Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0065

 

2014 оны 02 сарын 55 өдөр                    Дугаар 65                        Улаанбаатар хот

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Э-ын нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь 2013 оны 5 дугаар сард Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал дээр удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарласан. Уг ажлын байранд "дээд боловсролтой, магистраас доошгүй зэрэгтэй, төрийн албанд 5-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх" зэрэг ерөнхий шаардлагыг тавьсан.

С.Э миний бие дээрх ажлын байранд зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ илэрхийлэн, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн, Төрийн албаны зөвлөлд хандсан боловч "төрийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн ерөнхий шаардлагыг хангахгүй байна" гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Гэтэл удирдах албан тушаалд нэг ч жил ажиллаагүй байгаа, бакалавр зэрэгтэй, А.И-ийг уг ажлын байрны сонгон шалгаруулалтад оруулахаар зөвшөөрч, бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт зарласан ажлын байранд тавигдах "магистраас доошгүй зэрэгтэй, удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх" гэсэн ерөнхий шаардлагуудыг хангахгүй этгээдийг бүртгэн шалгаруулалтад оруулан, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор А.И-ийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох дүгнэлт гаргасан байна.

Би дээрх асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хандсан боловч 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 563 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн. Иймээс, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 1 -д заасан ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага хангахгүй этгээдийг бүртгэсэн бүртгэл болон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь заалтуудыг зөрчсөн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн "Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх" тухай 101 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: "Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн", 4.2.4-т "иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх" гэж заасныг Төрийн албаны зөвлөл зөрчөөгүй. Тус аймгийн иргэдийн Хурлын даргаас ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтын "В.Тавигдах шаардлага"-ын туршлагын хэсэгт "Нутгийн өөрөө удирдах байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах, сонгуулийн ажлын дадлага туршлагатай" гэсэн захиалга ирсэн. Энэхүү захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл нийтэд зарлан мэдээлсэн.

А.И нь 1996-2000 онд Монгол улсын их сургууль, 2011-2012 онд Удирдлагын академийг төгссөн, төрийн удирдлагын менежер, түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Мэргэшлийн хувьд 2011-2012 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежер, 2009 онд Энэтхэг улсад компьютер, харилцааны англи хэлний чиглэлээр мэргэших сургаалтанд хамрагдсан. Улсад 8 жил 4 сар, Төрийн албанд 8 жил 1 сар, төрийн албаны удирдах албан тушаалд 8 сар ажиллаж байгаа бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад 8 жил 1 сар ажилласан туршлагатай.

Ажлын байрны дээр дурдсан шаардлагын "Чухал шаардлагатай" хэсгийн "Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх" гэснийг А.И хангаагүй ч, "Шаардлагатай" хэсгийн “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан ... сонгуулийн ажлын дадлага, туршлагатай" гэснийг хангаж байх тул түүнийг бүртгэлд хамруулан сонгон шалгаруулалтад оруулж, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар шийдвэрлэсэн болно. Мэргэшлийн шалгалт болон сонгон шалгаруулалтын үед тухайн ажлын байрны тодорхойлолтын "Чухал шаардлагатай", "Шаардлагатай" гэсэн үзүүлэлтийг хослуулан үзэх боломжтой байдаг.

Засгийн газрын 2007 оны "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн удирдах албан тушаалд Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны заах аргын нэгдлийн эрхлэгч гэсэн заалт байхгүй тул Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр санал гаргасан С.Э-ыг бүртгэлд хамруулах боломжгүй гэдгээ түүнд тухайн үед албан бичгээр мэдэгдсэн болно.

А.И нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг дээр дурдсан байдлаар хангасан учраас Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам"-ын дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулан нэг дэвшигчийг тодруулсан.

Иймд, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоол холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул С.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээд А.И шүүхэд гаргасан тайлбартаа: "А.И миний бие 1978 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, түүх судлаач, багш, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 2005 оны 01 дүгээр сараас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд даргын туслах, дотоод ажил хариуцсан ажилтан, сум, багийн хурал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст Хүний нөөцийн асуудал хариуцсан түшмэл, аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа буюу 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн ба төрийн албан хаагчаас нэгжийн менежерт нийлүүлэх бүтээгдэхүүн, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол "А" үнэлгээтэй биелүүлж ирсэн. Ийнхүү ажиллахдаа Удирдлагын академид 2 удаа богино хугацааны зорилтот сургалтад хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлснээс гадна, 2008 онд Япон улсын Осака хотод төрийн албан хаагчдын танилцах дадлагын ажилд хамрагдсан төдийгүй 2010 онд Бүгд найрамдах Энэтхэг улсын Дели хотын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн ба 2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Удирдлагын академийн төрийн алба, удирдлагын сургуульд элсэн суралцаж "төрийн удирдлагын мэргэшсэн менежер" мэргэжлээр төгссөн.

2012 оны Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн дараа буюу 2013 оны 5 дугаар сард Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зарласан зарим аймгуудын болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын ажлын байранд ,( томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалтад орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 тоот тогтоолоор удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдэж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс нэр бүхий аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэр дээр албан бичиг ирүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын болон Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрыг нийтэд зарлах тул ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, ирүүлэхийг мэдэгдсэн. Энэ дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.М-аар хянуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн боловч ихэнх аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын ажлын байрны тодорхойлолтууд тухайн ажлын байранд тавигдах шалгуурын хувьд шаардлагын хэмжээнд боловсрогдоогүй байна гэж үзээд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.С-ийн гарын үсэгтэй, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 68 дугаар тушаалаар дээрх албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтыг үлгэрчилсэн байдлаар боловсруулж батлан, Төрийн албаны зөвлөлд хүргүүлснийг, Төрийн албаны зөвлөл аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн. Ийнхүү ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээж авмагц иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг дахин боловсруулж батлуулан Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Би сонгон шалгаруулалт зарлаж бүртгэл хийгдэх хугацаанд холбогдох материалуудыг бүрдүүлж, Төрийн албаны зөвлөл дээр ирж бүртгүүлэхэд бүртгэлийн комисс дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан гол шаардлагуудыг хангаж байна гэж үзэн намайг бүртгэсэн бөгөөд сонгон шалгаруулалтын эхний шатны шалгалт болох англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх эрх олгосон. Би дараа дараагийн шатны шалгалтуудад орж нийт авбал зохих 100 онооноос 70.9 оноо авч тэнцсэн. Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 7 дугаар сарын 82 дугаар тогтоолоор албан ёсоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдсон. Иймд, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр тогтоол гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно.

А.И миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаал 3 жил ажилласан байх гэдэг шалгуурыг хангаагүй ч "Шаардлагатай" гэсэн хэсэгт заасан нутгийн өөрөө удирдах байгууллагад ажилласан хугацааг хангаж байсан тул Төрийн албаны зөвлөл намайг бүртгэснийг журам зөрчөөгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Ажлын байранд тавигдах шаардлага хангаж байна гэж Төрийн албаны

 

 

зөвлөлөөс томилогдсон сонгон шалгаруулалтын бүртгэлийн комиссын шийдвэрийн дагуу миний бие боловсрол, туршлага, мэргэшсэн байдал, гадаад хэлний мэдлэгийн түвшин, сорил, ур чадвар, мэдээллийн технологи, ярилцлага зэрэг нийт 7 шатны шалгалтад тэнцэж 70.9 оноо авсан тул Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэхгүй байна" гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад А.И-ийг бүртгэсэн бүртгэл болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөл давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр, мөн оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Төрийн албаны зөвлөл нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хүрээнд бүртгэл хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... ардчилсан ёс, шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн", мөн зүйлийн 4.2.4-т "иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх" гэж заасныг зөрчөөгүй юм.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар захиалагч байгууллагаас ирүүлсэн санал, "Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай" Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.С-ийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан "аймгийн ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт"-ын дараах шаардлагыг баримталж нийтэд зарлагдсан зарын дагуу бүртгэлийг хийсэн. Үүнд:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой

Магистр, докторын зэрэгтэй

Мэргэжил

Эрх зүйч, эдийн засагч, санхүүч бусад салбарын мэргэжилтэй

Эрх зүйч, эдийн засагч

Мэргэшил

Төрийн удирдлага, Нутгийн удирдлагын /дипломын дараах мэргэшсэн сургалтад хамрагдсан байх/

Төрийн болон нутгийн удирдлагын менежер

Туршлага

Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

НӨУБ-д 8-аас доошгүй жил ажилласан, байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах, сонгуулийн ажлын дадлага, туршлагатай

 

 

 

Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байранд томилогдохоор ирж буй өрсөлдөгч, бүртгүүлэгч нарыг бүртгэхдээ дээр заасан шаардлагын "чухал шаардлагатай", "шаардлагатай" гэсэн хэсгийн аль нэг шаардлагыг илүү хангаж буйг харьцуулан авч хэрэглэж ирсэн. Өөрөөр хэлбэл, А.И-ийг "Дээд боловсролтой", "бусад салбарын мэргэжилтэй", "Нутгийн өөрөө удирдах байгууллага- д 8-аас доошгүй жил ажилласан, байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах, сонгуулийн ажлын дадлага, туршлагатай" гэсэн шаардлагыг бүрэн хангасан учир бүртгэлд хамруулсан юм.

Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс улсад 8 жил 4 сар, төрийн албанд 8 жил нэг сар, төрийн албаны удирдах албан тушаалд 8 сар ажиллаж байгаа бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад 8 жил 1 сар ажилласан туршлагатай, бакалавр зэрэгтэй, төрийн удирдлагын менежер, түүхч, түүхийн багш мэргэжилтэй А.И-ийн мэргэжил, туршлагын үзүүлэлтийг үгүйсгэж, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаа 2 өөр бичилттэй байхад хэргийн нотлох баримтыг нарийвчлан шалгаж хянахгүйгээр зөвхөн өөрийн шүүхийн лавлагааны хариу болж ирсэн албан тоотыг нотломжоор авч шийдвэрлэсэн юм. Үүнийг Төрийн албаны зөвлөлөөс учир дутагдалтай шийдвэр гарсан байна гэж үзэж байна. Учир нь, Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2 өөр бичилттэй лавлагааны аль нь үнэн зөв болохыг хянаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь нотлох баримтын шинж чанарыг алдагдуулж байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх "бусад иргэдийг төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг хязгаарласан байна гэж үзэхээр байна" гэсэн нь ч үндэслэлгүй юм. Учир нь, нийтэд зарласан зарлалдаа ажлын байрны шаардлагыг харин ч нээлттэй байхаар, өөрөөр хэлбэл, бүх төрлийн мэргэжил хамарч болох байдлаар "ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай" Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан "аймгийн ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт"-ын "бусад салбарын мэргэжилтэй" гэсэн шаардлагаар бусдын эрхийг чөлөөтэй, нээлттэй нээж өгсөн.

Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог хуульчилсан болохоос биш тус байгууллага, салбарт ажилласан туршлага, хөдөлмөрийн үйл ажиллагааг зааж өгөөгүй юм. Тиймээс уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т "Хурал ...-г шаардлагатай мэдээллээр хангах", 33.1.4-т "...Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох", 33.1.7-д "тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж, аж ахуйн талаар үйлчлэх" гэж зааснаас үзэхэд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн иргэдийн Хуралд ажилласан байдлыг бүрэн тогтоож буй болно.

Тэрчлэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын мэргэжил хэсэгт бусад салбарын мэргэжлийг тусгасан нь үндэслэлгүй байна гэжээ. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д "бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт"-ын асуудлыг эрхлэх эрхтэй гэж зааснаас гадна мөн хэсгийн 2-т "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь "иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Г үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа"-г хариуцахаар хуульчлагдсан тул "ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай" Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан "аймгийн ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт"-ыг баталсан юм

Иймд, дээрх тайлбар, үндэслэлүүдийг үндэслэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг ' шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Э нь “... намайг төрийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх ерөнхий шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан атлаа удирдах албан тушаалд нэг ч жил ажиллаагүй А.И-ийг уг ажлын байрны сонгон шалгаруулалтад оруулахаар зөвшөөрч бүртгэсэн нь хууль бус” гэж маргасан байна.

Гуравдагч этгээд А.И-ийг удирдах ажилтны сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэл болон “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай” Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчимд нийцээгүй, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2 дахь заасныг зөрчжээ. Тодруулбал,

Төрийн албаны зөвлөл нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд сонгон шалгаруулалтыг 2013 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зарлаж, уг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын “Чухал шаардлагатай” хэсэгт “дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, санхүүч бусад салбарын мэргэжилтэй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлага”-тай байх, харин “Шаардлагатай” хэсэгт “магистр, докторын зэрэгтэй, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, нутгийн өөрөө удирдах байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан туршлага”-тай байх гэж тодорхойлсон байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч А.И нь тус ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, тухайлбал, боловсролын хувьд бакалавр зэрэгтэй, төрийн удирдлагын менежер, түүхч, түүхийн багш мэргэжилтэй, төрийн албанд 8 жил 1 сар, үүнээс удирдах албан тушаалд 9 сар ажилласан туршлагатай, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагад 5 жил 9 сар ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ийнхүү, Төрийн албаны зөвлөл нь ажлын байрны удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж С.Э-ыг бүртгэхээс татгалзсан атлаа мөн адил, уг шаардлагыг хангаагүй А.И-ийг бүртгэж, улмаар уг албан тушаалд нэр дэвшүүлсэн нь хуулийн дээрх, төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч С.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Түүнчлэн, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байранд томилогдохоор ирж буй өрсөлдөгч, бүртгүүлэгч нарыг бүртгэхдээ ажлын байранд тавигдах шаардлагын “Чухал шаардлагатай”, “Шаардлагатай” гэсэн хэсгийн аль нэг шаардлагыг илүү хангаж буйг харьцуулан авч хэрэглэж ирсэн” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь,

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар төрийн албан тушаалыг эрхлэхэд тавигдах ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролтой, ажлын туршлага эзэмшсэн /тухайн тохиолдолд дээд боловсролтой, магистр, докторын зэрэгтэй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан/ ажилтныг сонгон шалгаруулахад орших байтал уг шаардлагуудын алиныг ч хангаагүй А.И-ийг шалгаруулж, тусгай шаардлага болох нутгийн өөрөө удирдах байгууллагад ажилласныг нь харгалзан үзсэн гэсэн тайлбар, гомдол нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасантай нийцэхгүй байна.

Мөн, А.И төрийн албанд 8 жил 1 сар, үүнээс удирдах албан тушаалд 9 сар, нутгийн өөрөө удирдах байгууллагад 5 жил 9 сар ажилласан болох нь Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2479, 2480 тоот архивын лавлагаанаас гадна А.И-ийн нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар /хх-ийн 114, 122/, бусад нотлох баримтаар нотлогджээ. Иймд, хариуцагчийн “шүүх А.И-ийн мэргэжил, туршлагын үзүүлэлтийг үгүйсгэж, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаа 2 өөр бичилттэй байхад хэргийн нотлох баримтыг нарийвчлан шалгаж хянахгүйгээр шийдвэрлэсэн” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.