| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0167/э |
| Дугаар | 2022/ШЦТ/166 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор /онлайн/
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Ганбаатарын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2221000000136 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, авто угаалгын газар машин угаадаг, ам бүл 11, эцэг, эх, эмээ, өвөө, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бат-Уулын 2-7 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Адуучин овогт Ганбаатарын Бат-Эрдэнэ /РД: ЖГ 00321911/.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бат-Уулын 2-7 тоотод 2021 оны 08 дугаар сард, Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын 4-6 тоотод, 2021 оны 08 дугаар сарын сүүлээр, Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалт хорооллын 20-14 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд болон 2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн үед тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Э.Ганцогзолыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Ганцогзол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 20-14Б тоотод гэртээ найз Ариунзултай 2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчимд пиво ууж байхад манай нөхөр Г.Бат-Эрдэнэ хаалга тогшиж орж ирсэн. Би босож хаалга тавьсан чинь шалдан нүцгэн явлаа гэж хэлээд намайг газарт түлхэж унагаасан. Түлхэх үед би уурлаж түүнтэй маргалдахад миний нүүр хэсэгт 4-5 удаа гараа зангидаж байгаад цохисон юм. ...Манай нөхөр Г.Бат-Эрдэнэ гэрт орж ирээд шууд намайг түлхэж газарт унагаах үед нь би өвдгөөрөө газарт унасан учир миний зүүн хөлийн өвдөг хэсэгт хөхөрч хавдсан. Мөн миний нүүр хэсэгт 4-5 удаа цохисон учир миний нүүр хавдаж хөхөрсөн байна. ...манай нөхөр 2021 оны 08 дугаар сард Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 2-7 тоотод байхад надтай үл ялих зүйлээс маргалдаж миний гараас базаж өмсөж байсан цамцыг минь ураад хэл амаар доромжлоод байсан учир Саруултуяагийн гэрт ирсэн. Намайг Саруултуяагийн гэрт очих үед миний баруун гар Бат-Эрдэнийн базаад байсан хэсгээр хөхөрч хавдсан байдалтай байсан. ...маргааш нь Бат-Эрдэнэ ирж надаас уучлалт гуйж эмнэлэгт үзүүлнэ гэж намайг дагуулж яваад надтай дахин маргалдаж миний гар болон нүүр хэсэгт алгадаад байсан учир би тэдний гэрээс гарч эмнэлэг рүү явлаа гэж хэлээд Саруултуяагийн гэрт очиж түүнд болсон зүйлээ хэлсэн. ...мөн 2021 оны 8 дугаар сарын сүүлээр найз Ариунзулын гэрт нь байж байхад манай нөхөр орой 23 цагийн орчимд согтуу орж ирсэн учир би түүнд айлд байж архи уулаа гэсэн чинь намайг түлхэж хоолойноос минь гараараа боогоод байсан. Мөн сандал барьж над руу шидэх гэж байгаад гараас нь хальтирч бага охины толгой дээр унаж байсан тохиолдол байгаа. Би одоо 28 хоногтой охинтой бөгөөд өмнө нь зодож байсан тохиолдлуудад би жирэмсэн байсан юм. Би 2021 оны 05 дугаар сард жирэмсэн болж 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн...” гэжээ. /хх-ийн 8-10, 11-14/
Гэрч Н.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сард манай охин Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Ариунзул гэх найзынхаа гэрт байхад нөхөр Г.Бат-Эрдэнэ нь архи уусан байдалтай очоод агсан согтуу тавьсан тухай би сонсож байсан. Ариунзул найзынх нь хэлж байгаагаар бол Бат-Эрдэнэ манай охин Ганцогзолыг цохиж зодоод хүүхдүүд рүүгээ сандал шидсэн тухай хэлж байсан. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос гэртээ ирэх үед манай охин Ганцогзол нөхөр Бат-Эрдэнэтэй хамт хөдөө гэр рүүгээ явсан юм. Энэ өдөр би зээ Г.Онцгойбаяр, Г.Хүслэн нарын хамт хуурай дүү Саруултуяагийн гэрт очоод байж байхад Онцгойбаяр надад хандаж “Аав ээжийн үснээс нь зулгаагаад углаашаар цохиод байсан” гэж хэлсэн. Мөн манай гэрийн зурагтын удирдлага эвдэрсэн учир шалтгааныг асуухад “Аав ээж рүү шидэж хагалсан” гэж хэлсэн. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг болж байхад Саруултуяа гэх эгч нь надад манай охин Ганцогзолыг нөхөр Бат-Эрдэнэ нь зодсон талаар хэлсэн...” гэжээ. /хх-ийн 23-24/
Гэрч М.Саруултуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ганцогзол, Бат-Эрдэнэ нарын гэрт очиж юм ярьж пиво ууж байгаад 23 цаг болж байхад унтаж амарсан. ...унтаж байхад шөнө 04 цагийн орчим Ганцогзолын хүү Онцгойбаяр намайг сэрээж “эгчээ аав ээж хоёр зодолдоод байна” гэж хэлэхээр нь гараад харахад манай дүү Ганцогзол уйлсан байдалтай байсан. Ямар шалтгааны улмаас зодсон талаар асуухад нэг хүүхний нэр хэлээд түүнээс болж маргалдлаа гэж хэлсэн. ...мөн 2021 оны 08 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Чойбалсан хороололд найзындаа байхад манай дүү Ганцогзол зодуулсан бөгөөд түүний зүүн гар нь хөхөрч хавдсан байдалтай ирсэн. ...Ингээд бид хэд цэнхэр хороололд манай гэрт ирээд нэг хоног болоход нөхөр Бат-Эрдэнэ нь ирээд уучлалт гуйж Ганцогзолыг эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд авч явсан. Ингээд хэсэг хугацааны дараа Ганцогзол зодуулсан байдалтай хүрээд ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн орчимд манай дүү Ганцогзол нөхөр Бат-Эрдэнэд зодуулсан гэж хэлэхээр нь би түүний гэрт яваад очиход нүд нь хавдаж хөхөрсөн, гэрийнх нь шал, сандал, обой, өмсөж явсан подволк зэрэг дээр нь их хэмжээний цус гоожсон байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 25-26/
Гэрч Н.Ариунзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 билүү 08 дугаар сард байх, яг сайн санахгүй байна. Манай найз хөдөөнөөс ирээд хоёр хүүхэдтэйгээ манайд байсан бөгөөд нөхөр Бат-Эрдэнэ нь манай гэрийн гадаа найзуудтайгаа архи уугаад байсан учир Ганцогзол уурлаж айлд байж архи уулаа гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ 19 цагийн орчимд гараад явсан бөгөөд 23 цаг өнгөрөөж орж ирээд унтах гээд хэвтсэн боловч шөнийн 02 цаг болж байхад тэр хоёр чанга дуугаар хэрэлдэж нөхөр Бат-Эрдэнэ нь Ганцогзолын хоолойг боогоод сандал авч чулуудаад байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 219 тоот дүгнэлтэд:
1. Э.Ганцогзолын биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/
Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 12-ны 00 цагийн орчим хөдөө гэрээсээ гараад 02 цагийн орчим гэртээ ирэхэд эхнэр Ганцогзол найз Ариунзултай согтуу пиво уусан байдалтай байсан. Гэрийнхээ хаалгыг тогшиход охин Хүсэл хаалгаа тайлсан. Тэгээд би үүдэнд тамхи татаж байтал Ганцогзол толгой хөл нүцгэн гарч ирсэн. Тэгэхээр нь би орооч гэж хэлэхэд орохгүй байхаар нь сугадаж оруулаад хаалгаа хаах гээд буцаад эргэхэд Ганцогзол хамраараа газарт унасан. ...2021 оны 08 дугаар сарын сүүлээр Ариунзулын гэрт нь Ганцогзол бид нар байхад манай найз Нямбаяр над руу яриад “би хотоос ирсэн байна, гараад ир” гэж хэлэхээр нь уулзаад нэг пиво уугаад буцаж Ариунзулын гэрт орсон чинь Ганцогзол “айлд согтуу ирлээ, хаагуур яваад байгаа юм” гэхээр нь би явлаа гэсэн чинь явуулахгүй гээд байхаар нь хоолойноос нь цааш түлхээд орон дээр суугаад байтал Ариунзулын ээж цагдаа дуудсан...” гэжээ. /хх-ийн 46-48/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34/
Г.Бат-Эрдэнийн оршин суугаа газрын хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 53-54/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Адуучин овогт Ганбаатарын Бат-Эрдэнэ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бат-Уулын 2-7 тоотод 2021 оны 08 дугаар сард, Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын 4-6 тоотод 2021 оны 08 дугаар сарын сүүлээр, Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 20-14 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болон 2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн үед тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Э.Ганцогзолыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э.Ганцогзолын “...Би Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 20-14Б тоотод гэртээ найз Ариунзултай 2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчимд пиво ууж байхад манай нөхөр Г.Бат-Эрдэнэ хаалга тогшиж орж ирсэн. Би босож хаалга тавьсан чинь шалдан нүцгэн явлаа гэж хэлээд намайг газарт түлхэж унагаасан. Түлхэх үед би уурлаж түүнтэй маргалдахад миний нүүр хэсэгт 4-5 удаа гараа зангидаж байгаад цохисон юм. ...манай нөхөр 2021 оны 08 дугаар сард Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 2-7 тоотод байхад надтай үл ялих зүйлээс маргалдаж миний гараас базаж өмсөж байсан цамцыг минь ураад хэл амаар доромжлоод байсан учир Саруултуяагийн гэрт ирсэн. Намайг Саруултуяагийн гэрт очих үед миний баруун гар Бат-Эрдэнийн базаад байсан хэсгээр хөхөрч хавдсан байдалтай байсан. ...маргааш нь Бат-Эрдэнэ ирж надаас уучлалт гуйж эмнэлэгт үзүүлнэ гэж намайг дагуулж яваад надтай дахин маргалдаж миний гар болон нүүр хэсэгт алгадаад байсан учир би тэдний гэрээс гарч эмнэлэг рүү явлаа гэж хэлээд Саруултуяагийн гэрт очиж түүнд болсон зүйлээ хэлсэн. ...мөн 2021 оны 8 дугаар сарын сүүлээр найз Ариунзулын гэрт байхад манай нөхөр орой 23 цагийн орчимд согтуу орж ирсэн учир би түүнд айлд байж архи уулаа гэсэн чинь намайг түлхэж хоолойноос минь гараараа боогоод байсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.Саруултуяагийн “...унтаж байхад шөнө 04 цагийн орчим Ганцогзолын хүү Онцгойбаяр намайг сэрээж “эгчээ аав ээж хоёр зодолдоод байна” гэж хэлэхээр нь гараад харахад манай дүү Ганцогзол уйлсан байдалтай байсан. ...мөн 2021 оны 08 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Чойбалсан хороололд найзындаа байхад манай дүү Ганцогзол зодуулсан бөгөөд түүний зүүн гар нь хөхөрч хавдсан байдалтай ирсэн. ...Ингээд бид хэд цэнхэр хороололд манай гэрт ирээд нэг хоног болоход нөхөр Бат-Эрдэнэ нь ирээд уучлалт гуйж Ганцогзолыг эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд авч явсан. Ингээд хэсэг хугацааны дараа Ганцогзол зодуулсан байдалтай хүрээд ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн орчимд манай дүү Ганцогзол нөхөр Бат-Эрдэнэд зодуулсан гэж хэлэхээр нь би түүний гэрт яваад очиход нүд нь хавдаж хөхөрсөн, гэрийнх нь шал, сандал, обой, өмсөж явсан подволк зэрэг дээр нь их хэмжээний цус гоожсон байдалтай байсан...” гэх, гэрч Н.Ариунзулын “...2021 оны 07 билүү 08 дугаар сард байх. Манай найз хөдөөнөөс ирээд хоёр хүүхэдтэйгээ манайд байсан бөгөөд нөхөр Бат-Эрдэнэ нь 19 цагийн орчимд гарч яваад 23 цаг өнгөрөөж орж ирээд унтах гээд хэвтсэн боловч шөнийн 02 цаг болж байхад тэр хоёр чанга дуугаар хэрэлдэж нөхөр Бат-Эрдэнэ нь Ганцогзолын хоолойг нь боогоод сандал авч чулуудаад байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 219 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Э.Ганцогзолын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 219 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ганбаатарын Бат-Эрдэнэд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ганбаатарын Бат-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ганцогзолын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адуучин овогт Ганбаатарын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганбаатарын Бат-Эрдэнэд 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Ганцогзол нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖГ 00321911 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА