Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/858

 

 

 

                                   

 

 

        2018          10           04                                         858

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Т.Т..............г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн газраас Сартуул овогт Т..............рын Т..............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808 0340 21049 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овогт Т..............рын Т..............г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .......................................

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Т.Т..............г нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод ах Э.Э.............ттай маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Э.Э.............тын зүүн өгзгөн тус газар нь хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Т.Т..............г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Э.............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15 дугаар гудамжны ........... гэртээ 21 цагийн үед дүү Т.Т..............г хүргэн Галаа охин Х.................н нарын хамт байж байхад гаднаас аав, ээж, дүү нар ургын баярт яваад ирсэн. Гэтэл Т.Т..............г ээж О................г рүү уурлаад “Э.Э.............т манай охин Х.................ныг зодоод хөөгөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэн Галаад “чи эхнэртэй хэлээч, би тэгээгүй биздээ” гэж хэлтэл Галаа “чадахгүй пиздаа минь” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд Галаа доошоо хараад суугаад байхаар нь би очоод малгайг нь дээш болгоод “чи эхнэртэй хэлээч ээж хөдөөнөөс ирж байхад хов зөөгөөд байхын” гэж хэлэхэд Галаа “чи яагаад миний малгайнд хүрээд байгаа юм” гэж хэлэхэд нь “би чиний малгайнд хүрэхэд яадын очоод Т.Т..............гийг аваач” гэхэд Галаа босож ирээд 2 гараараа миний хүзүүг боогоод орон дээр унагаагаад дээрээс дараад байсан. Тэр үед ээж О................г ирээд хүүхэд аллаа ш дээ гээд бид хоёрыг салгаад байж байхад Т.Т..............г наадхаа тавь наад мууг чинь би гүйцээчхий гэж хэлээд улаан иштэй хутгаар миний зүүн өгзөгний доод хэсэг рүү нэг удаа хутгалсан...Тухайн үед миний хүзүү улайсан зүүн өгзөгнөөс цус гарч байсан өөр гэмтэл байгаагүй...миний өгзөгт учруулсан гэмтлийг Т.Т..............г учруулсан. Хүзүү баруун зүүн тохойнд зулгаралт гэмтлийг Галаа учруулсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),

2. Гэрч Л.О................г (шүүгдэгч, хохирогч нарын эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................ тоот гэртээ нөхрийн хамт том өрөөнд унтаж байхад хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд жижиг өрөө рүү ороход хүргэн Галаа Э.Э.............ттай маргалдаад орон дээр хоолойг нь боогоод дарсан байдалтай байхаар нь тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан учраас цагдаа дуудах гээд...том өрөөнөөс утсаа олоод гадаа гараад дуудлага өгчихөөд ороод ирэхэд Э.Э.............тын өмдний ар тал цус болсон байсан юу болсон талаар нь асуухад Э.Э.............т миний өгзөгнөөс цус гараад байна гэхээр нь би дахин цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

3. Гэрч Ц.Г..............нэ (шүүгдэгчийн нөхөр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр...манай эхнэр Э.Э.............тыг хүүхэд зодлоо гэж уурласан чинь Э.Э.............т би зодоогүй гээд намайг чи үнэнийг мэдэж байгаа биздээ эхнэртээ хэлээч гэхээр нь би юугийн хэлдэг юм гэж хэлсэн чинь Э.Э.............т босч ирээд миний өмсөж байсан малгайг авч газар шидлээд байсан. Тэгэхээр нь би чи яагаад малгай авч шидлээд байгаа юм бэ гэтэл чиний малгайг авч шидэхээр яадаг юм гэхээр нь би цаашаа бай гээд түлхсэн чинь дахиж малгай авч шидлээд байхаар нь би барьцалдаад боогоод түлхэлцэж байтал ээж дундуур орж ирээд салгах үед Э.Э.............т цамцаа урж шидлээд хоёулаа үхэе гээд орилж хашиграад байсан чинь эхнэр цаанаас Э.Э.............тыг чи яахаараа манай нөхрийг зодох гээд байгаа юм гээд ирж байх шиг байсан. Тэгтэл Э.Э.............т харайгаад явчихсан тэгсэнээ намайг хутгалчихлаа гээд орилсон...энэ үед зүүн өгзөг хэсгээс нь бага зэрэг цус гарч байсан...Намайг...өмөөрөөд төмс арилгадаг хутгаар зүүн өгзөгт нь нэг удаа хатгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8736 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн өгзөгт 1.8х0.4см зах ирмэг тэгш шархтай, хүзүүний баруун хэсэгт 7.2х4.4см талбайд олон тооны 0.8х0.2см хүртэлх хэмжээний хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай, баруун тохойд 1.2х0.6см зүүн толойд 1х0.5см хүрэн ягаан өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ

1.Э.Э.............т-н биед зүүн өгзөгт шарх, хүзүү, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),

 

5. Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүдээс зөвхөн зүүн өгзөгний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27)

6. Шүүгдэгч Т.Т..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед манай эх, эцэг, дүү нар хөдөө ургийн баярт оролцоод ирэхээр нь би ээж О................гт ах Э.Э.............т манай хүүхдийг өчигдөр намайг байхгүй үед зодсон байна гэж хэлсэн чинь ээж ах Э.Э.............тыг загнаад явах гэж хүүхэд зодсон юм гэсэн чинь ах Э.Э.............т худлаа яриад бай чи намайг юу гэж гүтгээд байгаа юм гэснээ нөгөө өрөөнд манай нөхөр сууж байсан чинь нөхөр дээр очоод чи эхнэрээ аваач худлаа яриад яваад байна гээд өмсөж байсан малгайг нь аваад газар шидээд өдсөн. Гэтэл манай нөхөр ахыг чи зүгээр байгаа ч эмэгтэй хүн шиг хэрүүл өдөөд байх юм гэж хэлсэн чинь гараад үзье гэх үед манай нөхөр ямар ядаргаатай юм гээд цаашаа түлхсэн чинь өө ахиад зодчих гээд өдөж байснаа би та хоёрыг алнаа гээд гал тогооны өрөөнөөс улаан иштэй хутга аваад манай нөхөр рүү дайрах үед нь би хутгийг нь булааж аваад зүүн өгзөгт нь хатгачихсан байсан...Шалтгаан гэвэл би манай хүүхдийг зодлоо гээд ээжид хэлснээс болж ах түүнд уурлаад манай нөхөртэй маргалдаж ална хядна гээд байхаар нь би дундуур нь орж ирээд хутгийг нь булааж авах үедээ зүүн өгзөгт нь нэг удаа хатгасан...дээрх гэмтлийг би улаан иштэй хутгаар нэг удаа хатгаж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37)

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 51, 50), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52), үл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 48),  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 49) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Т..............гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.Т..............г нь Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод, 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, ах Э.Э.............ттай маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний зүүн өгзгөн тус газар нь хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.Э.............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15 дугаар гудамжны ........... гэртээ 21 цагийн үед дүү Т.Т..............г хүргэн Галаа охин Х.................н нарын хамт байж байхад гаднаас аав, эх, дүү нар ургын баярт яваад ирсэн. Гэтэл Т.Т..............г ээж О................г рүү уурлаад “Э.Э.............т манай охин Х.................ныг зодоод хөөгөөд байна” гэж хэлээд байсан. Би хүргэн Галаа руу “чи эхнэртэй хэлээч би тэгээгүй биздээ” гэж хэлэхэд Галаа “чадахгүй пиздаа минь” гээд бид хоёр маргалдсан. Галаа доошоо хараад суугаад байхаар нь би очоод малгайг нь дээш болгоод чи эхнэртэй хэлээч ээж хөдөөнөөс ирж байхад хов зөөгөөд байхын гэж хэлэхэд Галаа чи яагаад миний малгайнд хүрээд байгаа юм гэж хэлэхэд би чиний малгайнд хүрэхэд яадын очоод Т.Т..............гийг аваач гэхэд Галаа босож ирээд 2 гараараа миний хүзүүг боогоод орон дээр унагаагаад дээрээс дараад байсан. Тэр үед ээж О................г ирээд хүүхэд аллаа ш дээ гээд бид хоёрыг салгаад байж байхад Түминхишиг наадхаа тавь наад мууг чинь би гүйцээчхий гэж хэлээд улаан иштэй хутгаар миний зүүн өгзөгний доод хэсэг рүү нэг удаа хутгалсан... Миний өгзөгт шарх гэмтлийг Т.Т..............г учруулсан.... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),

- Гэрч Л.О................г (шүүгдэгч, хохирогч нарын эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................ тоот гэртээ нөхрийн хамт том өрөөнд унтаж байхад хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд жижиг өрөө рүү ороход хүргэн Галаа Э.Э.............ттай маргалдаад орон дээр хоолойг нь боогоод дарсан байдалтай байхаар нь тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. ...цагдаад ...дуудлага өгчихөөд ороод ирэхэд Э.Э.............тын өмдний ар тал цус болсон байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Гэрч Ц.Г..............нэ (шүүүгдэгчийн нөхөры) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр... Э.Э.............т...босч ирээд миний өмсөж байсан малгайг авч газар шидлээд байсан. Тэгэхээр нь би чи яагаад малгай авч шидлээд байгаа юм бэ гэтэл чиний малгайг авч шидэхээр яадаг юм гэхээр нь би цаашаа бай гээд түлхсэн чинь дахиж малгай авч шидлээд байхаар нь би барьцалдаад боогоод түлхэлцэж байтал ...эхнэр цаанаас Э.Э.............тыг чи яахаараа манай нөхрийг зодох гээд байгаа юм гээд ирж байх шиг байсан. Тэгтэл Э.Э.............т харайгаад явчихсан тэгсэнээ намайг хутгалчихлаа гээд орилсон...энэ үед зүүн өгзөг хэсгээс нь бага зэрэг цус гарч байсан...Намайг...өмөөрөөд төмс арилгадаг хутгаар зүүн өгзөгт нь нэг удаа хатгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8736 дугаар дүгнэлт “...1.Э.Э.............т-н биед зүүн өгзөгт шарх, хүзүү, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),

- Шүүгдэгч Т.Т..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цагийн ...Э.Э.............таас... хутгийг нь булааж авах үедээ зүүн өгзөгт нь нэг удаа хатгасан...дээрх гэмтлийг би улаан иштэй хутгаар нэг удаа хатгаж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Т..............г нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “манай хүүхэд, нөхрийг зодлоо” гэх сэдэлтээр, хохирогч Э.Э.............тыг хутгалж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Т..............г нь хохирогч ...Э.Э.............тыг хутгалсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хутгалуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Т.Т..............г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э.............т нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Т.Т..............г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Т..............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Т..............г нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Т..............г, хохирогч Э.Э.............т нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Т.Т..............гт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “харгалзах” гэдгийг тайлбарлахдаа “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.

Иймд шүүгдэгч Т.Т..............гийн эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд авагдсан баримтаар удаа дараа захиргааны зөрчил гаргаж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Т.Т..............гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

IV. Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1808 0340 21049 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сартуул овогт Т..............рын Т..............гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т..............гийг 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т..............г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан улаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ