| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0863/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/888 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/888
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч О.Пүрэвсүрэн (томилолтоор), шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Т овогт Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04138 1068 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Н.Д, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” Дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, *** регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн *** тоотод иргэн П.Ш-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Т овогт Н.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн *** тоотод найз охин Т.Т-тэй маргалдаж, улмаар дүүгээ өмөөрсөн П.Ш-ын нүүр лүү нэг удаа мөргөж бие махбодод нь “...дээд уруулын дээр цус хуралт, дотор салстад 5,3 см цус хуралт, шарх, хоёр шүдний сулрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Д-ийн шүүх хуралдаанд гаргасан: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, зүйл анги, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч П.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гадуур явж байгаад гэртээ ирэхэд манай дүү Т-ийн найз залуу нь манайд ирчихсэн дүүтэй маргалдаад байхаар нь би дүүгээ өмөөрөөд Д-г заамдахад Д миний нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэр үед миний уруулаас цус гарсан бөгөөд Д гараад явсан. ...Би Д-г цохиогүй миний биед учирсан гэмтлийг Д миний нүүр лүү нэг удаа духаараа мөргөж учруулсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 07-09 дүгээр хуудас);
3. Гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байтал манай хүүгийн эцэг Д манай гэрт ирээд “хүүхдийнхээ бичиг баримтыг авч явна” гэхээр нь би “өгөхгүй” гээд маргалдсан. Тэр үед гаднаас манай ах Ш орж ирээд “юу болоод байна” гээд Д-г “чи яв” гэхэд Д “чамд ямар хамаатай юм, би энэ хүүхдийн эцэг” гэж хэлээд ахын нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэр үед манай ах Ш-ын уруулаас цус гарсан бөгөөд би очоод “та нар болиоч” гэхэд тэр хоёр салаад, Д шууд гарч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10851 дугаартай “...П.Ш-ын биед дээд уруулын дээр цус хуралт, дотор салстад 5,3 см цус хуралт, шарх, хоёр шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 36 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Н.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Н.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Н.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хамтран амьдарч байгаад салсан Т-ийн гэрт очсон... Би өөрийн хүү С-ыг аваад гэртээ аваачаад эмээ, өвөөтэй нь уулзуулаад хамт байж байгаад ирсэн юм. Тэгээд хүүгээ ээжид нь өгөөд хүүгийнхээ төрсний гэрчилгээ, хадгаламжийн дэвтрийг нь авч яваад “хүүгээ цэцэрлэгт өгөөд, хадгаламжид нь мөнгө хийх гэсэн юм” гэхэд Т өгөхгүй гээд бид хоёр маргалдсан юм. Тэгтэл Ш орж ирээд бид хоёрыг “юу болоод байна” гээд намайг “чи зүгээр яв” гэсэн. Би гараад явах гэж байхад Ш дуудаад, “чи ямар зорилготой ингээд байгаа юм, хүүхдийнхээ хадгаламжийн дэвтэр, төрсний гэрчилгээ хоёрыг барьцаанд тавьж зээл авах гэж байгаа юм уу” гэхээр нь би “юу яриад байгаа юм” гэсэн. Гэтэл Ш намайг заамдаж авахаар нь би зөрүүлж заамдаад гарыг нь татаад нүүр лүү нь нэг удаа мөргөсөн чинь амнаас нь цус гарсан. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад салсан... Би Ш ын нүүр лүү нэг удаа мөргөж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч П.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хохирогч П.Ш-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний байгууллагын Шүүх эмнэлгийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Н.Д-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.Ш-ын биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч П.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Н.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн буюу бусдад төлөх төлбөргүйг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос ялын төрөл, хэмжээний талаар гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд шүүгдэгч уг саналтай танилцсан, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч түүнтэй эвлэрсэн байна.
Прокурорын санал нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Т овогт Н.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Д-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА