Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/553

 

 

 

 

 

 

      2018          06           26                                         553

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сартуул овогт С................яагийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0148 50378 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт С-ийн М, Монгол Улсын иргэн, . аймгийн . суманд . оны  дугаар сарын .-ны өдөр төрсөн, эрэгтэй, . настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /групп байдаг/, ам бүл ., эхнэр, . хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .дугаар хороо, . гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

С.М нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 102 дугаар байрны 122 тоотод согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ш.П...............мыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь амны баруун завьжны язрал, цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт, баруун нүдний зовхи, баруун хацар, эрүүний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ш.П...............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 102 дугаар байрны 122 тоотод оршин суух гэртээ нөхөр С.Мн хамт 0.75 литрийн Соёрхол архи 1 шилийг хувааж ууж байгаад С.М намайг хардаж улмаар маргалдаж байгаад миний баруун талын нүүр, шанаа руу 2-3 удаа гараараа цохисон...маргааш өглөө нь миний нүүр битүү хавдаж хөхөрсөн байсан...хамт архи ууж байгаад хардалтын улмаас маргаж миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон...надад...нэхэмжлэх зүйл...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

2. Гэрч Ш.Г.............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай дүү Цэвэлмаа над руу Ш.П...............мын зодуулсан байдалтай байгаа зургийг нь утсаар явуулсан. Тэгээд би 2018 оны 03 дугаар сарын 18-ны орой 18-19  цагийн орчим...Ш.П...............мын гэрт нь ортол Ш.П...............м зодуулсан байдалтай нүд нь хөхөрчихсөн нүүр нь битүү хавдартай байсан ...С.Мэрүүл байх үедээ зүгээр байдаг. Архи уучихаараа эхнэрээ хардсаны улмаас зодсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3861 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний алимны гадна буланд улаан ягаан өнгийн цус харвалттай, баруун нүдний доод зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун хацарт 4.5х.3.2см, эрүүний баруун хэсэгт 4х3см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун хацар шанаа, баруун нүдний доод зовхиг хамарсан тархмал хаван хавдартай, амны баруун хэсгийн завьжинд 2х.0.5см цайвар өнгийн язралттай, язарлтын эргэн тойрон тархмал цус хуралттай.

- 2018.03.19-ний Мөнгөн гүүр эмнэлгийн КТГ-н шинжилгээнд: тархины гэмтэлгүй, баруун талын нүдний гадна доод хэсэг, хамрын хажуу хэсгийн зөөлөн эдийн хаван, баруун завьжны хэсгийн цус хуралт...гэжээ...ДҮГНЭЛТ

1.Ш.П...............м-н биед амны баруун завьжны язрал, цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт, баруун нүдний зовхи, баруун хацар, эрүүний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20),

 

4. Шүүгдэгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 102-122 тоотод эхнэр Ш.П...............мыг хардсаны улмаас нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон...Би бага зэрэг архи уусан байсан. Одоо эхнэр бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 23, 26), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 27-18), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 31) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.М нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 102 дугаар байрны 122 тоотод, 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хувийн таарамжгүй сэдэлтээр, архидан согтуурсан шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ш.П...............мыг “хардалтын” улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ш.П...............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.М намайг хардаж улмаар маргалдаж байгаад миний баруун талын нүүр шанаа руу 2-3 удаа гараараа цохисон ...маргааш өглөө нь миний нүүр битүү хавдаж хөхөрсөн байсан ... надад ...нэхэмжлэх зүйл...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- Гэрч Ш.Г.............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны орой 18-19 цагийн орчим...Ш.П...............мын гэрт нь ортол Ш.П...............м зодуулсан байдалтай нүд нь хөхөрчихсөн нүүр нь битүү хавдартай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3861 дугаар дүгнэлт ...ДҮГНЭЛТ...1.Ш.П...............м-н биед амны баруун завьжны язрал, цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт, баруун нүдний зовхи, баруун хацар, эрүүний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20),

- Шүүгдэгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Ш.П...............мыг хардсаны улмаас нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.М нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, “эхнэрээ бусадтай хардсан” гэх сэдэлтээр, хохирогч Ш.П...............мыг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М нь хохирогч Ш.П...............мыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч С.М-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.П...............м нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдалтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнийг 550 (таван зуун тавин) нэгж буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр  торгох  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар С.М нь  оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0148 50378 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт С-ийн М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Мг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ