Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/734

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808031360875 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Уулын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хийморь овогт Л-гийн Т /РД:******/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.Т нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын *** тоотод байх гэртээ хоорондын таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ш.Н-ын толгой нүүр, далан тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эхнэр хэд хоног хөдөө яваад ирсэн. Би согтуу байсан бөгөөд хардаад зодчихсон. Эхнэр цагдаа дуудсан” гэв.

 

Эрүүгийн 1808031360875 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ш.Н-ын: “2018 оны 6 дугаар сарын 27-ны өглөө нөхөр Т намайг хардаад элдэв муу муухай үгээр хэлж доромжлоод толгой нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж газар унагаж байгаад толгой нүүр рүү өшиглөж зодсон. Т эрүүл байсан. Би Баян-Өлгий аймаг уруу намын шугамаар “Чуулга уулзалт”-нд 8 хоног яваад ирсэн. “Чи зүгээр явж ирээгүй” гээд хардаад зодсон. ...Намайг зодож байх үед Тгийн дүү М харж байсан. “Та болиоч” гэж хэлж байсан. Надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-8/,

Гэрч Л.М-гийн: “2018 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 09-10 цагийн үед гарах гэж байхад Ш.Н архи үнэртүүлсэн байдалтай манай гэрт орж ирээд танд таксины мөнгө байна уу” гэж асуухаар нь би мөнгө байхгүй гээд гарсан. ...Л.Тий эхнэр болох Ш.Н cap тутамд 2, 3 удаа архи уудаг. Тэгээд согтуу орж ирчихээд нөхөртэйгөө хэрэлддэг байсан. Манайх 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ах Л.Т-ий хашаанд буусан. Тэрнээс хойш 4, 5 удаа согтуу гэртээ ирээд агсам тавьж гэрийнхээ эд хогшлыг авч шиддэг байсныг мэдэж байна. Манай ах эхнэртэйгээ тэгэж зодоон нүдээн хийдэггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Б.П-гийн: “2018 оны 6 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Н уруу залгаад 4 замын автобусны буудал дээр байна, ирээд аваач гэж хэлсэн юм. Тэгээд Н, Т, бас нэг дүүтэйгээ цуг жижиг тэргээр ирж намайг авсан. Гэрт очоод нэг шил виски, нэг шил 0.75 литрийн архийг Н, Т бид гурав хувааж уугаад би Нын хамт “Аптек явж байсан чинь нэг танихгүй залуу ирээд нэг архи барьсан бид хоёртой ууя гээд байхаар нь бид хоёр тэр залууг дагаад шөнийн 03 цагийн үед Ө буудал уруу ороод авч явсан архиа хувааж ууж байсан чинь тэр залуу би явлаа, та хоёр амарчих гээд хэлсэн. Тэгээд Н яахын бэ, бид хоёр барахгүй ш дээ, цуг ууя гээд хэлж байсан. Би үүрийн 06 цаг өнгөрч байхад Т дээр очоод танай эхнэр буудалд хүнтэй байна гэж хэлээд Тг дагуулаад буудал уруу явсан. Би гадаа машинд Тд 206 тоотод байгаа шүү гэж хэлээд үлдсэн. 10 минутын дараа Т гарч ирээд бид хоёр тэднийх рүү явсан. Т гарч ирээд пиздааг алгадаад унагаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-17/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.02-ны өдрийн 8138 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ш.Н-н биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зодхи, 2 далны хооронд цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/,

Шүүгдэгч Л.Т-гийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагийн үед эхнэртэй хамт ажилладаг П манай гэрт орж ирээд “Буудалд хүнтэй байна, намайг буудлын өрөө рүү цагийн дараа ороод ирээрэй гэхээр нь би энэ байдлыг тэвчилгүй танд хэлэх гээд ирлээ гээд намайг дагуулж буудлын 2 давхарын 206 тоот өрөө рүү ороход манай эхнэр нүцгэн стакантай архи барьсан нэлээн согтуу байдалтай, нөгөө залуу нь дотуур өмдтэй зогсож байхаар уураа барьж дийлэлгүй Нын нүүрэн тус газар гараараа 2 удаа, тонгойход нь 1 удаа дух хавьцаа өшиглөсөн. Тэгээд би гараад гэр рүүгээ явсан. Гэрт унтаж байхад 12 цагийн үед орж ирэхээр нь зайл, муу янхан минь, тэр буудалдаа орж хэвт гэж хэлэхэд гарахгүй байхаар нь үсдээд байшингийнхаа гадна гаргаад хаалгаа хаасан. Хэсэг байж байгаад гараад харахад эхнэр байхгүй явчихсан байсан. Тэгээд орой 16 цагийн үед гэртээ нэлээн согтуу ирээд утсаа авъя гэхээр нь би өөрийнхөө сим картыг аваад утсаа өгсөн. Ер нь гэр доторх хэрүүл маргаан байсан...” гэх мэдүүлэг /хх-58-59/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-26-27/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-28-32/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-33-34/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35, 36/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-45/, “БОМСТөв”-ийн тодорхойлолт /хх-65, 66/, прокурорын тогтоол /хх-67/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Т нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Өнөцаг” зочид буудлын өрөөнд болон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамж, 13 тоот гэртээ хоорондын таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ш.Нын толгой, нүүр, даланд цохиж, өшиглөн, түүний биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, 2 далны хооронд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ш.Н-ын “...Нөхөр Т намайг хардаад элдэв муу муухай үгээр хэлж доромжлоод толгой нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж газар унагаад толгой нүүр рүү өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /хх-8/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8138 дугаар “1.Ш.Н-н биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, 2 далны хооронд цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-19/, шүүгдэгч Л.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Өнөцаг гэх зочид буудлын 206 тоот өрөө рүү ороход эхнэр нүцгэн стакантай архи барьсан нэлээн согтуу байдалтай, нөгөө залуу нь дотуур өмдтэй зогсож байхаар нь Нын нүүрэн тус газар гараараа 2 удаа, тонгойход нь 1 удаа дух хавьцаа өшиглөсөн. Гэрт ирэхээр нь ...үсдээд байшингийнхаа гадна гаргаад хаалгаа хаасан...” гэх мэдүүлэг /хх-58-59/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-23/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.Т анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Л.Т-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, харин түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Т урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Л Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тг торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Т урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР