Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/929

 

                           

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч Ш.М, Л.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хохирогч Ц.Э, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шинжээч Т.Номинцэцэг, гэрч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ш.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Б овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01484 0388 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Ш.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр, Увс аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа “***” техникийн зах дээр ** дугаар павилон түрээслэн ажиллуулдаг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгүүлж байгаагүй.

2. Б овогт Л.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй (хувиараа том тэрэг барьдаг гэх), Төв аймгийн Бор нуур сумын Өгөөмөр багийн ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, *** тоотод ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт түр оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар, 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгүүлж, зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг хугацааг 2 жил 9 сараар тогтоосон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн Ц.Э-ыг гараараа нүүр лүү нь цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Э-ыг гараашнаас чирч, цээж рүү нь хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр:

1. Шүүгдэгч Б овогт Ш.М 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто гарааш дотор “машин зассан хөдөлмөрийг нь үл хүндэлсэн” гэх шалтгаанаар хохирогч Ц.Э-ын нүүр лүү өшиглөж, гараараа цохиж, бие махбодод нь “...зүүн зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь;

2. Шүүгдэгч Б овогт Л.Б 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто гарааш дотор “Ш.М-тай маргалдсан” гэх шалтгаанаар Ц.Э-ыг чирч гаргах явцад цээж рүү нь өшиглөж, бие махбодод нь “...зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Л.Б-н шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогч Э-ыг танихгүй, би түүнийг М-тай маргаад байсан болохоор нь гараашнаас гаргаж өгсөн. Яллах дүгнэлтэд намайг “хохирогчийг унагаад алчихъя” гэсэн гэж байна. Би тэгж хэлээгүй. Би түүнийг гараашнаас гаргахдаа зүгээр л хувцасны араас нь татаж гаргасан бөгөөд хохирогч хоёр хөл дээрээ гарсан, чирэгдээгүй. Энэ хэрэгт би холбоогүй, аргаа бараад прокурорт хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Хохирогч Э бид хоёрын хооронд өр авлага, өс хонзон байхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Ц.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 жилд хамт сурч байсан Б-тэй уулзсан. Цэргийн баяр болж байсан тул нэг шил архи хувааж уусан. Бид хоёр архиа уучхаад хамт Драгоны арын авто гараашинд очсон. Тэр үед Б-ийг утсаар дуудаад байсан юм. Би энэ хоёр шүүгдэгчийг зүс мэднэ, гэхдээ танихгүй. Би гарааш дотор нэг хундага архи нэмж уусан бөгөөд халамцуу л болохоос ухаанаа алдаагүй байсан. Б бид хоёрыг очих үед энэ хоёр шүүгдэгч архи уучихсан байсан. Тэгээд би машин асаачхаад баярлаж байсан хүмүүст “юунаас болж эвдэрсэн оношийг нь мэдээгүй байж баярлаад яах вэ дээ” гэж хэлсэн. Энэ нь миний буруу болсон. Гэтэл М уурлаад миний нүүр лүү өшиглөсөн. Би нүүр лүүгээ өшиглүүлээд хэсэг манарсан. Энэ үед Б намайг гараашнаас чирч гаргах явцдаа миний цээж рүү өшиглөсөн. Би нүүр лүүгээ өшиглүүлээд манарсан хэдий ч өшиглүүлснээ тодорхой санаж, мэдэж байна. Б намайг зуурсан байх үед М намайг цохисон бөгөөд энэ цохилт нь өмнө өшиглүүлсэн зүүн нүдний орчим дахин таарсан. Тэгээд Б хүрч ирээд намайг машинд суулгаж явуулсан. Б намайг машинд суулгаагүй. Миний нүд хөхөрсөн, хавирга хугарсан байсан. Түүнээс хойш доод зовхи мэдрэг болсон. Харин хавирганы гэмтэл эдгэрсэн. Би шүүгдэгч нартай өс хонзон, өр авлага байхгүй болсон зүйлийн талаар л мэдүүлж байна. Цаашид нүдэндээ эмчилгээ хийлгэх тул эмчилгээний зардал, өмгөөлөгчид төлсөн зардлаа гаргуулмаар байна. Эмчилгээтэй холбоотой баримт одоогоор байхгүй, хөдөө олон сар ажиллаж байгаад ирсэн. Ажлын байдлаас болж баримт бүрдүүлж чадаагүй...” гэсэн мэдүүлэг;

            4. Гэрч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “..Тухайн өдөр би Э-тай зах дээр таарсан. Манайд очоод нэг шил архи хувааж уусан. Тэр үед М над руу яриад хүрээд ир гэхээр нь гарааш дээр Э-тай хамт очсон. Тэнд очоод юм ярьж байгаад О гэдэг найзтайгаа хамт М-ын машинд орж суусан. Бусад хүмүүс машины гадна сууж байсан. Би бие засах гэж гараад буцаад орж ирэхэд хоорондоо хэрэлдсэн маягтай гарч ирж байсан. Юунаас болж маргасан талаар би маргааш нь мэдсэн. Би Э-ыг салгаад сууж очсон машины жолоочид “гэрт нь хүргээд өгчих” гэж хэлээд машинд суулгаж явуулсан. Маргааш нь Э надтай яриад болсон асуудлын талаар хэлэхээр нь би түүнийг М-тай уулзуулсан боловч тэд учраа олоогүй. Дараа нь цагдаад өргөдөл өгсөн байсан. Би хэн нь Э-ыг зодсон, цохисон талаар мэдэхгүй... гэсэн мэдүүлэг;

            5. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн байна. Үзлэгээр зүүн нүд зөөлөн эдийн, зүүн хавирга нь хугарал бүхий гэмтэлтэй байсан. Хохирогч 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд цээжний рентген зураг авхуулж, үзүүлсэн байсан. Мөн түүнийг үзэхэд зүүн зовхи тойрсон хөх ягаан өнгийн шинэ гэмтэлтэй байсан. Нүдний хөхрөлт нь хамгийн багадаа 3-4 хоногийн дараа шаргал өнгөтэй болдог. Тодруулбал, түүний нүдний гэмтэл нь шинэ үүссэн буюу хөх ягаан өнгөтэй байсан юм. Хавирганы 5, 6 дугаар хавирганы хугарал нь өшиглөх үед үүсэх боломжтой бөгөөд энэ үед явж чадна. Харин амьсгалахад хүндрэлтэй, зовуурьтай байна...” гэсэн мэдүүлэг;

6. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед ...Бийн хамт ажилладаг найзууд нь Драгоны ар талын гараашинд хүрээд ир гэснээр Б Ба гэх машинтай найзаа дуудаад бид хоёр хүргүүлж очсон. Бид хоёрыг гараашинд очиход 5 залуу машин засаад дууссан бололтой тойроод архи уучихсан сууж байсан. Эдгээр 5 залууг би өмнө нь Б-ийн “***” болох ажил дээр нь очиж уулзах үедээ харсан, зүс танина. Маргаан юунаас болсон бэ гэвэл М уг гараашинд машинаа засуулж байсан бөгөөд засварчид машиныг нь засчхаад баяртай байж байхад нь би жаахан халамцуу М-д (М) хандаад “анх эвдэрсэн оношийг нь олоогүй байж юундаа баярлах вэ дээ” гэж хэлснээс болсон. Би яриан дундуур нь орчихсон чинь М (М) уурлаад намайг шууд нүүр лүү нэг удаа өшиглөсөн ба энэ хооронд миний ухаан балартаад нэг сэрэхэд намайг М (Б) гэдэг нь чирээд гараашнаас гаргаад “чи яасан том хулгайч вэ, муу пиздааг нүдчихье” гээд харанхуй булан руу чирсэн. Тэгэхээр нь би “та нараас айлаа, одоо больё” гэтэл М (М) гарч ирээд дахин нүүр лүү нэг удаа цохисон. Б бид хоёрыг хүргэж ирсэн залуугийн машинд суулгаад намайг явуулсан. ...Миний зүүн зовхинд учирсан цус хуралт гэмтэл нь М намайг өшиглөсний улмаас үүссэн. Харин 5, 6 дугаар хавирганы гэмтлийг Б гэгч залуу гараашнаас гаргах үедээ чирч, цээж рүү өшиглөх үйлдлээрээ учруулсан. М намайг нүд рүү өшиглөхөд нэг хэсэг ухаан манараад Б намайг гараашнаас чирч гаргаж байх үед ухаан гайгүй болсон юм. Тэднээс би “больё, намайг битгий зодоо” гээд гуйсан чинь Б “яасан овоо муу гар вэ” гээд намайг харанхуй булан руу чирээд “алчихъя” гээд Б хөлөөрөө цээж рүү өшиглөсөн, араас нь М нүүр лүү гараараа дахин цохисон. Үндсэндээ бол М гараашинд намайг хөлөөрөө нэг удаа, гараашны гадна гараараа нэг удаа миний зүүн нүдний хэсэгт цохисон…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 06-07 дугаар хуудас);

7. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны орой ...Драгоны ар талын гараашинд очиход М, О, Б болон өөр хоёр засварчин залуу байсан. ...би гарч нойл орчхоод буцаад гараашинд орж ирэхэд нөгөөдүүл чинь босоод зогсчихсон М, Э-тай маргалдаад Б Э-ыг чирч гаргах үед нь хамт гарсан бөгөөд би түүнийг Б-ийн машинд суулгаад явуулсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, сүүлд нь сонсоход Э жаахан эвгүй яриа ярьсан юм шиг байна лээ. ...Э тэр өдрөөс өмнө 20-иод хоногийн өмнө байхаа манай ажил дээр ирэхдээ нүд нь хөхөрсөн байсан. Тэр хэлэхдээ “ажил дээр барилгын юм унаад гэмтсэн” гэж байсан. Түүний нүдний хөхрөлтийг нь М зах дээр ирж байхад нь харсан. Тухайн өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Э-ын нүд нь эдгэрэх маяг орчихсон бага зэргийн шаргал туяатай харагдаж байсан. Маргааш нь манай гэрт ирээд танай найзууд намайг зодчихлоо гэхэд нүдний хөх нь ихэссэн, шинээр гэмтсэн хар хөх болж хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би түүнийг М-тай уулзуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас);

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3967 дугаартай “...Ц.Э-ын биед зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зүүн зовхины цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, мөн журмын 2.3.1-д зааснаар 5, 6 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 17 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Ш.М, Л.Б нарын иргэний бүртгэлийн нэгдсэн лавлагаа (хх-ийн 38, 56 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Ш.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх, шүүгдэгч Л.Б нь урьд нэг удаа ял шийтгүүлж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаснууд (хх-ийн 43, 46 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Ш.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Түүний зүүн нүдэнд учирсан цус хуралт гэмтлийг би учруулсан. Учир нь Э-ыг гараашинд сууж байхад нь би зүүн гараараа нүд рүү нь нэг удаа цохисон юм. ...миний цохилтын улмаас үүссэн шинэ гэмтэл мөн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Ш.М-ын мэдүүлгийг бүхэлд нь, шүүгдэгч Л.Б-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс бусад нотлох баримтаар батлагдсан хэсгийг шүүх харьцуулан үнэлсэн болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Э-ын бие махбодод хөнгөн болон хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг хохирогчийн “бусдыг дорд үзсэн” зохисгүй үг хэллэгээс үүдэлтэй хувийн таарамжгүй харилцаа болон ахуйн хүрээнд архидан согтуурсантай холбоотой хэмээн дүгнэж байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт: “...М-ын хувьд хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд маргаагүй. Шүүгдэгч Б нь хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн Б энэ гэмтлийг учруулсан гэж хэлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Э-ын хэлж байгааг нотолсон баримт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг хөдөлшгүйгээр нотолно гэж хуульд заасан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар нарийвчилж шалгаагүй талаар 89 дүгээр хуудсанд авагдсан хүсэлтэд дурдсан байгаа юм. Улсын яллагчаас хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлоод өгөөч гэж хүсэх байна. Яллах дүгнэлтэд бас тийм баримт бичигдээгүй. Хохирогчийн мэдүүлгийг нотлох өөр баримт байхгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзэх бөгөөд тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Мөн Б-г хохирогч Э-д гэмтэл учруулж байхыг харсан хүн байхгүй байгаа тул түүнийг цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй хэмээн шүүх үзсэн бөгөөд дараах няцаалт, хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Нотолгооны эрх зүйн онолоор нотлох баримтын эх сурвалж гэдэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн, бодитой тогтооход хамааралтай бөгөөд ач холбогдолтой мэдээлэл агуулагч хүн, амьтан, ургамал, эд зүйл, бичиг баримт зэрэг бүхий л зүйлс байх боломжтойн дээр хамгийн гол шинж нь хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход ач холбогдолтой ямар нэгэн мэдээллийг өөртөө агуулсан байх нь маш чухал юм. Энэхүү онол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тусгалаа олсон болно.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн бол нотлох баримтын эх сурвалжуудын тэргүүн эрэмбэд багтах бөгөөд түүний мэдүүлгийг үнэлэхэд бусад баримтаар батлагдсан эсэхийг бус, бусад баримтаар няцаагдаж буй эсэхийг анхаарч үздэг. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхдээ бусад баримтаар батлагдаж буй эсэхийг чухалчлан үзэж зөвхөн яллах үндэслэл болгодог. Энэхүү нотолгооны онол нь шүүхийн практикт нэгэнт тогтсон жишиг төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдсан ойлголт билээ.

Хохирогч Ц.Э, шүүгдэгч Л.Б нар урьд бие биеэ танихгүй, өс хонзон, өр авлага үгүй бөгөөд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүс болох нь шүүх хуралдаанд гаргасан тэдний мэдүүлгээр зөрөөгүй нотлогдож байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хохирогч Ц.Э-д хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, баталгаа гаргуулсны үндсэн дээр зохих журмын дагуу мэдүүлэг авахад түүний өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо агуулгын зөрөөгүй байхын сацуу цаг хугацаа, орон зай, үйл явдлын дараалал нь учир зүйн (логик) зөрчилгүй байгааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хохирогчийн мэдүүлгүүдээс харж болохоор байна.

Хохирогч Ц.Э нь хаана, хэзээ, хэнтэй архи уусан, дараа нь хэнтэй хамт хаана очсон, очсон газар нь ямар хүмүүс байсан, тэдгээр хүмүүсийг хэн гэж дуудаж байсан, зүс мэдэх эсэх, тэдний хэн нь хаана яаж цохисон, өшиглөсөн байдлыг тодорхой мэдүүлсэн байх тул түүнийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэхгүй.

Харин хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед “юунаас болж эвдэрсэн оношийг нь мэдээгүй байж баярлаад яах вэ дээ гэж хэлээд хүмүүсийн урам хугалсан, гомдох, уурлах үг хэлсэн” гэдгээ анхнаасаа шударгаар илэрхийлж мэдүүлсэн байгааг нотлох баримтыг харьцуулан үнэлэхдээ харгалзан үзэх нь зүйн хэрэг.

Гэрч Б.Б нь шүүх хуралдаанд “...Би бие засах гэж гараад буцаад орж ирэхэд хоорондоо хэрэлдсэн маягтай гарч ирж байсан. Юунаас болж маргасан талаар би маргааш нь мэдсэн. Би Э-ыг салгаад сууж очсон машины жолоочид “гэрт нь хүргээд өгчих” гэж хэлээд машинд суулгаж явуулсан. Маргааш нь Э надтай яриад болсон асуудлын талаар хэлэхээр нь би түүнийг М-тай уулзуулсан боловч тэд учраа олоогүй...” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд “...би гарч нойл орчхоод буцаад гараашинд орж ирэхэд нөгөөдүүл чинь босоод зогсчихсон М, Э-тай маргалдаад Б Э-ыг чирч гаргах үед нь хамт гарсан бөгөөд би түүнийг Ба-ийн машинд суулгаад явуулсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, сүүлд нь сонсоход Э жаахан эвгүй яриа ярьсан юм шиг байна лээ...” гэж тус тус мэдүүлснээс үзвэл 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гарааш дотор хэрүүл, маргаан болсон нь тодорхой болох бөгөөд хохирогч Ц.Э нь машинд сууж явсан байх тул тухайн хэрүүл маргаан болсон цаг мөчид гэмтсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэрч Б.Б-ийн мэдүүлгүүд нь хохирогч Ц.Э-ын мэдүүлгийг няцаан үгүйсгэхгүй байхаас гадна маргааш нь найз нараа буюу энэ хэргийн хохирогч, шүүгдэгч нарыг эвлэрүүлэх, хооронд учрыг нь олох гэсэн үйлдэл хийж байгаа нь хэргийн үйл баримтыг улам бататгаж байна.

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан баримт болох хохирогч Ц.Э-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөөс үзвэл “...ялихгүй зүйлээс болж маргалдахад М гэж залуу өөдөөс харж сууж байгаад нүүр лүү өшиглөж, бас М гэх залуу гараашнаас чирч гаргаад зодсон. Одоогоор зүүн нүд хавдсан, цус хурсан. Цээж зүүн талаараа амьсгаа авч болохгүй, өвчин орсон байдалтай байна...” гэсэн агуулга нь энэхүү өргөдлөөс хойш хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай зөрчилдөхгүй байгааг харьцуулан үнэллээ.

Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Б-г хохирогч Э-д гэмтэл учруулж байхыг харсан хүн байхгүй учир түүнийг цагаатгаж өгнө үү хэмээн өмгөөлөл явуулж буй нь нотлох баримтад үндэслэн хуулийн хүрээнд мэтгэлцэх хууль зүйн шинжийг алдагдуулж байх бөгөөд нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болсныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.М, Л.Б нарын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд хохирогч Ц.Э-ын биед халдаж хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Тэдний үйлдэл цаг хугацаа, орон зайн хувьд тус тусдаа бие даасан шинжтэй байх тул бүлэглэсэн буюу нэг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзэхгүй бөгөөд тус бүрдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр хор уршиг учруулсан байх тул шүүгдэгч нарыг хамаарах хор уршигт нь ялгаж зүйлчилнэ. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Л.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Э нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ш.М-аас нийт 250,000 төгрөгийн нөхөн төлбөр хүлээн авсан байх бөгөөд тэрээр цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул хохирогчийн хууль зүйн туслалцаа авахад гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй. Мөн хохирогч өөрийн хүсэл зоригоор хуульд заасан эрхийнхээ дагуу сайн дураараа өмгөөлөгч сонгон авсан нь хуулиар бий болсон шаардлага биш тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Л.Б-н хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 690 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо сайн дураар төлж барагдуулсан байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял, харин шүүгдэгч Л.Б-н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 690 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Ш.М-ын хувьд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Л.Б-н хувьд цагаатгах байр суурьтай байсан тул эрүүгийн хариуцлагын талаар хэлэх дүгнэлтгүй...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн; улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д 360 цагийн хугацаагаар, харин улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 690 цагийн хугацаагаар тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдний учруулсан гэмтлийн зэрэг буюу хохирлын шинж чанарт тохирсон бөгөөд хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б, Ш.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Ш.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Л.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 690 (зургаан зуун ер) цагийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Л.Б, Ш.М нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Э гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хороо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М хохирогчид 250,000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Л.Б, Ш.М нар цагдан хоригдсон хоноггүй, тэд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Б, Ш.М нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА