Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1080

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолт/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Д.Бид холбогдох 2003003860305 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, ..., ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-уул дүүргийн ... дугаар хороо жаргалантын ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, П овогт Д.Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 04 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн зам “Петровис” шатахуун түгээх станцын урд замд “Киа Рио” маркийн ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөний улмаас тусгаарлах зурвас дээр байх гэрлийн шонг мөргөж, улмаар зорчигч Ж.Аийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 04 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй хотхонд орцонд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагыг хүлээн авч хөдөлсөн. Энэ хооронд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А би жаахан амраадахъя гээд суудал налуулаад хэвтээд унтсан. Би Сонсголонгийн замаар гүүр гараад явж байгаад гэнэт зүүрмэглэх шиг болоод түр тар хийх чимээ гараад хартал шон харагдаж байсан, тэгээд яах ийхийн зуургүй мөргөсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт: “...Уг тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн цагдаагийн газрын данстай, Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэс ашигладаг. Манай байгууллагаас уг тээврийн хэрэгслийг засаад өгөх юм бол  гомдол саналгүй гэж үздэг. Мөн жил болгон албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдаг. Жолооч болон хохирогч нарын хэн аль нь гэнэтийн ослын даатгалаас мөнгө авсан байгаа. Харин тээврийн хэрэгслийн хувьд даатгалын байгууллага нь даатгалын эрсдэлд хамаарахгүй гэсэн тул мөнгө өгөхгүй гэсэн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11х, 12х, 13х, 14-19х/, хохирогч Ж.Аийн мэдүүлэг /хх-ийн 23-24х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7879 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53х/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 138-145х/, тээврийн цагдаагийн албаны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай магадалгаа /хх-ийн 61х/, шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 85х/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 86х/, оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 89х/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 91х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 92х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 93х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хх-ийн 94х/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 96х/, ... ХХК-ийн хохирол барагдуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 179х/, шүүгдэгч Д.Бийн мэдүүлэг /хх-ийн 75-76х/ шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгээс гаргаж өгсөн 3 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11х, 12х, 13х, 14-19х / зэргээс үзвэл, тухайн осол болсон газар нь Сонсголонгийн зам буюу эсрэг урсгалтай, дөрвөн эгнээ бүхий зам байх бөгөөд уг зам нь дараах онцлог шинжтэй байна. Ертөнцийн зүгээр уг замын хойноос урагшаа чигт  явах урсгал нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг, харин замын голын тусгаарлах зурвасын цаад талын эгнээ буюу урдаас хойшоо чигт явах эсрэг урсгалын зам нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг болох нь Улсын Их хурлын 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад дурдсан Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэс дэх байршил, холбогдох баримтаар тогтоогдсон байна.

Тус хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Бийн мэдүүлэг зэргээс үзэхэд тэрбээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чигт Сонсголонгийн гүүр даван Моносын зам руу орохоор 2 дугаар эгнээгээр “Киа Рио” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа уг замын 2 дугаар эгнээний голын тусгаарлах зурвасын хашлага хэсгийг мөргөж давсан гэх хэсэг нь А цэгээр тэмдэглэгдэж, улмаар давсан чигтээ явсаар тус тусгаарлах зурвас дээрх 151 дугаартай гэрлийн шонг мөргөсөн хэсэг нь Б цэгээр тэмдэглэгдсэн, уг А болон Б цэгийн байршлыг харахад эгнээ, зам нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах бөгөөд тус тээврийн хэрэгсэл нь Б цэгийг мөргөх явцдаа шидэгдэн эсрэг урсгал бүхий зам руу буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах замд орж зогссон байдалтай байгаа нь тэмдэглэгдсэн байна. Иймээс зам тээврийн осол гарсан газрыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн зам байна гэж дүгнэлээ.

Тухайн зам тээврийн осол нь Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн нь шүүх хуралдааны явцад мэдэгдсэн, хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 04 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ертөнцийн зүгээр урдаас хойшоо чигтэйгээр Сонсголонгийн замд “Киа Рио” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2 дугаар эгнээний тусгаарлах зурвасыг мөргөн давж, улмаар тусгаарлах зурвас дээр байрлуулсан гэрлийн шонг мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч Ж.Аийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэлд 8.112.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11х, 12х, 13х, 14-19х/, хохирогч Ж.Аийн мэдүүлэг /хх-ийн 23-24х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7879 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53х/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 138-145х/, тээврийн цагдаагийн албаны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай магадалгаа /хх-ийн 61х/, шүүгдэгч Д.Бийн мэдүүлэг /хх-ийн 75-76х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,

Хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар томилогдсон цагдаагийн албан хаагчид байх бөгөөд тэдгээр нь Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа болон жолоочоор ажилладаг, 2020 оны 7 дугаар сарын 04-ний өглөөний 08 цаг 30 минутаас 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минутын хооронд 24 цагаар, Эрхэс-113 дуудлагатай, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн, улмаар уг хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 05-ны үүрийн 04 цаг 50 минутын орчимд  Баянгол дүүргийн ... дугаар хороо, Сонсголонгийн замд осол гаргасан нь хохирогч Ж.Аийн “...Ирээдүй хотхонд нөхөр нь эхнэрээ орцондоо зодоод байна гэсэн дуудлага өгөхөөр нь дуудлага руу очихоор Сонсголонгийн замаар урдаасаа хойшоо чигтэй явж байх үед ...гэнэт жолооч маань Ц гэж нэг чанга хашхирах шиг болонгуут нь би урагшаа хартал манай машин урд талаараа нэг юм мөргөх шиг болоод би ухаан алдсан байсан. ... 24 цагийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэр дээр машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж хоносон, нэг өдөр гарахдаа би 5-н хорооны нутаг дэвсгэр хариуцаж үүрэг гүйцэтгэж хонодог, тэр өдөр манай жолооч бид хоёр нийт 35 дуудлагад яваад, 36 дахь дуудлагадаа үүрээр явж байгаад энэ осолд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

шүүгдэгч Д.Бийн “... Өглөө 04 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй хотхонд орцонд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагыг хүлээн авч дуудлага руу хөдөлсөн. Энэ хооронд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А би жаахан амраадахъя гээд суудал налуулаад хэвтээд унтсан. Би ертөнцийн зүгээр урдаас хойшоо чигтэйгээр Сонсголонгийн замаар гүүр гараад явж байгаад зүүрмэглэх шиг болоод гэнэт түр тар хийх чимээ гараад хартал шон харагдаж байсан, тэгээд яах ийхийн зуургүй мөргөсөн, энэ хооронд автомашин зогсоох ч боломжгүй, цаг хугацаа байгаагүй гэнэт л болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон.

Тухайн ослын улмаас Д.Бийн жолоодож явсан “Киа Рио” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн саадыг мөргөсөн хэсэг буюу урд талын хэсэг бүхэлдээ чихэгдсэн, их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан тул дүгнэлт гаргах гаргах боломжгүй нь Улаанбаатар хот дахь Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 245 дугаар албан бичигт дурдагдсан, зорчигч Ж.Аийн биед зүүн талын 6,7,8-р хавирганы далд хугарал, өвчүү ясны дотор ялтасны хугарал, тархи доргилт, баруун, зүүн хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, зүүн шуу, гуя, шилбэ, хэвлийд цус хуралт, баруун бугалганд зулгаралт бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь шүүх эмнэлгийн 7879 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53х/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзвэл, хохирогч болон шүүгдэгч нар нь ачаалалтай ажиллаж, Д.Б нь уг ачааллаа даалгүй, хайнга болгоомжгүй хандсанаас замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа зүүрмэглэсэн нь тухайн осол гарахад хүргэсэн, шүүгдэгч Д.Бийн гаргасан энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав дугаар бүлэг, Жолоочийн үүрэг, 3.7./а/-д заасан “жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар нотлогдон тогтоогдсон байна. /хх-ийн 61х/

Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээр буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эзэмшлийн тээврийн хэрэгслийн хохиролд 8.112.600 төгрөгийн, ... ХХК-ийн 151 дугаартай шонг мөргөж 100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч Ж.Аийн эмчилгээний зардалд 411.000 төгрөгийг, ... ХХК-нд 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эзэмшлийн тээврийн хэрэгслийг засаж хэвийн байдалд нь оруулах зорилгоор 4.009.000 төгрөгийн тээврийн хэрэгслийн эд анги худалдаж авсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт “тээврийн хэрэгслийг засварлаад хэвийн болгоод өгөх юм бол хохирол барагдсанд тооцоход манай талаас маргахгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн болно.

Иймээс шүүгдэгч Д.Бийг хохирогч Ж.А, иргэний нэхэмжлэгч ... ХХК-нд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй, харин иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газарт үлдэгдэл төлбөр болох 4.103.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоо шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  тухай дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...энэ хэрэг санамсар болгоомжгүй байдлаас болж үйлдэгдсэн, хохиролыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тус хэргийг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа, хэт ядарснаас ачааллаа даалгүй, болгоомжгүйгээр үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлын шинж, хор уршгийн байдал, хохирогч Ж.Аид хохирол төлж барагдуулсан, төлөх төлбөргүй зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /тэрбээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс орлогын байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П овогт Д.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ж.Аийн эмчилгээний зардалд 411.000 (дөрвөн зуун арван нэгэн мянга) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч  ... ХХК-нд 100.000 (нэг зуун мянган) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 4.009.000 (дөрвөн сая, есөн мянга) төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ж.А, иргэний нэхэмжлэгч ... ХХК-нд төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос 4.103.600 (дөрвөн сая, нэг зуун гурван мянга, зургаан зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газар /Б.П/-т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ