Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1860

 

 

Ч.Мандахбаатар, Д.Мөнх нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Мандахбаатар, Д.Мөнх нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Мөнхтуяа, С.Отгонтуяа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 35 742 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Мандахбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 3 дугаар сард С.Мөнхтуяа нь байр авах гэтэл мөнгө дутаад байна гээд 38 759 134 төгрөг зээлсэн. Ч.Мандахбаатар би Голомт банкны өөрийн 1105072023 данснаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны С.Мөнхтуяагийн данс руу 12 500 000 төгрөг, мөн өдрөө Худалдаа хөгжлийн банкны С.Мөнхтуяагийн данс руу 1 820 000 төгрөг, мөн өдрөө Худалдаа хөгжлийн банкны С.Мөнхтуяагийн данс руу 16 400 000 төгрөг, Ч.Мандахбаатарын ХААН банкны 5111181122 данснаас С.Мөнхтуяагийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 50 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 812 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2 538 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 812 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 810 000 төгрөг, С.Мөнхтуяагийн төрсөн дүү С.Отгончимэгийн ХААН банкны 5075327819 данс руу 1 508 567 төгрөгийг өөрийн ХААН банкны 5114058752 данснаас тус тус шилжүүлсэн. 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 16 400 000 төгрөгийн 14 000 000 төгрөгийг манай ээж Д.Мөнх шилжүүлсэн учир хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа. С.Отгонтуяад 1 508 567 төгрөгийг шилжүүлснээ нэхэмжилсэн боловч Монголд байхгүй байгаа тул С.Отгонтуяаг энэ хэрэгт оролцуулахаас татгалзсан болно. Иймд С.Мөнхтуяагаас зээлийн гэрээний үүргийн дагуу 35 742 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие Ч.Мандахбаатартай 10 жилийн сургуульд байхаасаа бие биенээ таньдаг байсан. 2014 оноос дотносож үерхээд 2015 оны 01 сараас хамтран амьдарсан. Хамт амьдраад 3, 4 сараас үл ялих зүйлээс шалтгаалж уурлан, бүдүүлэг үг яриагаар доромжлон гар хүрч цохиж зодон, догшин ширүүн авирлах болсон. Охиныг маань намайг байхгүйд байнга дарамталж, ээждээ хэлбэл ална шүү гэж сүрдүүлж айлгадаг байсан. Автомашиндаа хоёул явж байх үед босоогоороо яв, сууж болохгүй шүү гөлөг минь гэх мэтээр олон удаагийн дарамт үзүүлдэгийг сүүлд мэдсэн. Хамт амьдрах хугацаанд 2 удаа жирэмсэлсэн. Эхний удаа жирэмсэн байхад зодож, хамт амьдрахгүй хүн байна гээд үр хөндөлт хийлгэсэн. Гуйж гувшсаар эхний удаа уучиллаа гээд өнгөрсөн. Харин 2015 оны 11 дүгээр сард 3 сартай жирэмсэн байхад минь дахин зодож 2 хоног халуурч эмнэлэгт хүргэгдэн үр зулбасан. Энэ удаад уучилж чадахгүй салсан. 1 жилийн хугацаанд энэ хүний догшин ааш дарамтанд байж эрүүл мэнд, сэтгэл санааны хямралд орж хохирсонд маш их гомдолтой байна. Миний бие 2003 оноос Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд аавынхаа тусламжтайгаар хоёр өрөө байр 2010 онд худалдан авсан. 2014 онд уг байраа зарсан. Нийлсэн үеэс мөнгө санхүү нэг байж, бизнес хийнэ, мөнгө өсгөж өгнө гээд багагүй л мөнгө надаас авч байсан. Найз нөхдөөсөө зээлэн, өөрийн мөнгө, энэ тэрээгээ нийлүүлж өгсөн. 2015 оны 3 дугаар сард миний бие байраа томруулан 3 өрөө байр авах болж өгсөн мөнгөө л авсан. Ч.Мандахбаатараас миний бие огт мөнгө зээлээгүй болно. Гэр бүлийн хүчирхийлэлд өчнөөн сар зовж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч үлдсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мөнхтуяагаас 28 122 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мандахбаатар, Д.Мөнх нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 620 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 298 560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мандахбаатар, Д.Мөнх нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Ч.Мандахбаатар нь нь анхнаасаа зээлийн гэрээний үүргийн дагуу 35 742 000 төгрөгийг шаардаж нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 742 000 төгрөгийг шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Хэргийн оролцогчийн санаачлага, хүсэл зоригоор нэхэмжлэлийн хүрээ тодорхойлогддог байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох онцгой эрхэд халдаж, нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй үндэслэл болох Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх, шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ёстой хуулийн зарчмыг илтэд зөрчсөн шийдвэр болсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан "...Д.Мөнхөөс шилжүүлсэн гэх 14 000 000 төгрөгийн тухайд" Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т "нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна" гэж хуульчилсан. Шүүхэд гаргаж буй нэхэмжлэл нь бичгийн хэлбэртэй байх бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэл биш юм. нэхэмжлэгч Д.Мөнх болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг зурсан бичгийн хэлбэртэй нэхэмжлэл гаргаагүй байгаа болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахыг эрх бүхий этгээд өөрөө шийдвэрлэдэг ба тэрээр шаардлага гаргахыг өөрөө хүсэхгүй бол шүүх түүнийг нэхэмжлэгч болгох ямар ч боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 28 122 000 төгрөгийн 14 000 000 төгрөгийг Д.Мөнх нэхэмжилж байгаа гэх бөгөөд хэргийн материалаас үзэхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Ч.Мандахбаатар нь өөрийн нэрийн өмнөөс, дангаараа гаргасан байдаг. Д.Мөнх нь зөвхөн "хамтран хариуцагчаар оролцох хүсэлт" гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Д.Мөнх нь шүүхэд хандаж С.Мөнхтуяад холбогдуулан 14 000 000 төгрөгтэй холбоотой шаардлага, нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Д.Мөнхөөс С.Мөнхтуяад шилжүүлсэн гэх 14 000 000 төгрөгтэй холбоотой хэсгийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх ёсгүй, шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байна. Дээрхээс дүгнэж үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Мөнх, Ч.Мандахбаатар нар нь хариуцагч С.Мөнхтуяа, С.Отгонтуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 742 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Ч.Мандахбаатар С.Мөнхтуяа нар 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сарыг хүртэл хамтран амьдрах хугацаандаа орон сууц худалдан авах зорилгоор Ч.Мандахбаатар, Д.Мөнх нараас С.Мөнхтуяад 14 000 000 төгрөг, 12 500 000 төгрөг шилжүүлсэн, орон сууцны худалдан авах зориулалтаар авсан зээлийг төлөхөд 812 000 төгрөг, 800 000 төгрөг тус бүр шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Зохигчид хамтран амьдрахаа больсон тул бусдын мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан гэх үндэслэлээр хариуцагч С.Мөнхтуяагаас нэхэмжлэгч Ч.Мандахбаатар, Д.Мөнх нар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасны дагуу шаардсаныг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нарт өгсөн мөнгөө буцаан авсан гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Шүүх хариуцагч С.Мөнхтуяаг бусдын мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэгч Ч.Мандахбаатар, Д.Мөнх нарт 28 122 000 төгрөгийг олгож үлдэх 7 620 000 төгрөгийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг зөв болсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардахдаа С.Мөнхтуяа, С.Отгонтуяа нарыг хариуцагчаар тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Отгонтуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шийдвэрлэлгүй орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж дүгнэж С.Отгонтуяад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хэлэлцэгдээгүй үндэслэл болох Иргэний хуулийн 496 дугаар зүйлээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд Д.Мөнхийн нэрийг бичээгүй тул түүнийг нэхэмжлэл гаргаагүй, Д.Мөнхөөс С.Мөнхтуяад холбогдох 14 000 000 төгрөгтэй холбоотой хэсгийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ёсгүй байсан гэх гомдлыг гаргасан боловч хэргийн 46 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Д.Мөнхийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг Д.Мөнх өөрөө гаргасан байна.

 

Уг хүсэлтийг үндэслэн шүүх Д.Мөнхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шаардлагыг” гэсний дараа “болон хариуцагч С.Отгонтуяад холбогдох нэхэмжлэлийг тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ