| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0772/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/803 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808037251033 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, ..., ... ...., ... .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... овогт .....-ийн Б /РД:.............../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилчин” хотхоны гадна 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Б-тай маргалдаж, улмаар түүний толгой, чихэн тус газарт цохиж Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Болсон явдалд уучлалт гуйя. Дахин алдаа гаргахгүй” гэв.
Эрүүгийн 1808037251033 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Б-ын: “2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ээж Эрдэнэчимэгийн дүү болох Отгончимэг утсаар ярьж нөхөр Б-той хэрэлдээд Б хүүхэд аваад явчихлаа. Чи Баянхошууны Хилчин хотхон дээр хүрээд ир гэхээр нь би 15 цагийн үед Хилчин хотхон дээр яваад очтол эгч Отгончимэг ганцаараа нөхөр Бийн гэрт байсан. Б машин уначихсан хүүхдээ суулгачихсан хүрээд ирсэн. Отгончимэг машинаас буугаад Б дээр яваад очтол зугтаагаад яваад өгсөн. Би Бийн утас уруу залгаж “ирээд уулз, маргааш өглөө явах гэж байгаа байж эхнэр хүүхдээ амраа” гэж хэлсэн чинь Б “чи муу гөлөг минь чамаас болж хэрүүл үүсч байгаа биз дээ, банди минь ална” гэж үг хэлээрээ доромжлохоор нь “хүрээд ир ирэхээр чинь уулзъя, ирээд ал” гэж хэлсэн. Б буцаж ирээд надтай зууралдаж аваад миний толгой уруу газар байсан жижиг хатчихсан цементээр эхлэж нэг удаа цохиж хагалаад дахиж өөр юмаар цохих гэж хайж байгаад газраас явган хүний замын хавтангаар толгой руу хоёр удаа цохисон. Зүүн эгэмний яс уруу нэг удаа цохисон. Ийм л юм болсон. Манай эгч Отгончимэгийг Б зодож цохисон юм байхгүй. Надад Боос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-26-28/,
Гэрч Ж.О-ийн: “Миний нөхөр А.Б өдөр маргалдаж намайг зодож дарамтладаг, сална гэвэл ар гэртэй чинь алж байж сална, чи надаас зүгээр сална гэж хэзээ ч байхгүй гэж өдөр бүр дарамтладаг. Өнөөдөр өглөө маргааш явах эд зүйлсээ бэлдэж байхдаа жижиг зүйлээр шалтаглан надтай маргалдсан. Тэгээд охиноо аваад гэрээс гараад явсан. Тэр үед Б миний охиныг аваад алга болчихсон. Хүүхдээ авъя гэхээр ална тална, танайхыг бүгдийг чинь ална гэж дарамтласан. Хэсэг хугацааны дараа дүү ирээд бид хоёрыг дахиж дарамтлаж эхэлсэн. Дүү Д.Б- “Та одоо яагаад дандаа ингэдэг юм бэ” гэхэд “ална” гээд дайраад байсан. Миний дүү огт гар хүрээгүй...бид хоёрыг доромжилж бачуурч байгаад газраас чулуу авч дүүгийн минь толгой уруу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг / хх-11/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.08.12-ны өдрийн 9789 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Б-ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чихний төвгөр, зүүн эгэм мөр, хүзүүнд зулгаралт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31/,
Шүүгдэгч А.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Ж.О-тэй маргалдаж, хүүхэд Э-г аваад гэрээс нь гарч 3, 4-р хороолол орж хүүхдийн тоглоомын газар тоглуулж байгаад 15 цагийн орчим иртэл Отгончимэг машины хойд хаалга онгойлгох гэхээр нь би хэрүүл хийхгүй гэж бодоод машинаа унаад зугтаагаад яваад өгсөн. Б- залгахаар нь автал “өвгөн минь, банди минь хүрээд ир, чамайг ална, эсвэл байгаа газраа хэлж өг” гэхээр нь “чадахгүй” гээд утсаа таслачихсан. Д.Б- дахин дахин залгаад энэ яриа 2-3 удаа болсон. 17 цагийн орчим уур хүрээд яваад очсон. Б- уруу “чи юу гээд байгаа юм, одоо алчих” гээд цамцны захаас зууртал Б- зөрүүлээд заамдсан. Отгончимэг Б- уруу “чи наадахдаа цохиулчих, тэгээд цагдаа дуудаад өгчих” гэхээр нь миний бүр шар хөдлөөд газраас хатчихсан цемент аваад Б-ын толгой уруу нэг удаа цохитол нөгөө цемент нь бутраад явчихсан. Би дахиж газраас явган хүний хагарсан жижиг хэмжээний хавтан аваад дахин толгой уруу нь цохиод цагдаагаа дууд гэж орилсон. Тэгэж байтал цагдаа ирсэн. Би Отгончимэгийг зодож цохисон юм байхгүй. Буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж байна. Миний буруу, эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан...”гэх мэдүүлэг /хх-43-45/,
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, хохирогчийн хүсэлт /хх-61/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-62, 63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Б нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны гадна иргэн Д.Б-тай маргалдаж, түүний толгой, чихэн тус газарт цохин эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Б-ын “...Б миний толгой уруу газар байсан жижиг хатчихсан цементээр эхлэж нэг удаа цохиж хагалаад, явган хүний замын хавтангаар толгой руу хоёр удаа цохисон. Зүүн эгэмний яс уруу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-28/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9789 дүгээр шинжилгээнд “1.Б.Б-ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чихний төвгөр, зүүн эгэм мөр, хүзүүнд зулгаралт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ..3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-31/, гэрч Ж.О-ийн “...Газраас чулуу авч дүүгийн толгой уруу 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-11/, шүүгдэгч А.Бийн яллагдагчаар өгсөн “...Газраас хатчихсан цемент аваад Б-ын толгой уруу нэг удаа цохитол цемент бутраад явчихсан. Би дахиж газраас явган хүний хагарсан жижиг хэмжээний хавтан аваад дахин толгой уруу нь цохиод...” гэх мэдүүлэг /хх-43-45/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “...А.Б-т нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлт /хх-61/, “хохирлоо бүрэн авсан. Шүүх хуралд суухгүй...” гэх хүсэлт /хх-62/ зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ таницлууллаа.
Шүүх шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэрэг гарагахд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн хамт гадаадад оршин суудаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагаын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч А.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харгалзан шүүгдэгч А.Бийг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .....-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР