| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0709/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/729 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сэрчмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/729
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч А.Сэрчмаа,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808028290850 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, ** дугаар байр, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Б-ийн Э /РД:******
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Э нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Содон хорооллын гадна талын тоглоомын талбай дээр насанд хүрээгүй Э.Х-ыг “хүүхдийн мөнгө авлаа” гэдэг шалтгаанаар 2 удаа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр манай охин гадаа гарсан. Охиноо дуудах гээд гартал миний мөнгийг нэг ах авсан гэж хэлсэн. Тэгээд очтол нэг эрэгтэй хүүхэд байсан бөгөөд урьд нь манай охиныг ганц нэг удаа шоглож байсан хүүхэд байсан. Тухайн бүрт нь би сануулж байсан. Тэгээд тэр хүүхэд байхаар нь жаахан бухимдаад толгой уруу нь чичлээд хатгасан. Миний буруу, гэм буруугаа зөвшөөрч байна. Гэмшиж байна. Ганц охиныг минь харгалзан үзэж ялыг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр 20 цаг өнгөрч байхад ээж над уруу залгасан. Хыг манай орцны хүүхэн 2 алгадчихлаа гэсэн. Намайг очиход хүүхэд маань хэнгэнтэл уйлчихсан, нүүр ам нь улайсан байсан. Би Этай маргалдаагүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
Эрүүгийн 1808028290850 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Э.Хын: “2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим ...манай дүү Э-ай хамт тоглодог Э гэх хүүхэд гүйж ирээд “надад мөнгө байна” гэж хэлээд гартаа байсан 300 төгрөгөө харуулсан. Тэгээд Амина, Эрхсаран бид 3 дэлгүүр орж Э дэлгүүрээс 100 төгрөгийн чихэр 3 ширхгийг аваад бид 3 хувааж идсэн. Тэгээд дэлгүүрээс гараад Э, Х хоёртой бид 5 Ч ахын гэр рүү орох гээд явж байтал Э-гийн ээж нь гэх хүн гэрийнхээ тагтан дээр гараад зогсчихсон Э ээждээ “би эд нартай хамт гэр рүү нь орж тоглолоо шүү” гэж хэлсэн. Ээж нь “за тэг” гэж хэлээд тэгээд бид 5 Ч ахын гэр рүү явж орсон. ...Би тоглоомын талбайн саравчин дээр байж байтал Э ээжийнхээ хамт над дээр ирээд ээж нь “хөөе чи хүүхдийн 300 төгрөгийг яасан юм бэ” гээд шууд загнаад миний баруун талын хацар уруу 2 удаа алгадчихсан. Миний хамраас цус гараад яг тэгээд цохиж дууссны дараа манай эмээ Э цаанаас ирээд тэр эмэгтэйг “чи хөөш хулгайч минь, яагаад жоохон хүүхэд алгадаж байгаа юм бэ” гээд нөгөө эгчийг шууд тоглоомоороо нэг удаа цохисон. Тэр эгч барьж байсан өмдөөрөө эмээгийн нуруу уруу 1 удаа ороолгосон. Толгойн зураг авахуулсан 120.000 төгрөгийг гаргуулж авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.07-ны өдрийн 7083 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “ 1.Э.Хын биед тархи доргилт, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3.5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Дээрх гэмтэл нь гэмтлийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-11/,
Гэрч Б.Ч-ийн: “...Би “юу болсон юм бэ” гэж ээжээс асуутал “манай орцонд байдаг хүүхэн Хыг алгадаад би явж очтол намайг бас алгадаад барьж байсан хувцсаараа ороолгосон” гэж хэлсэн. Тухайн үед ээжийн уруул шалбарчихсан хамар доороо маажуулчихсан байсан. Нэг их удалгүй хойноос нь Х ганцаараа “толгой өвдөөд байна” гээд уйлаад хацар нь хөхөрчихсөн орж ирсэн. Цагдаа ирээд Х, манай ээж бид 3 нөгөө хүүхний гэр рүү ороод “яагаад хүүхэд алгадаж бас манай ээжийг цохиж байгаа юм бэ” гэж асуутал тэр хүүхэн “би танай ээж гэж мэдээгүй, танай гэрийн асрагч байх гэж бодсон” гэсэн. Тэгээд би өөдөөс нь “асрагч хүн биш юм уу” гэж хэлээд гараад явсан. Харин цагдаа нар тэр хүнийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч М.Э-гийн: “...Тэгээд би саадан дотор сууж байтал нэг хүүхэн хажуугаар жоохон охин дагуулчихсан “тэр хүүхэд чинь хаана байна” гээд хайгаад явж байсан. Би тэр хүүхний дагуу хараад сууж байтал тэр хүүхэн манай зээ болох Х дээр явж очоод алгадаад авсан. Х шууд зугтаагаад явчихсан. Тэгээд би “хүүе юу болж байна” гээд явж очтол тэр хүүхэн намайг шууд “чам шиг авгайгаар заалгах юм уу” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед 2 настай хүүхэд тэвэрч байсан. Тэр хүүхэн намайг барьж байсан хувцсаараа ороолгоод би тэр хүүхэнтэй маргалдсан. Би холдоод явтал тэр хүүхэн хойноос дагаад хэл амаар доромжлоод байсан. Х орцонд айчихсан хамраас нь цус гарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/,
Гэрч Б.Уын: “...Ээж Э утсаар залгаад хүү Хыг нэг хүүхэн 2 удаа алгадаад хамраас нь цус гаргачихсан, ээжийг маань маажиж самардаад, хүүхдийнхээ цамцаар ороолгосон гэж байсан. Хыг харахад нүүр нь хөхөрч хавдчихсан, уйлчихсан байж байсан. Харин хүүг алгадсан гэх эмэгтэй лифтэнд орилж хашгираад байсан. “Манай хүүхдийг ямар болгочихсон юм бэ” гэхэд “танай хүүхэд манай хүүхдийг дандаа шоглодог, хохь чинь” гээд хэрүүл маргаан болоод байсан. Түүний зүүн хацар дээр 3 хумсны шарх бий болсон байсан. Хамраас нь цус гарсан байсан. Нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. Манай хүүг тэр эмэгтэй өмнө нь бас алгадсан гэж манай хүү зааж хэлж өгч байсан” гэх мэдүүлэг /хх-27/,
Шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр охин Э нь “гадаа тоглоно” гээд 15 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Би охин Эд “зайрмаг авч идээрэй” гэж 300 төгрөг өгөөд гаргасан. 17 цагийн орчим байхаа гэрээс гарч охин болох Э дээр явж очоод “миний охин нөгөө мөнгөөрөө зайрмаг авч идсэн юм уу, гэртээ орж хоолоо идэх үү” гэтэл манай охин надад хандаж “миний мөнгийг нэг ах авчихсан” гэхээр нь “би ямар хүүхэд вэ” гэж хэлээд охин Эрхсарангаар заалгаж нөгөө Х гэдэг хүүхэд дээр очиход тэр хүүхэд урьд нь манай охин Этай тоглож байгаад шоглоод түлхэж унагааж байсан асуудал гаргаж байсан. Би тэр хүүхэд дээр очоод “чи яагаад дандаа дүүгээ шоглож байдаг юм бэ” гэж хэлээд 1 удаа зөөлөн алгадчихсан. Тэгтэл цаанаас нэг хүүхэн ирээд над уруу уурлаад бид 2 хоорондоо маргалдаад барилцаж авсан. Гэхдээ хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Тэр хүүхэнтэй барилцаж байхад миний хацар уруу алгадсан. Тэгээд би тэр хүүхэнд хандаж “танай хүүхэд чинь удаа дараа манай охиныг шоглож байна, та нар хүүхдэдээ хэлэл дээ” гэж хэлтэл тэр хүүхэн ерөөсөө үг авахгүй байсан. Би тэр хүүхдийг нэг л удаа хацар уруу нь зөөлөн алгадсан. Би Хыг алгадаж биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-59-60/,
“Натур эмнэлэг” компьютерт томографийн оношлогоо /хх-14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28, 47/, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-30/, хорооны тодорхойлолт /хх-33/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-45/, Хас банкны дансны хуулга /хх-49/, Хаан банкны /хх-50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-51-52/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-62, 63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын гадна талын тоглоомын талбай дээр насанд хүрээгүй Э.Хыг “хүүхдийн мөнгө авлаа” гэх шалтгаанаар 2 удаа алгадаж, түүний биед тархи доргилт, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Эмчилгээний зардалд нэхэмжилсэн 120.000 төгрөгийг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэлийг шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Э өрхийн орлогогүй, хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдохгүй байх тул торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд цагийн ажил хийдж орлого олдог. Ээж маань өндөр настай хүн байдаг, охин маань нялх байгааг харгалзан цагийг багасгаж өгнө үү. Хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /өөрийн нэр дээр тодорхой үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй хх-30, 52/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б-йн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
А