Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0000/З

 

2014 оны 02 сарын 06 өдөр                    Дугаар 67                        Улаанбаатар хот

 

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.А нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 495 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Б-ын нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... А.Б-ыг ажлаас чөлөөлсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 05-ны 44 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан. Үүнд,

  1. Уг тушаалын хууль зүйн үндэслэл болсон хэм хэмжээ нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх бөгөөд бусад тохиолдолд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй юм.
  2. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор уг 44 дүгээр тушаалыг гаргасан гэж байх боловч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс А.Б-ыг албан тушаалаас нь чөлөөл гэсэн шийдвэр гараагүй байна.
  3. Хуулийн холбогдох заалтыг зөрчиж, тухайн үед буюу 2011 онд албан тушаалд А.Б-ыг томилсон байж болох ч уг шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан

хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргах эсхүл хуульд нийцэж байгаа эсэхийг хянах хуульд заасан хугацаа дуусгавар болсноор уг акт нь маргаан бүхий байдлаас ангижран хууль ёсны болдог. Иймд, "сонгон шалгаруулалтын дүн болон албан тушаалд томилсон тушаал"-ыг хүчингүй болгож байгаа нь буруу юм. Дээрх гомдлыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хүлээн аваагүй тул мөн үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 05-ны 44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: "... Энэ нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан "хууль дээдлэх" зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль зөрчиж гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, зөрчлийг арилгасан арга хэмжээ авсан гэж үзэж байна.

Иймд, А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд,

  1. "... Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг зохицуулдаг. А.Б нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасан шаардлагуудыг хангаагүй, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, нөөцөд бүртгэгдээгүй байсан тул төрийн жинхэнэ албан хаагчийн адил Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөхгүй. Харин Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
  2. "... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 /хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах/, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 126 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.1.21-д /хууль тогтоомж, эрх зүйн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх биелэлтийг хангах/ заасан эрх, үүргийнхээ дагуу 2013 оны 3 сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолоор хууль зөрчиж гаргасан эрх зүйн актуудыг хүчингүй болгосон.
  3. Мөн нэхэмжлэлд хуулийн холбогдох заалтыг зөрчиж, 2011 онд уг албан тушаалд А.Б-ыг томилсон байж болох ч уг шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д /...эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана/ гэж заасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 37 дугаар тогтоолын 3-д "хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан "... хөөн хэлэлцэх хугацаа нь ..." мөн зүйлийн 6.1-д заасан "холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоног" гэсэн хугацаагаар тодорхойлогдоно" гэснийг үндэслэн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэр бүхий ажилтнуудаас ирүүлсэн гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон маргаан шалгах комисс шалгаж, гомдолд дурдсан зөрчлийг тогтоосноор хөөн хэлэлцэх хугацаа үүсэж байна.

Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдон ажиллаж байсан А.Б-тай холбоотой асуудлыг шалгаж, илрүүлэн тогтоосноос хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох ба энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хууль зөрчиж гаргасан эрх зүйн актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлд дурдсан "шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 44 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул А.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээд Т.С, түүний өмгөөлөгч З.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: "... 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын ажилтны сонгон шалгаруулах комиссын хуралд хуралдаанаар тэмдэглэл хөтлөгдөн тухайн болзол хангагдсан гэж үзэж, сонгон шалгаруулалтад орсон. Сонгон шалгаруулалт явагдан 3 хүн өрсөлдсөнөөс нэгдүгээр байрыг Т.С нь багц оноогоор хамгийн дээд үнэлгээ буюу 75.2 оноог авсан. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах зааврын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн байдаг. Т.С нь тухайн үед Орхон аймгийн Мэргэжлийн хяналтыг газрын мэргэжлийн хяналтын байцаагч буюу төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан.

Сонгон шалгаруулалтад орох бүх журмыг хангасан байдаг. Тухайн сонгон шалгаруулалтад хуулийн дагуу оролцож байсан талаар хэргийн материалд авагдсан байгаа. Миний үйлчлүүлэгчийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд А.Б-ыг ажлаас чөлөөлсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 44 дүгээр тушаал нь нэгдүгээрт, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж байна. Төрийн жинхэнэ албан хаагч байхын тулд төрийн жинхэнэ албан хаагчид гомдол гаргасан бол төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч уг албан тушаалд нэр дэвшигчийн хоорондын төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам буюу Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолын хавсралтын Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн маргаан гээд, 5 дугаар зүйлийн 5.6 дахь зүйлийн хуулийн шаардлагыг хангасан гомдол гаргагч гомдлоо гарган үүнийг хуулийн дагуу Төрийн албаны салбар зөвлөл хянасан. Анхнаасаа сонгон шалгаруулалтад орох болзол хангагдаагүй байсан. Ийм учраас А.Б-ыг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзсэн. Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиар А.Б-ыг Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарсан байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэлээр халах нь үндэслэлгүй болж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчаар татах эрх нь нээгдсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэд хэдэн хариуцагч байж болох юм. Үнэхээр Төрийн албаны салбар зөвлөлтэй тухайн шийдвэр нь холбоотой маргаан байгаа бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг хариуцагчаар татан оролцуулах боломжтой байсан. Төрийн жинхэнэ албан хаагч биш гэж эрх бүхий байгууллага нь тогтоосон байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл гэж шүүх хуралдаанд ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор 44 дүгээр тушаалыг гаргасан гэх боловч Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан тушаалтныг чөлөөлөх гэсэн шийдвэр гаргаагүй юм. А.Б нь анхнаасаа төрийн жинхэнэ албан хаагч биш. Тухайн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаагүй байна.

Мөн гомдол гаргаж байгаа хүмүүсийн гомдол үнэн зөв байна гэсэн шийдвэр гаргасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагад хуулийн холбогдох заалтыг зөрчиж, тухайн үед 2011 онд албан тушаалд А.Б-ыг томилсон байх боловч гэж хэлж байгаа нь болохыг үгүйсгэхгүй, тухай албан тушаалд хууль зөрчиж орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн тайлбарт дурдсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир нь хөдөлмөрийн гэрээнд ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тохиолдолд ажлаас халах, чөлөөлөх үндэслэлтэй эсэх яригдах ёстой. Хуулийг дагаж мөрдөж байгаа үр дүнгийн гэрээ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хуулийн хариуцлагад үр дүнгийн гэрээ гэж байхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 495 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Б-ыг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 8 сар 13 хоногийн хугацааны цалинг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Г давж заалдах гомдолдоо: "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг даалгах" шаардлага бүхий иргэн А.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэсэн шүүхийн 495 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд,

  1. Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч А.О, Б.Б, нягтлан бодогч Ю.Д нар нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолдоо Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Б нь ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй, мөн төрийн албаны сонгон шалгаруулалтыг будилаантуулж уг албан тушаалд томилогдсон тухай буюу өөрсдийн гаргаж байгаа гомдлын шалтаг, шалтгаанаа хангалттай тодорхой тусгаж, албан тушаалаа бүрэн бичсэн байхад шүүх нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж чадаагүй байна.

Төрийн албаны зөвлөлөөс иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, Монгол улсын Их Хурлын 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам"-ын дагуу хянан шийдвэрлэж, хариу мэдэгд гэсний дагуу МХЕГ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, мөн дээрх журмын дагуу маргаан хянан шалгах комисс томилогдож, гомдлыг хянан шалгасан юм.

Энэ гаргасан гомдол нь тодорхой эзэн хаягтай, гомдол гаргах эрх бүхий субъект нэр, албан тушаал, хаягаа тодорхой бичсэн байх тул хуулийн шаардлага хангаагүй өргөдөл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд, "хуулийн шаардлага хангаагүй өргөдлийн дагуу маргааныг хянан шалгасан" гэж шүүхээс буруу үнэлсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийг харин зөрчсөн байна.

  1. А.Б нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо тухайн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хангаагүй байсан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэг (10.11-д аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно), мөн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг зөрчсөн байна.

Тухайн үед шалгалт авч байсан сонгон шалгаруулалтын комиссын шалгаж тогтоогдсон болон нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хянан шалгаж үзэхэд иргэн А.Б төрийн хяналт шалгалтын байгууллагад ажилласан хугацаа нь хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй байхад томилсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх хуульд тавигдсан тодорхой шалгуурыг зөрчиж гаргасан илт хууль бус захиргааны шийдвэрээр, уг албан тушаалд очсон этгээдийг дахин уг албан тушаалд томилох шийдвэр гаргаж, илт хууль бус шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж байгаа нь өөрөө хууль бүдүүлгээр зөрчиж байна гэж үзэхэд хүргэж байна.

Энэ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын сонгон шалгаруулалтыг анх явуулаад дүнг нь хэлэлцэх үед  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг дахин хянан магадлах шаардлагатай гэж шалгаад Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж байсан нь тогтоогдоогүй учраас сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалтыг явуулсан байдаг. Дахин зарласан сонгон шалгаруулалтаар Орхон аймгийн МХГ-ын даргын албан тушаалд иргэн н.Г шалгарсан боловч, уг сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэх үедээ хууль зөрчиж, хүчингүй болсон өмнөх сонгон шалгаруулалтын дүнг хүчинтэй сонгон шалгаруулалтын дүнтэй хамтруулан хэлэлцэж, сонгон шалгаруулалт явуулах процессыг зөрчин хуулиар тогтоосон шаардлага хангаагүй хүнийг уг албан тушаалд томилохыг санал болгосон хууль бус шийдвэр гаргасан байдаг.

Гэтэл захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 495 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт, 8 дугаар талын 4 дэх догол мөрд "улмаар салбар зөвлөлөөс Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг дахин байгуулж, шалгалтаа авч дүнг танилцуулсны дараа А.Б нь төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан нь Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тодорхойлолтоор нотлогдож байгаа гэсэн үндэслэлээр өмнөх 13 дугаар тогтоолоо хүчингүй болгосон 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг гаргажээ" гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Энэ 14 дүгээр тогтоолд "А.Б нь төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан нь Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тодорхойлолтоор нотлогдож байгаа" гэсэн заалт байхгүй байна.

  1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тушаал нь хууль зөрчсөн гэж шүүх үзэж байгаа үндэслэл нь өөрөө хууль зөрчиж байна. Учир нь, төрийн албанд тухайн албан тушаалтанд тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн захиргааны илт хууль бус актаар томилогдсон этгээдийг хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэл байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй бөгөөд мөн заалтыг зөрчөөгүй болно. Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 3 дугаар тогтоолоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.11 дэх хэсгийг зөрчиж гаргасан илт хууль бус захиргааны актууд болох Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны 14 дүгээр тогтоол, МХЕГ-ын даргын 2011 оны 221 дүгээр тушаалын А.Б-т хамаарах хэсгийг хүчингүй болгосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 39.6-д дахь хэсгийг үндэслэн МХЕГ-ын даргын 2013 оны 44 дүгээр тушаалаар А.Б-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын Дээд шүүхийн "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2006 оны 37 дугаар тогтоолын 6-д "хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан ... хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, ... бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно" гэж заасан. Шүүх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсгийг зөрчиж, А.Б-ыг томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны 14 дүгээр тогтоол, МХЕГ-ын даргын 2011 оны 221 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийг үнэлэлгүйгээр МХЕГ-ын даргын 2013 оны 44 дүгээр тушаалын эрх зүйн үндэслэлийг буруу үнэлсэн.

Мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны 14 дүгээр тогтоол, МХЕГ-ын даргын 2011 оны 221 дүгээр тушаалын А.Болдбаатартай хамаарах хэсгийг хүчингүй болгосон болон МХЕГ-ын даргын 2013 оны 44 дүгээр тушаалын үндэслэл болсон Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 03 дугаар тогтоол хүчин төгөлдөр бөгөөд, уг шийдвэрийн талаар эрх зүйн үнэлэлт дүгнэлт гаргалгүйгээр МХЕГ-ын 2013 оны 44 дүгээр тушаалыг хүчингүй болгосон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 495 дугаар шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг хэрхэн авч үзэх талаар ойлгомжгүй байдал үүсгэж байна.

Тус байгууллагаас Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 03 дугаар тогтоол, Төрийн албаны салбар зөвлөлөөс байгуулсан маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг нотлох баримтаар болон гаргасан тайлбартаа дурдаж хүргүүлсээр байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-т заасан захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэснийг хэрэгжүүлэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтад үнэлэлт өгсөн нь шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтын дүн, мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажилд томилох, чөлөөлөх хязгаарлагдмал эрхтэй субъект тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн уг тушаалыг гаргасан.

Иймд, дээрх тушаал нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тушаалаар, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэг, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан “төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж, “сонгон шалгаруулалтын дүн болон түүнийг томилсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 221 дүгээр тушаалын холбогдох хэсэг хүчингүй болсон” гэсэн үндэслэлээр А.Б-ыг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч А.Б “төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан, Орхон аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хөндлөнгийн хяналтын байгууллагын даргаар 5 жил ажилласан. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан” гэж маргасан байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/493 дугаар албан бичигт “А.Б нь 2007-2010 онуудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ажлыг Орхон аймагт гэрээний үндсэн дээр, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажилтай давхар хариуцан ажиллаж байсан” гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгч А.Б-ын нийгмийн даатгалын дэвтэрт 2007-2010 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллаж байсан тухай тэмдэглэгджээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон байх ба 16.1.3-т “ хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулах, мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, ...”, 18.1.3-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх” гэж тус тус заажээ.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийн хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, дүгнэх үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал,

Шүүх, нэхэмжлэгч А.Б нь Орхон аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хөндлөнгийн хяналтын байгууллагын дарга, мөн аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрын даргаар ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол ямар гэрээний үндсэн дээр, ямар чиг үүрэгтэй ажиллаж, төрийн хяналт шалгалтын ажлыг хэрхэн гүйцэтгэж байсныг шалгаж, холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, А.Б-ын Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 35-36 тал/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 221 дүгээр тушаалаар А.Б-ыг   Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилж, тэрээр уг албан тушаалд 1 жил 7 сар ажилласны дараа, хариуцагч нь “нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу ажлын байранд тавигдах шаардлага хангаагүйг шалгаж тогтоосон” гэсэн тайлбар гаргажээ. Иймд, дээрх 221 дүгээр тушаалын улмаас гомдол гаргагч иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөнийг тодруулах нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан, Төрийн албаны зөвлөлийн “Өргөдөл шилжүүлэх тухай” албан бичиг, иргэдээс ирүүлсэн 3 хуудас өргөдөл материал нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангуулан цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.