Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/761

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808029000950 дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн **дугаар хороо, ** хороолол ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан ** дугаар хороо, Орчлон хороолол ** дугаар байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Л-ийн О /РД:*****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.О нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Орчлон хорооллын ** тоотод “найзыг хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч М.Х-г зодож, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1808029000950 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Х-гийн: “О-тай албан ёсны гэрлэлтийн баталгаатай эхнэр нөхрийн харилцаатай. Нөхөр бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй 6 жил хамт амьдарч байна. ...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед нөхөр Л.О намайг өөрийнхөө дүүг гэрт хонуулчихаад манай найзыг ад үзлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж гараараа миний баруун шанаа уруу 1 удаа цохиж завжны дотор талыг гэмтээсэн. Зүүн нүд рүү цохиж хөхрүүлсэн. Хүзүүнээс гараараа боож газар унагааж нуруун тус газар хөл нүцгэн хөлөөрөө өшиглөж зодсон. Манай нөхөр зодож дууссны дараа 2-3 минутын дараа уучлалт гуйж өвдөг дээрээ сөхөрч гуйсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018.06.06-ны өдрийн 7254 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Х-гийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,

Шүүгдэгч Л.О-ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр найз Анар, эхнэр Х-гийн хамт Төв аймаг уруу газар үзэж явж байгаад 21 цагийн үед гэртээ ирээд хоол хийж байх үед үл ялих зүйлээс болж маргалдсан. Эхнэр Х 2 хүүхдээ аваад эгч Энхжаргалын гэр рүү явна гээд байсан. Би явуулахгүй гээд өмсөж байсан өмдийг нь булааж авсан. Тэр үед Х миний зүүн нүдийг базсан. Би гарыг нь холдуулах гээд духны зүүн хэсэг рүү нь гараараа түлхсэн. Би эргэж хараад явж байхад намайг өмд болон зүүн гараараа цохисон. Би “одоо болио” гэхэд дайраад байсан. Би том өрөөний буйдан уруу түлхэж унагаасан. Ийм зүйл болсон. Хардалтын улмаас бид хоёр маргалдаад би уураа барьж чадахгүй эхнэр М.Хгийн толгой уруу нь гараараа нэг цохиж, буйдан уруу түлхээд унагаасан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-75/,

өргөдөл /хх-38-39/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-30-31/, хохирогч М.Х-гийн зодуулсан үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-34-35/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-40, 41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, Асап сангийн лавлагаа /хх-49/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-51-68/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-76, 77/ шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-79, 80/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.О нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Орчлон хороолол, ** дугаар байр, ** тоот гэртээ “найзыг хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас эхнэр М.Хг зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Х-гийн “...Гараараа миний баруун шанаа уруу 1 удаа цохиж завжны дотор талыг гэмтээсэн, зүүн нүд рүү цохиж хөхрүүлсэн, хүзүүнээс гараараа боож газар унагааж нуруун тус газар хөл нүцгэн хөлөөрөө өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /хх-22-23/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7254 дүгээр “1.М.Х-гийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-27/, шүүгдэгч Л.О-ын яллагдагчаар “...Би гарыг нь холдуулах гээд духны зүүн хэсэг рүү нь гараараа түлхсэн. Буйдан уруу түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-75/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн хохирогчийн “...Эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-22-23/, шүүхэд гаргаж өгсөн “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.О нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч хувиараа ажил эрхэлдэг, тодорхой хэмжээгээр орлого олдог нь дансны хуулга болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч “Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би таксинд явж өдөрт 40.000-50.000 төгрөгийг олдог. Улсын яллагчийн торгуулийн ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанарт тохироогүй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Л.О-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Л-ийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.О урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                                       

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР