Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 628

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч:  Равжаа овогт Г-ын Г-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Адуучин овогт С-ын Б-д холбогдох

  

Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, хариуцагч С.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг хөтлөв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.Б-тэй 2010 онд танилцсан. 2012 онд хүү  н.Э төрсөн. 2016 онд бид муудалцсаны улмаас салсан. Түүнээс хойш хүүхдээ ч харж хандаагүй. Намайг нурууны хагалгаанд орж байхад бие асууж ирээгүй, 2 удаа хагалгаанд орж байхад хүүхдээ ч яаж байна гэж ирж байгаагүй. Хэл сураг байхгүй. Гэрт нь очихоор ээж нь Чех улс явчихсан гэж худлаа ярьдаг. Гэтэл С.Б  Чех улс яваагүй өөр эмэгтэйтэй гэр бүл болсон байсан. Биеэ тэнхрүүлж байгаад 9 сард нэхэмжлэл гаргасан. Гэвч С.Б нь оршин суугаа хаяган дээрээ байдаггүй гэсэн учраас нэхэмжлэлийг буцаасан тул эрэн сурвалжлуулж, дахин нэхэмжлэл гаргаж байгаа гэв.

 

Хариуцагч С.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Равжаа овогт Г-ын Г нь хариуцагч Адуучин овогт С-ын Б-д холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Равжаа овогт Г-ын Г, хариуцагч  Адуучин овогт С-ын Б нар нь 2010 онд танилцаж, гэр бүлийн дотно харьцаатай, 2016 он хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 1 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Э төрсөн байна. /хэргийн 7 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй тул шүүхээс 2012 оны 02 сарын 1-ны өдөр төрсөн хүү  Б.Э-ийн эцэг С.Б мөн болохыг тогтоож, эцэг С.Б-р сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, хариуцагч С.Б-с 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож, 31233 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 сарын 1-ны өдөр төрсөн одоо 06 настай хүү Б.Э-ийн эцэг Адуучин овогт С-ын Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 01 сарын 16-ны өдөр төрсөн 6 настай хүү Б.Э-г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, хариуцагч С.Б-с 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож, 31233 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ