Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0066 |
Огноо | 2014-02-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2014/0066
2014 оны 02 сарын 06 өдөр Дугаар 66 Улаанбаатар хот
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 127 дугаар захирамж, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 267 дугаар захирамж, 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1/1722 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшиж, ашигласан тул Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 127, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 267 дугаар захирамж нь хуульд нийцсэн гэжээ.
Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Маргааны зүйл болон түүний үндэслэлийг шүүх буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:
а/. Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны 358 тоот захирамж нь энэ хэргийн хувьд маргаан бүхий захиргааны акт биш юм. Харин энэ захирамжийг хүчингүй болгосон Засаг даргын 2010 оны 127, Газар чөлөөлөх шийдвэр гаргасан 2011 оны 267 дугаар захирамжууд нь энэ хэргийн хувьд маргаан бүхий захиргааны акт болно. Энэ хэрэгт 2008 оны 358 дугаар захирамж хууль зөрчсөн талаар болон түүний үндэслэлийг шүүхээр хянуулан хүчингүй болгуулах ямар нэгэн шаардлага байхгүй.
б/. Засаг дарга 2008 онд 358 тоот захирамж гаргахдаа Орхон аймгийн ИТХ-ын 2007 оны 12 сарын 21-ний 06 тоот тогтоолоор баталсан "2008 онд газрын талаар явуулах бодлого"-д "Баянцагаан багт 2.5 га газарт аж ахуйн зориулалтаар төсөл сонгон шалгаруулж олгох"-ыг зөвшөөрсөн хүрээнд 358 дугаар захирамжийг гаргасан байх тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй болно. Уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар тул аймгийн Засаг даргын .эрх хэмжээнд эзэмшил нь хамаарах ба сумын ИТХ-аар эзэмшилт, зориулалтыг давхар заавал баталсан байхыг шаардахгүйн дээр дурдсан аймгийн ИТХ-ын 2007 оны 06 тоот тогтоолоор зөвлөсөн заалтыг сумын ИТХ хэрэгжүүлээгүйн хариуцлагыг “Э” ХХК хүлээх албагүй болно.
в/. “Э” ХХК нь төсөл шалгаруулах журмаар газрыг олгоно гэсэн учраас зохих төслийг бэлтгэн Газрын албанд өгсөн гэдэг ба тэр төсөл газрын хувийн хэрэгт байхгүйн хариуцлагыг нэхэмжлэгч “Э” ХХК мөн хүлээхгүй болно.
г/. Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны 127 тоот захирамж нь “Э” ХХК-ын Засаг даргын 2008 оны 358 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг хөндсөн, хүчингүй болгосон гэж үзэх боломжгүй. Учир нь: Уг захирамж нь Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарт газар ашиглах эрх олгосон" захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон байх бөгөөд "Э" ХХК ийм байгууллагатай нэг захирамжаар газар эзэмших эрх аваагүй, харин "И", "Э" ХХК, иргэн В.Э нартай нэг захирамжаар газар эзэмших эрх авсан бөгөөд энэ захирамжаас нэр заан эрхийг хүчингүй болгоход “Э” ХХК-ийн нэр заагдаагүй байна.
2. Шүүхийн маргаантай гол асуудлыг дүгнэлт хийгээгүйгээс хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн гэх боломжгүй байна,
а/.Засаг дарга болон “Э” ХХК-ийн маргаж байгаа гол асуудал нь Засаг дарга “Э” ХХК-ийг анх 358 дугаар захирамжаар олгогдсон, гэрээ гэрчилгээ бүхий газрыг эзэмшээгүй, дураараа өөр газар сонгон эзэмшсэн гэж үзэж захирамжууд гаргасан, “Э” ХХК нь 358 дугаар захирамж болон гэрээ, гэрчилгээнд нэрлэж заасан "Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын зүүн талд гэсэн байршилд газар эзэмшсэн учраас буруугүй гэж маргадаг юм.
б/.Газрын албаны Кадастрын зурагт “Э” ХХК-д эзэмшүүлсэн гэх байдлаар харуулсан газар нь аль ч талаасаа орц гарцгүй ард талдаа ДЦС-ын салбар төмөр зам, урд талдаа иргэн Х.О, Ж.А нарын эзэмшил газрын хашаагаар хаагдсан газар байгаа Шүүхийн шатанд энэ байдал тодорхой болоод ирэхээр шүүхийн үзлэг ямар ч Кадастрын зураггүй /тойм зурагт ухаа ягаанаар харуулсан/ овоолсон шороон толгой бүхий урд талаасаа орж болох газрыг хариуцагч анх удаа зааж байгаа юм. Энэ хоёр газар нь шууд Эрдэнэтийн ДЦС-ын зүүн талд гэж ертөнцийн зүгээр заах боломжгүй байршил бөгөөд харин "Э" ХХК-ийн одоо эзэмшиж байгаа газар нь ДЦС-ын яг зүүн талд байгаа юм.
Иймд Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны 35 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах буюу нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгон дахин хэлэлцүүлнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Э” XXК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 127 дугаар захирамж, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 267 дугаар захирамж, 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1/1722 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд “Эрдэнэт дулаан цахилгаан станц” ХК-ийн зүүн талд, 1500 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
-төсөл сонгон шалгаруулалтын тухайд:
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь барилгын материалын үйлдвэр эрхлэхээр үйлдвэрлэлийн зориулалтаар маргаан бүхий газрыг ашиглаж байгаа бөгөөд тухайн газарт бетон зуурмагийн, хайрга, блок, бетон шонгийн, ажилчдын байр гэх зэргээр үл хөдлөх хөрөнгүүдийг барьж, үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нэхэмжлэгчээс “энэхүү газрыг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр эзэмшиж байгаа” хэмээн, хариуцагчаас “төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй” хэмээн маргажээ.
Энэхүү маргаанд шүүхээс “аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичгийн бүртгэлээс харахад төсөл сонгон шалгаруулалт журмын дагуу явуулаагүй болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь “хөнгөн блок болон бетон зуурмагийн үйлдвэр барих хүсэлтэй байгаа тул газар эзэмшүүлэх төслийн сонгон шалгаруулалтад оруулах” тухай хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаж байсан, энэхүү хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн авсан болох нь “Э” ХХК-ийн 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 32 тоот албан бичиг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1324 тоот албан бичгээр тогтоогджээ.
Захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2008 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын 4, 10, 24-д зааснаар сонгон шалгаруулалтын зар гаргах, мэдээлэл шаардан авах, комисс байгуулах, комиссын дүгнэлтийг батлах зэрэг үйл ажиллагаа явуулах ёстой.
Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваад хэрхэн шийдвэрлэсэн, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг хэрхэн явуулсан болох нь тодорхойгүй байна.
Энэ хүрээнд захиргааны байгууллага “газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ”
хэмээн нэхэмжлэгчээр 9.000.000 төгрөг төлүүлсэн нь ямар учиртай болох, энэхүү үйл баримт нь төсөл сонгон шалгаруулалттай холбоотой эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй.
-газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тухайд:
Тус аймгийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Баянцагаан” багт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр заасан болохоос үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр заагаагүй байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, уг баталсан газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй этгээд нь захиргааны байгууллага болно. Энэ үйл ажиллагаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийн ямар буруутай үйл ажиллагаа байгаа, шалтгаан холбоо байгаа болохыг шүүхээс шалгаж тогтоож, эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Аймгийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 267 дугаар захирамжаар “эзэмшил газрынхаа байршлыг дур мэдэн өөрчилсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар захирамж болон 2009 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд газрын байршлыг “ДЦС-ын зүүн талд” хэмээн заажээ. Нэхэмжлэгчээс “энэхүү заасан байршилд газар эзэмших эрхтэй” хэмээн, хариуцагчаас “Дулаан, цахилгаан станцаас зүүн тийш “М” ХХК-ийн хойд талд” хэмээн газрын байршлыг тодорхойлж маргаж байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт зааснаар газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, газрыг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэх үүрэг нь захиргааны байгууллага болно. Гэтэл захиргааны байгууллага нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “тухайн үед нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжилтийг хийж өгөөгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчид олгосон гэх газар нь орох гарах гарцгүй газар байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ асуудлаар талууд маргаагүй байна. Захиргааны байгууллага нь ямар учраас нэхэмжлэгчид орц гарцгүй газар эзэмшүүлсэн, үүнээс үүсэх үр дагаврыг хэрхэн зохицуулах байсан, ямар учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд газрын байршлыг “ДЦС-ын зүүн талд” гэж заасан нь тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэгчид 2011 оны 267 дугаар захирамжийг хэзээ гардуулсан нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн “2013 оны 4 сард Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн даргаас манай үйлдвэрийг албадан нураах болсон гэж мэдэгдсэн" гэх тайлбарыг шалгаж, тодруулах шаардлагатай.
Хариуцагчаас “газрыг чөлөөлөхийг удаа дараа шаардаж байсан” гэж маргаж байгаа боловч 2011 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн мэдэгдэл, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 41/01/46 тоот акт, 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 41/161 тоот албан бичгээр барилгын үйл ажиллагааг зогсоож, газрыг чөлөөлөхийг үүрэг болгож байжээ. Эндээс үзэхэд хариуцагчаас зөвхөн 2011 оны 5 сард шийдвэр гаргаж байсан болохоос удаа дараа, тасралтгүй, тодруулбал барилга баригдах үед хяналт тавьж ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2010 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 700 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн “захиргааны байгууллага бидний ДЦС-тай тохироод ирвэл, газрыг эзэмшүүлнэ гэсэн. Энэ дагуу тохиролцох гээд чадаагүй” гэх тайлбараар хариуцагчийн “газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан” гэх тайлбар эргэлзээтэй байна.
Нэхэмжлэгчийн “2009 онд гол гол үйлдвэрийн барилгуудыг барьж, үйл ажиллагаа явуулж байхад газраа чөлөөл гэж хэлж байгаагүй хэр нь барилга барьсны дараа албадан нураахаар шийдвэрлэж байгаа нь хууль бус” гэх гомдол үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгч маргаан бүхий газарт хэзээ, хэдэн барилга барьсан, үүнтэй холбогдуулан захиргааны байгууллага ямар үйл ажиллагааг хэдэн удаа хэрэгжүүлж, ямар шийдвэр гаргасан, уг шийдвэрээ нэхэмжлэгчид хэрхэн танилцуулсан тухай баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой.
3. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлаар:
Анхан шатны шүүх “маргаж буй газарт “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК нь хөргөлтийн цамхаг барихаар төлөвлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д нийцэхгүй байна.
Учир нь шүүх маргаан бүхий газрыг “хөргөлтийн цамхаг баригдахаар төлөвлөгдсөн газар” гэж дүгнэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан эрх зүйн дүгнэлт хийх, холбогдох нотлох баримт цуглуулах шаардлагатай.
Нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1/1722 тоот “хариу хүргүүлэх” тухай албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулж буй эсэх, нэхэмжлэгчийн ямар эрхийн хэрхэн зөрчсөн, захирамжилсан шинжтэй эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 -т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй