Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/805

 

                          

 

 

 

 

        2018          09           20                                         805

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Э.Э...............н,

шүүгдэгч А.Б,

гэрч Ж.А...........м нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Цагаан овогт А-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0311 80907 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт А-ын Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, эрэгтэй, . настай, дээд боловсролтой,  иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжилтэй, “У” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл ., эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн . дүгээр хороо, . дугаар байрны . тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 219 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн барилгын талбай дээр 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ажилтан Э.Э...............нгийн толгой, нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч А.Б: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цэцэрлэгийн барилгын Б блок дээр хучилтын арматур бууж байсан. Тэр өдөр ширүүн бороо ороод тал хүмүүсээ буулгаад байж байхад Энхболд гэж хүн борооны цув авч ирэхэд нь хүмүүстээ тарааж өгөөрэй гэхэд нь би “ХАБ” ажилтанд борооны цув аваачиж өг гэхэд чи өөрөө аваачиж өг гэж хэлээд маргалдсан. Э.Э...............н намайг хөгийн муу инженер гэж хэл амаар доромжилсон учраас бид хоёр бие биетэйгээ маргалдсан. Тухайн үед Э.Э...............н компьютерийн ард сууж байгаад босож ирээд маргалдсан. Миний зүрх муу тул уурандаа нүүрэн тус газарт нь нэг цохисон. Э.Э...............н хойшоо цонх налж унаад Д..................р, Ж.А...........м нар боль гэж хэлээд Д..................р бид хоёрыг заамдалцсан байхад салгасан. Э.Э...............н гарч яваад цагдаа дуудаж ирээд бид хоёрыг аваад явсан...” гэв.

Хохирогч Э.Э...............н: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутагт 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын талбайд ХАБ-ын инженерээр ажиллаж байсан. Тэр өдөр бороо орж байсан, би шинээр ирсэн 4-5 хүнд зааварчилгаа өгөөд, хүмүүст тараах материал өгөөд бөглүүлээд сууж байсан. А.Б, Ж.А...........м нар хөзөр тоглоод сууж байсан. А.Б надад ёс зүйн хувьд жаахан дээрэнгүй маягаар хөөш чи гараад энэ цувыг аваачиж өг гэж хэлсэн. Миний ажлын хувьд ажил гэхдээ чи хөзөр тоглож байхын оронд гаргаад өгчих, би зааварчилгаа өгч байна гэхэд, чи цув гаргаад өгчих л дөө новшийн муу ХАБ гэж намайг хэлсэн. Тэгж хэлснийх нь дараа би хөгийн инженер гэж хэлсэн. Маргалдаж байгаад үгийн зөрүүгүй хүрч ирээд нүүрэн тус газар цохиж, нүдний шил үсрээд би хойшоо хана налж унасан. Намайг босгож ирээд хавирч унагаасан. Унах үед миний нуруу эвгүй болсон. Унасан байхад өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байна нэг удаа цохисон. Дараа нь Ж.А...........м, Д..................р нар намайг босгосон байх. Би гараад шатаар буухад нуруу руу дахиад нэг удаа өшиглөсөн. Би цагдаа дуудсан. Цагдаа өргөдөл гаргаж өг гэхэд нь явах гэтэл нүдний шилгүй тул машин барьж чадахгүй, зам харахгүй тул эгч рүүгээ  яриад гэртээ хүргүүлсэн. Эгчтэйгээ яриад байж байтал А.Б над руу яриад чи хаана байна, чамайг очиж байгаад алнаа гэхэд нь би хүрээд ир гэж хэлсэн. А.Б ирээд араас дагаад яв би нүдний шилийг чинь хийлгэж өгье гээд миний эвдэрхий шилийг авсан, би араас чинь явж чадахгүй гэхэд шоолонгуй маягаар инээсэн. Би нийт 3 сар ажилгүй байсан. А.Б намайг чи маргаашнаас эхлээд ажилд битгий ир гэсэн. Би ажилдаа очоогүй, энэ байгууллагад 1 жил гаруй ажилласан тул хамт олны дунд миний нэр хүнд байсан. А.Б намайг цохиж зодсонд гомдолтой байна. Эмчилгээний зардал 780,000 төгрөг, 3 сарын цалин 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрчүүд миний эсрэг худал мэдүүлэг өгч байна. Гэрчүүд бүгд А.Бийг найзууд байсан. Ахмад настай хүмүүстэй хүндэтгэлтэй ханддаг гэдэг худлаа...” гэв.

Гэрч Ж.А...........м: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажил цуглаад 1 цагийн дараа бороо ороод бид нар өрөөндөө хөзөр тоглоод сууж байсан. Гаднаас Э.Э...............н орж ирэхэд А.Б бороо ороод байна хүмүүстээ цув гаргаж өгөөчээ гээд ажил үүргийн дагуу шаардлага тавьсан. Э.Э...............н чи надад тушаадаг хэн бэ гээд маргалдсан. Би цаашаа хараад сууж байсан, маргалдаж эхлээд барьцалдаж авсан. Хэн хэн нь гэлтгүй заамдалцсан байсан. Манаач, нэг залуу хоёр 2 тийшээ салгахад Э.Э...............н газар унасан. А.Б дээр нь байсан. Тэгэхэд нь очоод больцгоо гэж хэлээд салгасан. Э.Э...............нгийн нүдний шил нь газар унасан байсан. А.Б хальт цохиж байгаа харагдсан. Харилцан заамдалцаад хөлөөрөө жийлцээд байсан. Э.Э...............н гарч яваад эргэж орж ирээд дахин хоорондоо маргалдсан. Э.Э...............н дахиад гараад явсан...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Э...............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийгээд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр байж байтал 16 цагийн орчим манай ажлын талбайн инженер болох А.Б надад хандаж “гадаа бороо орж байна, гадаа ажиллаж байгаа хүмүүст 2 ширхэг цув аваачаад өгчих” гээд их зандарангуу хэлэхээр нь би хариуд нь “завгүй байна” гэж хэлтэл “чи цув аваачаад өгчихөд яадаг юм бэ” гээд хэлсэн. Тэгэхээр нь би “чи наад үүргээ нярав, нягтландаа хэл” гэж хэлсэн...Тэгтэл А.Б босож ирээд шууд нүүр рүү гараараа 2 удаа цохиод миний нүдний шил үсэрч газар унаад би харин хойшоо савж унасан...намайг дахиж заамдаж авч хавирч унагаагаад нүүр рүү 2-3 удаа цохисон...миний нуруу яс ургалттай, 5 дугаар үеийн суулттай, нугасны гэмтэлтэй өвчинөөс болж эмчилгээ хийлгэж байсан. Уг өвчин нь Солонгост барилга дээр ажиллаж байгаад барилга дээрээс унаж гэмтсэнээс болсон юм...А.Б дандаа нүүр болон толгой руу гараараа цохисон. Бас нуруу руу нэг удаа цохисон...би ажилдаа эргэж орж чадахгүй байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14),

2. Гэрч Л.Идэрхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бороо орж байсан ба өглөө нь намайг гал тогоонд ажилчидтай хамт сууж байсан чинь нөгөө талын өрөөнд бөөн дуу чимээ гарахаар нь гараад харсан чинь Э.Э...............н, А.Б хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

3. Гэрч Ж.А...........мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бороо орж байсан ба өглөө ерөнхий инженер А.Б хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Э.Э...............нд “хүмүүстээ цувыг нь гаргаж өгөөрэй” гээд хэлж байсан...эхлээд А.Б, Э.Э...............нгийн нүүр рүү нэг удаа гараараа цохихоор нь бид нар салгасан. Тэгсэн чинь нээх удалгүй Э.Э...............н эргэж орж ирээд “чи муу чацага, чи хэн бэ” гэж орж ирээд хоорондоо зууралдаад газар...хальтирч унаад дээр доороо гараад байхаар нь бид нар салгасан...Нүүр хавьцаа нэг удаа гараараа цохисон. Тэрнээс биш нуруу руу нь цохиогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8032 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: “...2 нүдний дээд доод зовхины дотор буланд улаан ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...”

2018.06.23-ны толгойн КТГ-д: “...зүүн талын хоншоорын хөндийд, 2.5х2.0см хэмжээтэй, +22HU орчим нягттай бүтцийн өөрчлөлттэй...хамрын таславч урд хэсгээр бага зэргийн баруун тийш мурийлттай. Баруун талын хацар шанаа болон зүүн зулайн орой, дагз орчмын зөөлөн эдэд хавантай.

2018.06.25-ны МRI зурагийн хариунд: ...L4/L5 түвшинд нугалам хоорондын зайл нарийссан, жийргэвч мөгөөрс дегенератив өөрчлөлттэй...L4/L5 түвшинд жийргэвч мөгөөрс төвийн болон 2 талын парацентраль байрлалтай өргөн суурьтай цүлхийж, 2 талын 1_4 мэдрэлийн гарах ёзоорын сувгийг нарийсгасан...ДҮГНЭЛТ

1.Э.Э...............нгийн биед зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

5. Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бороо орж байсан...Тэгтэл Энхболд гэх залуу гаднаас борооны цув ажиллачиддаа тарааахаар авчирч өгсөн. ...Тэгэхээр нь би эрх, үүргийнхээ дагуу ХАБ-ын ажилтан Э.Э...............нд хандан “ажилачиддаа цувыг нь тарааж өг” гэж хэлсэн чинь Э.Э...............н намайг “чи өөрөө тарааж өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Э...............нд “чи ажлаа хийгээч” гэж хэлтэл Э.Э...............н намайг “хөгийн муу инженер” гэж хэлсэн. Тэгээд Э.Э...............н намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Э.Э...............н дээр очоод уурандаа баруун гараараа нэг удаа шанаа хэсэгт нь цохисон. Тэгсэн чинь Э.Э...............н цонхон талд байсан болохоор хойшоогоо налсан. Тэгээд Э.Э...............н бид хоёр заамдалцаад байж байтал Д..................р гэх залуу салгасан чинь Э.Э...............н хойшоогоо хөл алдаж унасан...би өмнө нь Э.Э...............нтай маргалдаж байсан. Гэхдээ цохиж, зодож байгаагүй. Ажлын шаардлагаар бид хоёр хоорондоо маргалдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),

6. Хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 29-31),

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 34), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 35) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 219 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн барилгын талбай дээр, 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр өөрийн ажилтан Э.Э...............нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.Э...............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийгээд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр байж байтал 16 цагийн орчим манай ажлын талбайн инженер болох А.Б надад хандаж гадаа бороо орж байна, гадаа ажиллаж байгаа хүмүүст 2 ширхэг цув аваачаад өгчих гээд их зандарангуу хэлэхээр нь би хариуд нь завгүй байна гэж хэлтэл чи цув аваачаад өгчихөд яадаг юм бэ, гээд хэлсэн. Тэгэхээр нь би чи наад үүргээ нярав нягтландаа хэл гэж хэлсэн...Тэгтэл А.Б босож ирээд шууд нүүр рүү гараараа 2 удаа цохиод миний нүдний шил үсэрч газар унаад би харин хойшоо савж унасан...намайг дахиж заамдаж авч хавирч унагаагаад нүүр рүү 2-3 удаа цохисон... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14),

- Гэрч Л.Идэрхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...нөгөө талын өрөөн бөөн дуу чимээ гарахаар нь гараад харсан чинь Э.Э...............н, А.Б хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Гэрч Ж.А...........мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...А.Б, Э.Э...............нгийн нүүр рүү нэг удаа гараараа цохихоор нь бид нар салгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8032 дугаар дүгнэлт “...1. Э.Э...............нгийн биед зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

- Шүүгдэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бороо орж байсан...би эрх, үүргийнхээ дагуу ХАБ-ын ажилтан Э.Э...............нд хандан “ажилачиддаа цувыг нь тарааж өг” гэж хэлсэн чинь Э.Э...............н намайг “чи өөрөө тарааж өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Э...............нд “чи ажлаа хийгээч” гэж хэлтэл Э.Э...............н намайг “хөгийн муу инженер” гэж хэлсэн. Тэгээд Э.Э...............н намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Э.Э...............н дээр очоод уурандаа баруун гараараа нэг удаа шанаа хэсэгт нь цохисон. Тэгсэн чинь Э.Э...............н цонхон талд байсан болохоор хойшоогоо налсан. ...Бид хоёрыг...Д..................р гэх залуу салгасан чинь Э.Э...............н хойшоогоо хөл алдаж унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...А.Б, хохирогч ...Э.Э...............н нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, А.Б нь “борооны цув гаргаж өгсөнгүй” гэх сэдэлтээр, хохирогч Э.Э...............нг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ...А.Б нь хохирогч ...Э.Э...............нг зодсон болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч ....А.Бийг  гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь 3.300.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт 796.000 төгрөгний (хавтаст хэргийн 29) баримт цугларсан байна. Иймд иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс баримттай зардал болох 796.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 сарын дотор гаргуулж олгох нь зүйтэй байна. Харин хохирогч нь үлдэх 2.504.000 төгрөг буюу ажилгүй байсан хугацааны зардал гэх хор уршгийг зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Түүнчлэн шүүгдэгч ...А.Б нь хохирогч ...Э.Э...............нгийн нуруунд өшиглөөгүй, гэх боловч түүний үйлдлийн улмаас Э.Э...............н нь халтирч унасан, улмаар эмнэлгийн зохих ёсны шинжилгээ хийлгэсэн байгаа нь тухайн гэмт хэрэгтэй шалтгаантай холбоотой байх тул хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагчийн санал болгосон 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал “Ус-Орчин” ХХК-нд ерөнхий инженерээр ажилладаг, зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар А.Б нь  оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0311 80907 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц овогт А-ны Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ээс 796.000 (долоон зуун ерөн зураан мянга) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 (нэг) сарын дотор гаргуулж хохирогч Э.Э...............нд олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ