Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0439

 

2016 оны 6 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0439

Улаанбаатар хот

 

Ш.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийдвэртэй, иргэн Ш.Б-н нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: ... 2015 оны 11 дүгээр сард Есөнбулаг сумын Газрын даамлын сул орон тоон дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч 1 дүгээр байраар гарч ирсэн боловч онооны дарааллаар 2 дугаар байраар гарч ирсэн Б.Д-г авч ажиллуулах тушаал гаргасан. Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай албан бичгийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт явуулсан байдаг.

Иймд намайг Есөнбулаг сумын газрын даамлын албан тушаалд томилохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, түүний үндэслэл: ... Нэхэмжлэгч Ш.Б нь 2015 оны 11 сард болсон төрийн албаны мэргэжлийн шалгалтад Есөнбулаг сумын газрын даамлын сул орон тоон дээр өрсөлдөж авсан онооны дүнгээр 1 дүгээрт жагссан байна. Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 тоот албан бичгээр Ш.Бийг дээрх ажлын байранд томилох тухай санал ирүүлсэн. Үүний дагуу сумын Засаг даргын саналыг авахад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/530 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 тоот, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 61 тоот албан бичгүүдээр Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд удаа дараа хариуг хүргүүлсэн. Есөнбулаг сумын газрын даамал Б.Д-г Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар түр томилсон байна. 2015 оны 11 сард болсон төрийн албаны мэргэшлийн шалгалтад Есөнбулаг сумын газрын даамлын сул орон тоонд өрсөлдөж авсан онооны дүнгээр 2 дугаарт жагссан байна. Б.Д нь Есөнбулаг сумын газрын даамлаар томилогдож 18 сар тасралтгүй ажилласан. Энэ хугацаандаа Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд-Менежер-2 программ хангамжийг нэвтрүүлэх, Говь-Алтай аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг сэдэвт томоохон сургалтад хамрагдан ажлын туршлагатай болсон давуу талтай. Уг программыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэглэж эхлэх ба дээрх программыг ажиллуулахад Б.Д бүрэн бэлтгэгдсэн. Дээрх программыг дахин шинэ албан хаагчид сургахад байгууллагын төсөв цаг хугацааны хувьд хүндрэл үүсэж байна. Иймээс Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг үндэслэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/08 тоот тушаалаар Б.Д-г жинхлэн томилсон гэжээ.

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Одоогийн байдлаар Есөнбулаг сумын Тамгын газрын даамлаар Б.Д ажиллаж байна. Энэ мэргэжилтэн хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Төрийн албаны шалгалтаар нэгдүгээр байраар гарсан Ш.Б, хоёрдугаар байраар гарсан Б.Д хоёрын хэнийг нь авах вэ гэсэн утгатай албан тоот Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт ирсэн. Уг тоотын хариуд Есөнбулаг сумын газрын даамал Б.Д нь хоёр дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. 2015 оны үр дүнгийн гэрээ 81 хувь В үнэлгээтэй дүгнэгдсэн гэх албан тоотыг явуулсан. Учир нь сүүлийн үед газрын кадастрын зургийг Монгол Улсын хэмжээнд бүрэн цахимжуулах ажиллагаа эхэлсэн, үүнтэй холбоотойгоор маш олон сургалтуудыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зохион байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх бүх сургалтуудад Б.Д нь хамрагдаж, мэргэшсэн. гэжээ.

Гуравдагч этгээд Б.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Д би 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс одоог хүртэл Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж, ажиллах хугацаандаа Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд-Менежер-2 программ хангамжийг нэвтрүүлэх, Говь-Алтай аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг сэдэвт томоохон сургалтад хамрагдаж, мэргэшсэн, гэрчилгээ батламж сертификат авсан. Мэргэжлээрээ мэргэшсэн учраас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай болон Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээг байгуулж, сайн ажиллаж В үнэлгээтэй дүгнүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар Есөнбулаг сумын газрын даамлаар томилогдон, төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байна. Төрийн албаны салбар зөвлөл болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас намайг мэргэшсэн учраас ажиллах боломжтой гэж дүгнэсэн тул Ш.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-н аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох Есөнбулаг сумын газрын даамлын албан тушаалд томилуулахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ... Төрийн албаны салбар зөвлөл нь Газрын албанаас Есөнбулаг сумын газрын даамлын сул орон тоон дээр Төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалт явуулж өгөөч гэж санал өгсний дагуу хүсэлт гаргасан иргэдийг зохих журмын дагуу бүртгэж сонгон шалгаруулалт явуулсан.

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар тухайн албан тушаалд Ш.Бийг томилуулахаар саналаа явуулсан.

Хэрэв тухайн төрийн байгууллага томилох эрх бүхий этгээд Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээж авснаас хойш ажлын 7 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд төрийн албаны салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлж, эсвэл сонгон шалгаруулалт дахин явуулах эсэх асуудлыг шийдэх ёстой. Гэтэл хариуцагч тал Төрийн албаны салбар зөвлөлийн саналыг харгалзахгүйгээр дур мэдэн гуравдагч этгээдийг тухайн албан тушаалд томилсон нь хууль бус юм. Төрийн албаны салбар зөвлөл Газрын алба руу 2015 оны 12 дугаар сарын 08, 2016 оны 01 дүгээр сарын 27-нд хоёр удаа албан тоот явуулахад 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр урьд нь тус орон тоон дээр түр ажиллаж байсан Б.Д-г ажиллуулахаар болсон тухай албан тоотын хариуг явуулсан байдаг.

Хэрэв ажил олгогч нь тухайн албан тушаалд шууд томилох эрхтэй байсан бол төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй юм.

Иймд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 тоот шийдвэрийг хүчингүй болгож, төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн саналын дагуу Есөнбулаг сумын газрын даамлын орон тоон дээр томилж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:... Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж иргэдийг бүртгэхдээ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тавьсан тусгай шаардлагыг хангасан хүнийг бүртгэх байтал уг шаардлагад нийцсэн хүнийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл тусгай шаардлага нь дээд боловсролтой бакалавр зэрэгтэй, газар зохион байгуулалт, кадастрын чиглэлээр их дээд сургууль төгссөн, мэргэшүүлэх сургалт, семинарт хамрагдсан байх, мэргэжлээрээ 6 сараас доошгүй ажилласан, салбарын төрийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно гэж заасан байхад нэхэмжлэгч Ш.Б нь мэргэшүүлэх сургалтуудад хамрагдаагүй, мэргэжлээрээ болон төрийн байгууллагад 6 сар ажиллаагүй байхад бүртгэж шалгалтад оруулсан нь Төрийн жинхэнэ албан тушаалд ороход мэргэшлийн шалгалт авах журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Б.Д нь 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/56 дугаартай тушаалаар тус орон тоон дээр Төрийн жинхэнэ албаны шалгалтад орон хүртэл хугацаагаар түр томилогдон ажиллаж байсан бөгөөд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нь уг ажилтнаа жинхлэн томилсон нь буруу биш юм.

Түүнчлэн Б.Д нь холбогдох газраас тавьсан тусгай шаардлагад бүрэн нийцэж байгаа, уг сонгон шалгаруулалтад орж тэнцэж 2 дугаар байрт орсон бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн авч Б.Д-г ажлаас чөлөөлөх нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн асуудал юм. гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч Ш.Б-н Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох Есөнбулаг сумын газрын даамлын албан тушаалд томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 338 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд хандан ... төрийн захиргааны албан тушаалтны сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагаа дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй, газар зохион байгуулалт, газрын үнэлгээ, газрын менежмент, газрын кадастрын чиглэлээр их дээд сургууль төгссөн, мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хамрагдсан, мэргэжлээрээ 6 сараас доошгүй хугацаанд ажилласан, асуудал боловсруулах, үнэлэлт дүгнэлт гаргах, багаар ажиллах чадвартай байх, шударга, харилцааны өндөр соёлтой байх, хэрэглээний болон мэргэжлийн программ дээр ажиллах бүрэн чадвартай, салбарын төрийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно гэж тодорхойлсон байна.[1]

Нэхэмжлэгч Ш.Б, гуравдагч этгээд Б.Д нар нь дээрх сонгон шалгаруулалтад оролцож, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 202 дугаар Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай тогтоолоор Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц-д тус тус бүртгэгджээ.

Улмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 149 дүгээр албан бичгээр сонгон шалгаруулалтад 78.3 оноо авч нэгдүгээр байр эзэлсэн нэхэмжлэгч Ш.Бийг Есөнбулаг сум хариуцсан газрын даамлын ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар 74.6 оноо авч хоёрдугаар байр эзэлсэн Б.Д-г Есөнбулаг сумын газрын даамлаар томилсон нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасны дагуу Б.Д нь Есөнбулаг сумын газрын даамлын албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж зааснаас үзвэл онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх нь зөв боловч сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж буй иргэнийг Есөнбулаг сумын газрын даамлын албан тушаалд нэр дэвшүүлж, томилсон хариуцагчийг буруутгах боломжгүй.

Харин нэхэмжлэгч Ш.Б нь сонгон шалгаруулалтад орохдоо ажлын байранд тавигдах мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хамрагдсан байх, мэргэжлээрээ 6 сараас доошгүй хугацаанд ажилласан байх, салбарын төрийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно гэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй болохоо үгүйсгээгүй бөгөөд Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ