Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1858

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Азжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/01351 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Азжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

 

Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтын Т.Азжаргалд холбогдох хэсэг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Азжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх Төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. Монголын цахилгаан холбоо ХК-ийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Буяндалайтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл тус компанийн захирлаар 2017 онд шинээр томилогдсон М.Алтан-Очир нь 2016 онд шинээр ажилд орсон, Ардчилсан намын хүн гэж үзэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.8, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтаар хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Мөн намайг ажиллаж байхад анх ажилд авсан тушаалыг түр тушаал болгон хууль бусаар өөрчилсөн бөгөөд уг тушаал гаргасан талаар хэлээгүй. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажлаас халсан тушаалыг авсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг иш татаж байна. ...Эдгээр тушаал нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд байгаа. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой. Гэтэл тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл заалтыг баримтлахгүйгээр Т.Азжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хариуцагч нь бүтцийн өөрчлөлт хийсэн гэдэг үндэслэлээр гэрээг цуцалсан. Бүх ажилчдыг ажлаас чөлөөлсөн. Хэрвээ бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэл өгөх ёстой. Мэдэгдэл өгсний дараа тухайн ажилтны ажиллаж байсан орон тоо хасагдсан тохиолдолд тухайн ажил дээр тэнцэхүйц хүнийг шалгаруулж авах ёстой. Гэтэл мэдэгдэл өгөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тушаалаар Т.Азжаргалыг анх ажилд томилсон, байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тушаал гарсны дараа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х/11 тоот тушаалаар Т.Азжаргалыг түр албан тушаалд томилсон. Түр ажилтан болгоод хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.8, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэж Т.Азжаргалыг ажлаас нь чөлөөлсөн. Байнгын ажлын байранд ажиллаж байхад нь түр ажилтнаар авсан тушаалыг 2 удаа гаргасан нь хуульд нийцээгүй. Энэ тушаал гаргасан гэдгийг Т.Азжаргал мэдээгүй байсан ..Эдгээр тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Т.Азжаргалыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт шимтгэл төлсөн нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан. Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтын Т.Азжаргал надад холбогдох хэсэг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж баталсан дотоод журмын 6.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулах, дотооддоо хөдөлмөрийн харилцааг зохицуулсан. Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-т гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн иргэнтэй Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулна. 6.2.2-т шинээр ажилд орж байгаа ажилтантай 6 хүртэл сарын хугацаатай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна, 6.2.3-т сургалтын нийтлэг хугацаа 2 сар байх ба шаардлагатай гэж үзвэл тухайн ажилтныг хариуцсан нэгжийн даргын саналыг үндэслэн дээрх хугацааг 4 хүртэл сараар сунгаж болно, дадлагажих хугацаанд уг ажилтны цалинг тухайн албан тушаалын үндсэн цалингийн 70 хүртэл хувиар бодож олгоно. 6.2.5-д ажилтан дадлагажих хугацаанд сахилгын аливаа зөрчил гаргасан, сунгалт буюу 6 сарын хугацаа дуусмагц үндсэн ажилтны шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн бол тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Т.Азжаргалыг анх томилохдоо хууль тогтоомж ижил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийг шууд ажилд томилсон байдаг. Шууд томилохдоо дадлагажих хугацаа тавиагүй. Т.Азжаргал нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн ажилд томилогдох үндэслэл нь төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтан Г.Цэрэнпил нь тухайн үед П.Оюунчимэгийн ажилд ажиллаж байсан. Гүйцэтгэх захирлын Х/198 тоот тушаалаар борлуулалт үйлчилгээний ажлаас чөлөөлөгдөж нягтлан бодогч болсон. Г.Цэрэнпил нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нягтлан болж томилогдон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т.Азжаргал томилогдож байсан. Т.Азжаргалыг томилохдоо туршилтын болон сургалтын хугацаанд томилно, П.Оюунчимэгийн оронд томилогдох ёстой байсан. Гэтэл ийм ямар ч үг үсэггүйгээр журмыг зөрчиж томилсон. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр компани бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулаад гүйцэтгэх захирлын Х/316 дугаар тушаалаар холбогдох ажиллагсадыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон байдаг. Томилохдоо дотоод журамдаа нийцүүлэн П.Оюунчимэгийн ажлын байрыг ажил олгогч хуульд заасны дагуу хадгалах ёстой байсан. ...Энэ үүргийн дагуу П.Оюунчимэгийн ажилд Т.Азжаргалыг томилсон. Т.Азжаргалын томилсон тушаалаа танилцуулаад хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. П.Оюунчимэг ажилдаа орсон тул хуульд заасны дагуу П.Оюунчимэгийг ажилд томилж, оронд нь ажиллаж байсан Т.Азжаргалыг хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Мөнхтуяагийн оронд томилсон. Энэ талаар тушаал шийдвэр танилцуулаад хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж, ажил олгогч, ажилтан гарын үсэг зураад хөдөлмөрийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр болоод ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б.Мөнхтуяа чөлөөлөгдөх болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу Т.Азжаргалтай хугацаатай байсан хугацаа нь дуусгавар болсон. Дээрх хугацаанд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу туршилтын болон дадлагажих хугацаа явж байсан. Энэ хугацаанд нийт 4 удаа шалгалт авсан. Тухай бүр шалгалт авч, зөвлөж байсан. Монголын цахилгаан холбоо ХК-ийн үйлчилгээний ажилтан нь мэргэжлийн ажил биш. Дээд боловсролтой, эдийн засгийн мэргэжилтэй хүн бүр үйлчилгээний ажилтан байж болдог. Б.Мөнхтуяа 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Х/72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр Т.Азжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусаж байгаа буюу Т.Азжаргалыг хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7-д заасны дагуу үндсэн ажилтан болгох эсэх асуудал гарч ирсэн. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Т.Азжаргалаас үндсэн ажилтны шалгалт авахад 20 онооноос 7,5 оноо авсан. Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5-д заасны дагуу дадлагажих хугацаандаа шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь Т.Азжаргалын эрх зүйн байдлыг дордуулаагүй. Хөдөлмөрийн гэрээний 6.2.11-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор харилцан тохирсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалдаа 6.2.5-г үндэслэсэн. Хөдөлмөрийн гэрээний 6.1.11-т дадлагажих хугацаанд уг албан тушаалд тэнцэхгүй нь тогтоогдсон бол сахилгын ноцтой зөрчил гэж тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан боловч, эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд заасан 6.2.5-г үндэслэсэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулаад нэхэмжлэгч нь Б.Мөнхтуяагийн оронд томилогдохоор хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу буруу ажилд шилжүүлсэн, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бол 1 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст болон шүүхэд хандах боломжтой байсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Азжаргалыг "Монголын цахилгаан холбоо" ТӨХК-ийн төвийн бүсийн холбооны газрын тооцооны ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч "Монголын цахилгаан холбоо" ТӨХК-иас 1 895 680 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Азжаргалд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч "Монголын цахилгаан холбоо" ТӨХК нь нэхэмжлэгч Т.Азжаргалын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Азжаргалын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч "Монголын цахилгаан холбоо" ТӨХК-иас 45 281 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай х/316 дугаар тушаалаар Т.Азжаргал нь Төвийн бүсийн холбооны газрын хүүхэд асрах чөлөөтэй байгаа П.Оюунчимэгийн оронд тооцооны ажилтнаар томилогдож, талууд хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ асуудлаар ямар нэг шаардлага гаргаагүй хүлээн зөвшөөрсөн. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу дээрх хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсныг шүүх үндэслэл бүхий биш гэж дүгнэсэнд гомдолтой байна.

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр туршилтын буюу дадлагажих 2 сарын хугацаа дуусгавар болж мөн өдөр шалгалт авсан боловч хангалтгүй байсан учир 1 сарын хугацаанд холбогдох үүрэг даалгаврыг өгч, 2016 оны 12 дугаар 23-ны өдөр дахин шалгалт авсан боловч мөн л хангалтгүй байсан нь тухайн үеийн шалгалтын материалаар тогтоогддог. Ажил олгогчийн зүгээс боломж олгон дадлагажих хугацааг сунган 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин шалгалт авсан боловч мөн л хангалтгүй байсан бөгөөд нэхэмжлэгч Т.Азжаргал нь шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан учир 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин шалгалт авахад хангалтгүй байсан талаарх хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг нэхэмжлэгч тал няцаагаагүй бөгөөд тухайн шалгалтын материалууд болон нэгжийн даргын дотоод албан бичгийг эх хувиар шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх үнэлэлгүй, нотлогдоогүй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч Т.Азжаргал нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Х/206 дугаар тушаалаар тус компанийн төвийн бүсийн холбооны газрын Борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтнаар томилогдон ажилласан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4-7, 13, 19-41 тал/ гэж дүгнэсэн бөгөөд П.Оюунчимэг, Б.Мөнхтуяа нарын оронд ажиллах талаарх гэрээний нэмэлт өөрчлөлтийг өөрчлөгдсөн гэж үзэхгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 21.3-т зохицуулалтаар нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтээс үзэхэд хэрэв Т.Азжаргалын ажилд нь эгүүлэн тогтоовол тус компанийн төвийн бүсийн холбооны газрын Борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтнаар эгүүлэн томилох байтал тооцооны ажилтнаар томилж байгааг хуульд нийцээгүй шийдвэр хэмээн гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Азжаргал нь хариуцагч Монголын цахилгаан холбоо ТӨХК-д холбогдуулан Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтын Т.Азжаргалд холбогдох хэсэг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөрийн гэрээнд үндэсгүй нөхөн бичилт хийсэн, бусдын оронд түр томилсон гэх тушаалуудыг танилцуулаагүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд авахдаа туршилтын хугацаагаар авах хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж томилсон, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлж хүүхэд асрах чөлөөтэй байгаа П.Оюунчимэг, жирэмсний амралттай Б.Мөнхтуяагийн оронд томилж Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, удаа шалгалт авсан боловч тэнцээгүй гэж тус тус маргасан байна.

 

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр ажилтныг хариуцагч байгууллагын Төвийн бүсийн холбооны газрын Борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилд авсан үйл баримт тогтоогджээ.

 

Т.Азжаргалыг ажилд авсан Төвийн бүсийн холбооны газрын тооцооны ажилтны ажлын байр нь байнгын ажлын байр байх тул ажил олгогч ажилтантай тохиролцсон тохиолдолд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах бөгөөд ажил олгогчоос ажилтантай 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзнэ.

 

Уг ажлын байр нь байнгын ажлын байр тул талууд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасныг үндэслэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дах хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил олгогч нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг баримтлаагүй буруу Т.Азжаргалыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч байгууллагад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийгдэх үед Т.Азжаргал байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээний үндсэн ажиллаж бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтаар төвийн бүсийн холбооны ажиллагсдыг томилохдоо нэхэмжлэгч Т.Азжаргалыг П.Оюунчимэгийн оронд түр томилох болсон үндэслэл шалтгаан тодорхойгүй байна.

 

Мөн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бичилтийг хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бичснээр огноолсон атлаа Т.Азжаргалыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн П.Оюунчимэгийн оронд томилсон гэх бичилт хийсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаагаас үзвэл уг бичилтийг Т.Азжаргалд мэдэгдэлгүй нөхөн бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй байна.

 

            Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тоот тушаал, Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Х/18 тоот тушаалуудаар нэхэмжлэгчийг бусдын оронд түр хугацаагаар ажиллуулахаар томилсон гэх боловч дээрх тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан талаар хэрэгт баримт үгүй байна.

 

Дээрх баримт болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч байгууллага нь байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилж чөлөөтэй байгаа ажилтаны оронд түр ажиллуулахаар шийдвэрлэж байгаа талаар ажилтанд мэдэгдээгүй гэж үзнэ.

 

Хариуцагч байгуулага нь нэхэмжлэгч Т.Азжаргалыг байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа П.Оюунчимэгийг ажилдаа эргэн орох хүртэл тооцооны ажилтнаар, мөн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаалаар урт хугацааны чөлөө авсан үйлчилгээний ажилтан Б.Мөнхтуяагийн оронд тооцооны ажилтнаар түр ажиллуулж байсан гэх боловч энэ байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Азжаргалыг хариуцагч Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн Төвийн бүсийн холбооны газрын тооцооны ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 895 680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Азжаргалд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаал, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтын Т.Азжаргалд холбогдох хэсэг, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсан нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул уг тушаалуудыг хүчингүй болгох шаардлагагүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хөдөлмөрийн гэрээнд хийсэн бичилт нь нэг талынх тул уг баримтыг эргэлзээтэй гэж дүгнэх бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Иймд “хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсныг шүүх үндэслэл бүхий биш гэж дүгнэсэн буруу” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэх байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Т.Азжаргалыг мэргэжил ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоодоогүй талаар шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар “шалгалтын материалууд болон нэгжийн даргын дотоод албан бичгийг эх хувиар шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх үнэлэлгүй, нотлогдоогүй гэж дүгнэсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/01351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 281 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ