Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш ургийн овогт Цийн Өт холбогдох 2035000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 4-30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Ш ургийн овогт Цийн Ө. /Регистрийн дугаар: ОМ91102311/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Ө нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 4-30 тоотод байрлах гэртээ 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эхнэр Х.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000101 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Х.Өын “...Тэгээд нөхөр Ц.Ө бид хоёр маргалдаж байгаад миний нөхөр Ц.Ө нь миний баруун талын нүд, хамар орчим газарт гараараа цохьчихсон юм. Тэгээд би тэр үед юм угаах гэж байсан учраас нөхөр Ц.Ө намайг цохьчихоор нь уур хүрээд угаалгын түмпэнд байсан бага зэргийн ус байсныг нөхөр Ц.Ө луу цацчихсан юм. Тэр үед хадам ээж О манай гэрт ороод ирчихсэн байсан юм. Ц.Ө нь намайг барьж аваад газарт унагааж өшиглөөд, бас гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохьчихсон юм. Тэгээд бид хоёр маргалдаад байж байгаад би гэрээсээ хоёр охиноо аваад өөрийнхөө төрсөн ээжийнхээ гэр лүү явчихсан юм. Миний нөхөр Ц.Ө нь урьд өмнө намайг зодож цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,

2. Шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “...Үзүүлэгч Х.Өын биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд, зүүн нүдний эргэн тойронд, нуруу зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд, зүүн нүдний эргэн тойронд нуруу, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 412 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-20-р хуудас/,

3. Шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...тэгээд би маргааш нь эхнэрээсээ нөгөө мөнгөө авсан. 10.000 төгрөг дутуу байсан тул би эхнэрээсээ 10.000 төгрөг яасан юм бэ гэж асуухад эхлээд эхнэр Х.Ө дуугүй байсан юм. Тэгэхээр нь би дахиад асуухад би чам шиг хулгайч биш, чи намайг ажил төрөлгүй болохоор намайг хулгайч болгож байгаа юм байна л даа гэж надтай маргалдаад над руу хөлөндөө угласан байсан улавчийг /таавчик/ аваад шидсэн юм. Би Виза карт авах гээд хайж байтал манай эхнэр гүйж очоод галын доод талд байсан усыг аваад над руу цацчихаар нь би уурлаад чи амьд хүн рүү хар ус цацлаа гээд эхнэр Х.Өын нүүр рүү нь гараараа нэг удаа цохьчихсон юм. Тэгээд бас хөл рүү нь өшиглөчихсөн юм. Тухайн үед эхнэр Х.Ө над руу хар ус цацчихаар нь би тухайн үед уурлаад эхнэрийгээ цохьчихсон юм, би урьд өмнө эхнэр Х.Өыг огт зодож цохиж байгаагүй юм. Эхнэр Х.Өын биед учирсан гэмтлүүдийг би зодож цохиж учруулсан юм. Миний эхнэр Х.Өын биед учирсан гэмтлүүдийг өөр ямар нэгэн хүн зодож цохиж учруулсан зүйл байхгүй болно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... ” /хх-ийн 39-40-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Ц.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 4-30 тоотод байрлах хашаандаа 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эхнэр Х.Өтай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ө нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Өын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Х.Ө“...Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Би нөхөр Ц.Өаас нэхэмжлэх зүйл байхгүй, миний нөхөр Ц.Ө нь надаас уучлалт гуйсан учраас би нөхөр Ц.Өт ямар нэгэн гомдол санал байхгүй бид хоёр хоорондоо эвлэрсэн болно...” /хх-ийн 11-12-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Ц.Баяраагийн /хх-ийн 14-р хуудас/ мэдүүлэг, гэрч Б.Цийн /хх-ийн 15-р хуудас/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Ц.Ө урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэж шүүгдэгч Ц.Өт дээр дурдсан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Цийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Ө нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН