| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2020/0018/З |
| Дугаар | 123/ШШ2020/0024 |
| Огноо | 2020-07-17 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 123/ШШ2020/0024
2020 оны 07 сарын 17 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2020/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Т хэлтэс,
Хариуцагч: Төв аймаг дахь ТА газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймаг дахь ТА газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ТӨА/2020/191/СТА-ТШЗ-63/63 тоот актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Төв аймгийн Т хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Төв аймаг дахь ТА газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Т хэлтсийн дарга З.Ам шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төв аймаг дахь ТА газар нь ТА тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ТА орон нутаг дахь салбар байгууллага байх бөгөөд тус хуулийн 15.2-т заасан бүрэн эрхийг эдэлнэ. Тухайлбал 15 дугаар зүйлийн 15.2.2-д тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд манай Т хэлтэст санхүүгийн тайлангийн аудит хийх эрхтэй байна. Гэтэл ТА тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд аудит хийсэн гэж дурдсан нь энэхүү акт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагын 40.2.3 буюу захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэлийг заах гэснийг хангахгүй байна. Тодруулбал 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж тодорхойлсныг зөрчсөн буюу буруу зүйл заалт үндэслэсэн байна. Иймээс тус акт нь хууль бус акт байна.
Тус актад Төв аймгийн Т хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/49 Шагнах тухай тушаал нь мөнгөн дүнгүй хавсралттай бөгөөд шагнагдаагүй 5 хүнд 500.000 төгрөгийн шагнал олгосон байна гэсэн байна. Хэдийгээр дээрх тушаалын хавсралтад нийт шагнагдсан 20 хүнээс 15 хүний нэрс байгаад 5 хүний нэрс байхгүй байгаа боловч болзолт уралдааны шагналд гардуулсан албан хаагчдын нэрсийн жагсаалт болон гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогоос суутган тооцсон Т мэдээ /ТТ-11-2/-нд тухайн 5 хүний нэрс байх бөгөөд тус тусын шагнагдсан мөнгөнөөс ногдох татварыг төлсөн болох нь харагдаж байна.
Дээрх шагналын мөнгө нь Хувь хүний орлогын албан Т тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан албан татвар ногдох орлого байх тул тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна гэж заасны дагуу 50.000 төгрөгийн татвар ногдуулж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.6-д заасны дагуу холбогдох төсөвт шилжүүлсэн байна.
Иймд 5 хүнд 50.000 төгрөгийн шагнал олгосон нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул Төв аймаг дахь ТА газрын үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд 2 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. 1.Актыг гаргасан Төв аймаг дахь ТА газар нь ТА тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ТА орон нутаг дахь салбар байгууллага гэсэн статустай ажилладаг. ТА тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Аудитын газар нь ТА тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтад хэсэгт заасныг үндэслэн манай байгууллагад акт тогтоосон. Уг актын үндэслэл нь Үндэсний аудитын газрын бүрэн эрхийг үндэслээд, өөрийн бүрэн эрх болон 15.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ тусгаж оруулаагүй. Хариуцагч нь хариу тайлбартаа манай байгууллага нь Үндэсний аудитын газрынхаа бүрэн эрхийг тодорхой журам болон ерөнхий аудиторынхоо гаргасан тушаалын үндсэн дээр акт тавих бүрэн эрхийг шилжүүлж хэрэглэдэг гэж хариу тайлбартаа дурдсан байгаа. Гэвч манайх нэхэмжлэлдээ акт тавих бүрэн эрхгүй гэж хэлээгүй. Актынхаа үндэслэлийг дутуу үндэслэсэн ТА тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх хэсгийг үндэслэх ёстой байтал 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах хуульд заасан бүрэн эрхээ гүйцэд тусгаагүй байна. Ийм учраас хууль бус акт гэж үзэж байна. 2. Манай байгууллагаас 5 хүнээ шагнаж урамшуулсан. 2019 оны жилийн эцсээр ажилчдынхаа ажлын үр дүнг үнэлж дүгнээд ажилчдаа шагнаж урамшуулах үйл ажиллагаа явуулсан. Үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/49 тоот шагнах тухай тушаалаар 20 хүнийг шагнах тушаал гарсан. Тухайн үед процессын алдаа гараад 5 хүний нэрийг оруулаагүй 15 хүний нэрээр тушаал гаргасан байдаг. Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас Аймгийн Засаг дарга болон Санхүү Төрийн сангийн хэлтсээс тавьсан хүсэлтийн дагуу нэмэлтээр шаардлагатай 2 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд ажилчдын дунд болзолт уралдаан зарлаж, шагналд нь 1.000.000 төгрөг төсөвлөсөн. Үүний дагуу 1 дүгээр байр 500.000 төгрөг, 2 дугаар байр 300.000 төгрөг, 3 дугаар байранд 200.000 төгрөг өгөхөөр хуваарилсан. Манай байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд 1 дүгээр байранд Сэргэлэн сум орсон байсан. Гэтэл Сэргэлэн суманд томилогдсон байцаагч байгаагүй. Сэргэлэн сумын ажлыг төв дээр ажиллаж байсан ажилчид маань өөрсдөө хийсэн. Ингээд хурлаар ярилцаад 1 дүгээр байранд орсон 500.000 төгрөгийн шагналыг төв дээр ажлын үзүүлэлтээр сайн ажилласан 5 хүнд хуваагаад өгье гэж даргын зөвлөлийн хурлаар ярилцсан. Ажлын үзүүлэлтээрээ 5 байцаагч шалгараад 500.000 төгрөгийг хувааж шагнасан байдаг. Тухайн 5 хүн нь шагнагдсаныхаа дараа Хувь хүний орлогын албан Т тухай хуулийн дагуу 10%-ийн татвараа төлж тайланд тусгасан. Гэтэл аудитын газраас 500.000 төгрөгөөр 5 хүн шагнасан нь тодорхойгүй байна. Иймд 5 хүнд олгосон 500.000 төгрөгийн шагналыг төсвийн орлого болгоод төрийн сангийн хүү торгуулийн дансанд төвлөрүүлнэ үү гэсэн даалгавар актаар ирсэн. Нэгэнт 5 хүнээ шагнаад, тухайн шагнагдсан хүмүүс нь хувь хүний орлогын албан татвараа төлсөн учраас манайхаас дахин 500.000 төгрөг гаргах боломжгүй гэж албан тоотоор зөвшөөрөхгүй гэсэн хариу өгсөн байдаг. Бусад аймгийн аудитын газрын тавьсан төлбөр барагдуулах актуудаас үзэхэд ТА тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх хэсгийг үндэслэж акт тавьсан байдаг. Иймд актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Төв аймаг дахь ТА газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ТА байгууллага нь ТА тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт зөвлөмж гаргах чиг үүргийг 15 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг. Мөн ТА тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т ТА байгууллагын тогтолцоо нь ТА дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ. ТА дээд байгууллага нь Үндэсний газар, ТА төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна. 7 дугаар зүйлийн 7.1-т Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах, шинжээч, аудитор, шинжээч болон бусад ажилтнаас бүрдэнэ, 7.2-т Үндэсний аудитын газар нь Монгол Улсын дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт захирагдана.. гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг тул хуульд заасны дагуу төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөх бүрэн эрхтэй юм.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/207 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 1.1-т Орон нутаг дахь төсвийн байгууллага төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэл үр дүн, улс орон нутгийн төсвийн болон төсвийн бус хөрөнгө, төрийн өмчийн ашиглалт зарцуулалтанд аудит хийн илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих, зохих журмын дагуу дүгнэлт, зөвлөмж гаргах, баталгаажуулах, эрх үүргээ аймаг нийслэл дэх ТА газарт шилжүүлсэн байдаг. Үүний дагуу Төв аймгийн Т хэлтсийн санхүүгийн тайлангийн аудит хийгдэж нийт 98.787,3 төгрөгийн алдаа зөрчил илэрсний 58.705,1 мянган төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 39.582,2 мянган төгрөгийн 3 зөрчилд зөвлөмж өгч, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалын 3.1 дэх заалтыг үндэслэн 3.1.3-д зааснаар Бусдад өгөх төлбөр тооцоог зөрүүтэй тооцоолж олгосон тул 500.000 төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосон. Төв аймгийн Т хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/49 тоот Шагнах тухай тушаал илт хууль бус шийдвэр бөгөөд 1 дэх заалтад дурдсанаар хавсралтад заасан нэр бүхий албан хаагчдын шинэ жилийн байрыг /баярыг байх/ тохиолдуулан мөнгөн шагналаар шагнасан. Хавсралтад 15 албан хаагчдын нэр байгаа боловч, олгохдоо 20 албан хаагчид олгосон, шагналаас Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу шимтгэл тооцоогүй, Т ТТ-11-2 мэдээнээс өөр баримтгүй байсан бөгөөд санхүүгийн тайлангийн аудитын явцад нягтлан бодогч Л.Баярмаа шагналын мөнгө гардуулсан жагсаалт нөхөн бүрдүүлсэн болно. Үйлчлүүлэгч байгууллага алдааг зөвшөөрөхгүй байсан ч тухайн алдаа нь санхүүгийн тайлангийн аудитын Эрх ба үүрэг, Үнэн зөв байх батламж мэдэгдэлтэй нийцэхгүйгээс гадна Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү төсвийн хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа, зээл өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн тул бусдад өгөх төлбөр тооцоог зөрүүтэй тооцоолж анхан шатны баримтгүй А/49 тушаалд нэр дурдаагүй 5 албан хаагчид олгосон 500.0 мянган төгрөгийн шагналд төлбөрийн акт тогтоосон болно. Төлбөрийн акт тогтоосон хяналтын хуудсыг нягтлан бодогч Л.Баярмаа нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэхүү актын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна 40.2.3-д захиргааны актыг гарган бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн шаардлагатай нийцэж байгаа. Тухайн болзолт уралдааныг зарласан тушаал нь байхгүй. 12 дугаар сарын 12-нд тушаал нь гараад тухайн өдрөө төрийн санд гүйлгээ хийгдсэн байдаг. Тухайн байгууллагын эрх зүйн акт нь учир дутагдалтай.Т хэлтсээс Төв аймгийн ТА газарт ирүүлсэн албан тоотоо намайг байхгүйд ирүүлсэн байдаг. Тухайн албан тоотын утга нь тайлан, зөвлөмжтэй танилцлаа манайх зөвшөөрч байна гэсэн утгатай албан тоотыг ирүүлсэн. Харин уг албан тоотод актыг зөвшөөрөхгүй байна гэсэн утга байгаагүй. 500.000 төгрөгийн болзолт уралдаан гээд эсхүл үр дүнгээр олгогдсон гээд маш тодорхойгүй байна. Б/501 асуулгын дэвтрийн удирдлагын болон дотоод хяналт дээр нь А/49 шагнах тухай тушаалын төлөвлөлтөд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна гээд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нягтлан нь хүртэл манайд болзолт уралдаан зарлаагүй гэж хэлж байсан. Уг болзолт уралдаан зарласан талаар албан ёсны тушаал байхгүй байсан. Аудитын газар болон аудиторын эрхийнхээ дагуу Т хэлтэст акт тавьсан учраас уг акт хүчин төгөлдөр гэж үзэж байна. Төв аймгийн Т хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 05/161 дугаар албан бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Т хэлтэс нь Төв аймаг дахь ТА газрын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ТӨА-2020/191/СТА-ТШЗ-63/63 дугаар актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Уг актад ТА тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.2-д тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд Төв аймгийн Т хэлтсийн 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар Төв аймгийн Т хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/49 дугаар тушаал нь мөнгөн дүнгүй хавсралттай бөгөөд шагнагдаагүй 5 хүнд 500.0 мянган төгрөгийн шагнал олгосон байна. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:, 6.4.7.төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа, зээл, өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх; гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна эрх ба үүрэг, үнэн зөв байх батламж мэдэгдэлтэй нийцэхгүй байна. ...Төв аймгийн Т хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/49 дугаар тушаалаар шагнагдаагүй 5 хүнд олгосон шагналын 500.0 мянган төгрөгийг төсвийн орлого болгож, Төрийн сан дахь хүү, торгуулийн орлогын 100140000952 тоот дансанд төвлөрүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэжээ[1].
Төв аймгийн Т хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/49 дугаар тушаалын 1 дэх заалтаар Монгол улсын Т хууль тогтоомжийг чанд мөрдөж, тэдгээрийг хэрэгжүүлэх, Т албаны өмнө тавигдаж байгаа үндсэн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй, үр дүнтэй сайн ажилласан хавсралтад заасан нэр бүхий албан хаагчдыг шинэ жилийн баярыг тохиолдуулан мөнгөн шагналаар шагнасан байна[2].
Хавсралтад нэр бүхий 15 хүний нэрс байх бөгөөд хариуцагчийн актад дурдсан 5 хүний нэр уг тушаалын хавсралтад байхгүй байгааг техникийн алдаа гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Төв аймгийн Т хэлтсийн даргын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлээс[3] үзвэл Аймгийн Засаг дарга болон Санхүү төрийн сангийн хэлтсээс тавьсан хүсэлтийн дагуу нэмэлтээр шаардлагатай байгаа 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхийн тулд болзолт уралдаан зарлаж, шагналд нь 1 сая төгрөгийг төсөвлөж, 1-р байр 500,0 мянган төгрөг, 2-р байр 300.0 мянган төгрөг, 3-р байранд орсныг 200.0 мянган төгрөгөөр шагнахаар төсөвлөжээ.
2 долоо хоногийн хугацаанд төвлөрүүлсэн орлогоор тооцож үзэхэд Сэргэлэн сум 1-р байранд орсон боловч татвар хураагч томилогдоогүй тул 1-р байрны 500.0 мянган төгрөгийг хэрхэх талаар хэлэлцсэн байна.
Ийнхүү хэлэлцээд 1-р байрын шагналыг хамгийн сайн ажилласан[4] Алтанбулаг сумын Т улсын байцаагч Л.Он, Эрдэнэ сумын Т улсын байцаагч Г.Х, Зуунмод сумын Т улсын байцаагч Д.Д, Х.М, Д.От нарт олгохоор шийдвэрлэжээ[5].
Мөн тухайн хуралд оролцсон Төв аймгийн Т хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Г.Б нь дээрх 5 хүнийг шагнах асуудлаар хэлэлцсэн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байна[6].
Түүнчлэн Төв аймгийн Т хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/49 дугаар тушаалын 3 дахь заалтаар буцалтгүй тусламж, шагналд олгох 3.890.000 төгрөгийг шагнал урамшууллын зардлаас гаргахыг нягтлан бодогчид зөвшөөрсөн байх бөгөөд 2 дахь заалтаар улсын байцаагч Д.Д-д хүүхдээ асрах эмчилгээний зардал 200.000 төгрөгийг олгосон мөнгийг хасаад 3.690.000 төгрөгийг шагналд зарцуулахаар даргын шийдвэр гарчээ[7].
Уг мөнгийг нийт 20 хүнд олгож, татвар суутган тооцсон болох нь гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогоос суутган тооцсон Т мэдээ /ТТ-11-2/, болзолт уралдааны шагналд гардуулсан албан хаагчдын мэдээ, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого, болон шууд бус орлогоос суутгасан албан Т тайлан, төлбөрийн хүсэлт гэсэн баримтуудаар тогтоогдож байна[8].
Иймээс удирдлагын шийдвэргүйгээр 5 хүнийг шагнасан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна. 51.1.1 дэх заалт үнэ бүхий зүйл дурсгах гэсэн үндэслэлээр дээрх 5 албан тушаалтанд шагнал олгожээ. Ийнхүү шагнал олгохдоо Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид шагнал олгох журам-ын Гурав-ын 3.4. Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчийг насны ой, тэмдэглэлт бусад үйл явдлыг тохиолдуулан нэг сая хүртэл төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж болно. Төрийн албан хаагчийг үнэ бүхий зүйлээр шагнах тэмдэглэлт үйл явдлыг тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд тусгаж мөрдөнө гэж заасны дагуу Төв аймгийн Т хэлтсийн дарга 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журамд дээрх агуулга бүхий өөрчлөлтийг оруулсны[9] үндсэн дээр ажилтнуудаа шагнасан нь хууль журамд нийцжээ.
Монгол улсын Ерөнхий аудитороос ТА тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 13.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/207 дугаар тушаалаар аймаг, нийслэл дэх ТА газрын дарга, тэргүүлэх аудиторт эрх, үүргээ шилжүүлсэн, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар ТА байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмыг баталсан[10] байх бөгөөд эдгээр эрх зүйн баримт бичгээр эрх олгосныг үндэслэн албан тушаалын тодорхойлолтод[11] заасан чиг үүргийн хүрээнд аудит хийх удирдамжтайгаар[12] аудитор Г.Баянжаргал Төв аймаг дахь Т хэлтэст шалгалт хийжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аудиторыг шалгалт хийх эрхгүй гэж маргаагүй бөгөөд харин актдаа ТА тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтыг биш, 15.2.1 дэх заалтыг баримтлах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.
Учир нь ТА тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтад Үндэсний аудитын газрын эрх хэмжээг зохицуулсан заалт байх бөгөөд хариуцагч 15.2.1. орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх гэсэн заалтыг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 захиргааны актыг гаргах ... хууль зүйн үндэслэлийг заах гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Монгол улсын Ерөнхий аудиторын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан ТА байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 3 дугаар зүйлд акт тогтоох үндэслэлийг заасан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс 3.1.3 бусдад өгөх төлбөр тооцоог зөрүүтэй тооцоолж олгосон зөрчилд акт ногдуулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн тавьсан актад ... шагнагдаагүй 5 хүнд 500.0 мянган төгрөгийн шагнал олгосон гэсэн үндэслэл нь дээрх зөрчлийн агуулгад тохирохгүй байна.
Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл Төв аймаг дахь Т хэлтэс сайн ажиллаж, улсын төсвийг бүрдүүлсэн 5 албан тушаалтныг шагнасан нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, 6 дугаар зүйлийн 6.4.1. төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах; 16 дугаар зүйлийн 16.5.4. төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх; 16.5.5. батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажилласан байх тул нэхэмжлэгч Төв аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймаг дахь ТА газрын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ТӨА-2020/191/СТА-ТШЗ-63/63 дугаар актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.4,16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.1, ТА тухай хуулийн /2003 он/ 15 дугаар зүйлийн 15.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймаг дахь ТА газрын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ТӨА-2020/191/СТА-ТШЗ-63/63 дугаар актыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 3-р хуудас
[2] Хавтаст хэргийн 65-66-р хуудас
[3] Хавтаст хэргийн 91-92-р хуудас
[4] Хавтаст хэргийн 93-97-р хуудас
[5] Хавтаст хэргийн 91-92-р хуудас
[6] Хавтаст хэргийн 101-102-р хуудас
[7] Хавтаст хэргийн 65-66-р хуудас
[8] Хавтаст хэргийн 4-10-р хуудас
[9] Хавтаст хэргийн 64, 81-86-р хуудас
[10] Хавтаст хэргийн 20-28, 34-41-р хуудас
[11] Хавтаст хэргийн 104-108-р хуудас
[12] Хавтаст хэргийн 110-111-р хуудас