Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Н.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Насанжаргал

            Шүүгдэгч                                                       Н.С

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           Б.Нямаа

            Хохирогчийн өмгөөлөгч                               Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                                  Б.Энхбаяр нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Н.Сд холбогдох 1812002160142 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М улсын иргэн,1969 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Нийн С

 

Н.С нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хорооллын 11-01 тоотод иргэн Н.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан өшиглөж, түлхэж унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Шүүгдэгч М овогт Нийн Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сг 2.000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд шүүхээс оногдуулсан 2.000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж;  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Сгаас 3.376.861/гурван сая гурван зуун далан зургаан мянга найман зуун жаран нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 11-1 тоотод оршин суух Б.Нямаа/РД:АР89041607/-д олгож түүний нэхэмжлэлээс 808.400/найман зуун найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Н.Сгаас 10.800.000/арван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туулын хөвөө хотхоны 38-р байрны 58 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Хоролшүрэн/РД:ЗП95103106/-д тус тус олгож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сгаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямаад учруулсан 3.376.861/гурван сая гурван зуун далан зургаан мянга найман зуун жаран нэг/ төгрөгийн хохирол төлбөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлээгүй  тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тайлбарлаж;

Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж;

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж;

Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.”

 

Шүүгдэгч Н.Сгийн гаргасан давж заалдах гомдолд:

“2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би эгч Н.Ог тухайн өдөр түлхэж унагаасандаа их гэмшиж байдаг. Харин эгчийгээ үхэлд хүргээгүй юм. Миний буруугаас болж эгч үхэлд хүрэх шалтгаан болоогүй. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор надаас 10 800 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Хоролшүрэнд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөнгөн гүүр эмнэлэг нь миний эгчийг элэгний хорт хавдартай байхад нь үндэслэлгүйгээр хагалгаанд оруулж улмаар намайг хүчээр төлбөрийг төлүүлнэ гэж бичүүлж авсан нь хууль бус байсан. Мөнгөн гүүр эмнэлэг нь мөнгөний төлөө эгчид маань хагалгаа хийгээд одоо надаас төлбөрийг гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хагалгааны төлбөр гэдэг нь ямар эх сурвалж, эмчийн онош, бүрэлдэхүүнтэй эмчийн дүгнэлт гарсан эсэх, төлбөрийн үнэлгээ зэрэг нь тодорхой бус тухайн үед шахалт дарамт үзүүлж эгчид маань хагалгаа хийсэн, бидний мэдлэггүйг далимдуулж хагалгаа хийж улмаар шүүхийн шийтгэх тогтоолоор надаас төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Мөн Мөнгөн гүүр эмнэлэгт гомдолтой байна. Иймд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Хохирол төлбөр болон иргэний нэхэмжлэл хангах асуудалтай холбоотой хэлэхэд хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С гэдэг хүнийг гэм буруутайд тооцож зүйлчилж ирүүлсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг харахад 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байна. Шүүгдэгч Н.Сгийн үйлдсэн гэмт хэрэг нь хорих ял оногдуулахгүй байхаар хуульчилсан гэмт хэрэг байгаа, хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг. Энэ хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээс өмнө хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтуудыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Н.Сгаас Мөнгөн гүүр эмнэлгийн нэхэмжилж байгаа 10.800.000 төгрөг нь үндэслэлгүй байна. Н.С тухайн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч учруулсан хохиролдоо уучлалт гуйсан. Н.С анхан шатны шүүх хуралдаан дээр намайг нэг өрөөнд оруулж байгаад хүчээр гарын үсэг зуруулсан, би юун дээр гарын үсэг зуруулсан гэдгийг нь мэдээгүй гэж хэлсэн байдаг. Мөнгөн гүүр эмнэлэг эрүүл биш хорт хавдартай хүнд хагалгаа хийсэн. Н.С түлхэж унагаасны улмаас хагалгаанд ороогүй байж болно. Н.С болон Н.Сгийн нөхөр нь бид нар хоёр гурван удаа хүсэлт өгсөн боловч уг хүсэлт байхгүй байна гэж хэлдэг. Тухайн хүсэлтэд хорт хавдартай хүнд хагалгаа хийх шаардлага байгаа юм уу гэсэн утга бүхий хүсэлт байсан. Мөнгөн гүүр эмнэлэг хүчээр гарын үсэг зуруулсан байдаг. Мөнгөн гүүр эмнэлэг мөнгөнөөс болж хохирогчид хагалгаа хийж, 1 жилийн дараа хохирогч нас барсан байгаа. Н.С тухайн мөнгийг төлөхгүй гэж байгаа бөгөөд мөрдөн байцаалт дутуу явагдсан байна. Мөнгөн гүүр эмнэлэг өөрийн эрх ашгийн хүрээнд 10.800.000 төгрөг авах гэж байна. Тухайн нэхэмжилж байгаа 10.800.000 төгрөг нь ямар ч задаргаа ороогүй байгаа юм. Н.С хохирол төлбөрийг төлсөн. Хохирогч 700.000 төгрөг хасахгүй гэсэн бол Н.С хасахгүйгээр төлөх байсан байх.” гэв.

 

 

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 4.070.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямаад гаргуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хорооллын 11-01 тоотод төрсөн эгч Н.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан өшиглөж, түлхэж унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Н.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямаа, гэрч Ж.Баасанжав, Б.Ариунтунгалаг, Ж.Батсүх, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхдаваа, Ц.Ганхуяг, Б.Мөнхсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4422 дугаар, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 50 дугаар шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Сгийн давж заалдах гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгч Н.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.С Мөнгөн гүүр эмнэлэгийн хагалгааны төлбөрийг шүүхийн шийтгэх тогтоолоор надаас гаргуулж байгаа нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч түүний буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Огийн биед баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл учирсан, Мөнгөн гүүр эмнэлэгт хагалгаа хийлгэсэн, хагалгааны зардалд 10.800.000 төгрөг төлөхөөр болсон нь хэрэгт авагдсан хохирогч Н.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямаа, иргэний нэхэмжлэгч Б.Хоролшүрэн нарын мэдүүлэг /2-р хх-ийн 22/ , Н.О хагалгаа хийлгэсэн тухай эмчийн тодорхойлолт /2-р хх-ийн 13/, Мөнгөн гүүр эмнэлэгийн нэхэмжлэх /1-р хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хагалгааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах  үндэстэй тул  энэ үндэслэлийн дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Харин  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийг Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явснаас гарсан унааны зардлыг жолоочийн гаргаж өгсөн тодорхойлолтын хувьд үйл баримтыг нотлохгүй, нотариатын баталгаа нь зөвхөн гарын үсэг үнэн зөв болохыг баталсан байх тул хохирол төлбөртэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй  гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзнэ.

 

Хохирогч Н.О гэмтлийн улмаас хэвтэрт байснаас шалтгаалан түүнийг Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас Эрдэнэбулган сум руу хүргэхэд 240.000 төгрөгөөр, мөн Улаанбаатар хотоос Эрдэнэмандал сум руу хүргэхэд 500.000 төгрөгөөр хөлс тохирсон болох нь тээвэрлэсэн машины жолооч Г.Буянтөгсийн тодорхойлолтоор тогтоогдож байх ба хохирогчид эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд унаа хөлсөлснийг буруутгах аргагүй, энэ үйл баримтыг шүүгдэгч Н.С үгүйсгээгүй байх тул анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон дүн болох 808.400 төгрөгөөс 61.400 төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн, 47.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн гэсэн нийт 108.400 төгрөгийг хасч тооцон, үлдэх 700.000 төгрөгийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын

а/ 2 дахь хэсэгт “М улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сг, 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

б/ 5 дахь заалтад “...3.376.861...” гэснийг “...4.076.861...” гэж, “...808.400...” гэснийг “...108.400...” гэж тус тус өөрчлөн,

в/ 3,4,6,7 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                 Д.БЯМБАСҮРЭН

                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ