Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/857

 

                          

 

 

 

 

      2018          10             04                                          857

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Э.Г..............х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Э...............лайн Г..............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0242 00981 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Э...............лайн Г..............х, Монгол Улсын иргэн, У.......нбаатар хотод 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин, кранист мэргэжилтэй, “.............................

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1331 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Г..............х нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Хүслэ /HUSILE/-г гэгчтэй “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, цээжин тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн талын YII хавирга, IX хавирганы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г..............х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч С.Х.........лээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 товчооны зам дагуу Жонг Шон Лун нэртэй хятад хүнтэй хамт өөрийн 61-19 УНВ улсын дугаартай саарал өнгийн Тоёота камри маркийн машинтай ажлаасаа гараад зам руу ороод У.......нбаатар хот руу явж байсан чинь саарал өнгийн машин намайг замын зүүн тал руу шахаж зогсоогоод машинаас буугаад саарал машины жолоочоос уучлалт гуйж байсан чинь араас У.......н өнгийн Экстрайл маркийн машинаас 2 залуу бууж ирээд над руу гүйж ирээд нэг нь шууд шалтгаангүй зодож эхэлсэн. Зодож байхдаа чи муу хужаа, чи Монгол хүн биш гэж хэлсэн. Г..............х гэдэг залуу шууд над дээр гүйж ирээд хувцаснаас заамдаж аваад зүүн талын хавирга тус газар гараа атгаж байгаад олон удаа цохиод нүүр рүү цохиод түүнээс болоод миний ухаан балартаад газар уначихсан байхад толгой руу өшиглөөд байсан. Тэр үед замын хажуу талаас манайхаас сэлбэг авдаг Эрдэнэ гэдэг хүн зодуулж байхыг харж байсан. Тэгсэн араас миний ээжийн дүү У.......н эгч ирээд болиоч  адилхан Монгол хүн байж гэж байхад тоохгүй намайг зодоод байсан. Миний зүүн талын 2 хавирга хугарсан, хамрын яс хугарсан, зүүн нүдний дээд, доод зовхи хөхөрсөн, зүүн дээд уруул язарсан, хамрын нуруунд зулгарсан, зүүн хөл хавдсан байсан...тэр залуу намайг гараараа олон удаа толгой, хавирга, хамар руу цохисон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19)

2. Гэрч А.Г................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би төрсөн ах Г..............х, ахын хоёр хүүхэд, манай нэг хүүхэдтэй хамт Эмээлт орох гээд явж байсан. Тэгсэн хуучин 22-н товчооны урд явж байхад Тоёота камери маркийн автомашин урсгал сөрөөд урдуур ороод ирсэн. Манай ах Г..............х машинаа баруун дараад боржуур мөргөөд зогссон.  Тэгсэн ард явж байсан Волтоц маркийн автомашин бас шахагдаад замын хажуу талын боржуур мөргөөд зогссон. Тэгсэн Волтоц урдаас урсгал сөрж ирсэн автомашиныг араас нь хөөгөөд замын хажуу тал руу шахаад зогсоосон. Тэгэхээр нь ах Г..............х бид хоёр араас нь очоод та нар яаж яваад байгаа юм гэж хэлсэн чинь манай...ах Г..............хийг нэг хужаа залуу гараараа нэг удаа цохисон. Тэгсэн манай ах Г..............х тэр залууг мөн адил нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)

3. Гэрч Т.У.......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим захирал Хүслэ машинтайгаа гараад явсан тэрний дараа би офиссийн байрны хоёр давхарт цонхоор харсан чинь хашааны цаана байх авто машины зам дээр баахан хүн бөөгнөрчихсөн, машин тэрэг зогсчихсон байхаар нь сайн хартал Хүслэ дунд нь зогсож байсан. Тэгэхээр нь би юу болж байгаан бол гээд шууд гүйгээд хашаагаар гарсан. Намайг очиж явах үед нэг залуу Х.........лээгийн гэдэс рүү нь цохиод газар унагаачихсан. Би очоод юу болж байгааг асуухад чи хятад байна гэхээр нь бид нар Өвөр Монгол гэсэн чинь та нар Хятадын Монгол ална гээд уурлаад байхаар нь би дүүтэйгээ цуг уучлалт гуйгаад миний дүү ч гэсэн зөндөө уучлалт гуйсан боловч гуйх болгонд нь цохиж авсан. Ингээд байж байтал Лхагважаргал болон Х.........лээгийн ээж Юн мэ нар ирсэн. Х.........лээг салгаж авах гэхэд хоолойг нь хэрчиж ална гээд л зодоод байсанд их гомдолтой байна...Зүүн чих болон хамраас нь цус гарчихсан, зүүн хавиргаа дараад байсан. Их л цохиулсан зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6113 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний дээд доод зовхи хавдартай, У.......н хүрэн өнгийн цус хуралттай, дээд уруул хавдартай, У.......н хүрэн өнгийн цус хуралттай, дээд уруулийн зүүн талд дотор салстад 1х1см язарсан шархтай, хамрын нурууны зүүн хажуу хэсэгт 4х1см У.......н хүрэн өнгий зулгаралттай. цээжний зүүн хажуу хэсгээр суганы дунд шугамаар тэмтрэхэд эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2018.05.11-ний “Натур эмнэлэг”-н Толгойн компьютер томографийн шинжилгээ: Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч хянга хэсгээрээ хугарч баруун тийш мурийсан...зүүн нүд хацар болон дээд уруул орчмын зөөлөн эдэд хаван хавдартай.

2018.05.11-ний “Натур эмнэлэг”-н Цээжний хөндийн компьютерт томорграфийн шинжилгээнд: ...Зүүн талд суганы урд шугамаар YII хавирга зөрүүгүй ташуу, IX хавирга далын шугамаар зөрүүгүй хөндлөн тус тус хугаралтай...ДҮГНЭЛТ

1.СОЁЛ овогтой Хүслэ /HUSILE/-н биед зүүн талын YII хавирга, IX хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

5. Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гурав ба түүнээс дээш хаварганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг. 2 хавирганы хугарал нь эрүүл мэндийн түр сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

6. Шүүгдэгч Э.Г..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дүү Г................гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.......нбаатар хотоос Эмээлт чиглэлд явж байсан чинь хуучин 22 товчооны орчимд мөнгөлөг саарал өнгийн Тоёота камери маркийн машин урсгал сөрөөд хурдтай орж ирсэн ба би тоормозлоод амжихгүй болохоор нь баруун тал руугаа дараад замын хашлага даваад зогссон. Бас эсрэг урсгалд явж байсан Тоёота Волтз маркийн тээврийн хэрэгсэл эсрэг талын замын хаалт руу дараад зогссон. Би машинаас буугаад юу болж байна гээд буусан чинь тоёота волтз маркийн машины жолооч...тоёота камери маркийн машины жолоочтой маргалдаж байсан...би юу болоод байгаа юм, яаж яваад байгаа юм гээд асуусан чинь Хүслэ гэдэг залуу нь хятадаар яриад “Чамд хамаагүй, би мэдэж байна, чи яваа” гэж хэлсэн ба хамт байсан залуутайгаа хятадаар яриад нөгөө залуу нь миний зургийг утас нь дээрээ аваад байсан. Би яагаад миний зургыг аваад байгаа юм, чи монголоор яриадах, яагаад дүрэм зөрчиж байгаа юм, осол гарсан бол яах юм гэж хэлсэн чинь Хүслэ нь монголоор чамд хамаагүй гэж хэлээд намайг алгадаад би мэдэж байна гэж хэлэхээр нь би зөрүүлээд Х.........лээг алгадсан. ...Би Хүслэ гэдэг хятадыг 2 удаа алгадсан газар унахад нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн тэрнээс өөр газарт нь цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

7.Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 56), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 53),

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 55), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 60-69) хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 70) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Г..............хэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Г..............х нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд, хувийн таарамжгүй харилцааны үүднээс, шууд санаатай үйлдлээр, БНХАУ-ын иргэн Хүслэ /HUSILE/-г гэгчтэй “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч С.Х.........лээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г..............х гэдэг залуу шууд над дээр гүйж ирээд хувцаснаас заамдаж аваад зүүн талын хавирга тус газар гараа атгаж байгаад олон удаа цохиод нүүр рүү цохиод түүнээс болоод миний ухаан балартаад газар уначихсан байхад толгой руу өшиглөөд байсан...Миний зүүн талын 2 хавирга хугарсан, хамрын яс хугарсан, зүүн нүдний дээд, доод зовхи хөхөрсөн, зүүн дээд уруул язарсан, хамрын нуруунд зулгарсан, зүүн хөл хавдсан байсан...тэр залуу намайг гараараа олон удаа толгой, хавирга, хамар руу цохисон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19)

- Гэрч А.Г................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ах Г..............хийг нэг хужаа залуу гараараа нэг удаа цохисон. Тэгсэн манай ах Г..............х тэр залууг мөн адил нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)

- Гэрч Т.У.......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу Х.........лээгийн гэдэс рүү нь цохиод газар унагаачихсан. ..Х.........лээг салгаж авах гэхэд хоолойг нь хэрчиж ална гээд л зодоод байсан. ...Х.........лээгийн Зүүн чих болон хамраас нь цус гарчихсан, зүүн хавиргаа дараад байсан. Их л цохиулсан зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6113 дугаар дүгнэлт   ...ДҮГНЭЛТ...1.СОЁЛ овогтой Хүслэ /HUSILE/-н биед зүүн талын YII хавирга, IX хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Шүүгдэгч Э.Г..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хүслэ гэдэг хятадыг 2 удаа алгадсан газар унахад нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн тэрнээс өөр газарт нь цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...Э.Г..............х, хохирогч ...С.Хүслэ нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу “замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” гэх сэдэлтээр, хохирогч С.Хүслэг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ...Э.Г..............х нь хохирогч ...С.Хүслэг зодсон болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Э.Г..............хийг  гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Хүслэ нь эмчилгээний зардалд баримтаар 2.156.200 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Э.Г..............х нь хохирогчид 350.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 71) баримтаар нотлогдон тогтоогдсон. Мөн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн (хавтаст хэргийн 71) байх тул шүүгдэгч Э.Г..............х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Г..............х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Г..............х нь хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Э.Г..............хэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Г..............х нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0242 00981 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Э...............лайгийн Г..............хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г..............хийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г..............хэд оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Г..............х нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ