| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0244/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/730 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/730
2018 08 27 730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Н.Ундрах,
хохирогч С.Т.............н,
шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0388) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хорь буриад овогт А.............гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0013 10405 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хорь буриад овогт А.............гийн М, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., эхнэр, хүүхдүүдийн хамт .аймгийн . сумын . дүгээр баг, . дугаар гудамжны . тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхэд ирүүлсэн хэргийн агуулга (яллах дүгнэлт дурдсанаар)
А.М нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны хооронд буюу удаа дараагийн үйлдлээр С.Т.............нгаас эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт тараахаар сүрдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч А.М “... Би Төв аймгийн Жаргалант сумаас гэртээ харих замдаа орой болоод унаа олдоогүй тул зочид буудалд хоносон. 2017 оны 06 дугаар сарын 29-нд би буудлаас гараад тамхи, бэлэн гоймон авах гээд гарахад С.Т.............н буудлын үүдэнд согтуу сууж байсан. Тамхи, бэлэн гоймон хоёроо аваад ирэхэд хойшоо налаад унтсан байсан. Би очоод юу болж байна, гэр чинь хаана байдаг вэ гэж асуухад ямар ч ухаангүй байхаар нь хажуунаас сугадахад босоод ирсэн. Тэгэхэд нь би өрөөндөө оруулж унтуулаад шөнийн 22-23 цагийн үед сэрээд би хаана байна, чи юун хүн бэ гэхээр нь намайг М гэдэг таныг буудлын гадаа согтуу байхад чинь өрөөндөө оруулсан гэж хэлсэн. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад намайг хамт явъя гэж хэлсэн. Тэгээд зочид буудлын гаднаас такси бариад суухдаа намайг хамт суулгасан. Тэгээд төмөр замд очоод чамд таксины мөнгө байна уу гэхэд нь надад мөнгө байхгүй гэсэн. Тэгээд 2 давхарт нэг айл руу ороод гарч ирэхдээ надад 10,000 төгрөг өгсөн. Таксинд ирж очих 7000 төгрөг гарсан байсан. Хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 12-13-нд утсаар ярисан. Надад албан ёсоор авсан зураг байгаагүй, би тухайн үед “нокиа” маркийн гар утастай байсан. С.Т.............н зочид буудлын өрөөнд байхдаа ширээн дээр цүнхтэй юмаа асгаад утсаар яриад асгасан зүйлээ тэр чигт нь орхиод гарах гэж байсан. Би цүнхэн дэх зүйлээ үлдээчихлээ гэхэд утасны жагсаалт, нүдний линзээ үлдээсэн байсан. Надад утасны дугаараа өгч байсан. Би хэргийн дараа 2-3 удаа мөнгө нэхэж ярисан...” гэв.
2. Хохирогч С.Т.............н “...2017 оны 06 дугаар сарын 29-нд би ажлаа тараад ангийн охидуудтай уулзаад танидаг хүний караоке орсон. Нэг найз маань ирээгүй. Тэр найздаа би караокед байна эндээс ирж ав гэж тодорхой хэлсэн. Тооцоогоо хийгээд гарсан гэдгээ санаж байна. Гараад үүдэнд ямар зүйл болсныг санахгүй байна. Манай найз чамайг авах гээд тэр хавиар зөндөө яваад утас руу чинь залгасан. Эхлээд дуудаж байгаад, таслаад сүүлдээ холбогдохгүй болсон гэж надад хэлсэн. Нэг сэрэхэд зочид буудлын өрөөнд сэрсэн. Босоод харахад шүүгдэгч цонхны тэнд сууж байсан. Чи юун хүн бэ гэхэд миний цүнхтэй эд зүйл ширээн дээр дэлгээтэй байсан. Би цүнхэндээ эд зүйлээ хийгээд утсаа үзэхэд унтарсан байсан. Би утсаа асаагаад буудлаас гараад такинд суух гэхэд шүүгдэгч араас орж ирээд би Жаргалант явах гэтэл надад зардлын мөнгө байхгүй байна, чамайг гадаа согтуу хэвтэж байхаар чинь өрөөндөө оруулаад унтуулсан, би чамд тусалсан юм чинь чи надад туслачих гэхэд нь гэртээ ирээд эгчээсээ 10,000 төгрөг авч өгөөд явуулсан. Маргааш өдөр нь 11 цагаас эхлээд над руу ярьж эхэлсэн. Өчигдрийн залуу байна гэхэд нь яасан бэ гэхэд чи надад тусална, мөнгө өгнө гэсэн яасан бэ гэхэд нь би чамд мөнгө өгсөн гэхэд тэр чинь хүрэхгүй дахиж мөнгө өг гэж хэлсэн. Түүнээс хойш өдөр болгон мессеж бичиж, өдөр болгон залгаж байсан. Би залгахад нь авдаггүй байсан, эсвэл намайг залгахаар авдаггүй байсан. Чиний нүцгэн зураг чинь байгаа интернетэд тавина, ажил руу чинь явуулна гэж дарамталдаг байсан. Би аргаа бараад цагдаад хандсан. Хохирол гэж өнөө өглөө шилжүүлсэн байсан. Сэтгэл санааны хохирол мөнгөөр хэмжих боломжгүй тул үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.Т.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1-р хорооллын арын машины замын урд талд байрлах “Хотол” гэдэг нэртэй караокед орсон. Уг караокед ороод 2 шил пиво захиалж уугаад, их сургуулийн найз Золзаяаг дуудсан. Тэгээд ууж суугаад согтоод тасарсан...Тэгээд караокенаас....хэзээ яаж гарснаа сайн санахгүй байгаа ба нэг сэрэхэд нэг танихгүй залуутай зочид буудлын өрөөнд сэрсэн. Тэгээд үл таних залуу хэлэхдээ намайг буудлын үүдэнд согтуу сууж байхаар чинь буудалд аваад ороод ирлээ гэж хэлж байсан. Тэгээд би цаг харахад 00:15 минут болж байсан...би явлаа гээд босож ирэхэд ширээн дээр миний цүнхний дотор байсан бүх зүйлийг гаргаад тавьчихсан байсан...Тэр залуу намайг дагаад салахгүй яваад байсан ба мөнгө байвал өгчих би чамд туслаа биз дээ гээд намайг дагаад байсан. Тэгээд би төмөр замд ээжийнхээ гэрт очиж эгчээс 10.000 төгрөг авч тэр залууд өгсөн...Миний цүнхэн дотор байсан. Ажлын алба хаагчдын утасны жагсаалтын ном нүдний линз хадгалдаг сав 13.000 төгрөг байхгүй байсан. Тэр залуу утасны жагсаалт линзний сав 2 надад байгаа гэж хэлж байсан...Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан. Намайг хүчирхийлсэн болон хүч хэрэглэсэн зүйл ажиглагдаагүй. Гэхдээ тэр залуу утсаар ярьж байхдаа надтай унтсан гэж хэлж байсан...Би нийт 2 удаа 5405529165 гэсэн хаан банкны данс руу 2 удаа нийт 70.000 төгрөг явуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10),
“...тэр залуу...би чамайг замын хажуугаас согтуу байхад чинь аваад буудлын өрөөнд орж унтуулсан одоо чи надад тусалж мөнгө өг гэж хэлээд миний араас таксинд сууж явсан, намайг гэрийн гадаад очиход дагаж буугаад мөнгө өг гээд байсан учраас тухайн үед дансаар 20.000 төгрөг, бэлэн 10.000 төгрөг өгөөд явуулсан. Маргааш өглөө 10 цагийн үед байнга залгаад мөнгө нэхсэн утсаа авахгүй болохоор мессеж бичээд “чи надаа мөнгө нэмж өг” өгөхгүй бол чамайг буудалд байхад чинь зураг авсан зургуудыг интернетэд тавина гэж сүрдүүлсэн. Түүнээс хойш цаг тутам байнга залгаж сүрдүүлсэн. Мөн алга болсон алба хаагчдын утасны жасгаалт ном чинь надад байгаа би дарга нар руу чинь ярина албан байгууллага руу чинь ярина, зураг илгээнэ гэж сүрдүүлсэн...би ойролцоогоор нийт 160.000 төгрөг удаа дараалан дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92)
2. Гэрч С.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 20-ны шөнө...Т.............н манайд хүрч ирсэн. Тэгээд надаас эгчээ таксины мөнгө өгөөдхөөч” гэхээр нь би 10.000 төгрөг гаргаж өгсөн. С.Т.............н надаас мөнгө аваад...нэг хүнд өгч харагдсан...Т.............нгаас...юу болоод байгаа талаар асуухад “танихгүй нэг залуу намайг дарамтлаад мөнгө нэхээд байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102),
3. Гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед найз Т.............н над руу утсаар яриад 1 дүгээр хорооллын Саппорогийн ард нэг караокед байна хүрээд ир гэхээр нь би...1 дүгээр хорооллын ард ирээд утас руу нь залгасан чинь Т.............н утсаа авахгүй байсан ба дахиад хэд хэдэн удаа залгатал утсаа тасдаад унтраачихсан...2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Т.............н над руу утсаар яриад найз нь согтчихсон байна, чи яагаад ирж авсангүй бэ найздаа мөнгө байвал данс руу шилжүүлчээч гэхээр нь 20.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101),
4. Гэрч Я.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.............н над руу залгаад “чамд 40.000 төгрөг байвал, нэг данс руу шилжүүлээд өгөөч, найз нь дараа өгье гэхээр нь дансаа явуулчих гэсэн чинь над руу хаан банкны данс явуулсан. Хэд гэсэн дугаартай данс байсныг нь одоо санахгүй байна. Тэгээд би өөрийнхөө гар утаснаас мобайл банкаар 40.000 төгрөг явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100),
5. Гэрч Э.Ариунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.............н над руу яриад чамд мөнгө байна уу? боломжтой бол 20.000 төгрөг нэг хүний данс руу шилжүүлээд өгөөч, шилжүүлэхгүй бол миний зургийг нэг хүн “facebook”-д тавина гээд байна гэхээр нь өөрийнхөө утаснаас Төсгбуянгийн явуулсан хаан банкны данс руу 20.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж байсан....Т.............н над руу утсаар яриад Өчигдөр би согтоод нэг буудлын гадаа тасарчихсан байсан чинь нэг залуу буудал руу авч орсон байсан. Тэгээд миний нүцгэн зургийг “facebook”-д тавина ажил руу чинь явуулна гээд надаас мөнгө нэхээд дарамтлаад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109),
6. Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим...Ивээл нэртэй зочид буудлын 3 давхарт 1 ортой өрөөг 20.000 төгрөгөөр авсан...тэгээд 20 цагийн үед...буудлын шатан дээр нэг эмэгтэй согтуу унтаж байсан. Тэгэхээр нь дэлгүүр рүү орж гоймон авчихаад буцаад буудал руугаа явж байтал нөгөө эмэгтэй буудлын гадна талын шатан дээр унтсан хэвээр байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг “хүүе сэрээрэй” гэхэд сэрэхгүй ухаан алдалтлаа шал согтуу байхаар нь хажуунаас нь өргөж босгоод сугадаад өөрийнхөө авсан буудал руугаа орсон. Тэгээд би тэр эмэгтэйг өрөөнд оруулж орон дээр хэвтүүлж унтуулсан...шөнө 01-02 цагийн үед ...сэрээд...одоо явлаа “чи намайг төмөр зам руу хүргээд өг гэж” хэлсэн. Тэгээд...Төмөр зам руу...нэг айлд ороод надад 10.000 төгрөг өгсөн бөгөөд...миний утасны дугаарыг аваад маргааш над руу яриарай гэж хэлсэн...маргааш нь би тэр эмэгтэйгийн утас руу залгаад бие хааг нь асуунгаа надад 50.000 төгрөг хэрэгтэй байна хөдөө явах гэсэн чинь унааны мөнгөгүй болчихоод байна чи над руу 50.000 төгрөг явуулчих гэсэн чинь тэр эмэгтэй дансаа явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хаана банкны 5405.....9165 тоот дансаа мессежээр явуулсан удаагүй над руу 50.000 төгрөг шилжүүлсэн...Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа мөнгөний хэрэг гараад нөгөө эмэгтэйгийн утас руу яриад хэдэн төгрөг нэхсэнээ сайн санахгүй байна...Согтуудаа мөнгө өг гээд өөрийнхөө дансыг явуулаад эхлээд 20.000 төгрөг, дараа нь удаа 30.000 төрөг дансаараа шилжүүлж авсан...Хөдөө явах зардал мөнгөгүй болчихоод 50.000 төгрөг авсан...2017 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө эхлээд таксины мөнгө гээд 10.000 төгрөг, маргааш нь буюу 6 сарын 30-ны өдөр 50.000 төгрөгийг дансаар, дараа нь миний санаж байгаагаар 4-5 хоногийн дараа 20.000 төгрөгөөр 2 удаа дансаар, түүний дараа 30.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлж авсан. Нийт 160.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122),
“...Хохирогч эмэгтэй явахдаа буудлын ширээн дээр утасны жагсаалтын дэвтэр, цэнхэр өнгийн нүдний линзний саваа үлдээгээд явсан байсан. Би хохирогчтой хамт Төмөр зам руу явчихаад буцаад ирээд харахад ширээн дээр байсан. Тэгээд тэр утасны жагсаалтыг харахад дэвтэрний нүүрэн хэсэгт Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний байгууллага гэсэн нэр бүхий хаягтай дэвтэр байсан ба хуудсыг нь эргүүлээд үзсэн чинь алба хаагчдын нэрсийн жагсаалт болон байгууллагынх нь утасны дугаар байсан. Тэгээд хохирогчийг тэр байгууллагад ажилладаг талаар нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125),
7. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-17), бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэр зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21), эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 87-88), хохирлын баримт (хавтаст хэргийн 156),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 157), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 158), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 160, 162) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэх авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Дөрөв. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Мт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй ба харин түүний өмгөөлөгчөөс А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зохиомол байдлыг зориудаар бий болгож...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэм буруутайд тооцуулах. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж... хууль ёсны эрх ашиг сонирхолд нь ноцтой хохирол хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн...” гэх баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаар мэтгэлцсэн хууль зүйн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримт үзвэл.
Шүүгдэгч А.М нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч А.Т.............нгаас “...чамайг буудалд байхад чинь зураг авсан, нүцгэн зургуудыг чинь интернетэд тавина...” гэж зохиомол байдлыг зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд тусламж үзүүлж улмаар хохирогчоос мөнгө авах зорилгоор зохиомол байдал буюу тухайн хохирогчийн зургийг аваагүй байж авсан мэт сэтгэгдэл төрүүлж хохирогчоос удаа дараа мөнгө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. Нөгөө талаар шүүгдэгч нь хохирогчоос эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн бүрэлдэхүүнийг хангасан боловч дээрх зүйлд заасан “...хууль ёсны эрх ашиг сонирхолд нь ноцтой хохирол хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл...” нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны эрх ашиг сонирхолд нь ноцтой хохирол хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл...” нь бодитой, улмаар хохирогч нь тухайн баримт мэдээллийг үзсэн, харсан, эсхүл мэдсэн байх ёстой бөгөөд үүний дараа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн тохиолдолд дээрх гэмт хэргийн шинж бүрэн хангагдах болно. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.М нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 06-ны хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 145.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
- Хохирогч С.Т.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1-р хорооллын арын машины замын урд талд байрлах “Хотол” гэдэг нэртэй караокед орсон. Уг караокед ороод 2 шил пиво захиалж уугаад, их сургуулийн найз Б.Золзаяаг дуудсан. Тэгээд ууж суугаад согтоод тасарсан...Тэгээд караокенаас....хэзээ яаж гарснаа сайн санахгүй байгаа ба нэг сэрэхэд нэг танихгүй залуутай зочид буудлын өрөөнд сэрсэн. Тэгээд үл таних залуу хэлэхдээ намайг буудлын үүдэнд согтуу сууж байхаар чинь буудалд аваад ороод ирлээ гэж хэлж байсан. Тэгээд би цаг харахад 00:15 минут болж байсан...би явлаа гээд босож ирэхэд ширээн дээр миний цүнхний дотор байсан бүх зүйлийг гаргаад тавьчихсан байсан...Тэр залуу намайг дагаад салахгүй яваад байсан ба мөнгө байвал өгчих би чамд туслаа биз дээ гээд намайг дагаад байсан. Тэгээд би төмөр замд ээжийнхээ гэрт очиж эгчээс 10.000 төгрөг авч тэр залууд өгсөн...Миний цүнхэн дотор байсан. Ажлын алба хаагчдын утасны жагсаалтын ном нүдний линз хадгалдаг сав 13.000 төгрөг байхгүй байсан. Тэр залуу утасны жагсаалт линзний сав 2 надад байгаа гэж хэлж байсан...Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан. Намайг хүчирхийлсэн болон хүч хэрэглэсэн зүйл ажиглагдаагүй. Гэхдээ тэр залуу утсаар ярьж байхдаа надтай унтсан гэж хэлж байсан...Би нийт 2 удаа 5405529165 гэсэн хаан банкны данс руу 2 удаа нийт 70.000 төгрөг явуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10),
“...тэр залуу миний гарч ирээд би чамайг замын хажуугаас согтуу байхад чинь аваад буудлын өрөөнд ору унтуулсан одоо чи надад тусалж мөнгө өг гэж хэлээд миний араас таксинд сууж явсан, намайг гэрийн гадаад очиход дагаж буугаад мөнгө өг гээд байсан учраас тухайн үед дансаар 20.000 төгрөг, бэлэн 10000 төгрөг өгөөд явуулсан. Маргааш өглөө 10 цагийн үед байнга залгаад мөнгө нэхсэн утсаа авахгүй бол мессеж бичээд “чи надаа мөнгө нэмж өг” өгөхгүй бол чамайг буудалд байхад чинь зураг авсан зургуудыг интернетэд тавина гэж сүрдүүлсэн. Түүнээс хойш цаг тутам байнга залгаж сүрдүүлсэн. Мөн алга болсон алба хаагчдын утасны жасгаалт-ний чинь ном надад байгаа би дарга нар руу чинь ярина албан байгууллага руу чинь ярина, зураг илгээнэ гэж сүрдүүлсэн...би ойролцоогоор нийт 160.000 төгрөг удаа дараалан дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92)
-Гэрч Я.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.............н над руу залгаад “чамд 40.000 төгрөг байвал, нэг данс руу шилжүүлээд өгөөч, найз нь дараа өгөе гэхээр нь дансаа явуулчих гэсэн чинь над руу хаан банкны данс явуулсан. Хэд гэсэн дугаартай данс байсныг нь одоо санахгүй байна. Тэгээд би өөрийнхөө гар утаснаас мобайл банкаар 40.000 төгрөг явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100),
-Гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед манай найз Т.............н над руу утсаар яриад 1 дүгээр хорооллын Саппорогийн ард нэг караокед байна хүрээд ир гэхээр нь би...1 дүгээр хорооллын ард ирээд утас руу нь залгасан чинь Төсгбуян утсаа авахгүй байсан ба дахиад хэд хэдэн удаа залгатал утсаа тасдаад унтраачихсан...2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Т.............н над руу утсаар яриад найз нь согтчихсон байна, чи яагаад ирж авсангүй бэ найздаа мөнгө байвал данс руу шилжүүлчээч гэхээр нь 20.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101),
-Гэрч С.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 20-ны шөнө...Т.............н манайд хүрч ирсэн. Тэгээд надаас эгчээ таксины мөнгө өгөөдхөөч” гэхээр нь би 10.000 төгрөг гаргаж өгсөн. Т.............н надаас мөнгө ...нэг хүнд өгч харагдсан...Т.............нгаас...юу болоод байгаа талаар асуухад “танихгүй нэг залуу намайг дарамтлаад мөнгө нэхээд байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102),
-Гэрч Э.Ариунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.............н над ру яриад чамд мөнгө байна уу? боломжтой бол 20.000 төгрөг нэг хүний данс руу шилжүүлээд өгөөч, шилжүүлэхгүй бол миний зургийг нэг хүн фесэбүүкэд тавина гээд байна гэхээр нь өөрийнхөө утаснаас Төсгбуянгийн явуулсан хаан банкны данс руу 20.000 төгрөгийг мобейлээр шилжүүлж байсан....Т.............н над руу утсаар яриад Өчигдөр би согтоод нэг буудлын гадаа тасарчихсан байсан чинь нэг зулаа буудал руу авч орсон байсан. Тэгээд миний нүцгэн зургийг фесебүүкэд тавина ажил руу чинь явуулна гээд надаас мөнгө нэхээд дарамтлаад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109),
-Шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим...Ивээл нэртэй зочид буудлын 3 давхарт 1 ортой өрөөг 20.000 төгрөгөөр авсан...тэгээд 20 цагийн үед...буудлын шатан дээр нэг эмэгтэй согтуу унтаж байсан. Тэгэхээр нь дэлгүүр рүү орж гоймон авчихаад буцаад буудал руугаа явж байтал нөгөө эмэгтэй буудлын гадна талын шатан дээр унтсан хэвээр байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг “хүүе сэрээрэй” гэхэд сэрэхгүй ухаан алдалтлаа шал согтуу байхаар нь хажуунаас нь өргөж босгоод сугадаад өөрийнхөө авсан буудал руугаа орсон. Тэгээд би тэр эмэгтэйг өрөөнд оруулж орон дээр хэвтүүлж унтуулсан...шөнө 01-02 цагийн үед ...сэрээд...одоо явлаа “чи намайг төмөр зам руу хүргээд өг гэж” хэлсэн. Тэгээд...Төмөр зам руу...нэг айлд ороод надад 10000 төгрөг өгсөн бөгөөд...миний утасны дугаарыг аваад маргааш над руу яриарай гэж хэлсэн...маргааш нь би тэр эмэгтэйгийн утас руу залгаад бие хааг нь асуунгаа надад 50000 төгрөг хэрэгтэй байна хөдөө явах гэсэн чинь унааны мөнгөгүй болчихоод байна чи над руу 50.000 төгрөг явуулчих гэсэн чинь тэр эмэгтэй дансаа явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хаана банкны 5405.....9165 тоот дансаа мессежээр явуулсан удаагүй над руу 50.000 төгрөг шилжүүлсэн...Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа мөнгөний хэрэг гараад нөгөө эмэгтэйгийн утас руу яриад хэдэн төгрөг нэхсэнээ сайн санахгүй байна...Согтуудаа мөнгө өг гээд өөрийнхөө дансыг явуулаад эхлээд 20.000 төгрөг, дараа нь удаа 30.000 төрөг дансаараа шилжүүлж авсан...Хөдөө явах зардал мөнгөгүй болчихоод 50.000 төгрөг авсан...2017 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө эхлээд таксины мөнгө гээд 10.000 төгрөг, маргааш нь буюу 6 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөгийг дансаар, дараа нь миний санаж байгаагаар 4-5 хоногийн дараа 20.000 төгрөгөөр 2 удаа дансаар, түүний дараа 30.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлж авсан. Нийт 160.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122),
“...Хохирогч эмэгтэй явахдаа буудлын ширээн дээр утасны жагсаалтын дэвтэр, цэнхэр өнгийн нүдний линзний саваа үлдээгээд явсан байсан. Би хохирогчтой хамт Төмөр зам руу явчихаад буцаад ирээд харахад ширээн дээр байсан. Тэгээд тэр утасны жагсаалтыг харахад дэвтэрний нүүрэн хэсэгт Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний байгууллага гэсэн нэр бүхий хаягтай дэвтэр байсан ба хуудсыг нь эргүүлээд үзсэн чинь алба хаагчдын нэрсийн жагсаалт болон байгууллагынх нь утасны дугаар байсан. Тэгээд хохирогчийг тэр байгууллагад ажилладаг талаар нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Flash”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэж дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэсэн хэдий ч А.М нь 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс шүүн таслах ажиллагаанд саад учруулж оргон зайлсан байх тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь хохиролд 160.000 төгрөг (хавтаст хэргийн 240) нэхэмжилснийг шүүгдэгч нь төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул А.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.М нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс (хавтаст хэргийн 235 ) 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 78 (далан найман) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн 1708 0013 10405 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон
- Хар өнгийн нэг ширхэг “Флаш”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Х овогт А-ийн М-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.М-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 78 (далан найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн нэг ширхэг “Флаш” зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.М-ын эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ