Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2018/00021/И |
Дугаар | 00066 |
Огноо | 2018-01-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1978 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, хүүгийн хамт Булган Хангал суманд оршин суух, Б овогт Д6Б ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Булган аймагт оршин суух, М овогт А.С т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, 640000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00021/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.С, нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б нь А.Стай 2011 онд танилцаж 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Ганзориг төрсөн. А.С нь хүү бид хоёрыг 2016 оны 08 дугаар сард хаяж явсан. Одоо Хялганат тосгонд өөр хүнтэй гэр бүлтэй болсон. Анх биднийг гэр бүл болоход миний аав, ээж таван ханатай эрээн иж бүрэн гэр барьж өгсөн. Тухайн гэрийг А.С 800000 төгрөгөөр зарсан тул 400000 төгрөгийг гаргуулан авна. Мөн хүүхдийн мөнгөний дэвтрийг 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх 1 жилийн хугацааны 240000 төгрөг, нийт 640000 төгрөг гаргуулна. А.Сгаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эхээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч А.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.С нь иргэн Д.Бтай гэр бүл олж хүү Б.Ганзоригийг төрүүлсэн. 2016 оноос бид тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэгийг төлөх боломжгүй. Мөн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Хүүхдийн мөнгөөр хамт амьдарч байх хугацаанд дэлгүүрт өртэй байсныг төлсөн. Хүүхдийн мөнгөний дэвтрийг ирээд ав гэж Д.Бт хэлсэн боловч аваагүй байгаа гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Сгаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эхээс нь тэтгэлэг тогтоолгож, 640000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон 640000 төгрөг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.С нар нь 2011 онд гэр бүл болсныг Булган аймгийн Хялганат сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Г-14 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2016 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Бөхбат, 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Ганзориг нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй тул хүү Б.Ганзоригийг эцгийнх нь асрамжинд, хүү Б.Бөхбатыг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Д. Б, М овогт А. С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Б эх А.Сгийн, 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Г эцэг Д.Бын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91930 /ерөн нэг мянга емөн зуун гуч/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ