| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2018/00588/И |
| Дугаар | 627 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Бэсүд овогт Ц-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хонгор овогт Б-ын Ж-д холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Б.Ж нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид гэрлэлтээ 2014 онд батлуулаад хоорондын таарамжгүй байдлаас болж 2008 оноос хойш тусдаа амьдарсан. Түүнээс хойш ганц хоёр удаа эргэж нийлсэн боловч бидний хоорондын харилцаа дээрдээгүй тул салсан.
Хариуцагч Б.Ж нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Сүүлийн 10 жил тусдаа амьдарч байна. Гэр бүл болоод сайхан амьдрана гэсэн боловч бид 2 өөр ертөнцийн хүмүүс байсан. Хамт амьдрахаасаа өмнө нэгнийгээ таниагүйгээс болоод саад бэрхшээл олон гардаг юм билээ. Хүү маань багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн.Тухайн үед хоёулаа оюутан байсан. Гэрлэлт цуцлах ноцтой байдал нь бидний хувьд үзэл бодлоос гадна, бага зэргийн нэг нэгэндээ үл итгэх байдал үүссэн. Нэг нэгнийгээ хуурч байсан тохиолдол байдаг. Тусдаа амьдарсны дараагаар хоёр ч удаа цуг амьдрахыг оролдсон. Нэгэнт бие биедээ итгэхээ больсон байсан учраас тусдаа амьдарсан. Архи дарс уугаад зодсон асуудал бол гэр бүлийн маргаан шалихгүй зүйлээс гардаг билээ. Тэр болгон дээр маргалдаж, харилцан зодолдох зүйл бол байсан гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бэсүд овогт Ц-ийн Г нь хариуцагч Хонгор овогт Б-ын Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Бэсүд овогт Ц-ийн Г, хариуцагч Хонгор овогт Б-ын Ж нар 2003 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсноо 2004 оны 8 дүгээр сарын 23-ний өдөр бүртгүүлж хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2004 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр хүү Ж.Д төрсөн болох хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгсдийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 3-6 дугаар тал/
Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2008 оноос эхлэн тус тусдаа амьдарч байгаа, хэн хэн нь бие биедээ итгэх итгэлгүй болсон, цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-өөс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт зааснаар Бэсүд овогт Ц-ийн Г, хариуцагч Хонгор овогт Б-ын Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-өөс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-т олгосугай.
4. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ