Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00065

 

............гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00644 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1081 дүгээр магадлалтай,

 

............гийн нэхэмжлэлтэй

............д холбогдох

 

худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 350 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ............ы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч ............, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие ............д Их тэнгэр дунд талд байрлах аялал жуулчлалын зориулалттай 5,5 га талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байдаг гэдгийг хүнээс олж мэдээд ............тай уулзаж уг газрыг худалдаж авах хүсэлттэй байгаа тухайгаа хэлэхэд надад тийм газар байгаа гэхдээ нэр нь манай эхнэрийн дүү болох ............гэдэг хүний нэр дээр байдаг уул газар нь миний юм байгаа юм гэж хэлсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 20-нд надад 5.5 га газрыг худалдахаар болсон. Уг газрын төлбөрт Хөрш заан хотхонд байрлах 3 өрөө байр, бэлнээр 350 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Бид 350 000 000 төгрөгийн 280 000 000 төгрөгт нь 09-09 УБЯ улсын дугаартай Range Rover маркийн машин өгөх, үлдсэн 70 000 000 төгрөгийг нь бэлнээр тохиролцсон. Миний бие уг газрын төлбөрт Хөрш заан хотхонд байрлах 3 өрөө байр, 280 000 000 төгрөгийн үнэ бүхий 09-09 УБЯ улсын дугаартай Range Rover маркийн машин болон 70 000 000 /өөрийн River Garden хотхонд байрлах байрны гадаа ............ нь эхнэрийн хамт ирж авсан/ төгрөгийг бэлнээр ............д шилжүүлж өгсөн. Гэвч ............ нь газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй удсан. Гэвч худалдаж авахаар тохирсон 5.5 га газрын гэрчилгээ нь өөр этгээдийн нэр дээр давхардаж олгогдсон байсан учир миний нэр дээр шилжүүлж чадахгүй байсан гэдгийг нь би сүүлд мэдсэн. Уг газрыг худалдаж авахаа больж газрын төлбөрт өгсөн 3 өрөө байраа буцааж авсан ба үлдсэн 350 000 000 төгрөгийг ............ заанаас буцаан авах гээд өгч чадахгүй байсаар байсан. Иймд миний бие 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ............ нь намайг залилан тухай өргөдөл гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Хэргийг шалгах явцад ............ нь надаас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахыг удаа дараа гуйж байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ............ нь 350 000 000 төгрөгийн төлбөрөө 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор сарын 2.5 хувийн хүүтэйгээр надад төлж барагдуулах тухай өөрийн гарын үсэг бүхий баримт үйлдэж өгсөн тул миний бие гомдлоо татаж авсан. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай дугаар 26 тоот тогтоолоор уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэлээр ............ы уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсны үр дагавар болох 350 000 000 төгрөгийг хариуцагч ............аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ............, Д.Батбаяр нар 2014 оны 3 дугаар сард манай гэр бүлийн зуслан болох Өгөөмөр зусланг худалдан авья гэсэн санал тавиад очиж үзсэн байдаг бөгөөд уг зусланг 2.5 тэрбумаар худалдахаар болж амаар тохиролцоод дээрх мөнгөндөө Хөрш заан хотхонд байрлах 6 байр мөн автомашин өгөхөөр болсон. Гэтэл ............ Зайсан Их тэнгэрийн аманд байрлах манай эхнэрийн дүүргийн нэр дээр байх 5.5 га газрын талаар мэдэж, уг газрын талаар надаас тодруулж асуухад нь тэр газрын гэрчилгээ нь над дээр байсан тул үзүүлээд дүү Сайнбаяртай уулзуулахад бид Өгөөмөр зусланг чинь авахаа больё, харин дүүгийн чинь нэр дээр байгаа газрыг авья гээд бичиг баримтыг нь авч яваад Их тэнгэрийн аманд байрлах газрын үнэнд Хөрш заан хотхонд байрлах 3 өрөө нэг байр, бэлнээр 70 000 000 төгрөг, 09-09 дугаартай Ренж ровер маркын автомашин өгье гэсэн саналыг 2014 оны 12 дугаар сард тавьсан. Тэгээд бид харилцан тохиролцоод дээрх санал тавьсан зүйлсийг миний бие хүлээн авсан. Ингээд дээрх 3 өрөө байрыг аваад хүү Тэмүүлэндээ шилжүүлсэн бөгөөд байрыг нь 200 000 000 төгрөгт үнэлсэн байсан тул өөрийн дүү Сайнбаярт бэлэн мөнгө болох 70 000 000 төгрөгийг нэмээд нийт 270 000 000 төгрөгийг өгсөн. Харин автомашины хувьд японоос ирэх хүртлэх хугацаанд та хэрэглэж бай гэсэн тул би захиран зарцуулж байсан. Үнэ хөлсөө тохироод газраа худалдсан гэж ойлгож байсан учраас тухайн газар дээр хашаа баригдсан байхаар нь Д.Батбаярыг л ажлаа эхэлсэн юм байна гэж бодоод нэг тараахдаа танайх барилгаа эхэлж байгаа юм уу гэтэл үгүй ш дээ очиж амжаагүй байна гэсэн. Тэгэхээр нь юун хашаа баригдаад байгаа талаар лавлахад Эм Ти Эс ХХК гэх компани хашаа барьсан байдаг бөгөөд энэ компанид гэрчилгээг давхцуулан өгсөн байсныг мэдээд Дархан цаазат Богд уулын захиргаа-нд хүсэлт гаргаж үйл ажиллагааг нь зогсоосон байгаа болно. Энэ асуудлыг Д.Батбаяр, ............ нар маш сайн мэдэж байсан тул уг газрынхаа асуудлыг өөрсдөө шийдэхээр боллоо гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэвч ерөөсөө ажил хэрэг болгоогүй байсан, харин ч намайг эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаад гарч ирэх үеэр дээрх гар бичмэлийг хийлгэсэн бөгөөд газрын асуудлыг та хөөцөлдөөд бүтчих юм бол энэ мөнгөний асуудлаа зогсооё гэхээр нь би уг газартай холбоотойгоор Байгаль орчин аялал жуулчлалын яаманд урьдчилан шийдвэрлүүлэх үндэслэлээр дүүгийн нэрээр гомдол гаргасан байгаа болно. Дээрх газрын асуудал биднээс үл хамаарах үндэслэлээр маргаан үүссэн учраас газартай холбоотой маргаан нь нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтойг мэдээд ер нь бид гомдол саналаа татья гээд 2016 оны 9, 10 сарын үед Д.Батбаяр намайг дуудаад манай эхнэртэй хамт уулзъя танд баримт гаргаж өгье гээд эхнэрийнх нь студи дээр очиж баталгаа гэх баримтыг авсан. Дээрхи баталгаагаар дахин энэ асуудлаар мөнгө төгрөг, машин тэрэг нэхэхгүй талаар өөрсдөө сайн дураар бичиж өгч улмаар ............гийн гаргасан гомдолтой надад холбогдох үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болсон. Иймд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00644 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан ............аас 350 000 000 /гурван зуун тавин сая/ төгрөгийг гаргуулж, ............д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 907 950  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.............аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 907 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1081 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00644 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх 1 907 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ............ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “Их тэнгэрийн ам”-ны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалттай 5.5 га газрын харилцан тохиролцож худалдах, худалдах авах гэрээ байгуулсан хэдий ч эрхийн зөрчилгүй эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ хийгдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлэх хугацаанд хариуцагчийн хувьд гэрээнд заагдсан, гэрээгээр тохирсон гэж үзэж байгаа газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй байдал зэргээс үзэхэд ИХ-ийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх / хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэснийг хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна. Эдгээр зүйл, заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болох юм. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алддаг. Хуулийн уг зохицуулалтыг эд хөрөнгийн биет байдлын чанарын болон тоо, хэмжээний аль ч доголдолтой холбоотой хэрэглэж болох ба гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой доголдолд хамааралтай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал тухайн газрыг худалдан авахдаа баримт бичгийн болон эрхийн зөрчилтэй болохыг мэдэж байсан төдийгүй өөр компани газрыг хүлээн авснаас нь хойш хашаа хатган үйл ажиллагаа явуулж байсныг мэдэн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүссэний дагуу үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд анхнаасаа эрхийн доголдолтой эд хөрөнгийг мэдсээр байж авсан атлаа эрхийн доголдолтой учир гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй болно. Түүнчлэн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба нэхэмжлэгч болон хариуцагч бидний хооронд худалдах худалдан авах гэрээтэй холбоотойгоор зарим хэсгийг буюу орон сууцыг буцаан үлдэх төлбөрийг “баталгаа гэх баримтын хүрээнд шийдвэрлэж худалдан авсан газраа буюу эд хөрөнгийг хүлээн авснаа гэрчлэх тодорхой үйлдлийг хийсээр байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны ноцтойгоор зөрчин хэрэгт авагдсан “баталгаа” гэх бичгийн нотлох баримтыг огт үнэлэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг цагдаагийн болон шүүхийн байгууллагад хандан гомдол, нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль гог нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна. Тэгвэл нэхэмжлэгч нь цагдаагийн хэлтэст гомдол гаргахдаа хариуцагч намайг цагдан хоригдоод гарч ирсний дараа .... үлдэгдэл төлбөрийг хүүтэй төлүүлнэ ... гэж бичүүлж авсан боловч газрын асуудлыг өөрсдөө шийдэн төлбөрийг буцаан авахгүйгээр тохирч, цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татгалзаж байгаа талаараа өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн баталгаа баримтыг гаргаснаараа ямар нэгэн хугацаа тоолох боломжгүй болгосон. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анхны үлдэгдэл төлбөрийг хүүтэй төлнө баримтыг үндэслэдэг бөгөөд дараагийн баримтаараа худалдах худалдан авах гэрээгээр эд хөрөнгөө хүлээн авсан болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............, хариуцагч ............д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж, 350 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох газар эзэмших эрхийг давхардуулан олгосныг мэдээд, өөрөө холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр тохирч, баталгаа гаргаж өгсөн, хүлээж авах үедээ энэ талаар мэдсэн тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна.

 

Талуудын хооронд үүссэн маргааны талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

 

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, ............ы зүгээс 5.5га талбай бүхий газар эзэмших эрхийг, ............ 09-09 УБЯ дугаартай Range Rover маркийн автомашин, 70 000 000 төгрөгийг тус тус харилцан шилжүүлсэн боловч газар эзэмших эрх давхар олгогдсон, эрхийн доголдолтой учраас ............ гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн машины үнэ 280 000 000 төгрөг, бэлэн мөнгө 70 000 000 төгрөг нийт 350 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаарджээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээ байгуулагдсан,  арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил хэрэглэгддэг талаар шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийсэн байна.

Гэрээний дагуу талуудын хэн аль нь гэрээгээр тохирсон, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан.

 

Хариуцагч ............ нь өөрийн зүгээс шилжүүлсэн газар эзэмших эрх доголдолтой болохыг маргаагүй хэдий ч худалдан авагч мэдэж, зөвшөөрч авсан тул доголдолгүй гэж үзнэ гэж маргасан ч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

............гийн гарын үсэг бүхий “Баталгаа” гэх бичгийн баримтад “...шилжүүлсэн машин, мөнгийг буцааж авахгүй, хоорондоо тохирсон...” гэх агуулга байх боловч уг баримтыг эрүүгийн хэрэгт ............ы гуйлтаар бичиж өгсөн гэж ............ маргасан, дээрх нөхцөл байдлыг батлах өөр баримт хэрэгт байхгүй тул “...доголдлыг мэдсээр байж эд хөрөнгөө хүлээн авсан...” гэх хариуцагчийн татггалзал үндэслэл муутай, энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

 

Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй, шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заасан зохицуулалтын дагуу хариуцагчаас 350 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг 2 удаагийн төлөлтөөр бүрэн төлсөн байх тул гомдол гаргах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин давж заалдах гомдол гаргахдаа төлбөл зохих 1 907 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар хойшлуулсан, үүний дараа хариуцагч нь хяналтын гомдол гаргахаасаа өмнө, уг улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй нь буруу тул шүүх энэ талаар анхаарч, төлүүлэх нь зүйтэйг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00644 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1081 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 1 707 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                      ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА