Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1017

 

 

 

 

 

 

        2018          11           23                                        1017

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Харгана овогт П-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808 0462 41376 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харгана овогт П-ийн Ц, Монгол Улсын иргэн, . аймгийн .-. суманд . оны . дугаар сарын .-ний өдөр төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл ., эцэг, эх, ах, дүү нарын хамт . дүүргийн . дугаар хороо, . . дүгээр гудамжны . тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн хойно байрлах гүүрний орчим 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Н.А..............нтай зочид буудлаар үйлчлүүлсэн мөнгөний тооцооны улмаас маргаж, нүүрэн тус газар нь цохиж, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Н.А..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз Ц-той таараад бид хоёр хөзөр тоглохоор болоод хороололд буудал аваад жоохон тоглож байгаад яваад өгсөн. Ц, Мөөеөө гэдэг залуутай тоглоод үлдсэн.  Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын гүүрний хажууд эхнэр Б............гийн хамт явж байхад Ц таараад буудлын мөнгө нь дээрээс болоод бид хоёр маргалдаад хэрэлдэж байхад Ц намайг гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний үүдэн шүд хөдөлж уруул язарсан...Ц миний уруул руу гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед миний уруул язарч үүдэн шүд хөдөлсөн. Өөр бэртэл гэмтэл байхгүй одоо зүгээр болчихсон...би гомдолтой байна. Би эмийн сангаас 60.000 төгрөгийн эм авч уусан энэ мөнгөө нэхэмжил байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13),

“...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13098 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн дээд 1-р шүд бага зэрэг хөдөлгөөнтэй, доод уруулын дотор салстад 1.2х0.2см цайвар бага зэрэг овойж эдгэрсэн сорвитой.

2018.10.03-ны ГССҮТ-д үзүүлсэн онош: Дээд уруулын няцарсан шарх, авсан арга хэмжээ: уг шархыг цэгцлэв гэжээ...ДҮГНЭЛТ

1. Н.А..............нгийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

 

3. Шүүгдэгч Д.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад найз А..............н над руу залгаад завтай бол уулзаж хөзөр тогльё гэхээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн хойд талын гүүрний хажууд уулзсан. Тэгтэл А..............н над руу уурлаад банди хошногоор дуудаад байсан. Тэгэхээр нь би “Яагаад уурлаад байгаа юм. Юу болсон” гэж асуухад тэрээр “чи хорооллын эцэст буудалд хөзөр тоглож байхад намайг илүү 5000 төгрөг авсан гэж буудлын ресепшинд хэлсэн байна” гээд...уурлаад байсан. Тэгэхээр нь би түүнд “чамайг явсны дараа буудлын ресепшинээс өрөөний үнийг асуухад 30.000 төгрөг” гэж хэлсэн чи өөрөө 35000 төгрөг аваад гарсан биздээ гэхэд би “5000 төгрөгөөр чинь яах юм” гээд над руу дайраад...байхаар нь гараараа ам руу цохьчихсон. ...Намайг цохих гээд босоод ирэхээр нь би гараараа ам руу нь нэг удаа цохисон юм өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36)

4. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43), үл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 52), Хаан банкинд Д.Цгийн эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 54-56) хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 60-62) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн хойно байрлах гүүрний орчимд, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, хувийн таарамжгүй харилцааны сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Н.А..............нтай зочид буудлаар үйлчлүүлсэн мөнгөний тооцооны улмаас маргаж, нүүрэн тус газар нь цохиж, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.А..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр...Хархорин захын гүүрний хажууд...Ц-той таараад буудлын мөнгө нь дээрээс болоод бид хоёр маргалдаад хэрэлдэж байхад Ц намайг гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний үүдэн шүд хөдөлж уруул язарсан...Ц миний уруул руу гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13098 дугаар дүгнэлт “...1. Н.А..............нгийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

- Шүүгдэгч Д.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А..............н над руу уурлаад банди хошногоор дуудаад байсан. Тэгэхээр нь би “Яагаад уурлаад байгаа юм. Юу болсон” гэж асуухад тэрээр “чи хорооллын эцэст буудалд хөзөр тоглож байхад намайг илүү 5000 төгрөг авсан гэж буудлын ресепшинд хэлсэн байна” гээд...уурлаад байсан. Тэгэхээр нь би түүнд “чамайг явсны дараа буудлын ресепшинээс өрөөний үнийг асуухад 30.000 төгрөг” гэж хэлсэн чи өөрөө 35000 төгрөг аваад гарсан биздээ гэхэд би “5000 төгрөгөөр чинь яах юм” гээд над руу дайраад...байхаар нь гараараа ам руу цохьчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Ц нь хууль зүйн хувьд “буудлын мөнгө илүү авлаа” гэх сэдэлтээр, хохирогч Н.А..............нгийн нүүрэн тус газар цохиж шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ц нь хохирогч ...А..............нг цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.Ц-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.А..............н нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Д.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Д.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Иймд шүүгдэгч Д.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Ц-г торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1808 0462 41376 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт П-ийн Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 450 (дөрвөн зуун тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ