэдэлтээр, хохирогч Э...............ныг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л нь хохирогч ...Э...............ныг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Лийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э...............ны нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгч Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Л эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал буюу “О” ХХК-нд ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Л нь  оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0261 10908 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт А-ийн Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Лхагвадоржийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ