Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч Т.Энхээ,

шүүгдэгч С.Төрбат, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сандагийн Төрбатад холбогдох эрүүгийн 2016 2501 1449 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5-203 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сандагийн Төрбат, РД:ЗЮ71032813,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Төрбат нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн гудамжинд байх Ус суваг удирдах газрын харъяа 424 дүгээр ус түгээх худгийн хойд талд иргэн Т.Энхээтэй урдны таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүний ясыг нь хугалан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Төрбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Найз Энхээгээс өрөө нэхсэн, тэгээд намайг доромжлоод байхаар нь би цохисон гэв.

Хохирогч Т.Энхээ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзынхаа төрсөн өдөрт очоод явж байхад Пүрэвдорж дуудсан. Би урьд нь Пүрэвдоржийн толгойг нь хагалсан. Үүн дээр хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгосон. Тэгээд намайг очиход шүүгдэгч Пүрэвдоржийг өмөөрөөд шууд цохисон. Шинжээчийн дүгнэлтээр 1 удаа цохихоор энэ гэмтэл үүсэхгүй гэсэн. Би шүүгдэгчийн ярьж байгаа шиг юмыг нь аваагүй. Би шүүгдэгчийн ах, дүүтэй найз. Надад шүүгдэгчтэй өс хонзон байхгүй гэв.

Шүүгдэгч С.Төрбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Пүрэвдорж, Энхээ нартай тааралдаад нэг шил архи хувааж уугаад салж явсан. Орой 17 цагийн үед Пүрэвдоржтой худаг дээр очтол Энхээ шал согтуу сууж байсан. Тэгэхээр нь би “чи архи уучихсан юм уу, хүний өрийг өгчихөөд архи уугаач, чи надад одоо нэг шил архи аваад өгвөл би гомдолгүй” гэтэл Энхээ намайг дагуулаад худгийн хойно гараад заамдсан. Би “чам шиг согтуутай юу ярьдаг юм” гээд хойш нь Энхээг түлхчихээд эргээд явчихсан. Сууж байтал Энхээ “ёо ёо, чи эрүү хугалчихлаа” гээд орилоод байхаар нь харахад Энхээгийн амнаас нь цус гарчихсан сууж байсан. Худгаас ус авч Энхээгийн нүүрийг нь угааж өгөөд салсан...” гэх мэдүүлэг. /хх 21-24, 73 дугаар хуудас/,

Хохирогч Т.Энхээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Худгийн хажуугаар явж байтал Төрөө дуудаж ямар ч үгийн зөрүүгүй намайг цохиж унагаасан. Би босч чадаагүй байж байтал дээрээс өшиглөөд байсан. Тухайн үед юу болсныг мэдээгүй ба босоод шууд гэр рүүгээ явсан. Эмнэлэгт очиж үзүүлсэн чинь зүүн талын эрүүний яс хугарсан байна гэсэн. Б.Пүрэвдорж нь найз Төрөө гэдэгтээ намайг зодсон гэж хэлсний улмаас намайг Төрөө гэгч нь зодох шалтгаан болсон. Би Нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хэвтсэн. Төрөөд гомдолтой, эмчилгээний зардалд нийт 3 сая төгрөг зарцуулсан байгаа...” гэх мэдүүлэг. /хх 8-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энхээ нилээн согтчихсон худгийн хойно ганцаараа сууж байсан. Энхээ Төрөөг дуудахаар нь би “ус уучихаад ирье” гээд худгаас очиж ус уучихаад эргээд нөгөө хоёр дээр очиход Энхээ газар хэвтчихсэн, амнаас нь цус гарч байсан. Би “юу болсон бэ” гэхэд Төрөө “мань нь нэг удаа цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд худгаас ундааны саванд ус хийгээд Энхээг босгоод нүүрийг нь угаалгасан. Энхээ Төрөөг “би чамайг ална аа, харж байгаарай” гээд өөрийнхөө гудам руу явчихсан...” гэх мэдүүлэг. /хх 12 дугаар хуудас/,

Гэрч Д.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эндхийн Пүрэвдорж гэх залуу худгийн урд сууж байснаа “хөөе, болиоч ээ” гээд худгийн хойшоо явахаар нь би түр байж байгаад хойшоо хартал Энхээ миний хажуугаар зөрөөд гэр рүүгээ явсан. Тэгэхэд Энхээ ууртай шинжтэй байсан. Худгийн хойно харин Төрбат гэх залуу зогсож байсан юм...” гэх мэдүүлэг. /хх 13-14 дүгээр хуудас/,

Гэрч О.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төрбат нь орон гэргүй бөгөөд одоогоор манай гэрт түр оршин сууж байгаа. Одооноос нэг сар гаруйн өмнө надад “найзынхаа эрүүг нь мулт цохисон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх 15 дугаар хуудас/,

Гэрч Г.Тунгалагсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энхээ гаднаас гүйж орж ирээд “ээжээ би эрүүгээ хугалуулчихлаа" гэхээр нь хамт гэмтлийн эмнэлэгт очиход эрүү нь хугарсан байна гэсэн. Энхээ надад “Төрөө гэх залуу эрүүг нь хуга цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 16 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹4380 акт:

1. Т.Энхээгийн биед эрүү ясны зүүн салаа хэсгийн далд зөрүүтэй хугарал, эрүү, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 18 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба цохих, өшиглөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм…” гэх мэдүүлэг. /хх 19 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хх 28-31 дугаар хуудас/,

Хохирогч Т.Энхээгийн өвчний түүх /хх 32-46 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 25 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Төрбат нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн гудамжинд байх Ус суваг удирдах газрын харъяа 424 дүгээр ус түгээх худгийн хойд талд иргэн Т.Энхээтэй урдны таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүний ясыг нь хугалан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Төрбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч С.Төрбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч С.Төрбатыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцлоо.

Хохирогч Т.Энхээ нь 206.200 төгрөгийн хохирлын бичгийн баримт гаргаж өгсөн боловч шүүгдэгч нь 600.000 төгрөг төлсөн байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Төрбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.