| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0776/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/807 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/807
2018 09 20 807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Б.Т....................рж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Б....................рын Т....................ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0313 40939 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Б....................рын Т....................рж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................................., урьд
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзасан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Т....................рж нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Б....................нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т....................рж мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.Б....................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны орой 65 дугаар сургуулийн сагсаны талбай дээр сагс тоглосон. Тэгээд Б.Т....................рж, Л..................нэ, Д...............в, Б.............рай бид нар хамт хоёр ширхэг том пиво уусан. Тэгээд хөлбөмбөг яриад сууж байгаад Б.Т....................рж бид хоёр хоорондоо маргалдсан ...Б.Т....................рж хүнээс 20.000 төгрөг аваад миний данс руу хийлгэсэн. Тэгээд Б.Т....................рж явах болоод надаас мөнгөө авъя гэж нэхсэн. Тэгэхээр нь би Л...............ний данс руу хийсэн шүүдээ гэж хэлсэн. Тэгсэн Б.Т....................рж чи хийгээгүй гээд миний банкны картыг авч явах гээд байсан. Тэгэхээр нь би чиний 20.000 төгрөгөөр яахав дээ надад 20.000 мянган төгрөг байтугай мөнгө байна гэж хэлсэн чинь Б.Т....................рж гараараа нэг удаа хамар руу цохисон. Б.Т....................ржоос эмчилгээний зардлаа нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9),
2. Гэрч Ч.С................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Б....................нэ Б.Т....................ржийг пиво авч өгөхгүй арчаагүй гээд хэрүүл хийгээд нэг нэгийгээ алгадаад байсан...би машинаас тэр хоёрыг татаад буулгасан чинь С.Б....................ний нүүр нь цус болсон хамраас нь цус гарсан байсан...тэгээд С.Б....................нийг машинд суулгаад харсан чинь хамраас нь цус гарсан, нүд нь хавдсан байсан...Б.Т....................рж гараараа нүүр рүү нь цохисон юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),
3. Гэрч А.Д...............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр...Б.Т....................рж, С.Б....................нэ хоёр нэг нэгийгээ ална шүү гээд хэрэлдээд байхаар нь Лхагва ах бид хоёрыг очиж явсан чинь Б.Т....................рж машинаас бууж ирээд С.Б....................нэ тэр хоёр хоорондоо зодолдоод цохилцсон...гэтэл С.Б....................ний хамраас нь цус гараад доошоогоо суусан. Б.Т....................рж наадах чинь түрүүлж намайг алгадсан гэж хэлж байсан...С.Б....................ний нүүрийг гэрэлд харсан чинь нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8007 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: 2 нүдний зовхи тойрсон шимэгдэж эхэлсэн шаргал ягаан өнгийн цус хуралттай, баруун нүдний алиманд цус хуралттай. Зүүн чамархайд эдгэрч эхэлсэн 1,3х0.6см зулгаралттай.
ГССҮТ-н бичигт: Хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт,
КТГ-ийн хариуд: Баруун нүдний ухархайн доод хана хугаралтай. Хамар ясны баруун хажуу хана 3,2см цөмөрсөн хугаралтай. Хамрын таславч мурийлттай...ДҮГНЭЛТ
1.С.Б....................нийн биед баруун нүдний ухархайн доод ханын болон хамар ясны хугарал, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),
5. Шүүгдэгч Б.Т....................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны шөнө 65 дугаар сургуулийн гадна байдаг сагсан бөмбөгийн талбай дээр би найз Лхагва, Пүүжээ, Д...............в, Б.............рай нартай сагсан бөмбөг тоглосон. Тэгээд Б.............рай 2018 оны 6 дугаар сарын 22-нд Солонгос улс явна гэхээр нь гаргаж өгөөд пиво уусан. Бид нарыг пиво ууж байхад манай найз С.Б....................нэ бид нар дээр ирсэн. Тэгээд бүгд нийлээд 2 ширхэг том савтай пиво ууж дуусгасан. Дахиад пиво авч уух гэсэн чинь С.Б....................нэ пиво шээс хүргэхийн нэмэр цагаан юм ууя гээд 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч уусан...Тухайн үед манай найз С................н намайг авахаар машинтай ирсэн. Тэгээд би явах гээд машины урд нь суусан байсан чинь С.Б....................нэ ирээд 2 пиво авчих гээд нэхээд байсан. Би хадам ээжид өгөх мөнгө байгаа гэж хэлсэн чинь С.Б....................нэ арчаагүй юм 2 пиво авчихгүй гэж хэлснээ намайг алгадсан. Би яаж байгаа юм чи гэсэн чинь над руу салаавч гаргасан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж би С.Б....................нийг зодсон. Тэгээд хартал С.Б....................нийн хамраас нь цус гарсан нүд нь хавдсан байсан...Би С.Б....................нийг гараараа нүүр рүү хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28)
9. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 29), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 33-35) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т....................ржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Б.Т....................рж нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн С.Б....................нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч С.Б....................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Т....................рж хүнээс 20000 төгрөг аваад миний данс руу хийлгэсэн. Тэгээд Б.Т....................рж явах болоод надаас мөнгөө авъя гэж нэхсэн. ...Тэгсэн Б.Т....................рж чи хийгээгүй гээд миний банкны картыг авч явах гээд байсан. Тэгэхээр нь би чиний 20000 төгрөгөөр яахуу дээ надад 20000 мянган төгрөг байтугай байна гэж хэлсэн чинь Б.Т....................рж гараараа нэг удаа хамар руу цохисон. Б.Т....................ржоос эмчилгээний зардлаа нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9),
- Гэрч Ч.С................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Б....................нэ Б.Т....................ржийг пиво авч өгөхгүй арчаагүй гээд хэрүүл хийгээд нэг нэгийгээ алгадаад байсан...би машинаас тэр хоёрыг татаад буулгасан чинь С.Б....................ний нүүр нь цус болсон хамраас нь цус гарсан байсан...тэгээд С.Б....................нийг машинд суулгаад харсан чинь хамраас нь цус гарсан, нүд нь хавдсан байсан...Б.Т....................рж гараараа нүүр рүү нь цохисон юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),
- Гэрч А.Д...............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр...Б.Т....................рж, С.Б....................нэ хоёр нэг нэгийгээ май ална шүү гээд хэрэлдээд байхаар нь Лхагва ах бид хоёрыг очиж явсан чинь Б.Т....................рж машинаас бууж ирээд С.Б....................нэ тэр хоёр хоорондоо зодолдоод цохилцсон...гэтэл С.Б....................ний хамраас нь цус гараад доошоогоо суусан. Б.Т....................рж наадах чинь түрүүлж намайг алгадсан гэж хэлж байсан...С.Б....................нийн нүүрийг гэрэлд харсан чинь нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8007 дугаар дүгнэлт “...1.С.Б....................нийн биед баруун нүдний ухархайн доод ханын болон хамар ясны хугарал, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт (хавтаст хэргийн 19),
- Шүүгдэгч Б.Т....................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Б....................нэ арчаагүй юм 2 пиво авчихгүй гэж хэлснээ намайг алгадсан. Би яаж байгаа юм чи гэсэн чинь над руу салаавч гаргасан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж би С.Б....................нийг зодсон. Тэгээд хартал С.Б....................нийн хамраас нь цус гарсан нүд нь хавдсан байсан...Би С.Б....................нийг гараараа нүүр рүү хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Т....................рж нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “намайг цохилоо” гэх сэдэлтээр, хохирогч С.Б....................нийг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т....................рж нь хохирогч ...С.Б....................нийг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Т....................ржийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн хохирогч С.Б....................нэ нь эмчилгээний зардалд 2.582.150 төгрөг нэхэмжилснээс (хавтаст хэргийн 48-53), шүүгдэгч Б.Т....................рж нь хохирогчид бэлнээр 400.000 төгрөг, 1.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тавьж “ТЭУ” эмнэлгийн төлбөрт төлсөн буюу хохирогчийн эмчилгээнд зарцуулсан байна. Хэрэгт хохирогчоос нийт 578.770 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба үүнээс хавтаст хэргийн 46 дахь талд авагдсан 8000 төгрөг, 49 дэх талд авагдсан 134.400 төгрөг, 50 дахь талд авагдсан 61.120 төгрөг, 52 дахь талд авагдсан 100.000 төгрөг, 53 дахь талд авагдсан 211.500 төгрөг буюу нийт 515.020 төгрөгний баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан гэж үзнэ. Харин үлдэх төлбөр болох 63.750 төгрөгийн баримт нь хуулийн шаардлага хангахгүй буюу тухайн хүн нь хохирсон эс хохирсон байсанч өөрийн хэрэгцээнд зарцуулах эд зүйлс байх тул нэхэмжлэлийн хангахгүй орхих хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн хохирогч нь хагалгаанд 1.800.000 төгрөгөөр орсон гэх боловч энэ талаар баримгүйн зэрэгцээ тухайн хагалгаанд орсон гэх эмнэлгээс гаргаж өгсөн баримт, өвчтөний түүх зэрэг нь хэрэгт ирээгүй байна. Иймд шүүгдэгч нь хохирогчид баримттай зардал болох 515.020 төгрөгийг төлсөн гэж үзэж бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т....................ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчаас оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Би ам бүлээ тэжээн тэтгэдэг, “Хатан сүйх” ХХК-д гэрээт ажилтнаар ажилладаг гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т....................рж нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд үндэслэн эрхэлсэн тодорхой ажилгүй, торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0313 40939 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б....................рын Т....................ржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т....................ржийг 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т....................рж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ