Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, 

улсын яллагч Н.Алтантүлхүүр,

шүүгдэгч Б.Тэнгэр, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Батболдын Тэнгэрт холбогдох эрүүгийн 201625030712 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овгийн Батболдын Тэнгэр, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44 дүгээр гудамжны 580 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ91112734,

2010 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 18 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 1 сарын хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзаж суллагдсан,

2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 621 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн ялын зарим болох 9 сарыг нэмж нэгтгэн 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал суман дахь Сум дундын шүүхийн 94 дүгээр захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хугацааны өмнө буюу эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан.    

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

Шүүгдэгч Б.Тэнгэр нь шунахайн сэдэлтээр ялтай байх хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Булгийн 17 дугаар гудамж 799 б тоотод оршин суух хохирогч Д.Энхтуяагийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зөөврийн компьютер, булган малгай, үүргэвч зэрэг 665.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамж 799 б тоотод оршин суух хохирогч Э.Баяндолгорын эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 2 ширхэг савхин дээл зэрэг 480.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамж 636 тоотод оршин суух хохирогч Б.Болормаагийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, чулуун хөөрөг, модон тагш зэрэг 520.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 4 дүгээр гудамж 11 тоотод оршин суух хохирогч Я.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, индүү зэрэгт 310.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж, нийт 1.975.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тэнгэр мэдүүлэхдээ: ...Би хохирогч Д.Энхтуяа, Э.Баяндолгор, Б.Болормаа, Я.Пүрэвдорж нарын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Эдгээр үйлдлээс гадна гурван үйлдэл байгаа бөгөөд ширээний компьютер, процессор хулгайлж Компьютер Ланд төвд ажилладаг ченж Батсайхан гэдэг хүнд өгсөн. Надад Батсайхан тийм эд зүйл авна гэж захиалдаг байсан учраас захиалагчаар уг хэрэгт татаж, шалгуулах хүсэлтэй байна. Батсайхан нь 37-38 орчим настай бөгөөд Компьютер Ланд худалдааны төвд гэрч Очирбатын лангууны ойролцоо суудаг. Эдгээр гурван үйлдлийн талаар би мөрдөн байцаалтын шатанд хэлж болох байсан боловч шүүх дээр ирж шалгуулахаар шийдсэн... гэв.   

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав. 

Хохирогч Д.Энхтуяа мэдүүлэхдээ: ...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би 07.00 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байхад 17.00 цагийн үед миний төрсөн эгч Баттулга над руу утасдаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Гэрийн зүүн хойд талд цахилгаан зуухан дээр байсан зөөврийн компьютер, зүүн талын шкафан дотор байсан эмэгтэй хүний саарал өнгийн булган малгай хулгайд алдагдсан. Мөн гэрийн зүүн талын орон дээр байсан хэр өнгийн үүргэвчийг дотор нь байсан эд зүйлийг нь гаргаж хаяад аваад явсан байсан. Зөөврийн компьютерийг 899000 төгрөгөөр 2014 онд, булган малгай нь 39 размерийн өмсгөлтэй одоогоос 7-8 жилийн өмнө 150000 төгрөгөөр худалдан авч байсан. Үүргэвчийг 30000 төгрөгөөр, хаалганы цүү, цоожийг 10000 төгрөгөөр үнэлж байна ... гэжээ /хх-30/.   

Эд зүйлийн үнэлгээ /хх-21/.

Хохирогч Э.Баяндолгор мэдүүлэхдээ: ...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 07.00 цагийн үед гэрээсээ гараад орой 17.00 цагийн үед ирэхэд манай гэрч хулгай орсон байсан. Тэгээд манай ээж цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тэгэхэд манай гэрч хөргөгч ор хоёрын голд өлгөсөн байсан эмэгтэй хүний 2 ширхэг савхин куртик хулгайд алдагдсан. манай гэрээс хулгайд алдагдсан 2 ширхэг савхин куртикыг 2015 онд 1 ширхгийг нь 415000 төгрөгөөр буюу нийт 830000 төгрөгөөр хийлгэсэн юм. Хийлгэсэн үнээр үнэлнэ..., ...би хохирлын мөнгө болох 750.000 төгрөгийг хүлээн авлаа санал хүсэлт байхгүй, гомдолгүй болсон ... гэжээ /хх-33, 34/.  

Эд зүйлийн үнэлгээ /хх-22-23/.

Хохирогч Б.Болормаа мэдүүлэхдээ: ...Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн хүрээ хотхонд жижүүрийн ажлаа хийж байсан чинь өдөр 14 цаг 30 минутын үед манайд амьдардаг дүүгийн хүү Мижиддорж над руу залгаад эгчээ гэрт хулгай орчихсон байна. Та цагдаад дуудлага өгөөч гэсэн. Ингээд би шууд цагдаагийн байгууллагад хандаад орой 19 цаг 30 минут өнгөрч байхад гэртээ очсон чинь манай гэрийн хаалганы  цүү нь хөшиж ороод гэр дотор байсан айсер брэндийн нөүтбүүк, модон аяга, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлаад явчихсан байсан. ...би алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Алдсан эд зүйлсээ олоод явчихвал гомдол, санал гээд байх зүйл байхгүй..., ...Манай гэрээс хулгайд алдагдсан зөөврийн компьютер нь ASER I-5 маркийн компьютер байсан. Үзүүлэлтүүдийг нь сайн мэдэхгүй байна. Уг зөөврийн  компьютерийг 2012 онд 900,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 900,000 төгрөгөөр үнэлнэ. Манай нөхрийн хэрэглэж байсан дунд гарын хуучны чулуун хөөрөг хулгайд алдагдсан. Уг хөөрөг нь улаан толгойтой цагаан өнгийн чулуун хөөрөг байсан. Уг хөөргийг 60,000 төгрөгөөр үнэлнэ. Манай гэрт байсан хуучин модны үндсээр хийсэн дунд гарын тагш хулгайд алдагдсан. Уг тагшийг 20.000 төгрөгөөр үнэлнэ. Уг тагшны ирмэг нь сэтэрсэн байсан. Манай гэрээс өөр зүйл алдагдаагүй... гэжээ /хх-, 167, 169/.

Эд зүйлийн үнэлгээ /хх-163-164/.

Хохирогч Я.Пүрэвдорж мэдүүлэхдээ: ...2016 оны 4 дүгээр сарын 7-ны өглөө би 10 цаг 30 минутад гадагш гарч эмнэлгээр явж байсан чинь манай охин Мягмарсүрэн над руу залгаад гэрт хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгээд намайг гэрч очиход хашааны хаалга цоожтой, үүдний амбаарын хаалганы цоожны цүүг мулт татаад хаячихсан, дотор гэрийн хаалганы цоожийг тас мушгиад цоожийг нь хаячихсан байсан. Тэгээд гэр рүү ороход гэр эд зүйлс болон авдар доторх эд зүйлсийг онгичсон, доторх эд зүйлсийг нь гаргаад хаячихсан байсан. Бурханы ном судрыг задлаад хаячихсан байсан. Гэрийн зүүн хойд хэсэгт хүрэн өнгийн мебель шүүгээн дээр байсан шар өнгийн ирмэгтэй, хар өнгийн гадартай 32 инчийн PANASONIC маркийн LCD зурагт байсан хулгайд алдагдсан, мөн уурын индүү хулгайд алдагдсан байна лээ. ... гэжээ /хх-208-209/.

Эд зүйлийн үнэлгээ /хх-24, 206/,   

Иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш мэдүүлэхдээ: ...Манай нөхөр бид хоёр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 6-345 тоотод байрлалтай Соёл үйлчилгээний төвийн 2 давхар дахь Ороохын даваа ХХК-ны Алхан Хээ ломбардыг 2015 оны 02 дугаар сарын 01-нээс одоог хүртэл түрээслэн ажиллуулж байна. Би тэр 13 цаг 23 минутад Батболд овогтой Тэнгэр гэх, УУ91112734 регистрийн дугаартай, 88903826 утасны дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийг 44-580 тоотод оршин суух хаягтай залуугаас иргэний цахим үнэмлэхийг нь үндэслэн зургийг нь тулган үзэж Хятад улсад үйлдвэрлэсэн 32 инчийн марк тодорхойгүй удирдлаггүй Лед зурагтыг 120.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай авсан. Тухайн үед тэр хүн өөрийнхөө бичих баримтыг үзүүлж барьцаанд тавьсан. Зураг нь тохирч байсан болохоор нь авсан. Хулгайн зурагт гэж мэдээгүй… гэжээ /хх-212-213/.    

Гэрч Ц.Очирбат мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Компьютер Ланд худалдааны төвд ажлаа хийгээд байж байхад 14:00 цагийн үед нэг танихгүй залуу намайг нөүтбүүк авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би ямар учиртай нөүтбүүк вэ гэж асуухад тэр залуу энэ миний эд байгаа юм. Би өөрөө хэрэглэдэг юм, мөнгөний хэрэг гараад зарж байна. Миний бичиг баримт байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний бичиг баримтыг нь үзээд иргэний үнэмлэхийн нь зургийг нь дарж авсан. Тэгээд зөөврийн компьютерийг нь үзэхэд Dell i-3 маркийн дэлгэцэн дээрээ зураастай, 14 инчийн компьютер байсан. Тэгээд тэр хүнээс хэдээр зарах юм бэ гэж асуухад 180.000 төгрөгөөр зарна гэхээр нь би тэр хүнд наадах чинь хуучин загвар байна, тэгээд ч дэлгэц дээрээ зураастай юм байна 100.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн тэгье 100.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнээр баталгаа болгож Өөрийн хэрэглэж байсан нөүтбүүк, ямар нэгэн хулгайн эд зүйл биш, ямар нэгэн асуудал гарвал 100 хувь хариуцна гэж бичүүлээд уг Тэнгэр гэх хүний регистр, утасны дугаар, гэрийн хаягийг нь бичүүлж нэр болон гарын үсгийг нь зуруулж авсан... гэжээ /хх-35-36/.

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-87-106/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-13, 153-162, 197-201/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-234-237/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Тэнгэр нь шунахайн сэдэлтээр, ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Булгийн 17 дугаар гудамж 799 б тоотод оршин суух хохирогч Д.Энхтуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зөөврийн компьютер, булган малгай, үүргэвч зэрэг 665.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамж 799 б тоотод оршин суух хохирогч Э.Баяндолгорын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 2 ширхэг савхин дээл зэрэг 480.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамж 636 тоотод оршин суух хохирогч Б.Болормаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, чулуун хөөрөг, модон тагш зэрэг 520.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 4 дүгээр гудамж 11 тоотод оршин суух хохирогч Я.Пүрэвдоржийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, индүү зэрэгт 310.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж, нийт 1.975.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, болон шүүгдэгч Б.Тэнгэрийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Тэнгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч Б.Тэнгэрийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 4 дүгээр гудамж 11 тоотод оршин суух Я.Пүрэвдоржийн гэрт нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг хохирогч Я.Пүрэвсүрэн гэж буруу бичсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр зөвтгөсөн болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тэнгэр нь дээрх хулгайн хэргүүдээс гадна өөр хулгайн үйлдэл байгаа бөгөөд надад захиалга өгч, хулгайн эд зүйлийг худалдаж авдаг байсан Батсайхан гэгчийг шалгуулах хүсэлтэй гэх боловч энэ талаар мөрдөн байцаалт, прокурорын шатанд мэдүүлж байгаагүй, бичгээр болон амаар хүсэлт гаргаагүй байх тул энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлаггүй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Энхтуяа, Э.Баяндолгор, Б.Болормаа, Я.Пүрэвдорж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд шүүгдэгч Б.Тэнгэр нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх, шүүгдэгч Б.Тэнгэрийг 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 621 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн ялын зарим болох 9 сарыг нэмж нэгтгэн 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал суман дахь Сум дундын шүүхийн 94 дүгээр захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хугацааны өмнө буюу эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсаны дараа Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов, харин түүнийг гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай, нарийн үзүүр хэсэгтэй 2 см нугарсан, дөрвөлжин хэлбэртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Батболдын Тэнгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэнгэрийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэнгэрт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 142 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 50 см урттай, нарийн үзүүр хэсэгтэй 2 см нугарсан, дөрвөлжин хэлбэртэй төмрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХАЛИУН