Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1243

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн З овогт Н-ийн Ц-д холбогдох 2003004940444 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, эмэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ... ХХК-нд оёдолчин ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овогт Н-ийн Ц /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Н.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... автобусны эцсийн буудал, .... хүнсний дэлгүүрийн баруун талын замд Тоёота Приус-11 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчин О.Б-ын жолоодон явсан мопедыг мөргөснөөс зорчигч Ч.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6х, 7х, 8х, 9-10х/, хохирогч Ч.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 13-15х/, гэрч О.Б-ын мэдүүлэг /хх-ийн 27-29х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11643 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36х/, шүүгдэгч Н.Ц-ын жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 63х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 64х/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 65х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 66х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67х/, шүүгдэгч Н.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 59-60х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... автобусны эцсийн буудал, Арвай хүнсний дэлгүүрийн баруун талын замд Тоёота Приус-11 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчин О.Б-ын жолоодон явсан мопедыг мөргөснөөс зорчигч Ч.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6х, 7х, 8х, 9-10х/,

Хохирогч Ч.Г-ийн: “...Би Б ХХК-нд оёдолчин хийдэг бөгөөд орой 20 цагт тараад автобусанд суугаад гэр лүүгээ 22 цагийн орчимд очдог. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний орой мөн адил ажлаа тараад гэр лүү харихаар Тахилтын автобусны эцэст буухад манай нөхөр ирсэн байсан. Тэгээд бид хоёр мопедод суугаад АТМ орж мөнгө авах гээд явж байтал замын хажуу талд зогсож байсан машин гэнэт хөдлөөд арын дугуй хэсэг рүү мөргөөд осол гаргасан. Жолооч нь гэх эмэгтэй хүн бууж ирээд биеийн байдлыг асуугаад хөл гарыг үзсэн. Тэр үед миний хөл өвдөөд байсан тул гутлаа тайлаад хартал миний баруун хөлийн долоовор, дунд хурууны мах нь тасраад хумс нь мултарсан байсан. Тэгээд ядам хуруу цохигдоод хүрэн өнгөтэй болсон байсан. Жолооч бид хоёр түргэн, цагдаад дуудлага өгөх гэтэл хөл өвдөөд байсан болохоор манай нөхөр Б яаралтай эмнэлэг орохгүй бол болохгүй нь байна гээд нөгөө эмэгтэйн машинд суугаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед толгой болон хөлийн зураг авхуулаад эмчид үзүүлтэл цус хуралт байхгүй, зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн. Харин хөлийн чинь мах тасарсан байна гэж хэлээд оёдол тавиад дүүргийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Тэндээс гараад жолооч бид хоёрыг хүргэж өгөөд маргааш холбоо бариад таныг эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн. Маргааш нь жолооч ирээд бэлэн 350.000 төгрөг өгөөд бид нар ахиж явж чадахгүй нь та хэд такси бариад явчих гэж хэлсэн. Тэрнээс хойш би огт холбогдоогүй. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 08-09-нд өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/,

Гэрч О.Б-ын: “...Би эхнэр Ганчимэгийг Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах ... эцсийн автобусны буудал дээрээс тосож авах гээд өөрийн эзэмшлийн мопедыг унаад гэрээсээ 2020 оны 09 дүгээр сарын 24-ний орой 21 цаг 40 минутын үед гараад эцсийн буудал дээр 22 цаг болж байхад ирээд эхнэрээ аваад ардаа суулгаад автобусны эцэс дээр байдаг АТМ-с мөнгө авах гээд явж байтал замын хажуу талд зогсож байсан тээврийн хэрэгсэл гэнэт хөдлөөд арын дугуй руу ирж мөргөөд эсрэг урсгал руу орж унасан. Тэр үед манай эхнэр хойд талын суудал дээр сууж явсан болохоор газар унасан. Нөгөө машины жолооч гэх эмэгтэй хүн бууж ирэхээр нь “чи яагаад дохио өгдөггүй юм бэ, зогсож байж гэнэт хөдлөх юм” гэж асуутал би та нарыг цаашаа хөдлөөд явчихлаа гэж бодоод эргэх гэж байсан юм гэж хэлсэн. Толиндоо хардаггүй юм уу гэж хэлээд байж байтал эхнэр хөл өвдөөд байна гэхээр нь эхнэрийн гутлыг тайлаад хартал хөлийн хуруунаас нь цус гоожиж байсан.  Тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгөх гэж байгаад айсандаа шууд эмнэлэг орно гээд нөгөө машинтай хамт Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Эмч нар хөлийн зургийг нь аваад хоёр хуруу чинь гэмтэлтэй байна, оёдол тавьчихлаа, толгойн зураг авхуулаарай, дүүргийн эмнэлэг явж боолгоорой гэж хэлсэн. Тэгээд жолооч гэрт бид хоёрыг хүргэж өгсөн. Миний биед болон тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл, эвдрэл учраагүй. Эвдрэл үүсээгүй учир хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11643 дугаартай шинжээчийн: “...Ч.Г-ийн биед баруун хөлийн тавхайн 2-р хурууны шивнүүр ясны ил хугарал, баруун хөлийн тавхайн долоовор, дунд хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36х/,

Шүүгдэгч Н.Ц-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-60х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Ц нь жолооч хүний баримталбал зохих үүргээ биелүүлээгүйгээс тухайн осол гарахад хүргэсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн шинжтэй, энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ч.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн 11643 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон /хх-ийн 35-36х/ байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ч.Г-т нийт 1.000.000 төгрөгийг төлсөн, Ч.Г- нь цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ нь Н.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагчид танилцуулсан, яллагдагч /шүүгдэгч/ Н.Ц нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Н.Ц-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохиролтой холбоотой зардлыг төлж барагдуулсан байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, тэрбээр ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримттай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Н-ийн Ц-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ