Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Г.Мид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Г.Энхбаяр

            Шүүгдэгч                                           Г.М

            Нарийн бичгийн дарга                      Ш.Ганзориг нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарыг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Г.Мид холбогдох 1812005780326 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Гын М

 

Г.М нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Хаяа гэх газарт байх иргэн Л.Цэрэнтогтохын гэрийн гадна иргэн Б.Быг хутгалан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Мид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор: “Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мид холбогдох 1812005780326 дугаартай эрүүгийн хэргийн 75 дугаар хуудсанд яллах дүгнэлтийг хүлээн авч танилцсан яллагдагч Г.М гэж гарын үсэг зурсан байгаа боловч шүүгдэгч Г.М нь “прокурор надаар гарын үсэг зуруулсан боловч яллах дүгнэлт гэх бичиг өгөөгүй гаргасан. Би яллах дүгнэлт авч танилцаагүй” гэсэн гомдлыг гаргаж байх тул шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нарын “яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй” гэсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч Г.Мид холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан хэлэлцүүлэг явуулж шүүгчийн 228 тоот захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон тул энэ шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж шүүх дүгнэлээ гээд

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мид холбогдох 1812005780326 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Мид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлж, тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Хаяа гэх газарт иргэн Л.Цэрэнтогтохын гэрийн гадна хохирогч Б.Быг хутгалан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн прокурорын газраас Г.Мийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Л.Мид холбогдох хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Мид прокурорын яллах дүгнэлтийг гардуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Анхан шатны шүүх яллагдагч Л.Мид холбогдох хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх товыг тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д “ ... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана...” гэж заагаад 6.8 дахь хэсэгт “...Яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол...” гэж хуульчилсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр явуулсан ба тухайн үед шүүгдэгч Л.М, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй талаарх гомдлыг гаргаагүй. Яллагдагч Л.М нь прокурорын яллах дүгнэлтийг хүлээн авсан болохоо баталгаажуулж гарын үсэг зурсан баримт хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Л.Мид яллах дүгнэлт гардуулсан тухай баримтыг үнэлэлгүйгээр гагцхүү шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбарт үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Л.Мид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол хуульд заасан үндэслэлгүй гарсан. Үүнийг нэг гарц нь анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанд буцаахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Прокуророос Г.Мийн хэргийг шалгаад шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод Дээд шатны шүүх хуралтай байсан учраас надад утасаар мэдэгдсэн тэмдэглэл үйлдсэн байсан. Утсаар мэдэгдсэн тэмдэглэл үйлдэхдээ яллах дүгнэлт гардуулсан гэж тэмдэглээгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай тэмдэглэл үйлдсэн байдаг. Урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийг гардаж авсан эсэх асуудал яригдаагүй, анхан шатны шүүх хурал зарлах талаар ярьсан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралд бэлтгэхийн тулд яллах дүгнэлтээ аваад ир гэж Г.Мийг утсаар дуудахад Г.М яллах дүгнэлт гэж юу байдаг юм бэ гэж надаас асуусан. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлт чамд өгсөн байх ёстой гэхэд намайг Н.Цогбаяр прокурорын өрөөнд дуудаад баримт дээр гарын үсэг зуруулсан. Гэхдээ надад яллах дүгнэлт гэсэн хуудас өгөөгүй гэж хэлэхээр нь Г.Мийг өрөөндөө оруулж ирээд надад байсан өөр яллах дүгнэлтийн хуулбарыг үзүүлээд ийм зүйл чамд өгөх ёстой үүнийгээ аваад ир гэхэд надад огт өгөөгүй гэж хэлсэн. Г.М гарын үсэг зурсан нь үнэн үүнтэй маргах зүйл байхгүй. Гэхдээ яллах дүгнэлтийг Г.Мид өгөөгүй байсан. Энэ асуудлыг анхан шатны шүүх хурал дээр ярьсан шалтгаан нь шүүх хуулийнхаа хүрээнд яллах дүгнэлтээ хэзээ гардаж авсан талаар тодруулахад Г.М яллах дүгнэлтийг гардаж аваагүй учраас уг асуудал яригдсан.  Г.Мийн хувьд яллах дүгнэлтээ гардаж авчихаад нуух шалтгаан байхгүй. Миний зүгээс прокурор яллах дүгнэлтээ гардуулж өгөөгүй, түүнийгээ далдлан нуусан гэж үзэхгүй байгаа. Прокурор яллах дүгнэлтээ гардуулж өгөхөө мартсан байж магадгүй гэж бодож байна. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлт гардуулж өгөх хугацаа өгнө үү гэсэн санал тавьж байсан. Г.М яллах дүгнэлтээ гардаж аваагүй учраас шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй сууж байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Тухайлбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудыг хуульчилсан. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг шүүгч өөрийн санаачилгаар явуулжээ. Талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй, шүүгч өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж байгаа атлаа урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцүүлэх нь тодорхойгүй, зөвхөн шүүх хуралдааныг товлон зарлах асуудлын талаар хэлэлцүүлсэн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.8 дахь хэсэгт заасан яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдлыг хэлэлцээгүй, уг асуудлаар талуудын дунд мэтгэлцээн явагдаагүй, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг буцаах боломжгүй юм.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан дуу дүрсний бичлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дахь хэсэгт заасан асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон байхад шүүх хуралдааны тэмдэглэлд уг асуудлыг бичээгүй нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна. 

 

 Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан дуу дүрсний бичлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн 228 дугаартай захирамжинд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болох талаар шүүх хуралдаанд уншиж согсгосон атлаа шүүгчийн захирамжинд уг шийдвэрлэсэн асуудлыг бичээгүй харин тэмдэглэлд бичсэн нь шүүгчийн захирамж шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс зөрүүтэй болжээ.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай  шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй үндэслэлээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож буй тул прокурорын Л.Мид яллах дүгнэлт гардуулсан тухай баримтыг үнэлэлгүйгээр гагцхүү шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбарт үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэсэн эсэргүүцлийг хэлэлцэх боломжгүй байна.

 

2019 оны 03 сарын 15-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан бөгөөд шүүгч Б.Отгонцэцэг нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого ирсэн эсэхэд хариулт өгөөгүй байгаа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн байгааг анхаарах нь зүйтэй.

 

Г.Мийн хувийн байдлыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай  тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Мид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                              Д.БЯМБАСҮРЭН

                                                               В.ЦЭЦЭНБИЛЭГ