Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/727

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,  

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808027180844 дүгээр хэргийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Э-ийн Б /РД:*****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Москва хорооллын *** тоотод иргэн М.Сг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 1808027180844 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Сгийн: “2018 оны 5 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед найз Х утсаар “Чи манайд ирж туслаач” гэхээр нь би очсон. Би ороод цай уугаад сууж байхад Б нэлээн архи уусан согтуу, гэрийн эзэн Б уруу агсраад зүй бус харьцаад байхаар нь би Б-г дагуулаад нөгөө өрөө рүү ороход надаас “чи Б, Х хоёртой ямар харилцаа холбоотой юм” гэхээр нь “бид гурав хойно сургууль төгссөн, 30 гаруй жил найзалж байна” гэж хэлсэн. Тэгтэл “тийм гэсэн, чи энэ тэнд сэгсийж явдаг” гэсэн гээд над уруу хэрүүл өдөж эхэлсэн. Намайг ариун цэврийн өрөө ороход араас Б орж ирээд хашаад өдөөд байсан. ...Б хүүхдийн өлгийн дээр хэвтэхээр нь цаана чинь гурван ор байхад чи энд хэвтлээ гэхэд Х “чи миний гэр оронд хэн юу хийхийг заалаа, чамд заах эрх байхгүй” гэхээр нь би чимээгүй ...сууж байхад Б босож ирээд миний араас баруун гараа атгаж байгаад дагз уруу 1 удаа цохиод, хөлнөөс татаад газар унагаахаар нь би үснээс нь татаад толгойг доош нь дарахад... Гэрийн үүдэнд зогсож байхад Б над уруу дайрч ирээд хамар уруу гараа атгаж 1 удаа цохисон. Би гараад лифт рүү очиход Б гарч ирээд хана хаалга хоёрын завсар намайг шахаад миний хувцаснаас заамдаж хоолой боогоод “чи их бренд өмсдөг гэсэн үү, чи өмссөн хувцастайгаа явж байгаа биз дээ” гэхээр “чи ямар сэдлээр над уруу дайраад байгаа юм бэ” гэхэд “чи намайг дорд үзлээ” гэж хэлээд толгой уруу гараа атгаж байгаад 3 удаа цохиход би толгойгоороо хана гурван удаа мөргөсөн. ...Б бөгжтэй гараараа миний баруун нүдний хөмсөгний дээд талд цохиход нүд томбойгоод хөхөрч хавдсан. Гарсан зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-08-09/,

Гэрч Г.Бын: “...лифтний үүдэнд С, Б хоёр зууралдсан зогсож байсан. Би “юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёрыг ...эргээд бие бие рүүгээ дайраад бие биенийхээ толгой уруу цохиод доогуураа өшиглөлцөөд байсан. Би Стай гараад машинд суухад С-гийн баруун нүдний хажууд бондойгоод хавдсан байсан. ...Тэр хоёр эргээд бие бие рүүгээ дайрахаар нь би Б-г цааш нь түлхэхэд газар унасан. Би тэр өдөр Бд гар хүрч цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-10-11, 12-13/,

Гэрч Д.Т-ийн: “...0.75 литрийн архи аваад бид гурав хоол хийж архиа хувааж уусан. Миний нойр хүрээд би унтаад өгсөн. Нэг сэрэхэд гаднаас нэг эмэгтэй мөн захирлын нөхөр орж ирсэн байсан. Б миний хажууд хэвтэхэд тэр авгай Бг архи уусан байж хүүхдийн орон дээр хэвтлээ гэж хэлэхэд Б “юу гэнээ” гээд тэр авгайн араас гараараа дэлсэхэд эргэж хараад Бг үсдээд доош нь дарахад би салгасан. Гадаа хэрэлдэх чимээ гарахаар нь би захирлыг гараадах гэж хэлтэл захирал удаагүй Бг дагуулаад ороод ирсэн. Орж ирэхдээ Б зүүн нүд рүүгээ цохиулсан гээд нүдний доор нь хөхөрч улайсан байдалтай орж ирсэн. Маргааш нь Б ажилдаа ирээд “та энийг хараач” гээд надад хөл гараа үзүүлээд “өчигдөр нөгөө авгай миний зүүн талын гар, хөл рүү цохиод олон газар хөхөрсөн байна” гэж надад үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-15/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.06-ны өдрийн 7009 дүгээр шинжилгээний дүгнэлтэд:1.М.С-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ... журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадва тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,

Шинжээч Б.Долгормаагийн: “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохдоо тухайн хүний биед учирсан гэмтлүүдийн хамгийн хүндээр нь зэргийг тогтооно, эсвэл олон жижиг гэмтлүүдийг нийлүүлэн гэмтлийн зэрэг тогтоодог. Энэ тохиолдолд Сгийн биед учирсан баруун баруун нүдний зовхинд цус хурсан, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Шүүгдэгч Э.Бгийн: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр захирал Х, Т багш, бид 3 таксидаад 17 цагийн үед 0.75 нэг шил архи аваад захирлын гэрт орсон. Би сууж байсан буйдан дээрээ хэвтээд унтах гэтэл С гэх эмэгтэй “хүүхдийн орон дээр хэвтэж унтах гэлээ, балиар архичин авгай” гэж хэл амаар доромжлохоор нь дургүй хүрээд араас нь гараа атгаж байгаад шилэн хүзүү рүү нь 1 удаа цохиход эргэж хараад миний үснээс татаж доош нь дараад миний зүүн гарын булчин, зүүн хөлний булчин уруу өшиглөсөн. Би хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Х Т эгч хоёр бид хоёрыг салгахад тэр авгай гэрээс гараад явахаар нь би араас нь гарахад лифтний үүдэнд “цагдаа дуудна” гэхээр нь би жижиг “Нокиа” гар утсыг нь булааж аваад хана хаалга хоёрын завсар Сг шахаад заамдаж байгаад толгой уруу нь 2-3 удаа цохисон. Болдоо ах гарч ирээд миний зүүн нүдний доор гараа атгаж байгаад цохисон, би газар унасан. Хишигээ Т эгч хоёр гарч ирээд намайг гэр рүүгээ аваад орсон...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогчийн өргөдөл /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-24/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-49, 50/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131 дүгээр байр, 81 тоотод иргэн М.Сг зодож, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Сгийн “...Б босож ирээд миний араас баруун гараа атгаж байгаад дагз уруу 1 удаа цохиод, хөлнөөс татаад газар унагаасан. Хамар уруу гараа атгаж 1 удаа цохисон. Би гараад лифт рүү очиход Б гарч ирээд хана хаалга хоёрын завсар намайг шахаад миний хувцаснаас заамдаж хоолой боогоод ...толгой уруу гараа атгаж байгаад 3 удаа цохиход би толгойгоороо хана гурван удаа мөргөсөн. ...Б бөгжтэй гараараа миний баруун нүдний хөмсөгний дээд талд цохиход нүд томбойгоод хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх-08-09/, гэрч Г.Бын “...бие бие рүүгээ дайраад бие биенийхээ толгой уруу цохиод доогуураа өшиглөлцөөд байсан. Сгийн баруун нүдний хажууд бондойгоод хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-10-11, 12-13/, гэрч Д.Т-ийн “...Б “юу гэнээ” гээд тэр авгайн араас гараараа дэлсэхэд эргэж хараад Бг үсдээд доош нь дарахад би салгасан. Орж ирэхдээ Б зүүн нүд рүүгээ цохиулсан гээд нүдний доор нь хөхөрч улайсан байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-15/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.М.С-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн ... журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-27/, шүүгдэгч Э.Бгийн “...Араас нь гараа атгаж байгаад шилэн хүзүү рүү нь 1 удаа цохисон. ...Хана хаалга хоёрын завсар Сг шахаад заамдаж байгаад толгой уруу нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-36/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “Хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн /хх-9/ боловч хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Э.Бг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б нь хөдөлмөр эрхэлдэг гэх баримт байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Зах дээр цайны газарт 08-20 цаг хүртэл ажилладаг учраас нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжгүй учир торгох ял оногдуулж өгнө үү. Мөн торгох ялын хэмжээ, хугацааг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /цайны газар ажил эрхэлж тодорхой цалин хөлс олдог гэх тул/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Э.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Э-ийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч М.С хохиролтой холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР