Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ш.А, П.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Э.Билгүүн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   М.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ

            Шүүгдэгч                                           Ш.А

            Нарийн бичгийн дарга                      Ш.Ганзориг нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Ш.А, П.Б нарт холбогдох 1812001100100 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Л овогт Шйн А

 

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Пийн Б

 

Ш.А нь  2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн П.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн Ш.Атай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ш.А, П.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Л овогт Шйн А, Б овогт Пийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, П.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож; Шүүгдэгч Ш.А, П.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, хэрэгт хураагдан ирсэн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Ад буцаан олгож; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.А, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.”

 

Шүүгдэгч Ш.Аын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ш.А би 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой иргэн П.Бгийн биед тархи доргилт хөнгөн гэмтлийг учруулаагүй. П.Б 02 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж байсныг нотлох ирц бүртгэл, оочир авч үзүүлсэн гэх тухайн өдрийн цахим карт нь хуурамч гэдэг нь нотлогдсон. Ирц бүртгэлийн баримтыг шүүхээс мөрдөн байцаалт руу шилжүүлэхэд сольсон байна. Иймд баримтанд байсныг нотлох 2 хуудас ирцийн баримтыг хавсаргав. Шүүх хуурамч бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлж гэм буруутайд тооцсон нь буруу болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж Ш.А надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлтэй байна.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэний гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ш.А нь П.Бгийн биед тархи доргилт буюу “хөнгөн” зэргийн гэмтэл учруулаагүй, түүний үйлдэл хөнгөн гэмтэл хоёрын хооронд гэмт хэргийн шинжгүй, П.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь эргэлзээтэй. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “хөнгөн” гэмтлийн зэргийн үндэслэл болоод байгаа өдөр нь засвартай, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нөхөн бичиж өгсөн эмч Ууганбаярын тодорхойлолт нь эргэлзээтэй төдийгүй нотлох баримтын шаардлага хангахгүй “тархи доргилт”-ыг сүүлд, хэрэг явдал болж өнгөрснөөс хойш 75 хоногийн дараа нөхөн бичиж өгчээ. Мөн П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвд өөрийн ажил албан үүргээ гүйцэтгэж байсан төдийгүй /эдгээр нь хавтаст хэрэгт хангалттай нотлогддог/ энэ хэргийн хохирогч Ш.Атай тааралдаж маргалдаж байсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж Ш.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ш.А, П.Бололртуяа нарт холбогдох гэмт хэрэгт үйлдсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 02 сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутагт иргэн П.Бололртуяатай хувийн таарамжгүй харилцаанаас болж түүнтэй маргалдаж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч Ш.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь буруу гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулхаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.А нь хохирогч П.Бгийн биед хөнгөн хохирол учруулсан байна. Иймд анхан шүүхийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Цаг бүртгэгчид хууль сануулаад гэрчийн мэдүүлсэн авсан. Энэ мэдүүлгийг хуурамч гэж үзэх үндэслэл байхгүй. Дашмягмар мэдүүлэхдээ П.Болортуяа чөлөө аваад аймаг явсан, хэзээ ирснийг нь мэдэхгүй гэж мэдүүлсэн. Гэтэл  П.Болортуяаг 02 сарын 22-нд ажилд дээрээ байсан мэтээр ярьж байгаа нь огт үндэслэлгүй байна. Ууганбаяр эмч 02 сарын 22-нд П.Болортуяаг үзсэн. Дараа нь үзлэг хйисэн тухайгаа үнэн болохыг тодорхойлсон. Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгч Ууганбаяр эмчийн бичсэн тодорхойлолтын огноог зассан гэж тайлбарлаж байна. Бид нар хүний бичгийн хэлбэрийг сайн мэдэхгүй байж ингэж засвартай мэтээр ярьж болохгүй. П.Болортуяа 02 сарын 22-нд эмчид үзүүлсэн. Ууганбаяр эмчийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүх шийдвэрээ гаргахдаа П.Болортуяа, Ш.Ариунжаргал нарын хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж бодож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “2018 оны 03 сарын 14-ны шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Харин 2018 оны 05 сарын  25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл буюу тархи доргилттой гэж гарсан. 2018 оны 03 сарын 14-ны өдөр эмчид үзүүлээд шинжээчийн дүгнэлт гаргахад тархи доргилтын гэмтэлгүй байсан. 04 сарын 22-ны өдөр эмчид үзүүлсний дараа тархи доргилттой болсон. Эмчийн үзлэг хийсэн бичилт нь 02-ны өдрийг 22-ны өдөр гэж зассан. Хэрэв П.Болортуяагийн тархи доргисон бол энэ нь цаг хугацааны хувьд Ш.Ариунжаргалд хамааралгүй болж байна. Ууганбаяр эмч нь өөрөө амбулаторын эмч биш. П.Болортуяа нь цахим санд бүртгүүлээд үзүүлсэн бол амбулаторын эмчээрээ бичилт хийлгэх ёстой. Гэтэл тасгийн эмчээр нөхөн бичилт хийлгэсэн байдаг. П.Болортуяа нь 2018 оны 02 сарын 22-нд ажил дээрээ байсан нь бүрэн нотлогдож байгаа. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Энэ нь нэг талаараа гэрч нар Ш.Ариунжаргалтай ашиг сонирхлын зөрчилтэй болох нь харагдаж байна. Болсон үйл баримтыг гэрч нар нотолж байгаа бол хамгийн гол асуудал нь хөнгөн зэргийн гэмтлийг ямар баримтыг үндэслэн гаргаж байгаа нь эргэлзээтэй байна. Дээрхээс дүгнэн үзэхэд П.Болортуяа нь хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн. Тэр нотлох баримтыг үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар гаргасан байна. Өмнөх тайлбараа дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.А, П.Б нар нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.А, П.Б, гэрч Т.Уранчимэг, Д.Болорцэцэг, Л.Бадамханд, П.Чулуунбат, А.Аюурзана, Б.Энхсаруул, Б.Ууганбаяр, А.Буянжаргал, Х.Азхүү нарын мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 99, 247 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж дүгнэн, шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

             Шүүгдэгч Ш.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-эрдэнэ нар “П.Бгийн биед тархи доргилт хөнгөн гэмтлийг учруулаагүй учир  холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

 

             Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. /хх-ийн 90/

 

             Шинжээч дээрх дүгнэлтийг гаргахдаа П.Бгийн үзүүлсэн мэдрэлийн эмчийн үзлэгийн баримтыг үндэслэн нэмэлтээр дүгнэлт гаргасан байна.

 

             Хохирогч П.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоохоор 2018 оны 03 сарын 15-ны өдөр үзлэг хийх үед хохирогч толгой өвдөнө /хх-ийн 37/ гэсэн зовиуртай байсан байх ба тэрээр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэдрэлийн тасагт 2018 оны 02 сарын 22-нд үзүүлж, тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт оношоор эмчилгээ, зөвлөгөө авсан талаар гэрч Б.Ууганбаярын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 84/, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ш.Аын үйлдлийн улмаас хохирогч П.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

             Анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан  ажиллагааг гүйцэтгэж ирүүлсэн байна.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудын хүрээнд хохирогч П.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учраагүй болохыг нотлох баримт авагдаагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх мөн зөв дүгнэжээ.

 

             Иймд шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ