Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1094

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо,

улсын яллагч Т.Мөнхжаргал,

иргэдийн төлөөлөгч Г.Э,

гэрч Д.Д, М.Л,

шинжээч эмч Ц.Н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар (цахимаар),

шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт М-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008030791511 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт М-ийн З (РД:...)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод иргэн С.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүрхэн тус газар нь хутгаар 1 удаа хутгалж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би охин, талийгаач нарын хамт амьдардаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний  өглөө Л эхнэртэйгээ хамт ирээд намайг зуух зарлаа, хурдан энэ байшинг суллаж өгөөрэй, зайлаарай гэж хэлээд маргалдаж байгаад явсан. Тэгэхээр нь би ээж рүүгээ ярьж ах хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд өдөр нь 0,5гр архи аваад  талийгаач бид 2 хувааж уусан. Тэгээд орой 06 цагт хүүхдээ аваад гэртээ ирэхэд Л ах 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагаас хойш орж ирсэн. Тэгээд түр гаръя гээд намайг дагуулж гараад “дээд айлд архи уугаад” гэж хэлснээ, энэ залуугаа аваад яв, хүүхдээ энэ байшинд оруулмаар байна гэсэн. Тэгсэн талийгаач хүүхэд уйлаад байна гээд гараад ирсэн, би гэр лүү орсон. Харин талийгаач, Л ах хоёр хашаан дотор үлдсэн, тэгээд нэг гарч ирэхэд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь очиход эрчүүд юм ярьж байна, чи оролцоод байлгүй ор гэсэн. Тухайн үед талийгаачийн футболкны ар хэсгээр урагдсан байсан. Манай байшингийн орох хэсэг шаттай, тэгээд удалгүй тэр 2 эвлэрсэн гээд шатан дээр зэрэгцээд зогсож байсан. Талийгаач намайг куртик аваад ир гэхээр нь гэр лүү орчхоод гараад ирэхэд талийгаачийн цээжинд аймар том хутга зоолттой байсан ба Л ах явчихсан байсан. Талийгаачид би түргэн дуудъя гэхэд хэрэггүй гээд, хутгыг аваадах гэхээр нь арайхийж сугалж авсан. Тэгсэн хутга сугалсан хэсгээс аймаар их цус олгойдоод гоожоод унасан. Уул нь сугалж авах ёсгүй юм билээ, би тэгээд сандрахдаа эхлээд куртикээрээ дарсан, дараа нь хувцсаараа дараад тогтоох гэж оролдсон юм. Талийгаач нь гэрт орж ирээд орон дээр суусан, тэгээд бид унтацгаасан. Тухайн орой  ийм л үйл явц болсон. Тэгээд маргааш нь утас дуугараад сэрэхэд сэрүүлэг дуугарч байсан тул босоод талийгаачийг очиж үзэхэд бүх бие нь хөшсөн байсан. Тэгээд тэр өдөр би шоконд орсон. Талийгаач орон дээр хэвтэж байсан, 30-ны өдөр 15 цагийн үед таксины жолооч орж ирэхэд ч хүртэл орон дээр хэвтсэн, хөнжлөөр хучсан байдалтай байсан. Талийгаачийг жолооч яагаад олж хараагүйг мэдэхгүй байна. Таксины жолоочийг байхад Л ах ирээд юун хүн байгаа юм, гэр орноо янзал гээд загнахаар нь угааж цэвэрлэсэн, таксины жолоочийг явсны дараа цаад өрөө рүү талийгаачийг Л ах оруулсан. Тэгээд намайг энэ хэргийг үүрчих, чи жаахан хүүхэдтэй юм чинь гайгүй гээд үг зааж өгсөн. Хэрэв хэрэг хүлээхгүй бол хүүхэдтэй чинь хамт шатаана гэж айлгасан юм” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би амь хохирогчийн төрсөн дүү юм. Манай талийгаач ах нь аав, ээжтэй хамт амьдардаг байсан. Манай ах Оюу толгойд хүнд машины жолооч хийдэг байсан. Сард 3 сая гаргаад авдаг байсан. Харин сүүлийн үед найз хүүхэнтэй болсон гээд гэрт ирэх нь ховордоод ирсэн гэсэн. Ингэж яваад амиа алдчихлаа. Маш их гомдолтой байна. Би 3 төрлийн зардал нэхэмжилнэ. Нэгдүгээрт, буяны ажил гүйцэлдүүлэхэд гарсан зардал болох 6,464,470 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2 сая төгрөг, ингээд 8,464,470 төгрөг, Хоёрдугаарт, манай ээж орон нутагт харвалтын улмаас хэвтэрт орж, хүний асаргаанд байна, талийгаач маань мөнгө олж ээж, аавыг тэжээдэг байсан. Иймээс сэтгэл санааны хохиролд 15 сая төгрөг, Гуравдугаарт, ахынхаа амийг 50 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилмээр байна. Ингээд 65,000,000 төгрөг дээр буяны зан үйлд зарцуулсан зардлыг нэмээд 73,464,470 төгрөг нэхэмжилнэ” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

            Гэрч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн шөнө 11 цаг бараг 12 цагийн үед М.Л ах намайг такси бариад хүрээд ир, энд асуудал гарсан байна гэж утсаар ярьж дуудсан. Тэгээд би хэрэг гарсан газарт ирэхэд М.Л ах, М.З эгч хамт байсан. Ямар хэрэг гарсныг мэдээд цагдаа дуудсан. Намайг анх утсаар ярьж дуудахад нарийн юм хэлээгүй, хүрээд ир таксиных нь мөнгийг өгнө, энд асуудал гарсан байна л гэсэн. Намайг ороход тэд жаахан сандарсан байдалтай байцгаасан. Би орж ирээд юу болсон гэхэд М.Л ах хүн алсан байна гэсэн. Хэнийг алсан юм бэ, тэр хүн чинь хаана байна гэж асуухад М.З эгч Б-ийн найз гэж хэлсэн. Би хаана байгаа юм бэ гэж асуухад хойд өрөө рүү заасан. Сүүлд цагдаа нар ирээд шалгахад би талийгаачийг Б гэж мэдсэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэрч М.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би 10 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед явж байхад З-гийн хашааны гадна нэг цагаан өнгийн машин зогсож байхаар нь юун машин юм бол гээд явж очсон. Тэгээд би гэрт ороод З нь 1 эрэгтэй хүнтэй хамт байсан ба би З-гаас “Б хаачсан бэ, энэ юун хүн бэ” гэхэд “Б ажилдаа явсан” гэж хэлсэн. Тухайн үед би баазынхаа хэдэн хүмүүстэй тараад жаахан юм уусан, бага зэргийн согтуу байсан. Би М.З-гийн гэрт байсан нөхрийг архинд явуулахад надад 0,5 литрийн архи авч ирж өгчхөөд явсан. М.З хүүхдээ цэцэрлэгээс нь авна гэхээр нь би авчирсан архинаас 2-3 удаа татчихаад М.З-тай хамт доош явсан. Доош явж байхад хашааны буланд манай хамаатны Ариунаа эгч, дээд айлын хөгшинтэй хамт зогсож байсан. Би автобусны буудлаас автобусанд суугаад Баруун салааны эцэс орсон. Э-ийнд ороод гарч ирэхэд 22 цаг болоод автобус зогссон байсан. Би эхнэр Н рүүгээ залгаад над руу хүргэнийг явуул, автобус зогсчихсон байна гэж хэлэхэд хүргэн байхгүй байна, гадуур халтуур хийх гээд явсан гэж хэлсэн. Тэгээд би доош алхаад хуучин эцсийн буудал руу ирэхэд 2 цагдаа 2 согтуу хүнийг барьсан зогсож байсан. Би гулгаа их байсан болохоор халтирч унаад явж байсан чинь цагдаа нар “ахыг дулаан газар хонуулчихъя” гэж надад хэлэхээр нь би гуйгаад, ах нь хөдөөний хүн, буцах гэж байгаа, манай дүүгийнх энүүхэнд байдаг гээд Зээлийн буудалд байх З-гийн гэр рүүгээ заагаад ороод хоночихно, ахыгаа явуулчих гэж хэлэхэд 2 цагдаа “та чадна биз” гээд явуулсан. Би зам гараад булан тойроод М.З-гийн гэрт ороход З охинтойгоо хамт унтаж байсан. Би ахын дүү үхлээ, ганц юмны мөнгө байна уу гэхэд М.З доош гүйгээд зуухны үлдэгдэл мөнгө аваад дээш гүйгээд дэлгүүр ороод, тухайн үед 23 цаг 30 минут болж байсан байх, нэлээн орой болсон байсан, дэлгүүр хаах гэж байхад 1 шил архи авсан.  Тэгээд архинаас ганц, хоёр татаад байж байтал М.З “ахаа би танд юм хэлье” гээд “би хүн алчихлаа, хүн амины хэрэг хийчихлээ” гэж хэлсэн. Эхлээд надад Б гэж хэлээгүй. Би тэр хүн чинь хаана байна гэхэд “Гүнтэд байгаа” гэсэн. Би түүнд чи гоомой юм хийж дээ гэж хэлсэн чинь сүүлдээ Б гэж хэлээд арын өрөөнд хивсэнд боосон байгаа гэж хэлсэн. Би хамгийн ойрхон байдаг төрсөн ахынхаа хүү болох Д.Д-ийг дуудсан. Чи такси бариад ямар ч байсан хурдан хүрээд ир гэсэн. Тэгсэн Д.Д хүрээд ирсэн. Тэгээд Д-ийг ирсний дараа би тухайн өрөө рүү ороод хараадахъя гээд орсон. Хойд өрөө хоосон болохоор байнгын хаалттай байдаг. Хаалгаар ороод хажуу тийш харахад хивсэнд боолттой юм байсан. Би модоор сөхөөд харахад хүн байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Би цагдаад 3 удаа хүн амины хэрэг гарсан байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би эгч Э-д хэлэхэд “архи уугаад галзуурдаг болоо шив” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд хорооны 3 цагдаа ирээд араас нь баахан цагдаа ирсэн. Би болсон бүх процессыг тэд нарт хэлсэн. Надад хашаа байшин ямар ч хамаарал байхгүй, М.Зд ч хамаарал байхгүй. Миний эцэг эхийн хашаа байшин” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шинжээч эмч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хохирогчийг хутгалсан хутга нь урдаас арагшаа, доороос дээш чиглэлтэй байсан. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдэх ба үхэлд хүргэсэн. Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг цогцсын гадна үзлэг хийгдэж байхад тогтоосон байсан. Амь хохирогчид учирсан гэмтлийг тонгойсон байрлалд, хэвтээ байрлалд, босоо байрлалын алинд ч үүснэ. Харин хутган дээр унахад үүсэх боломжгүй. Хутга нь газар гозойгоод байж байна гэж шинжлэх ухаанд заасан ойлголт байхгүй. Амь хохирогч /171 см орчим өндөр/ болон шүүгдэгч /155см орчим өндөр/ нарын өндрөөс үзэхэд амь хохирогчид учирсан шархны байрлал учрах боломжтой. Урдаас арагшаа, доороос дээш чиглэлтэй 8 сантиметр гүн цээжний гүн рүү нэвтэрсэн шархтай байсан. Шарх нь өвчүү, хавирганы завсар ороод зүрх рүү орсон шарх байсан. Уг шарх нь яс таараагүй, яс хугараагүй тул механик хүч шаардахгүй гэж ойлгож болно. Хутганы иртэй тал цагийн зүүгээр 5 цагийн байрлалд харсан байсан. Иртэй тал нь 11 цагийн байрлалд харсан байсан. Зүүн доош чиглэлтэй, 5 цагийн байрлалтай гэж ойлгож болно” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (1хх-ийн 5х),

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 34 дүгээр гудамжны 18а тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 7-23х, 2хх-ийн 13-17х, 3хх-ийн 107-117х),

цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1хх-ийн 25-31х),

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 33-35х),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-н мэдүүлэг (1хх-ийн 50х),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнгөн-Эрдэнийн мэдүүлэг (1xх-ийн 54-56х, 2xх-ийн 185х),

гэрч Д.Дийн мэдүүлэг (1хх-ийн 62-63х, 2хх-ийн 189х),

гэрч*******ын мэдүүлэг (1xх-ийн 59-60х, 3хх-ийн 59-60х),

гэрч*******ын мэдүүлэг (1хх-ийн 78х, 3xх-ийн 65-66х),

гэрчын мэдүүлэг (2хх-ийн 193х),

гэрчын мэдүүлэг (3хх-ийн 12х),

гэрч*******ын мэдүүлэг (2хх-ийн 19х),

гэрч М.Лдоржийн мэдүүлэг (1хх-ийн 70-71х, 3хх-ийн 62-63х),

гэрчын мэдүүлэг (1хх-ийн 73х),

гэрч*******ын мэдүүлэг (1хх-ийн 83х),

гэрч Ш.Нийн мэдүүлэг (1хх-ийн 69х, 2хх-ийн 187х, 3хх-ийн 56х),

гэрч А.Оюунчимэгийн мэдүүлэг (1хх-ийн 66х),

гэрч Б.Л-Очирын мэдүүлэг (3хх-ийн 96х),

гэрчын мэдүүлэг (1хх-ийн 77х),

гэрч Б.Э-ын мэдүүлэг (2хх-ий 188х),

гэрч Б.Эийн мэдүүлэг (2хх-ийн 191х),

гэрчн мэдүүлэг (3хх-ийн 94х),

гэрчын мэдүүлэг (3хх-ийн 98х),

гэрч Т.Ариунаагийн мэдүүлэг (3хх-ийн 100х),

гэрчгийн мэдүүлэг (3хх-ийн 105х),

гэрчийн  мэдүүлэг (3хх-ийн 68х),

гэрч*******ын мэдүүлэг (3хх-ийн 72-74х),

гэрч Б.*******ийн мэдүүлэг (3хх-ийн 77-79х),

М.Згийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн сэжигтнээр өгсөн /өмгөөлөгч Г.Энхболд оролцсон/ мэдүүлэг (1xх-ийн 87-88х),

М.Згийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн яллагдагчаар өгсөн /өмгөөлөгч А.Буяндэлгэр оролцсон/ мэдүүлэг (1хх-ийн 96-97х),

М.Згийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагчаар өгсөн /өмгөөлөгч А.Буяндэлгэр оролцсон/ мэдүүлэг (3хx-ийн 34-36х, 80-82х),

М.Згийн нокиа маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (3хх-ийн 53х),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2297 дугаартай шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 195-199х),

шинжээч Ц.Нийн мэдүүлэг (1хх-ийн 206х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4366 дугаартай дүгнэлт (1xх-ийн 128-130х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12606 дугаартай дүгнэлт (1хх-ийн 113-114х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4361 дугаартай дүгнэлт (1хх-ийн 183-184х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6007 дугаартай дүгнэлт (2xх-ийн 76-77х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6008 дугаартай дүгнэлт (2хх-ийн 93х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6009 дугаартай дүгнэлт (2хх-ийн 85х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6010 дугаартай дүгнэлт (2хх-ийн 101х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6011 дугаартай дүгнэлт (2хх-ийн 109х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6012 дугаартай дүгнэлт (2хх-ийн 117х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6013 дугаартай дүгнэлт (2хх-ийн 125х),

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6014 дугаартай дүгнэлт (2хх-ийн 133х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6016 дугаартай дүгнэлт (2хх-ийн 141х),

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 6022 дугаартай дүгнэлт (2xх-ийн 177-178х),

шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6015, 6019 дугаартай дүгнэлт (2xх-ийн 148-149х, 156-157х),

шүүх сэтгэц эмгэг судлалын 1185 дугаартай дүгнэлт (2xх-ийн 70-71х),

Тагнуулын Ерөнхий газрын албан бичиг (2xх-ийн 56х), Нотариатчийн итгэмжлэл (2хх-ийн 50х), Прокурорын зөвшөөрөл, мөрдөн байцаалтад гаргаж өгсөн зардлын баримтууд (2xх-ийн 206-237х), шийтгэх тогтоолын хуулбарууд (2хх-ийн 33-34х),*******ын ялагдагчаар өгсөн мэдүүлэг (2хх-ийн 199х, 201-202х), улсын яллагчаас шинээр 4 хуудас баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч М.Зд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг хутгалж амь насыг хөнөөсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Амь хохирогчийн оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс болох нийт 8,464,470 төгрөгийг шүүгдэгч М.Згаас гаруулах, бусад зардлын тухайд хэрэгсэхгүй болгох” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...манай өмгөөлөгч хэлэх тул надад хэлэх зүйл байхгүй” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцыг дүгнэж үзэхэд энэ хэрэгт эргэлзээтэй зүйл байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад зохих ажиллагаа хийсэн боловч дутуу хийгдсэн гэж үзэж байна. Иймд яагаад дутуу хийгдсэн бэ гэвэл 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт шүүгдэгч, амь хохирогчийн хүчний харьцаа, мах хөшиглөж байсан хутганд өртсөн байдал, өндөр, намын харьцаа зэргийг тогтоож өгөөч гэсэн боловч тогтоож өгөөгүй байдаг. Шүүгдэгч нь би тухайн үед худлаа хэлсэн учраас туршилт хийх боломжгүй гээд шалгагдаагүй орхисон. Гэвч туршилт хийх замаар шалгаж үзэх боломжтой байсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 750 тоот прокурорын тогтоолд яллагдагч М.Згийн утасны дуудлага хийсэн байршлыг сүүлийн байдлаар гаргах хэрэгтэй байна, энэ нь хэрэгт нэлээн ач холбогдолтой байсан боловч ажиллагаа хийгдээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.З болон гэрч М.Л нарын мэдүүлэг эргэлзээтэй байна. Аль аль нь итгэл үнэмшилтэй тайлбарлаж байна. Гэтэл уг тайлбар, мэдүүлгээс зөрүүтэй зүйл анзаарагдаж байгаа, үүнийг нэлээд мухарлаж тогтоох хэрэгтэй байсан гэж үзэж байна. Уг хэрэгт яагаад эргэлзээтэй зүйл байна вэ гэхээр төрсөн ах дүү хоёрын хооронд ямар нэг эд хөрөнгийн маргаан байна. Гэтэл эсрэгээрээ талийгаач, шүүгдэгч хоёрын хоорондын харилцаа нь ямар нэг байдлаар зөрчил үүсээгүй нөхцөл байдал мэдүүлгүүдээс харагдаж байна. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл гэж байдаг. Хэрэв хүн амь гэмт хэргийг санаатай, болгоомжгүй аль үйлдэл рүү нь орох вэ гэх эргэлзээ байна. Яллагдагчаар М.Л гэх хүнийг татсан ажиллагаа явуулсан уу гэвэл явуулаагүй, М.Л гэх хүнтэй холбоотой ажиллагааг нэгд нэгэнгүй хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, М.Л гэх хүн хаана, хаана байсан, хэнтэй уулзсан эсэхийг нь бүрэн тогтоогоогүй. Гэрч Эрдэнэдалай, Батбаяр, Дүгэрсүрэн гэх 3 хүний мэдүүлгээр М.Згийн асуудал нэлээн эргэлзээтэй байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирч байгаа хохирогч нар нь бие махбодын болон сэтгэл санааны хохирлыг дам дамаа угтаж авдаг. Энэ практик зөндөө гарч байгаа, гэсэн хэдий ч харамсалтай нь бүгдийг нь орхигдуулж, зөвхөн гэмт хэрэгт холбогдсон хохирогчийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна. Гэвч манай хуулийн үндсэн зарчимд бүрэн шийдвэрлэж болохоор заасан байгаа. Эрүүгийн хуулийн хууль ёсны зармын 5 дахь заалтад хохирлын асуудлыг шийдвэрлэхэд захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэж болно гэж заасан байдаг. Захиргааны хэм хэмжээний акт нь бусдад учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар заалтууд тусгагдсан байна. Манайх үүнийг Эрүүгийн хуульд суулгаж өгөөгүй гэх шалтгаанаас болоод орхигдуулж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг бодох аргачлал байна. Мөн Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 507 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 229 дүгээр зүйл, мөн хуулийн эрх зүйн хамгаалалтууд 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5, 6 дугаар заалт зэрэг байна. Мөн хуульд яг тодорхой заагаагүй ч гэсэн Иргэний хуулийн зүйл, заалтыг төсөөтэйгөөр хэрэглэж хор уршгийг арилгах боломжтой байна. Үүнийг шүүхийн зүгээс шийдвэрлэх зохистой алхам хийж өгөхийг хүсэж байна. Бусад улс орнуудад жишиг гэж байдаг, манай улс олон улсын гэрээ конвенцод нэгдсэн байдаг. Уг зохицуулалтын хүрээнд хохирол хор уршгийг арилгах боломжтой. Хохирол төлбөрийг арилгах аргачлал бусад улс оронд нэвтэрчихсэн байгаа. Нэхэмжлэлийг томьёонд оруулан сэтгэл санааны хохирлыг уг томьёогоор гаргах боломжтой. Нэгэнт хуулиа дагаж мөрдөж байгаа бол бусад улсын жишгийг баримтлах боломж байна. Уг жишгийг баримтлаад шийдвэрлэсэн маш олон улс орон байна, ОХУ, Украйн, Англи, Литви гэх мэт улсад тодорхой хэмжээгээр хүний эрүүл мэнд зэрэг бүх зүйлийг үнэлсэн байна. Гэтэл Монгол Улс хүний амь нас, эрүүл мэндийг эд хогшлоос хамаагүй дор үзэж байна. Үүнийг хуульд байхгүй учир шийдэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Энэ жишиг баримтлалаар явбал буруутахгүй байх гэж бодож байна. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа шаардлагыг шүүх зоригтой гаргаж шийдэн практик суулгаж, нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна” гэж,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Згийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, мэдүүлгүүдийн зөрүүг арилгах зэрэг бүрдэл дутуу тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай оролцож байна. Үүнд, гэрч Гүенбат, Эрдэнэдалай нарын мэдүүлэг зөрүүтэй байна. Гэрч Эрдэнэдалай нь “З нь над руу манай гэрт байсан хүмүүс муудалцаад нэгнийгээ хутгалчихлаа” гэж залгасан гэж мэдүүлдэг бол гэрч Гүенбатад “би нөхрийгөө хутгалчихлаа” гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Гэвч М.З нь анхнаасаа мэдүүлэг өгөхдөө тэд нараас тусламж гуйж дуудсан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Гүенбат, Лдорж, Л нартай нүүрэлдүүлэн мэдүүлэг авъя гэхэд энэ ажиллагааг хийгээгүй байна. Мөн гэрч*******ын мэдүүлэг нь гэрч Мөнхжаргал, Э- нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. М.Л нь би хэрэг болсон цаг хугацааг яаж мэдсэн юм бэ гэхээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цагаас хойш 23 цаг өнгөрч байхад М.Згийн гэрт ирээд архи, дарс уугаад мэдсэн гэх хэдий ч гэрч Мөнхжаргал нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 19-20 цагийн үед над руу залгаад ийм нөхцөл байдал байна гэж хэлсэн. Мөн гэрч Заяатын мэдүүлэгт над дээр 19-20 цагийн үед ахтайгаа хамт ирж мөнгө авсан гэдэг. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Л нь Эийнд очсон гэж мэдүүлээд байгаа боловч хэргийн материалд М.Л, Н нар нь Улаанбаатар хотод 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирсэн буюу үүнийг гэрч Н мэдүүлдэг, мөн гэрч Э мэдүүлдэг. Гэрч Эийн мэдүүлэгт М.Л нь манай гэрт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед ирээд 22 цагийн үед явсан. Тэгэхдээ Улаанбаатарт ирээд 1 хонож байна гэж хэлдэг. Шүүгдэгч М.З нь бид хоёрыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орой 22 цагийн үед гэртээ байж байтал М.Л ах ойрхон айлд архи уучхаад ирлээ гээд манайхаар ирсэн, үүдэнд зүүн гараараа тулсан байдалтай зогсож байсан. Мөн шинжээчийн дүгнэлтүүдэд гадаа тамбар, шатны дээр цус илэрсэн, тухай цус нь Бийн цус мөн байна гэсэн байдаг. Үүнд анхнаасаа ямар ч ажиллагаа хийгээгүй. Анхнаасаа М.З нь хэргийг хүлээсэн байсан. Хэрэв М.З нь гал тогооны өрөөнд хутгаар юм хэрчиж байхдаа талийгаач ирж араас тэврэх үед эргэж харахдаа хутгалсан гэх юм бол болгоомжгүй хүний амь насыг хохироох гэсэн өөр зүйл ангиар зүйлчлэгдэхээр байна. Гэтэл амь хохирогч ямар нэг байдлаар эргэж хараад, гадаа цусаа гоожуулсан ийм үйл байдал тогтоогдоогүй. Үүнийг бүрэн нотолж чадаагүй байдал үүсэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг хэрхэн яаж гарсан, гэмт хэргийг яаж үйлдсэн гэж байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагч өнөөдрийн байдлаар бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж байгаа боловч эсрэг мэдүүлэг өгч байгаа Мөнхжаргал, Эрдэнэдалай нарын мэдүүлгийг үнэлэхгүй байна. Гэрч нар үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг алийг нь үнэн, аль мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг тогтоохгүйгээр яллаж байна гэж үзэж байна. Иймээс дээр ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийлгэж байж хэргийг мухарлан М.Зг яллах нь зүйтэй байна гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн: Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон өнөөдрийн шүүх хуралдаанаар гэрчүүдийн мэдүүлэг нь хооронд маш их зөрүүтэй байна. Утга агуулга болон цаг хугацаа, үйл баримтын хувьд зөрүүтэй байна. Уг асуудлыг шийдвэрлэж байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэг хүн нэг цаг хугацаанд 2 өөр газар байх боломжгүй. Гэтэл 2020 оны 10 дугаар сарны 30-ны өдөр М.Згийн гэрт хүн алчихлаа дүү чинь гээд М.Л гэх хүн утсаар эгч рүүгээ ярьсан байдаг. Эгчид нь хууль сануулаад мэдүүлэг авахад М.Л нар  өөр лүү нь19-20 цагийн хооронд залгасан, дүү чинь хүн алчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлгийг өгсөн. Гэтэл 19 цагаас 20 цагийн хооронд М.Л, М.Згийн байсан уу, Эийнд байсан уу. Эийн мэдүүлгээр М.Л нь хөдөөнөөс 1 хоногийн өмнө ирсэн гээд 10 дугаар сарын 29-ний өдөр манайд ирсэн, манай ууж байгаад 22 цагийн үед явсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор сахал Сүхээгийнд ууж байгаад Эийнх руу очихдоо нэг хүн дагуулж явсан гэдэг. Гэтэл Э нь мэдүүлэхдээ 10 дугаар сарын 29-ний өдөр М.Л манайд ганцаараа ирсэн гэдэг. Үүнтэй холбоотойгоор сахал Сүхээ болон цуг Эийнх руу явсан хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Анхнаасаа М.З хэрэг хүлээж байсан учир мөрдөн шалгах ажиллагаа М.З руу чиглэж, хийгдсэн. М.З нь өмгөөлөгчдөө итгэхгүй байж байгаад 2 сарын дараа би энэ хэргийг хийгээгүй гэж мэдүүлэг өгөхөд бүх мөрдөн шалгах ажиллагаа М.Зг чиглээд явагдсан байсан учир бүх зүйл баллачихсан байсан. Одоо М.Лтай холбоотой үйлдлийг шалгах гэхээр гэрч нар нь бүгд хоорондоо тохиролцсон асуудлууд энэ хэрэгт байна. Мөн М.Л нь би дүүгээ цохиогүй, зодоогүй гэсэн мэдүүлэг өгдөг. Гэвч Д.Д нь М.Л ах М.Зг 2 удаа цохиж, зодсон гэж мэдүүлж байна. Мөн М.З нь 10 дугаар сарын 30-ны өдөр миний гар утсыг булааж аваад, намайг хүнтэй яриулаагүй, дарамталж байсан гэх мэдүүлгийг Д.Д нотолж гар утас нь М.Л ахад байсан гэж хэлж байна. М.Л нь яагаад гар утсыг эвдсэн, яагаад М.Зг зодоод байна вэ, үүнтэй холбоотой энэ хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байна. Мөн Д.Д мэдүүлэгтээ Мөнхжаргал, Э- нартай миний дэргэд М.Л ах утсаар яриагүй гэж мэдүүлсэн бол М.Л нь сая гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Дийг дуудаад, ирсний дараа нь цагдаа болон ойр орчмын ах дүүс рүү ярьж хэлсэн гэж мэдүүлдэг. Гэтэл М.З нь М.Л нь 10 дугаар сарын 30-ны өдөр бүтэн өдөржин энэ хүнтэй цуг байсан, цохиж, зодсон. М.Л нь 20 минутын хугацаатай 2 удаа гарсан гэж байна. Тухайн цаг хугацаанд тэр цагдаа нартай таарсан байх. Тэр нь хавтаст хэрэгт нотлох баримт болгон ашиглагдаж байна. М.Л нь эднийд хэдний өдөр байсан бэ, нэг хүн нэг цаг хугацаанд хоёр өөр газар байх боломжтой юу, үүнийг л мухарлачихвал өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Иймээс мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж, прокурорт буцаах хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33 дугаар зүйл зааснаар мэдүүлэг, тайлбар, дүгнэлтийг нөхөн гүйцэтгэх боломжгүй бол прокурорт буцаана гэсэн зохицуулалтай. Хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв. 

Иргэдийн төлөөлөгч: “шүүгдэгч Б.З нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Зд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Зээлийн 34 дүгээр гудамжны 18а тоот гэртээ хамтран амьдрагч С.Бийн зүрхэн тус газар нь хутгаар 1 удаа хутгалж алсан болох нь:

 

2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас: “...96585994 дугаараас манай дүү алсан байна гэх дуудлагыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний 01 цаг 16 минут 30 секундэд өгсөн” (1хх-ийн 5х),

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 18а тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...үзлэгийг 2020 оны 10 дугаар сарын 31-ний үүрийн 05 цаг 45 минутад эхэлж, 09 цаг 10 минутад дуусгасан”

“...Хэрэг гарсан газар нь пийшингээр тусгаарлагдсан, 2 өрөө бүхий зохион байгуулалттай, уг өрөөнд модон толгойтой ор, орны дээд хэсэгт эмх цэгц муутай хөнжил даавуу зэрэг байх бөгөөд хөнжил дээр улаан хүрэн өнгийн толбо байсныг 7 дугаарлан хайчилбар авч, орны арын хананд тогтсон улаан хүрэн өнгийн толбоноос 1 ширхэг арчдас авч 6 гэж дугаарлан, баруун талын өрөөнд орж үзлэг явуулахад өрөөний зүүн талын шалан дээр толгойны хэсэг урагшаа харсан, биеийн ерөнхий байрлал ар нуруугаар хэвтэж дээшээ харсан эрэгтэй хүний цогцос байсныг А үсгээр тэмдэглэж, үзлэгийг цааш явуулахад цогцсыг шар цоохор хивсэнд хуйлсан, хуйлаастай хивсийг сөхөж цогцосны байгаа байрлалд үзлэг хийхэд урд зүг рүү  толгойн хэсэг  харсан байрлалтай,  нүүрний хэсэг улаан  хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон,  ...баруун гарын сарвуу, шуу, зүүн  гарын бугалганы гадна хэсэг,  сарвуу,  гарын ар  хэсэг улаан  хүрэн өнгийн  үйлээр  бохирлогдсон, цээж нүцгэн  зүүн хөхний  дээд хэсэгт 3,5х1,4 см хэмжээтэй  зүсэгдсэн шархтай  биеийн доод хэсгээр  хөх өнгийн  жинсэн өмдтэй,  зүүн талын  гуяны урд  хэсэг,  шуумагны  хэсэг улаан  хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон, өмдний  дотор  талаар саарал  өнгийн  зүүн хэсгээр  улаан  хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон дотуур өмд,  хөлдөө саарал өнгийн оймстой,  гадна хэсгээр улаан хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон байдалтай байв. Цогцосны  баруун гар дор цагаан өнгийн  улаан хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон 2 ш пүүз,  цогцосны толгойн  зүүн талд  улаан хүлэн өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар өнгийн даавуун цамц, цогцосны баруун талд байх хуйлаастай хувцсыг дэлгэж үзлэг хийхэд  эмэгтэй хүний хар өнгийн майк 1ш,  хар өнгийн цахилгаантай цамцны 2 ханцуй, зүүн  талын халаасны  доод хэсэг  улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хар  өнгийн өвдөгний  хэсгээр улаан  хүрэн зүйлээр бохирлогдсон жинсэн өмд,  хар өнгийн  2 халаасны  хэсэгт цагаан  өнгийн канттай  улаан хүрэн  өнгийн зүйлээр   бохирлогдсон эмэгтэй хүний  байж  болох нимгэн  хүрэм,  угладаг хүрэн өнгийн  гутал, саарал өнгийн  ханцуйгүй  юүдэнтэй  цамцны  зүүн талын доод эмжээрийн  гадна хэсэгт  улаан хүрэн  зүйлээр  бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Цогцосны  баруун ташааны дор хар иштэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга  байсныг 9 дугаараар тэмдэглэж эд мөрийн баримтаар  хураан авсан. Уг хэрэг гарсан  газрын өрөөнд биологийн шинжээч Bluestar урвал явуулан харанхуй  орчинд  шинжлэхэд  пийшинтэй  өрөөний шалны хулдаас  нилэнхүйдээ  хөх өнгийн  гэрэлтэлт үүссэн тул цусны мөр  илэрсэн. 1 ш арчдас бэхжүүлж авсан. Үүдний  өрөөний агуулахын  хэсэгт цайвар  ягаан хүүхдийн  ванн дотор улаан хүрэн  өнгийн шингэн,  дотроо алчууртай  байснаас марлод 1 ш дээж бэхжүүлэн авав” тухай тэмдэглэгдсэн   (1хх-ийн 7-23х, 3хх-ийн 107-117х),

 

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...2020 оны 10 сарын 31-ний өдрийн 13 цаг 30 минутад үзлэгийг эхэлж, ...171см урттай, 63 кг жинтэй ... эрэгтэй хүний цогцос байна. Нас бараад 24 цагаас дээш болсон. Цогцосны гэмтэл өөрчлөлт гэдэгт “...цээжний  зүүн урд  дээд хэсэг буюу зүүн хөхний товчноос дотогш 4см-н 3,4-р хавирганы түвшинд 3х0,5 см урц  төгсгөл нь 5 цагийн түвшинд, мохоо  төгсгөл нь 11 цагийн  түвшинд босоо талд байрлалтай,  хатгагдаж зүсэгдэн цээний хөндий рүү  нэвтэрсэн шархтай. Шархыг зоонолж үзэхэд доороос дээш, урдаас арагш чиглэлтэй байх ба зоонолоход 8 см  байна. Шархаар булчин, зөөлөн эд харагдах ба цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарч бохирлогдсон, биед өөр харагдах шархгүй” гэж тэмдэглэн, Үзлэгийг 15 цаг 03 минутад дуусгасан” (1хх-ийн 25-31х),

Гэрч*******ын: 2020 оны 10 дугаар сарын 31, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, шүүхийн хэлэлцүүлэгт агуулгын хувьд зөрүүгүй өгсөн: “... Би өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би эхнэр Нийн хамт Дорнод аймгийн Баяндун сумаас Улаанбаатар хотод манай том охин Азжаргал хүргэн хүү Санжаа нар нь цай уулгана гэж хэлэхээр нь би эхнэр Нийн хамт жоохон мал хийгээд Улаанбаатар хотод орой 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны шилжих шөнө 02 цагийн орчим ирсэн. Түүний дараа маргааш нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Төв аймгийн Алтанбулаг сум эхнэрийн хамт хоёулаа эхнэрийн ээжийн дүү болох Бүзэнхүүгийнд оччихоод орой 23 цагийн орчим хүргэн Санжаагийн гэрт нь очиж амарсан. Түүний дараа ...2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн орчим эхнэр Нийн хамт Згийн гэрт очиход З болон түүний хамтран амьдрагч Б хоёр гэртээ хоол унд хийгээд байж байсан. Байшингийн хажууд байсан гараашинд зуух байхгүй болохоор нь Згаас асуутал мэдэхгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь чи мэдэхгүй өөр хэн мэддэг юм гэж хэлээд эхнэр Нийн хамт яваад өгсөн. Маргааш нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны газрын алба орж шилжүүлэг хийлгээд 12 цагийн үед хүргэнийдээ очсон, тэгээд өдөр гараад Баруун салааны хуучин эцэс өнгөрч явтал манай хашааны гадаа цагаан машин зогсож байсан. Тэгэхээр нь би буудал дээр буугаад яваад очсон. Тэр үед 16 цагийн орчим санагдаж байна, намайг ортол З нэг залуутай пиво уугаад сууж байхаар нь би энэ юун залуу бэ, Б хаачсан юм бэ гэж асуутал З нь Б ажилдаа явчихсан, харин энэ манай найз гэж хэлсэн. Би мөнгө гаргаад ахдаа ганц шил архи аваад ирээч гэж хэлтэл тэр залууг явуулаад удаагүй 0,5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирчхээд шууд яваад өгсөн. Би авч ирсэн архинаас нь 2 татчихаад үлдсэн архиа өвөртөө хийгээд хойшоо Баруун салааны эцэс рүү автобусанд суугаад баруун салааны эцэс ороод засварчин байсан сахал Сүхээгийн гэрт  очоод өвөртөө байсан архиа гаргаж тэр хэдэд өгчхөөд би Эийн гэрт очсон. Э ах, эхнэрийн хамт бид гурав тэр архийг хувааж ууж дуусгасан. За одоо дүү нь харилаа гээд 22 цагийн орчим гараад баазын эцэс дээр зогсож байтал автобус болон такси юу ч байгаагүй. Би эхнэр лүүгээ залгаад хүргэн Санжааг явуулчих энд унаа олдохгүй байна гэж хэлэхэд Санжаа алгаа, чи өөрөө аргалаад хүрээд ир гэж хэлсэн.Тэгээд би доошоо алхаж байтал Дээж дэлгүүрийн үүдэнд хоёр цагдаа зогсож байсан бөгөөд  ...намайг дуудахаар нь би яваад очиход энэ ахыг дулаан газар хонуулъя гэж хэлэхээр нь би яах юм бэ, замын баруун талд манай дүүгийнх байдаг юм, ах нь шууд ороод унтлаа гэж хэлтэл чадна биз дээ гэж надаас асуухаар нь би чаднаа гэж хэлээд  би Згийн гэрт ортол тэр унтаж байсан.  Би үхэх нээ ганц юмны мөнгө байна уу гэж асуутал дүү “байгаа, зуухыг чинь зарчихсан ш дээ” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа гараад ойрхон айлаас зуухны үлдэгдэл мөнгө гэж З мөнгө авсан. Дээж дэлгүүр ороод Ерөөл нэртэй 0.75 литрийн архи аваад бид хоёр хүний 1 татсан. Тэгтэл З “Л ахаа дүү нь хүн алчихлаа” гэж хэлсэн. Би үнэндээ итгээгүй, чамд алуулдаг хүн гэж юу байдаг юм уу гэж хэлсэн чинь “Бийн найзыг алчихлаа” гэж хэлсэн. “Чиний алсан хүн одоо хаана байгаа юм, үнэхээр л хүн алсан бол” гэж асуухад “Хөдөө аваачаад найдвартай газар нуусан байгаа” гэж хэлсэн. Ямар ч байсан нуусан газрыг нь мэдэж авъя гэж бодоод “чи маш муу юм хийсэн байна, баараагүй нуусан биз, тэгээд одоо нохой шувууд ухаад гаргаад ирнэ ш дээ, тийм байсан бол шатааж барихгүй яасан юм” гэж хэлсэн чинь “тийм байна ш дээ, нээрээ, тийм байна” гэж хэлснээ “арын өрөөнд байгаа ш дээ хивсэнд боосон” гэж хэлдэг юм. Тэгэхээр нь Зг хаячхаад яваад өгдөг юм билүү, надад ямар хамаатай юм гэж бодсоноо, тэгээд бас өөрийгөө хороогоод янзан бүрийн юм гарах юм болов уу гэж бодоод явахаа больсон. Би төрсөн ах Дашдоржийн хүү Д-ийг “такси бариад хүрээд ир, энд асуудал гарсан байна” гэж******* дугаарын утаснаасаа 22 цаг 49 минутад утсаар дуудсан. Д- хүрээд ирэхээр нь “чи Зг харж бай, явуулж болохгүй шүү, би хойд өрөөнд ороод ирье” гэж хэлээд хойд өрөө рүү орсон чинь хивсэнд боодолтой юм байсан. Тэгэхээр нь сөхөөд үзсэн чинь хүн байсан, хэнийг нь ч таниагүй, бушуухан буцаагаад хивсээр нь бүтээсэн. Ардаас З хальт орж ирэхээр нь чи цаашаа гээд цааш нь арын том өрөөнөөс гарсан ирсэн. Би Зд “чи нэгэнт л ийм хэрэг хийсэн бол хэргээ хүлээ, би одоо цагдаа дуудна” гэж хэлээд өөрийнхөө******* дугаарын утаснаасаа 01 цаг 22 минутад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирж үзэхэд Б нас барсан байсныг мэдсэн. Тийм л зүйл болсон. З надад намайг мах татаж байхад ардаас чангаагаад оролдоод байхаар нь эргэж харсан чинь хутган дээр Б унасан. Тэгэхээр нь аваачаад нуусан” гэж хэлсэн. “Тэр үед нь чи эмнэлэг дуудахгүй яасан юм, чи анхны тусламж дуудах ёстой” гэж хэлэхэд “айгаад нуусан” гэж хэлж байсан. Хоорондоо хэрэлдсэн юм уу яасан юм, хэзээ ийм зүйл болсон гэж асуугаагүй, асуудаг газар нь асуух байлгүй гэж бодоод асуугаагүй” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 59-60х, 2хх-ийн 202х, 3хх-ийн 59-60х, шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэрч Ш.Нийн: 2020 оны 10 дугаар сарын 31, 2021 оны 04 дүгээр сарын 24, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр агуулгын хувьд зөрүүгүй өгсөн: “...Би нөхөр Лхагвын хамт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумаас гараад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 29-ний  өглөө 10-11 цагийн үед Л бид 2 Згийн гэрт очиход З хүүхдээ цэцэрлэгт өгчихсөн гээд нөхөр Бтэйгээ хамт байж байсан.  З биднийг хоол унд идэж уугаад яв гэхээр нь зүгээр гээд бид явцгаасан, тэгээд  Зүүн салаанд хүргэн  Санжаагийн  хашаанд портер машинаа засварлаад тэндээ хоносон. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 09-10 цагийн үед  Л нь СХД орж шилжүүлэг хийлгэнэ гээд гараад явсан,  өдөр 12 цагийн үед ирээд  байж байгаад хуучин ажиллаж байсан автобус баазын хүмүүстэй  уулзана гээд ганцаараа гараад явсан. Шөнө 22 цагийн  үед Л  над руу яриад  намайг ирээд аваадхаач,  би согтуу тасрах гээд  байна,  Баруун салааны эцэс дээр  байна гэж ярьсан. Тэгэхээр нь би Санжаа  ирээгүй байна,  чи наанаасаа такси бариад хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгж хэлчхээд би унтчихсан байсан. Шөнө 23 цаг  30 минутаас 24 цагийн хооронд  Л над руу  залгаад  Баруун салаанд Згийнд ирчихсэн байна,  энд нэг хэрэг гарчихсан байна  гээд надад юу болсноо хэлэхгүй байсан. Би Л руу дахин  дахин залгаад  яасан юм гээд асуугаад байсан чинь З гэртээ хүн алчихсан байна гэхээр нь юу яриад байгаа юм, яасан юм гээд лавласан чинь би Д-ийг дуудчихлаа гэж  хэлсэн. Тэгээд байж байгаад залгасан чинь  цагдаа ирчихсэн байна шалгалт хийж байна  гэхээр нь би дахин залгаагүй. ...Эхлээд Зг  ямар хүнийг яаж  алсан тухай  Л ямар нэгэн  юм цухалзуулаагүй.  Дараа нь  утсаар ярьж байхдаа цагдаа, 103 ирчихсэн байна гэж хэлснийхээ дараа  нөгөөдөх чинь Бийгээ алаад хаячихсан  байна ш дээ” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 69х, 2хх-ийн 187х, 3хх-ийн 56х)

Гэрч Д.Дийн: 2020 оны 10 дугаар сарын 31, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болон шүүхийн хэлэлцүүлэгт агуулгын хувьд зөрүүгүй өгсөн: “...Би Б гэх хүнийг сайн танихгүй, өмнө нь нэг удаа харж байсан. З эгчийн хамтран амьдрагч гэж хэлж байсан. З эгч манай аав Дашдоржийн төрсөн дүү нь байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр... би Дэнжийн 1000-д байрлах Баттулга ахын гэрт хонох гэж байтал шөнийн 12 цагийн орчимд манай аавын төрсөн дүү болох Л ах над руу залгасан. Л ах надад “чи баруун салаанд З эгчийнхээ гэрт яаралтай такси бариад хүрээд ир, энд асуудал гарчихлаа, таксины мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Би Л ахаас “юу болсон юм бэ” гэж асуухад надад тодорхой юм хэлээгүй “хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би Баттулга ахын гэрээс гараад такси барьж баруун салаанд байрлах /гэрийн хаягийг нь мэдэхгүй/ З эгчийн гэрт очсон юм. Намайг тэдний гэрт очиход Л ах, З эгч хоёр 0,75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгэхдээ архи нь дөнгөж эхэлж байх шиг байсан. Тэгээд би З эгчээс юу болсон талаар асуухад “би хүн алчихлаа” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь ямар хүнийг алчихсан юм гэж асуухад Бийн найз нь гэж анх хэлсэн. Б чинь хаана байгаа юм гэж асуухад хөөгөөд явуулчихсан гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хүн чинь амьсгаатай байгаа юм уу, түргэн тусламж дуудсан юм уу гэж асуухад түргэн тусламж дуудаагүй гэж ярьж байсан. Тэгээд тэр хүн чинь хаана байгаа юм гэж асуухад хойд талын өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнийгээ амьсгаатай байгаа эсэхийг шалга гэж хэлээд Л ах, З эгч хоёрыг оруулсан. Тэр хоёр талийгаач байгаа гэх өрөө рүү явж орсон, би араас хараад зогсож байтал хивсэн дотор хүн ороочихсон байх шиг байсан. Тэр үед Л ах З эгчийг наад хивсээ дэлгэ гэж хэлэхэд би айгаад байна гэж хэлээд зогсоод байсан. Тэгээд Л ах хивсийг дэлгэж үзэхэд бие нь хөрчихсөн нас барсан байдалтай байна гэж Л ах надад хэлсэн. Би тэр өрөө рүү орох гэсэн боловч намайг битгий хар гээд уурлаад оруулаагүй. Би Л ахаас ямар хүн байна гэж асуухад царайг нь харж чадсангүй гэж хэлж байсан. З эгч тэр үед Бийн найз нь гэж яриад байсан. Тэр үед Л ах цагдаа дууд нь гээд уурлаад байхад З эгч битгий гээд гуйгаад байсан. Тэрнээс болж Л ах, З эгч хоёр хэрэлдээд байсан. Тэгж байгаад Л ах шууд цагдаагийн байгууллагад хандсан юм. Удалгүй цагдаа нар ирээд тухайн гэрт үзлэг хийж хивсийг дэлгэж үзээд хэн юм гэж З эгчээс асуухад Б гэж хэлсэн. Тэр үед л Л ах бид хоёр З эгч хамтран амьдрагч Бийг алсан гэдгийг мэдсэн юм. ...Намайг тэдний гэрт очиход З эгч сандарсан айсан байдалтай сууж байсан. Тэгж их архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглээгүй байсан. Тухайн хүнийг яаж алсан талаар асуухад мах хэрчээд зогсож байхад араас тэврээд тэгээд эргээд хартал миний дээрээс уначихсан гэж ярьж байсан. ...Ямартай ч 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л ах З эгчийн гэрт очиход хамтран амьдрагч Бтэй хамт байж байсан гэсэн.” гэх мэдүүлэг (1хх-ийн 62-63х, 2хх-ийн 189х),

Гэрчын: “...Би ...24 цагаар эргүүлийн офицер цагдаагийн дэслэгчын хамт ачит-117 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад тухайн үед 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний шилжих шөнө 01 цаг 16 минутад хэлтсийн жижүүрийн ачит-10-с Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр хороо ...... тоотод “”манай дүү хүн алчихсан юм шиг байна” гэсэн утгатай дуудлага ирүүлсний дагуу бид хоёр тухайн айлд шуурхай явж очсон. Бид хоёр шууд хашааг нь онгойлгоод дотогшоо байшинд ороход 30 орчим насны эмэгтэй, 40 орчим насны түүний ах гэх эрэгтэй хүн, мөн 20 гаруй насны 1 эрэгтэй хүн байсан. Тухайн үед эмэгтэй болон түүний ах гэх хоёр хүн уучихсан бололтой архи үнэртэж байсан, харин 20 орчим насны залуу нь уугаагүй эрүүл байсан. Тэр үед ах Л нь З надтай 1 юм хувааж ууж байхдаа “би танд хандаж 1 юм хэлье” гээд “би хүн алчихсан бол яах вэ” гэж асуухаар нь би түүнд хандаж “юу солиороод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл З арын өрөөнд хивсэнд боолттой байгаа гэж хэлэхээр нь ороод хартал хүн үхчихсэн байсан, тэгээд би дуудлага өгсөн гэж бид хоёрт хэлсэн. Манай эргүүлийн офицер Згаас “юу болсон талаар асуутал мах хэрчээд зогсож байтал хойноос тэврээд автал эргэхдээ сандраад цээжин тус газар нь хутгалчихсан” гэх мэтээр яриад байсан. Түүнийг хутгалчхаад цусыг нь боогоод тогтоогоод тэврэлдээд унтсан. Тэгээд үүрээр унтаж байгаад орон дотроо нас барчихсан байсан тул, хойд талын өрөө рүү өөрөө чирээд оруулж хивсээр бүтээсэн гэж хэлж байсан. Тийм зүйл ярьж байхдаа их сандарсан зүйл байгаагүй, би алчихсан л гэж хэлж байсан. Харин түүний ах нь ямар ч сандралгүй “манай дүү хүн алчихсан гэж хэлэхээр нь итгэхгүй арын өрөөндөө ортол хүн нас барчихсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн” гэж ярьж байсан. Мөн ууж байсан архиа үүнийг сонсоод ууж дуусгаж чадаагүй гэж хэлж байсан. Бид хоёр энэ явдлыг сонсоод шууд жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдсэн. Бид хоёрыг ороход хоорондоо ямар ч маргалдсан зүйл байгаагүй. Тэр гурав гурвуулаа гал тогооныхоо өрөөнд сууж байсан, харин хойд талын өрөөнийх нь хөшиг хаалттай байсан...” гэх мэдүүлэг (2хх-ийн 193х),

Гэрч*******ын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:  “..Би өнгөрсөн 2019 оны сүүлээр гадаа их хүйтэн байхад хүүхэд тэвэрсэн согтуу эмэгтэй тааралдаад гэрт нь анх хүргэж өгч М.Зтай танилцаж байсан. Тэгтэл 2020 оны 10 дугаар сарын 29-ний нэлээн орой санагдаж байна, намайг шөнө ээлжтэй зүтгүүрийн депод ажилтай байхад миний утсанд моби болон юнителийн дугаараас нэлээн хэдэн удаа залгасан байхаар нь би зөрүүлээд мобикомын дугаар луу залгатал З байсан. Би одоо яг дугаарыг нь болон цагийг нь сайн санахгүй байна. Би утсаа аваад ярьтал “би З байнаа” гээд нэлээн халамцуу, мөн сандрангуй өнгөөр “би нөхрийгөө,ааг хутгалчихлаа, одоо яах бэ, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “согтуудаа солиорч байгаа юм уу” гэж загнаад утсаа салгаад хаячихсан юм. Тэрнээс хойш би Зтай холбоо бариагүй. Дараа нь залгахад ерөөсөө утас нь холбогдохгүй байсан. Ер нь энэ хоёр нийлээд уучихдаг байсан юм. Би Л гэх хүнийг танихгүй” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 19х),

Гэрч М.Лдоржийн: 2020 оны 10 дугаар сарын 31, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр агуулгын хувьд зөрүүгүй өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 09 цагийн үед З над руу залгаад “тантай уулзмаар байна” гэхээр нь “чи өөрөө хүрээд ир” гэсэн чинь “надад автобус унааны мөнгө алга, та өөрөө ирээд авчих” гэхээр нь ...би өөрийнхөө улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Раум машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны сургуулийн автобусны буудал дээр очиж Зг авсан. З “би нэг архи уучихмаар байна, тантай юм ярьж, асуух юм байна” гэхээр нь би 0,33 литрийн архи авч өгье гэхэд нэг мөсөн 0,5 литрийн архи авчих гэж хэлсэн. Би дэлгүүрээс 0,5 литрийн “Ерөөл” архи аваад Зтай хамт 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овооны 19-ийн 140 тоот гэртээ ирээд бид хоёр манайд архийг ууж дуусгаад З 11 цаг 10 минутын үед манай гэрээс ганцаараа гараад явсан. З нь  надад “би архи ууж байгаад хүн хутгалчихсан, хутгалсан үгүйгээ ч сайн мэдэхгүй  байна”, би одоо яах уу, би гэхдээ хүн гэмтээснээ мэдээгүй байсан юм” гэж ярьсан. Чи цагдаад үнэнээ л хэл гэж хэлсэн. Хэнийг яаж гэмтээсэн  тухайгаа бол  надад яриагүй. Гэхдээ ууж байхдаа хүн хутгалсан гэж хэлэхээсээ өмнө би шоронд явчихвал яах уу, намайг явчихвал та эргэж очих уу гэх мэт сонин юм яриад байсан. З тэр хүнийгээ нас барсан гэж надад хэлээгүй. Би Зг худлаа яриад надаас хэдэн төгрөг авах гэж байгаа юм байх, хэрэв хүн хутгалсан бол тэр хүн нь цагдаад гомдол гаргамаар юм гэж дотроо бодсон. Тэгээд цагдаад чи үнэнээ хэлсэн нь дээр байх шүү гэж Зд би хэлсэн. З заримдаа надад худлаа хэлдэг байсан.” гэх мэдүүлэг (1хх-ийн 70-71,3хх-ийн 62-63х),

Гэрчын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын үед би таксинд явж байгаад З гэдэг эмэгтэйтэй анх танилцсан. З Баруун салаанд гэр лүүгээ такси авч хүргүүлж байсан. Тэрнээс хойш Зтай утсаар яриад холбоотой байдаг байсан. Сүүлийн 2-3 сараас З над руу залгахаа больсон байсан, бид хоёр уулзаагүй. Гэтэл өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед над руу З утсаар яриад “Баяраа ахаа таксины мөнгө өгөөч” гэхээр нь “хүрч ирээд ав” гэж хэлсэн. Би Зүүн салаанд айлын хашаа түрээслээд амьдарч байсан болохоор гэрийн хаягаа Зд зааж өгөөд хүрээд ирлээ гээд утсаар ярьсан. Хашаанаас гарч ирэхэд саарал өнгийн Соната 5 байсан уу, 6 маркийн машинтай ирсэн байсан. Уг таксигаар дэлгүүр явж манай гэрийн ойролцоо дэлгүүр лүү ороод өөрт байсан 20,000 төгрөгийн 8,500 төгрөгөөр 0,5 литрийн 1 шил “Хараа” архи аваад үлдсэн 11,500 төгрөгийг Зд өгсөн. Тэгээд З мөнгөө аваад таксины жолоочтой яваад өгсөн. ...Би тэр үед согтуу байсан, би дэлгүүрээс архиа авчхаад гэртээ орж ирэхэд З намайг дагаж орж ирээд “дүүгээ шоронд эргэнэ биз дээ, эргэж очоорой” гээд байсан. Би гайхаад юу гээд балайраад, солиороод байгаа юм гэж хэлээд тоогоогүй. Тухайн үед юу болсон талаар сайн лавлаж асуугаагүй, учрыг нь ойлгоогүй. З манай гэрт дөнгөж орж ирчхээд гараад явсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 73х),

Гэрч*******ын: 2021 оны 11 дүгээр сарын 02, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  агуулгын хувьд харилцан зөрүүгүй өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн эзэмшлийн 72-72 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслээ унаад явж байтал... гудамжны дээрээс 1 эмэгтэй хүн уруудаж ирээд таксинд явах уу гэж надаас асуухаар нь би явна гэж хэлээд машиныхаа хойд талын суудал дээр суулгасан. Тэгээд тэр эмэгтэй Зүүн салааны хоёр дугаар буудал орно гэж хэлэхээр нь Зүүн салаа руу явсан ба тэр эмэгтэй нэлээн согтуу, төрсөн өдөр тэмдэглэчхээд явж байна гэж хэлсэн. Тэгээд Зүүн салааны хоёрдугаар буудал дээр очоод Баялаг гэсэн хүнсний дэлгүүрийн урд талаар дээшээ гудамжаар өгсөөд 1 хашааны гадаа зогссон. Тэгтэл намайг 20 минутын дараа ирээд авчхаарай гэж хэлэхээр нь би түүнд өөрийнхөө гэж дугаараа өгсөн. Би урагшаа Хилчин хотхоны урд байх дүү Ариунболдын гэрт очиж машины амортизатор авчхаад Төв аймгийн унаанд суулгах гээд 21 дээр явж байтал нэг танихгүй дугаар залгатал нөгөө согтуу эмэгтэй хүрч ирээд авчих гэж хэлэхээр нь очиж авсан. ... Би нөгөө амортизаторыг нь Төв аймгийн унаанд суулгачхаад нөгөө эмэгтэйгээс хаа хүрэхийг нь асуухад Баруун салаа орно гэж хэлсэн. Тэр миний хажуу талд сууж байхдаа унтаад явсан ба Баруун салаа орж байхдаа сэрээгээд хаа хүрэх юм гэж асуутал би Хилчин орох байсан ш дээ гэж хэлсэн, тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж асуутал за за харьчихъя гэж хэлсэн. Тэгээд Баруун салааны хуучин эцсээс ертөнцийн зүгээр зүүн тийшээ гудамжаар дээшээ өгсөөд 1 буудал хэртэй яваад зогссон. Тэгээд миний машинаас буухаар нь би хойноос нь чи төрсөн өдөр тэмдэглэсэн юм бол хоёулаа ганц хоёр пиво уух уу гэж асуутал тэгье гэж хэлээд миний машинд буцаж суухаар нь би зам руу ороод ертөнцийн зүгээр хойшоо яваад нэрийг нь санахгүй байна, дэлгүүрээс Нийслэл нэртэй пиво 4 лаазыг аваад буцаад гэрийнх нь гадаа ирсэн. Би түүнд хандаж танай гэрт ороод уучих уу гэж асуухаар нь манайх засвартай заваан байгаа гэж хэлэхээр нь зүгээрээ гэж хэлээд түүний хамт байшинд нь орсон. ...Ороход тамбарын өрөө нь цус болчихсон, тэрийг нь арчсан бололтой хүний гутлын мөрөнд наалдаад хатсан бололтой мөрнүүд байсан. Үүдээр нь ороод гал тогооных нь өрөөнд суухад пийшингийнх нь хажуу талд цус болоод тэрийг нь арчсан байдалтай захалсан мөр байсан. Мөн цаана нь байсан өрөөний наагуур нь хөшиг унжуулаад орхичихсон, мөн хөшигний наад талаар одоо бодоход хаалга шиг юмаар хөндлөн хүн оруулахгүй гэсэн бололтой хаалт хийчихсэн байсан. Түүний дараа би яг 1 лааз пиво уучхаад дараагийнхаа пивыг уугаад талдаа орж байтал 15 цагийн орчим 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд нөгөө эмэгтэйг “ууж идлээ эмэгтэй хүн байж арчаагүй юм, гэр орноо цэвэрлээч” гэж хэлсэн. Мөн намайг хэн юм гэж асуухаар нь би хоёр хоорондоо танилцсан. Мөн тэр эрэгтэй дүүгээ архины асуудалтай гэж хэлж байсан. Удалгүй нөгөө эрэгтэй мөнгө өгөөд архинд явчхаад ир гэж хэлэхээр нь би дэлгүүрээс 0.5 литрийн ерөөл нэртэй архи аваад хашааных нь гадаа очоод нөгөө эмэгтэйн утас руу залгаад гарч ирж архиа ав гэж хэлээд гарч ирэхээр нь өгчхөөд яваад өгсөн. Намайг явсан хойно хэд хэдэн удаа залгахаар нь би утсаа аваагүй юм. ...Бид хоёр пиво ууж байхад тэр эмэгтэйд ямар нэгэн юм огт анзаарагдаагүй, харин түүний ах нь орж ирэхэд тэр эмэгтэй сандарсан байдалтай гэр орныхоо эд зүйлүүдийг цэгцэлж янзлаад байсан. ...Миний машинд явж байхдаа янз бүрийн зүйл яриагүй унтаад өгсөн. Харин ажиглаж харахад шөнө унтаагүй бололтой нүд нь бүлцийчихсэн байсан. Мөн гэрт нь тамхи татаж байгаад пийшин рүү нь алхтал нөгөө өрөөнийхөө урд зогсчхоод намайг буцаад явахад хажууд ирээд суусан. Мөн гадаа гарч бие засах үед хүртэл дагаж босоод нэг л сонин байгаад байсан юм. Дараа нь түүний ах нь ирээд загнахад яг нөгөө хаалт хийсэн өрөөнийхөө хөшгийг гараараа янзлаад хүмүүсээс нэг л юм нуугаад байгаа бололтой зогсоод тэндээсээ хөдлөхгүй байгаад байсан. Надад ийм л зүйл ажиглагдсан” гэх мэдүүлэг (1хх-ийн 78х, 3xх-ийн 65-66х),

Гэрчн: “...Би М.Л гэх хүнийг танихгүй, харин М.З гэж хүнийг хоёр удаа таксигаар баруун салаанд, баянхошууны 7-р хороо нуур луу өгсөөд нэг айлд хүргэж өгсөн. Тэгээд таксны шаардлага гарвал эгч нь дуудна, дуудсан үедээ мөнгөө нугалж өгч байна гэж хэлсэн. Өөрөөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Тэр өдөр орой намайг унтаж байхад барагцаагаар 01 цагийн орчимд шиг санагдаж байна, М.З гэгч хүн юнителийн дугаараас миний 86243243 гэсэн дугаар луу залгаж орж ирээд “чи эгчийн дүү таксинд явж байвал яаралтай манайд хүрээд ир, манайд хамт архи ууж байсан хүмүүс хоорондоо маргалдаад нэгнээ хутгалчихлаа” гэсэн. Би тийм юманд очихгүй, та түргэн, цагдаа яаралтай дууд гэж хэлсэн. З нь согтуу байсан, уйлсан юм уу гэмээр сонсогдож байсан, хажууд нь эмэгтэй хүүхэд уйлаад байсан. Ямар ч байсан байшин, гэр дотор яриагүй, гадна явж байна гэж бодсон” гэх мэдүүлэг (3хх-ийн 94х),

Гэрч Б.Л-Очирын: “...Би М.Зтай 2018 оноос 2019 оны хооронд уулздаг байсан юм. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Тэгээд 2020 оны эхээр түүнээс салсан юм. З ах дүү нартайгаа таарамж муутай байдаг байсан, ялангуяа тэр Л гээд төрсөн ахтайгаа байнгын хэл ам хэрүүл хийдэг, нэгэндээ буулт хийж өгдөггүй байнга муудалцдаг юм. З өөрөө ч мөн адил их архи уудаг болохоор би түүнээс холдоход нөлөөлсөн юм. 2020 оны 10 дугаар сарын 30-ны үдээс хойш 16-17 цагийн орчим Згийн эгч Э- над руу залгаад, З хүн амины хэрэгт холбогдсон байна, чи одоо уулзаарай гэж мессеж бичсэн байсан. Би тэрнийг нь харчхаад огт очиж уулзаагүй. ...Тэрнээс өмнө 10 дугаар сарын 29-ний орой 22-23 цагийн орчим З над руу өөрийнхөө 862009-тэй дугаараасаа уучихсан бололтой согтуу залгаад намайг хүрч ирээд авчхаач, эгчийнд хүргээд өгчхөөч гэж хэлж байсан. Би ажилтай чадахгүй гэж хэлэхээр дахиж залгаад хүргээд өгчхөөч гээд гуйгаад байсан. Мөн утсаар ярьж байхдаа цаана нь юу ч сонсогдохгүй нам гүм, чимээ шуугиангүй, өөрөө уйлаад байсан. Би өөрөө тухайн үедээ ажилтай байсан болохоор нээх тэрнийг тоогоогүй, ямар ч л байсан яаж ийж байгаад хүргээд өгөөч гэж гуйгаад байсан. ...З нь сүүлд дасаад ирэхэд их архи уудаг, их худлаа ярьдаг эмэгтэй хүн байсан, уусан үедээ их авиргүй муухай зүйл их ярьдаг юм. Сүүлд надаас салснаас хойш Б гэдэг залуутай найзалж байгаа их дажгүй хүн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3хх-ийн 96х),

Гэрч Б.Э-ын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...өнгөрсөн 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад  манай төрсөн дүү Л над руу согтуу залгаад “энэ З чинь  энд бөөн хэрэг  тарьчихсан байна,  та ирээч” гэж хэлэхээр нь  согтуудаа янз бүрийн  юм ярьж байна  гэж бодоод  утсаа салгаад  унтаад өгсөн юм. Тэгтэл маргааш өглөө 31-ний өглөө гэрт нь  яваад очиход  олон цагдаа нар ирчихсэн байсан. Цагдаа дээр  байхад би Згаас өөрөөс нь  юу болсон юм бэ  гэж асуухад  З надад “хутга дээр  уначихсан юмаа” гэж хэлж байсан юм. Л, З нар миний доод талын дүү нар, хоорондоо таарамж муутай хүмүүс. Л Зг хүчирхийлж байсан асуудал байхгүй,  би сонсож байгаагүй.  Ахын хувьд дүүдээ л юм хэлдэг юм” гэсэн мэдүүлэг (2хх-ий 188х)

 

Гэрчын: “...*******ийн З, *******ийн Л нар нь манай эхнэр Э-ын төрсөн дүү нар нь, би хүргэн ах нь байгаа юм. Өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой намайг ажил тараад гэртээ ирээд 19-20 цагийн орчим гэртээ байж байхад манай эхнэрийн дүү Л манай эхнэр Э-ын утас руу залгасан юм. Тэгтэл манай эхнэр удалгүй “эд нар чинь юу яриад байгаа юм бэ” гэхээр нь би утсыг нь аваад ярихад Л надад хандаж “энэ З чинь хүн алчихсан байна, тар нар хүрээд ир” гэж хэлсэн. Тэр үед гадаа их муухай байсан, мөн унаагүй байсан болохоор “бид нар наана чинь яаж очдог юм битгий солиороод бай, согтуу байгаа юм уу” гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш дахиж яриагүй, маргааш өглөө нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Сэлэнгэ аймгаас Ариунаа залгаад танай хашааны гадна баахан цагдаагийн машин тэрэг болчихсон байна, ойр хавийн хүмүүс хэлж байна гэж ярихаар нь эхнэр бид  хоёр цагдаагийн хэлтэс дээр 09 цаг өнгөрч байхад ирэхэд Д-, З, Л нар ирчихсэн байсан. Гэхдээ бид хоёр уулзаж чадаагүй...” гэх мэдүүлэг (3хх-ийн 98х),

Гэрчгийн: “...Би Цагдан хорих хаалттай 0461-р ангид төлөөлөгчөөр ажилладаг юм. ... Манай ажлын үндсэн чиг үүрэг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хоригдогч нарын зүгээс гэмт хэрэг дахин гаргахгүй байх тал дээр уулзаж ярилцаж, зөвлөгөө өгч сэтгэл зүйн засал өгдөг юм. Би хамгийн анх 2020 оны 11 дүгээр сард М.Зг дуудаж уулзаад ямар хэрэг үйлдсэн, ямар хэргээр холбогдож байгаа билээ гэж асуухад би хүн амины хэрэгт холбогдсон, хамтран амьдрагчийнхаа аминд хүрсэн гэж хэлээд уйлж байсан. Би тэр үед ангийнхаа дотоод журмыг танилцуулаад тантай адилхан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байгаа, тантай адилхан гэр бүлтэй зөндөө олон хүмүүс байгаа болохоор аль болох тайван байж бусдадаа битгий садаа болоо гэж зөвлөгөө өгч анх уулзаж байсан юм. ...Түүний дараа би яг өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна, анх уулзсанаас хойш хэд хоногийн дараа дахиж Зтай уулзахад би гэмт хэрэг үйлдсэн, би амиа хорломоор байна, би 2 хүүхэдтэй аав ээж маань Сүхбаатар аймагт байдаг гэх зүйл ярьж байсан. Тэр үед нь мөн адил сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд гаргаж байсан юм. ...Түүний дараа бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нар З уйлаад байна сэтгэлзүйн байдал нь хэвийн бус байна гэж хэлэхээр нь би өрөөндөө дуудаж уулзахад би тайвширч чадахгүй байна, сэтгэлдээ байгаа юмаа ярихгүй бол тайвшрахгүй байна гэж хэлсэн. Би яасан юу болов гэж асуухад манай ах энэ хэргийг үйлдсэн, тэр хоёр гадагшаа гарч яваад манай нөхөр орж ирэхдээ хутгалуулчихсан орж ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3хх-ийн 105х),

Гэрчийн: “...Би *******ийн Зг танина, өнгөрсөн 2021 оны 08 дугаар сарын эхээр танилцаж байсан юм. Би зурагтын шинэ эцсийн орчим архи авах гээд явж байтал нэг эмэгтэй хүн том пиво барьчихсан энийг зарах гэсэн юм гээд барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би авъя гэж хэлээд мөн 100 татах уу гэж асуутал тэгье гээд манай найзын хөлсний байр болох зурагтын орчим байх нийтийн байранд ууж танилцаж байсан юм. Бид хоёр уулзаад ярилцаж байхдаа архи уухаа болъё нийтийн байр түрээслээд хамт амьдаръя гэж ярилцаж байсан. Мөн намайг согтуу байхад би хэрэгт холбогдсон байгаа, цагдаа нар эвгүй байгаа шүү, хоёулаа гялс байр хөлслөөд амьдаръя гэж З надад хэлж байсан. Би яг юу юм бэ гэж асуухаар тэрийгээ надад нуугаад хэлэхгүй, ямар ч байсан цагдаагаас тиймэрхүү асуудалтай байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3хх-ийн 68х),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2297 дугаартай шинжээчийн:

“1. Талийгаач С.Бийн цогцост зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн ба өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний зүүн урд дээд хэсгээр зүрхний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн урд хана ба өвчүүний шарх орчмын булчингийн цус хуралт, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт (250 гр), зүрх чихэлдэлт, цээжний зүүн хөндийн цус хуралдалт (450мл) бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхэлд нөлөөлсөн байна.

2. Дээрх гэмтэл нь нас барахын өмнө үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн бодисын зүйл илрээгүй байна.

5. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь цээж, үнхэлцэг, зүрхний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийн цус хуралдаж, зүрх чихэлдэлт болсны улмаас нас баржээ.

7. Талийгаач нь 2020.10.31-ний өдрийн 14 цаг 45 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 24 цагаас дээш болсон байна...” гэх дүгнэлт (1хх-ийн 195-199х),

Шинжээч Ц.Нийн: “...амь хохирогчид учирсан дээр гэмтэл нь  хурц ир үзүүртэй  зүйлийн нэг  удаагийн үйлчлэлээр цээжний зүүн  хэсэгт  урдаас арагш,  доороос дээш  ташуу чиглэлтэй  цээжний  хөндий рүү нэвтэрсэн  хатгагдаж зүсэгдсэн  шарх байсан. Уг гэмтлийг авснаас хойш  цус алдсаны улмаас  зүрх  цусан хангамжгүй болох хүртэл  харилцан адилгүй хугацааны буюу  зарим тохиолдолд  1-10 минутын  хугацаанд бусадтай ярих, идэвхтэй  өөрөө хөдөлгөөнд хийгээд  явж болно.  Зарим тохиолдолд  газар дээрээ 1-3 минутын  дотор ч  нас барж болно. Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг цогцосны гадна үзлэг хийгдэж байхад тогтоосон байсан. Амь хохирогчид учирсан гэмтлийг тонгойсон байрлалд, хэвтээ байрлалд, босоо байрлалын алинд ч үүснэ. Харин хутган дээр унахад үүсэх боломжгүй. Хутга нь газар гозойгоод байж байна гэж шинжлэх ухаанд заасан ойлголт байхгүй. Амь хохирогч /171 см орчим өндөр/ болон шүүгдэгч /155см  орчим өндөр/ нарын өндрөөс үзэхэд амь хохирогчид учирсан шархны байрлал учрах боломжтой. Урдаас арагшаа, доороос дээш чиглэлтэй 8 сантиметр гүн цээжний гүн рүү нэвтэрсэн шархтай байсан. Шарх нь өвчүү, хавирганы завсар ороод зүрх рүү орсон шарх байсан.  Уг шарх нь яс таараагүй, яс хугараагүй тул механик хүч шаардахгүй гэж ойлгож болно. Хутганы иртэй тал цагийн зүүгээр 5 цагийн байрлалд харсан байсан. Иртэй тал нь 11 цагийн байрлалд харсан байсан. Зүүн доош чиглэлтэй, 5 цагийн байрлалтай гэж ойлгож болно гэсэн мэдүүлэг (1хх-ийн 206х, шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4366 дугаартай:

“1 Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн ...хар өнгийн ханцуйгүй үргэлж цамц дээр ...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт ...гэмтэл байна...” гэх дүгнэлт (1xх-ийн 128-130х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6007, 6008, 6009, 6010, 6011, 6012, 6013 ,6014, 6015, 6016, 6019 дугаартай дүгнэлтүүдээр:  хэргийн газраас хураан авч шинжилгээний байгууллагад явуулсан эмэгтэй хүний болон эрэгтэй хүний хувцас, гутал, пүүз, шал, хана,  хөнжил, хүүхдийн ваннд байсан шингэн зүйлээс марльд шингээн авсан цус мэт хүрэн өнгийн зүйлээс цус илэрсэн, илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цусны  ДНХ-ийн тогтоц илэрсэн ба С.Б гэж хаягласан цусны  ДНХ-ийн  тогтоцтой тохирч байгаа” нь тэмдэглэгдсэн. (2хх-ийн 76-77х, 85х, 93х, 101х, 109х, 117х, 125х, 133х, 141х, 148-149х, 157-159х)

М.Згийн нокиа маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл:

“...М.Зг оролцуулан nokia гэсэн бичиглэлтэй гар утсанд үзлэг хийхэд  нүүр хэсэг хар өнгийн зүйлээр бохирлогдсон, хойд талын таг байхгүй утас байх ба гар утсыг асааж үзэхэд хэвийн ажиллагаатай,  ногоон товчлуур дээр дарахад  орж ирсэн дуудлага болон гарсан дуудлагуудын дугаар байв.

-2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө 01 цаг 10 минутад гэрч*******ын******* дугаар луу 2 минут 35 секундийн дуудлага хийгдсэн,

-2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  09 цаг 13 минут, 09 цаг 17 минут, 09 цаг 29 минут, 09 цаг 38 минут, 09 цаг 41 минутад 01:09 секунд, 01:03 секунд, 15 секунд, 15 секунд, 24 секундийн хугацаанд гэрч М.Лдоржийн 99128092 дугаар  хооронд дуудлага хийгдсэн,

-2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 55 минут, шөнийн 00 цаг 13 минутад гэрч Б.Л-Очирын дугаар луу  2 удаа залгасан боловч аваагүй,

-2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутад гэрчын дугаар хооронд 19 секундийн дуудлага хийгдсэн,

-2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 24 минутад гэрч С.Дархижавын 96090596 дугаараас 2 удаа залгасан боловч аваагүй” гэж тэмдэглэгдсэн. (3хх-ийн 53х),

Шүүгдэгч М.Згийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагчаар өгсөн /өмгөөлөгч А.Буяндэлгэр оролцсон/: “...Тухайн үедээ хутгалуулчхаад юм ярьж байсан, хутга сугалж авсны дараа сайн юм ярьж чадахгүй байсан. Сугалсны дараа цус их алдаад байсан ба цус нь тогтохгүй байсан. Тэгээд 30 орчим минут болсны дараа миний гараас татаад юм ярихгүй байхаар нь оронд хэвтүүлээд би хажуугаар нь ороод хэвтсэн. Өглөө 07 цагт сэрэхэд Б нас барчихсан байсан. Хөдлөөд босож явж чадахгүй байсан. ....Би бусад хүмүүст хутгалсан гэж хэлээгүй. Харин алчихлаа л гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (3хx-ийн 34-36х, 80-82х) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас дараах хэд хэдэн асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах тухай саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

1. Улсын яллагчийн нотлох баримтаар тооцоод байгаа гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, уг зөрүүг арилгах шаардлагатай гэх асуудлын тухайд:

Дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэхэд, шүүгдэгч М.З нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хамтран амьдрагч С.Бтэйгээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хүүхдээ цэцэрлэгээс 17:30 минутаас авах явцдаа дахин 2.5 л пиво авч нэмж ууцгаасан байх бөгөөд тэрбээр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө  01 цаг 10 минутад гэрч*******ын******* дугаарын утас руу дуудлага хийж ...нэлээн халамцуу, мөн сандрангуй өнгөөр “би З байна, би нөхрийгөө буюу  Баатарааг хутгалчихлаа, одоо яах бэ, та хүрээд ирээч” гэж хэлсэн болох нь гэрч*******ын мэдүүлэг, М.Згийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр, 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 22-23 цагийн орчимд уучихсан, согтуу “намайг хүрч ирээд авчхаач, эгчийнд хүргээд өгчхөөч” гэж байн байн залгаж гуйж байсан, утсаар ярьж байхдаа цаана нь юу ч сонсогдохгүй нам гүм, өөрөө уйлаад байсан болохыг гэрч Б.Л-Очирын мэдүүлгээр, мөн гэрч руу тус орой шөнийн 01 цагийн орчимд З нь “манайд хамт архи ууж байсан хүмүүс хоорондоо маргалдаад нэгнээ хутгалчихлаа” гэж согтуу, уйлсан юм уу гэмээр өнгө аястай ярьсан болохыг гэрч нь гэрчилж мэдүүлсэн байна.

Харин маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өглөө М.З нь 09:13 минутаас 09:41 минутын хооронд 5 удаагийн дуудлагыг хийж гэрч М.Лдоржтой удаа дараа ярьсан асуудал нь түүний утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаас гадна гэрч М.Лдоржид тантай ярих, асуух юм байна гэж дуудан ирүүлж, архи авхуулж уусныхаа дараагаар “би архи ууж байгаад хүн хутгалчихсан, хутгалсан үгүйгээ ч сайн мэдэхгүй байна, би одоо яах уу, би гэхдээ хүн гэмтээснээ мэдээгүй байсан юм” гэх байдлаар ярьж уулзаж байсан нь гэрч М.Лдоржийн мэдүүлэгт тусгагдсан, улмаар гэрч М.Лдоржтой уулзсаны дараагаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутадтай холбогдон ярьж, уулзан “дүүгээ шоронд эргэнэ биз дээ, эргэж очоорой” гэх байдлаар ярьж явсан нь гэрч, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудтай байна.

Энэ байдлаас үзвэл, шүүгдэгч М.З амь хохирогч С.Бтэй хамт архи уух явцдаа хутгалсан асуудлаа гэрч*******, М.Лдорж, д нарт хэлж, ярьсан байх бөгөөд тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг  агуулгын хувьд зөрүүгүй, нэгнээ нотолсон шинжтэй байгаагаас гадна шүүгдэгч М.З нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 09 цагаас 13:30 цаг хүртэл хойш гадуур явсан, сэтгэл санаа нь тогтворгүй байсан болохыг гэрчилсэн гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн гэрч******* нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өглөөнөөс эхлэн такси үйлчилгээнд явах явцад 11 цагийн орчимд шүүгдэгч М.З нь түүнийг Зүүн салаа явах уу хэмээн ирж үйлчлүүлсэн, тэрбээр Зүүн салаанд очиж нэг айлд үлдсэн /гэрчынд/ байх бөгөөд удалгүй******* луу залгаж дуудан ирүүлж гэртээ хүргүүлсэн төдийгүй нийлж Згийн гэрт пиво ууцгаасан, тэрбээр*******т хүний төрсөн өдөр тэмдэглээд гэх байдлаар ярьж явсан байх ба гэрт нь ороход ойр орчим бохир, энд тэнд цус мэт зүйл үзэгдэж байсан, хүн амьтан байгаагүй, харин нэг өрөөг хаалт хийж тусгаарласан байдалтай, босож явахаар дагаж босох, гарахаар дагаж гарах зэргээр нэг юм нуугаад байх шиг анзаарагдсан, энэ үед нэг хүн орж ирсэн түүний ах гэж танилцуулсан, тэр ахыгаа орж ирэхэд сандраад эхэлсэн, хаалтныхаа урд очиж зогсоод байсан гэх байдлаар мэдүүлсэн байна.

Үүний дараагаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны орой 22-23 цагийн хооронд шүүгдэгч М.З нь өөрийн ах М.Лтай архи ууж сууж байхдаа энэ асуудлыг мөн хэлж “Би Бийн найзыг алчихлаа, дүү нь хүн алчихлаа, одоо яах вэ” гэсэн байдлаар ярьсныг гэрч М.Л нь цаашаа 102-т дуудлага өгөх, гэрч Д.Дид хэлэх, гэрч М.Э-, ... гэсэн байдлаар гэрч нарын мэдүүлгүүд /дээр дурдсан/ -ээр үргэлжилж .... тухайн гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож ирсэн байна.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг хоорондоо зөрүүтэй гэж үзэх боломжгүй, тэдгээрийн зарим нь шүүгдэгч М.Згаас шууд сонсож мэдсэн гэрч бол, зарим нь М.Лар дамжуулж мэдсэн гэрчүүд байх бөгөөд өөр өөрсдийн сонсож мэдсэн хэмжээнд мэдүүлэг өгцгөөсөн, эдгээр гэрч нарын мэдүүлэгт цаг хугацааг их, бага хэмжээгээр зөрүүтэй байдлаар ярьсан ч, үйл баримтын агуулгын хувьд нэг л зүйлийн талаар мэдүүлцгээсэн байх тул тэдгээрийн мэдүүлгийг ноцтой зөрүүтэй гэж үгүйсгэх үндэслэлгүй болно.

Мөн Згийн харилцсан гэрч*******, М.Лдорж,, гэх хүмүүс нь М.Зг таньдаг, өмнө харилцаж байсан хүмүүс байх бөгөөд тэдгээр нь гэрч*******ыг таньж мэдэхгүй гэдгээ мэдүүлэгтээ мэдүүлсэн байх ба шүүгдэгч М.З ч мөн хэрэг үйлдсэн даруйдаа өөрийн аав, ээж, эгч, ахдаа хэлэхээсээ илүүтэйгээр эдгээр хүмүүстэй холбогдож дуудлага хийж байсан нь түүний утасны тэмдэглэлээс харагдах тул*******ыг эдгээр гэрч нарт үг зааж өгсөн, үгсэн хуйвалдаж М.Зд хэрэг тохсон гэж таамаглан дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч М.З нь цагдан хорих төвд хоригдож байхдаа сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж буй гэрчтэй 3 удаа уулзаж байсан байх ба тэрбээр эхний 2 удаа уулзахдаа “хүн алсан, амьдрах хүсэлгүй байна, амиа хорломоор байна гэх” байдлаар хандаж байсан бол сүүлдээ уг мэдүүлгээ өөрчилж “энэ хэргийг ах үйлдсэн, би үйлдээгүй” гэх байдлаар ярьж байсан гэснийг гэрч мэдүүлсэн ба түүний энэхүү мэдүүлгийг тухайн хэрэг гарах үед гэрчээр мэдүүлэг өгч, хэргийн үйл баримтын талаар нотолж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулах, адилтгаж авч үзэх боломжгүй тул бусад гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй гэж үзээгүй болно.

Үүнээс гадна шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэрч Б.Э-, нарын мэдүүлэг нь гэрч*******ын мэдүүлгээс цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж байгаа боловч тэдгээр гэрч нар нь мэдүүлэгтээ “...дүү Л согтуу утасдаад “энэ З чинь хэрэг тарьчихсан байна, хүн алчихсан байна, та нар хүрээд ирээч” гэж ярьсан, бид “юу солиороод байгаа юм” гэж хэлээд утсаа салгаад унтаж амарсан гэж ижил байдлаар мэдүүлсэн ба харин*******ын утсаар ярьсан гэх цаг хугацаг гэрч Б.Э- нь “2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед ярьсан” гэж мэдүүлсэн бол, гэрч нь “2020 оны 10 дугаар сарын 31-ний орой ажил тараад ирэхэд 19-20 цагийн орчимд ярьсан, маргааш нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө цагдаагийн хэлтэс дээр очсон” гэх байдлаар мэдүүлсэн нь өөр хоорондоо огноо, цаг хугацааны хувьд өөрөөр мэдүүлсэн байна. Гэвч эдгээр гэрч нар нь*******ын утсаар ярьж хэлсэн гэх зүйлийн агуулгын талаар зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй байх ба харин*******ын утсаар ярьсан гэх өдрийг, цагийг зөрүүтэй байдлаар мэдүүлсэн нь хэргийн үйл баримтад ноцтой нөлөөлөхөөргүй байна гэж дүгнэх үндэслэл болсон.

Мөн гэрч нь “...2020 оны 10 дугаар сарын 30-ны орой 20-21 цагийн үед З утсаар яриад “зуух зараад үлдсэн 40,000 төгрөгөө авъя” гэхээр нь “ирээд ав” гэж хэлэхэд удалгүй З нэг эрэгтэй хүнтэй хамт ирээд 40,000 төгрөгөөр аваад явсан. Хамт явсан эрэгтэй хүнээ манай ах байгаа юм гэж З хэлж байсан. З надтай хэрүүл маргаан, зодоон болсон талаар яриагүй” гэж  мэдүүлсэн (1хх-ийн 77х) мэдүүлгээс үзвэл, шүүгдэгч М.З нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бус 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр*******ын хамт очиж мөнгө авсан болохыг давхар гэрчилсэн гэж үзэх үндэстэй байна.

Хэргийн газарт үзлэг хийх явцад бэхжүүлж, хураан авсан М.Згийн  болон С.Б нарын хувцас, гутал, пүүз, хөнжил, угаасан гэх шалнаас авсан арчдас зэргээс илэрсэн цусны ДНХ нь амь хохирогч С.Бийнхтэй тохирсон байна.

Иймээс дээрх нотлох баримтуудыг хоорондоо зөрүүгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч М.З нь өөрийн хамтран амьдрагч С.Бийг архи ууж согтуурсан үедээ алсан байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн болохыг дурдах зүйтэй.

2. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг сайтар тогтоож чадаагүй гэх дүгнэлтийн тухайд:

Гэрч М.Л нь өөрийн******* дугаараас “манай дүү алсан байна” гэх дуудлагыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний 01 цаг 16 минут 30 секундэд цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын төвд өгсний дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шүүгдэгч М.З, амь хохирогч С.Бийн нарын амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 18а тоотод хэргийн газрын үзлэгийг 2020 оны 10 дугаар сарын 31-ний үүрийн 05 цаг 45 минутад эхэлж, 09 цаг 10 минутад дуусгасан, улмаар цогцост 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг 30 минутад үзлэгийг хийсэн ба амь хохирогчийн нас барсан хугацааг 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж тэмдэглэснээс гадна цогцост задлан хийсэн шинжилгээ, шинжээчийн мэдүүлэгт зэрэгт тусгагдсан байна.

Тэгэхээр амь хохирогч нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутаас өмнө нас барсан байна гэж тооцоолохоор байна.

Мөн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн М.Л, Ш.Н нар нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 09-10 цагийн хооронд дүү М.Згийн гэрт пийшин авах зорилгоор очиход гэрт шүүгдэгч М.З, амь хохирогч С.Б нар нь хамтдаа байсан, хүүхдээ цэцэрлэгт өгсөн гээд байж байсан талаар мэдүүлснийг шүүгдэгч М.З нь үгүйсгээгүй төдийгүй М.Л, Ш.Н нарыг гарсны дараа амь хохирогчтой хамт гарч 05 гр архи авч уусан, 17 цаг 30 минутад хамтдаа гарч хүүхдээ цэцэрлэгээс нь авах үедээ дахин 2.5л пиво авч 18 цагийн орчимд гэртээ орж ирсэн талаар мэдүүлсэн байх ажээ.

Түүнчлэн гэрч*******ын мэдүүлэгт “...2020 оны 10 дугаар сарын 29-ний нэлээн орой утсанд нь моби болон юнителийн дугаараас нэлээн хэдэн удаа залгасан байхаар нь зөрүүлээд залгатал З байсан, нэлээн халамцуу, мөн сандрангуй өнгөөр “би нөхрийгөө,ааг хутгалчихлаа, одоо яах бэ, та хүрээд ирээч” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч М.Згийн нокио маркийн утсанд үзлэг хийхэд “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө 01 цаг 10 минутад гэрч*******ын******* дугаар луу 2 минут 35 секундийн дуудлага хийгдсэн” болох нь тэмдэглэгджээ.

Гэрч Б.Л-Очирын мэдүүлэгт “...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 22-23 цагийн орчим З над руу өөрийнхөө 862009-тэй дугаараасаа уучихсан бололтой, согтуу залгаад “намайг хүрч ирээд авчхаач, эгчийнд хүргээд өгчхөөч” гэж хэлж байсан. Би ажилтай чадахгүй гэж хэлэхээр дахиж залгаад хүргээд өгчхөөч гээд байсан. Мөн утсаар ярьж байхдаа өөрөө уйлаад байсан” талаар мэдүүлсэн байна.

Иймээс анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, хэргийн газрын үзлэг хийсэн хугацаа, цогцост үзлэг хийж амь хохирогчийн нас барсан хугацаа тогтоосон байдал, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлэг зэргээс үзвэл, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагаас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөрт шилжих шөнийн 01 цаг 10 минут хүртэл хугацааны хооронд амь хохирогч С.Бийн амь нас хохирсон байна гэж үзэхээр байна.

3. Гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй гэх асуудлын тухайд:

/амь хохирогч С.Бийг М.З алсан эсхүл М.Л алсан, эсхүл хутган дээрээ өөрөө ойчиж гэмтэл авсан гэх байдлаар мэтгэлцсэн/

Шүүгдэгч М.З нь анх мэдүүлэхдээ амь хохирогч С.Бийг  хутган дээр уначихсан, эсхүл хоол хийх гээд хутгатай байхад татаж чангаагаад байсан тул эргэж харахад намайг тэврэх гэж байгаад хутганд дүрэгдчихсэн гэх байдлаар мэдүүлж байсан бол сүүлдээ энэ хэргийг манай ах М.Л нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 19-20 цагийн үед, эсхүл 22 цагийн үед архи уусан байдалтай ирээд амь хохирогчтой маргалдах явцдаа хутгалчхаад явчихсан байсан” гэсэн байдлаар мэдүүлгүүд нь өөрчлөгдөж ирсэн байна. Шүүгдэгчийн мэдүүлэг дараах байдлаар үгүйсгэгдсэн. Үүнд:

а/ Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч Ц.Нээс шүүгдэгчийн мэдүүлэгтэй холбогдуулан “хутга дээр унах, мөн эргэж харахад хутгалдах боломжтой” эсэх талаар тодруулахад шинжээч Ц.Н нь “...Амь хохирогчид учирсан гэмтлийг тонгойсон байрлалд, хэвтээ байрлалд, босоо байрлалын алинд ч үүснэ. Харин хутган дээр унахад үүсэх боломжгүй. Хутга нь газар гозойгоод байж байна гэж шинжлэх ухаанд тодорхойлсон ойлголт байхгүй. Амь хохирогч /171 см орчим өндөр/ болон шүүгдэгч /155см орчим өндөр/ нарын өндрийн харьцаанаас үзэхэд амь хохирогчид учирсан шархны байрлал учрах боломжтой. Хохирогчид урдаас арагшаа, доороос дээш чиглэлтэй 8 сантиметр гүн цээжний гүн рүү нэвтэрсэн шархтай байсан. Шарх нь өвчүү, хавирганы завсар ороод зүрх рүү орсон шарх байсан ба яс таараагүй, яс хугараагүй тул механик хүч шаардахгүй гэж ойлгож болно” гэж мэдүүлсэн.

Иймээс шүүгдэгчийн мэдүүлсэн хохирогч хутга дээр унаад гэмтсэн гэх мэдүүлэг үгүйсгэгдсэн, харин шүүгдэгч, амь хохирогчийн өндөр нам, биеийн харьцаа, шархны чиглэл нь урдаас арагш, доороос дээш чиглэсэн байрлалтай байсан нь хэвтээ, босоо, тонгойсон аль тохиолдолд хутгалах үед үүсэх боломжтой болохыг шинжээч нь дүгнэлтдээ тусгасан төдийгүй мэдүүлэгтээ тодотгож өгсөн тул шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлсэн.

б/ Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “энэ хэргийг М.Л үйлдсэн” гэх асуудлыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд хандаж гаргасны дагаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус хэрэгт хяналт тавьсан прокурор нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2008030791511 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж,*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 07 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн (3хх-ийн 38-39х) байх бөгөөд уг шийдвэрийг шүүхээс үндэслэл бүхий байна гэж үзсэн.

Учир нь, М.Л нь мөрдөн байцаалтад гэрчээр 2, шүүхийн хэлэлцүүлэгт 1 удаа, яллагдагчаар 2 удаа, нийтдээ 5 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг өөр хооронд нь харьцуулан үзэхэд агуулгын хувьд ноцтой зөрүүгүй мэдүүлсэн байна.

Тухайлбал, тэрбээр мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 9-10 цагийн үед эхнэр Ш.Нийн хамт дүү болох М.Згийн гэрт очиж пийшин асуугаад буцаад явсан, энэ үед амь хохирогч С.Б нь гэрт байсан, тэгээд хүргэнийдээ очсон ба машинаа янзлаад гэрээс гаралгүй тэр өдөртөө амарсан, харин маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өглөөгүүр 09 цагийн үед дүүрэг, газрын алба орсон, өдөр 12 цагт хүргэнийдээ ирж байж байгаад хуучин хамт ажиллаж байсан авто баазын хүмүүстэй уулзахаар гарсан, автобусанд суугаад явж байхад дүү Згийн хашааны гадаа жижиг цагаан тэрэг зогсож байхаар нь автобуснаас бууж 15-16 цагийн орчимд Згийн гэрт орсон, тухайн үед амь хохирогч С.Б байгаагүй, харин З нь нэг танихгүй залуутай уугаад сууж байсан, “Бийг хаачсан юм гэхэд ажилдаа явсан гэж хэлсэн”, тэнд байсан залуугаар мөнгө өгч архинд явуулаад, авчирсан архинаас 2-3 татчихаад архиа өвөртлөөд сахал Сүхээ, Э ах нарынхаар орохоор гарсан,  эхлээд сахал Сүхээ ахынд орсон, дараа тэднийхээс гараад Э ахынд очиж хамтдаа архи уугаад орой 22 цагийн үед гарсан, энэ үед автобус унаа зогссон шинжтэй байсан тул эхнэр лүүгээ залгасан, дараа нь цагдаа тааралдсан ба намайг дулаан байранд хонуулна гэхээр нь цагдаагаас гуйж байгаад ойролцоо байх дүү Згийн гэрт очсон, дүүгээрээ архи авхуулаад ууж байхад дүү М.З нь “хүн алсан” талаараа хэлсэн тул цагдаад мэдэгдсэн, ахын хүүхэд болох дүү Д-, эгч Э- нар луу ярьсан  гэх байдлаар мэдүүлж ирсэн байна.

Гэрч*******ын дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон  байна гэж дүгнэсэн. Үүнд,

Гэрч Ш.Нийн “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10-11 цагийн үед Л бид 2 Згийн гэрт очиход З хүүхдээ цэцэрлэгт өгчихсөн гээд нөхөр Бтэйгээ хамт байж байсан, бид пийшин авах гэж очсон ч зарсан гэсэн тул буцаад гарсан, тэгээд Зүүн салаанд хүргэн Санжаагийн  хашаанд портер машинаа засварлаад тэндээ хоносон. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 09-10 цагийн үед Л нь СХД орж шилжүүлэг хийлгэнэ гээд гараад явсан, өдөр 12 цагийн үед ирээд байж байгаад хуучин ажиллаж байсан автобус баазын хүмүүстэй уулзана гээд ганцаараа гараад явсан. Шөнө 22 цагийн  үед Л  над руу яриад “намайг ирээд аваадхаач, би согтуу тасрах гээд байна, Баруун салааны эцэс дээр байна” гэж ярихаар нь би Санжаа ирээгүй байна, чи наанаасаа такси бариад хүрээд ирээ гэж хэлчхээд унтчихсан байсан. Шөнө 23 цаг 30 минутаас 24 цагийн хооронд Л над руу залгаад Баруун салаанд Згийнд ирчихсэн байна, энд нэг хэрэг гарчихсан байна гээд надад юу болсноо хэлэхгүй байсан” гэж,

-Гэрч*******ын: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ... нөгөө эмэгтэйг суулгаад доошоо дэлгүүр орж Нийслэл нэртэй пиво 2 лаазыг авсан. Би түүнээс танайд орж уух уу гэж асуутал манай байшин засвартай байгаа муухай байгаа гэж хэлэхээр нь би зүгээрээ гэж хэлтэл за за тэгвэл оръё гээд орсон. ...би яг 1 лааз пиво уучхаад дараагийнхаа пивыг уугаад талдаа орж байтал 15 цагийн орчим 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд нөгөө эмэгтэйг “ууж идлээ эмэгтэй хүн байж арчаагүй юм, гэр орноо цэвэрлээч” гэж хэлсэн. Мөн намайг хэн юм гэж асуухаар нь би хоёр хоорондоо танилцсан. Удалгүй нөгөө эрэгтэй мөнгө өгөөд архинд явчхаад ир гэж хэлэхээр нь би дэлгүүрээс 0.5 литрийн ерөөл нэртэй архи аваад хашааных нь гадаа очоод нөгөө эмэгтэйн утас руу залгаад гарч ирж архиа ав гэж хэлээд гарч ирэхээр нь өгчхөөд яваад өгсөн. ...Бид хоёр пиво ууж байхад тэр эмэгтэйд ямар нэгэн юм огт анзаарагдаагүй, харин түүний ах нь орж ирэхэд тэр эмэгтэй сандарсан байдалтай гэр орныхоо эд зүйлүүдийг цэгцэлж янзлаад байсан. Ах нь ирээд загнах үед яг нөгөө хаалт хийсэн өрөөнийхөө хөшгийг гараараа янзлаад хүмүүсээс нэг л юм нуугаад байгаа бололтой зогсоод тэндээсээ хөдлөхгүй байгаад байсан. Надад ийм л зүйл ажиглагдсан” гэж,

-Гэрч Б.Э нь “...Би М.Л гэх хүнийг танина. Харин М.З, С.Б гэх хүмүүсийг танихгүй. ...Өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр санагдаж байна, намайг гэртээ байхад орой 19 цагийн орчим гадаа харанхуй болж байхад Л бага зэргийн юм уучихсан бололтой ганцаараа орж ирсэн юм. Тухайн үед бид хоёр 1 шил 0.5 литрийн архи хувааж ууцгаасан. Тухайн үедээ гэртээ харих юм чинь гээд Л алгасаад өнжөөд уугаад байсан ба эхнэр Зүүнсалаанд хүргэнийхээ гэрт байгаа гэж ярьж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад харилаа гэж хэлэхээр нь би түүнийг төв замд алхаад гаргаж өгсөн, Л тухайн үедээ “би айлаас гарлаа, хүргэн ирсэн үү” гэх мэтээр эхнэртэйгээ утсаар яриад байсан” гэж,

-Гэрч*******ын: “...Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны орой эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч*******ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнж хүнсний дэлгүүрийн орчим эргүүл хийж байхад шөнө 21-22 цагийн үед нэг хүн согтуу явахаар нь шалгахад өөрийгөө “Л гэдэг, би хөдөөний хүн, Улаанбаатар хот сайн мэдэхгүй” гэхээр нь “эрүүлжүүлнэ” гэхэд “би одоо ингээд шууд харилаа” гэхээр нь за шууд харьж амраарай, гэрээ мэднэ биз дээ гэхэд мэднэ гэж хэлээд явсан. Энэ үед Л нь өөрийнхөө биеийг аваад явчих чадвартай, бага зэргийн согтолттой байсан тул гэр лүү нь явуулсан” гэж гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон буюу хэрэг гарах цаг хугацаанд М.Л нь хэргийн газар байгаагүй болохыг дээрх гэрч нар нотолж мэдүүлсэн.

Хэдийгээр гэрч Б.Э, М.Л нар нь Эийнд очсон гэх өдрийг өөр өөр өдрөөр мэдүүлсэн ч гэрт өрнөсөн гэх асуудлын талаар агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлэг өгцгөөсөн байх ба улмаар гэрч М.Л нь Б.Эийн гэрээс гарч явсан цаг хугацаа, эргүүлийн цагдаатай дайралдсан цаг хугацаа нь ойролцоо байх төдийгүй эл өдрийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны 22 цагийн орчимд гэдгийг эргүүлийн цагдаа******* гэрчилсэн тул гэрч Б.Эийг өдрөө андуурсан гэж үзэхээр байна. Энэ нь Б.Эээс тодорхой хугацаа өнгөрсний дараа мэдүүлэг авсантай ч холбоотой байхыг үгүйсгэх аргагүй байна. Иймээс агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлэг өгсөн гэрч Б.Эийн мэдүүлгийг*******ын мэдүүлэгтэй зөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Дээрх байдлаас үзвэл, гэрч*******ыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 09-10 цагийн үед, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн үед, тухайн өдрийн 22 цагаас хойш шүүгдэгч М.Згийн гэрт очсон болох нь дээрх гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан, харин гэмт хэрэг гарсан гэх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагаас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөрт шилжих шөнийн 01 цаг 10 минут хүртэл хугацааны хооронд хэргийн газар байсан нь нотлогдоогүй тул прокурорын шийдвэр үндэслэл бүхий байна.

Эцэст нь дүгнэхэд, тус хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу болгоомжгүйгээр хүн алах, эсхүл амь хохирогчийг хутга дээр унаж өөртөө гэмтэл учруулан нас барсан гэж үзэх нотолгоо бүхий баримтгүй тул дээрх үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эсхүл хэрэгсэхгүй болгох хуульзүйн үндэслэл байхгүй байна.

Харин шүүгдэгч М.Зг согтуурсан үедээ хутгаар С.Бийн цээжин тус газар нь хутгалсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний амь хохирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй /субьектив санаа зорилго/, мөн хүнийг хутгалж буй санаатай үйлдэл, амь хохирогчид учирсан хутгалагдсан шарх /хохирол/, амь хохирогчийн амь нас хохирсон үр дагавар /обьектив шинж/ нь “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч М.Зг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь амь хохирогчийн оршуулгын зардалд 6,464,470 төгрөг, өмгөөллийн зардалд 2,000,000 төгрөг буюу 8,464,470 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн (2хх-ийн 207-237х)-өөс гадна сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөг, амь хохирогчийн амь насыг 50,000,000 төгрөгөөр үнэлж, нийт 73,464,470 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн болно.

Дээрх нэхэмжилж буй үнийн дүнгээс амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулагдсан баримттай хохирол болох 6,464,470 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэл бүхий байна. Мөн гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь өөрийн хууль ёсны эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг нотолсон баримт авагдсан байх тул шүүгдэгч М.Згаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна. Иймээс шүүгдэгч М.Згаас нийт 8,464,470 төгрөгийг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй сэтгэл санааны хохирол 15 сая төгрөг, амь хохирогчийн амь насыг үнэлж нэхэмжилсэн 50,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ч баримтгүй, нотолгоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байгаа энэ тохиолдолд хэлэлцэхгүй орхиж, С.М-д холбогдох баримтаа бүрдүүлэн энэхүү нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдав.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авч, улмаар энэ хугацаанд дээрх 8,464,470 төгрөгийн зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч  “...Шүүгдэгч М.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас “...улсын яллагчийн гаргаж байгаа ялын санал бага байна гэж үзэж байна, өөр тайлбар байхгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр: “...М.З нь бага насны хүүхэдтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэний улмаас хэрэгт холбогдсон. Хохирлыг зуун хувь төлсөн. Мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байхдаа дахин гэмт хэрэгт холбогдоогүй тул ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Оногдуулах ялын хувьд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн: “Би гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаах саналтай оролцсон. М.Згийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг холбогдсон. Улсын яллагчийн гэмт хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөлийг хутган дээр унаснаас бусдыг амь насыг хохироосон гэх агуулгатай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан, үүнд дүгнэлт хийж өгнө үү. Хохирол төлбөр төлсөн гэх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Б.З нь: “...Талийгаач бид хоёр хоорондоо муудалцдаг харилцаа байгаагүй. Би 3 настай бага хүүхэдтэй. Талийгаач нь миний итгэж найдаж болох цорын ганц хүн байсан, үүрд намайг орхиод явсанд би маш харамсаж байгаа. Би охиноо асрамжийн газарт өгөөд ялыг эдлэхээр энд зогсож байна. Та бүхнийг намайг ойлгохын хүсэж байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч М.Згийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдал, оршуулгын зардлыг төлж барагдуулсан байдал, мөн шүүгдэгч М.Згийн хувийн байдал /бага насны хүүхэдтэй/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч М.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.З нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан (1хх-ийн 102-103х), 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 206 хоног (1хх-ийн 106х, 110х, 2хх-ийн 03х, 08х, 25х, 3хх-ийн 19-20х, 24х, 176х), 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 74 хоног (3хх-ийн 144-145х, 179х, 190х), нийт 280 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.З нь шүүхийн хэлэлцүүлэгт “...3 хүүхэд төрүүлсэн, том хүүхэд Д-ын Т 2009 онд төрсөн, өөрийнх нь эцэг, эх болох*******, ******* нарын асаргаанд хамт хөдөө амьдардаг, өөртэй нь хамт амьдардаггүй тухай мэдүүлсэн ба энэ нь гэрч*******, Б.******* нарын мэдүүлгээр тогтоогдсон. (3хх-ийн 72-74х, 77-79х),

Мөн шүүгдэгч нь “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр З.А гэх хүүхдийг төрүүлсэн ч айлд өргүүлсэн тухай, харин 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Л.А гэх хүүхдийг өөрийн асрамжид байлгадаг, хамт амьдардаг” талаар мэдүүлсэн нь бусад гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжтай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч М.З"гийн бага насны хүүхэд Л.А-г асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд хамгааллын хариу  үйлчилгээ үзүүлж,  цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хүрэм 1 ширхэг, юүдэнтэй саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, хүрэн өнгийн гутал 1 хос, цайвар өнгийн оймс 1 хос, эмэгтэй хүний цагаан өнгийн даавуун цамц 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн майк 1 ширхэг, хөх өнгийн хүрэм 1 ширхэг, хар жинсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, гарын мөр 3 ширхэг, таван ширхэг дээж, хар иштэй хутга 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн куртик, эрэгтэй хүний турсик 1

ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М-ийн Зг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зд 9 (ес) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Згийн цагдан хоригдсон 280 (хоёр зуун ная) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч М.З нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Згаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хүрэм 1 ширхэг, юүдэнтэй саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, хүрэн өнгийн гутал 1 хос, цайвар өнгийн оймс 1 хос, эмэгтэй хүний цагаан өнгийн даавуун цамц 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн майк 1 ширхэг, хөх өнгийн хүрэм 1 ширхэг, хар жинсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, гарын мөр 3 ширхэг, таван ширхэг дээж, хар иштэй хутга 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн куртик, эрэгтэй хүний турсик 1 ширхэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч М.Згийн бага насны хүүхэд Л.Ану-Үжинг асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.АЛТАНЦЭЦЭГ

      ШҮҮГЧИД                Б.БАТАА

                                                Г.ГАНБААТАР