| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0741/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/762 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/762
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.П-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808029690887 хэргийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Нөмрөг сум, 4 дүгээр баг, Нуур гэх газарт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд дарь эхийн ** дугаар гудамж, ** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын П /Р******/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.П нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Очир” хорооллын 2 дугаар байр, 127 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-тай “...манай аавыг хүндэлсэнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, хүзүүг нь цамцны захаар боож, бие махбодид нь “...хүзүүнд цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхилэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 12-нд аав, ээж хоёр хөдөөнөөс ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр эмэгтэй дүүгийнд очсон. Байгальмааг танилцуулах гэж очсон юм. Дүү нэг шил архи гаргаад түүнийг ууж суугаад Байгальмаа аавтай маргалдсан. Түүнээс болж эхнэртэй маргалдсан. Миний буруу, гэм буруугаа хүлээн өзвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808029690887 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Б-гийн: “2018 оны 06 сарын 12-ны өдөр хамтран амьдрагч П-гийн дүү Цэцэгдэмбэрэл “Аав, ээж хоёр хөдөөнөөс ирчихсэн, та нар хүрээд ир” гэсэн. ...П-гийн аавтай юм ярьж байгаад маргалдсан чинь П “Чи аавыг хүндэлсэнгүй” гээд бид хоёр маргалдсан. Би “явлаа” гээд муудалцаад байж байгаад П-г түлхсэн чинь намайг алгадаад хоёулаа жижиг өрөө рүү оръё гэж хэлсэн. Жижиг өрөөнд нь ороод П миний фудболкны захнаас зуураад татчихсан чинь боолт орчихсон. Тэгтэл өрөөнд П-гийн ээж, дүү хоёр орж ирээд салгасан. П бид хоёр 2016 оны 02 сараас хамтран амьдарч эхэлсэн. Гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, эмчилгээ хийлгээгүй, Пгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал гомдол байхгүй. ...Б.П миний нүүрэн тус газар хоёр удаа алгадаж, нэг удаа шанаадсан, хана уруу шахаж боож үснээс зулгааж цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-12-14/,
Гэрч Т.Оюунцэцэгийн: “2018 оны 6 дугаар сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байхад Байгальмаа эгч манайд ирсэн. “П намайг зодлоо, Пг цагдаад өгөөд явуулчихлаа” гэж хэлж байсан. Байгальмаа эгч П ах хоёр 2017 оны эхээр нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Ах өмнө нь эгчийг зодож цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
Гэрч С.Г-рийн: “...Манай охин Б надад “П намайг зодсон” гэж хэлсэн. П, Б нар 2016 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-33-34/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.13-ны өдрийн 7523 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Б-гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-36/,
Шинжээч Т.С-ийн: “Б.Б-гийн хүзүүнд цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх өдөр үүсэх боломжтой бөгөөд боолтоос буюу боосны улмаас үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-39-40/,
Шүүгдэгч Б.Пнгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай аав, ээж хоёр хөдөөнөөс ирсэн байсан. Ц-ийн гэрт нэг шил архи уусан. Б аав Б-ай маргалдаад байх шиг байсан. Би Ба-г “чи аавтай маргалдлаа” гэж хэлээд бид хоёр маргалдаж байгаад би Б-г жижиг өрөө рүү дагуулж ороод цамцны захаас татсан чинь Б эсэргүүцээд бид хоёр ноцолдсон. Тэгэж байтал дүү Ц орж ирж салгасан. Б бид хоёр 2016 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. Шинжээч эмчийн дүгнэлтэд заагдсан хүзүүний гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-104-107/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-41-49/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-50/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-51-52/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-64/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-67-84/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-108/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.П нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “О” хорооллын ** дугаар байр, ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-тай “Аавыг хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан хүзүүг нь цамцны захаар боож, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Б-гийн “...П намайг алгадаад фудболкны захнаас зуураад татчихсан чинь хүзүүнд боолт орчихсон. Миний нүүрэнд гараараа хоёр удаа алгадаж, нэг удаа шанаадсан. Хана уруу шахаж боож үснээс зулгааж цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-12-14/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7523 дугаар “1.Б-гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-40/, шүүгдэгч Б.П-гийн яллагдагчаар өгсөн “...Байгальмаагийн цамцны захаас татсан чинь Байгальмаа эсэргүүцээд бид хоёр ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-104-107/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “торгох ялын хэмжээг багасгаж доод хэмжээгээр нь торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.П-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.П урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баянхайрхан овогт Батжаргалын П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.П урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР