Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00044

 

 

..........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01088 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1246 дугаар магадлалтай,

 

..........ын нэхэмжлэлтэй

.........., ..........нарт холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, хоршооллын хотхон 50 дугаар байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, .........., ..........нарын хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлийн гэрчилгээг ..........ын нэр дээр гаргуулахыг хариуцагч ..........ад даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг ..........ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ..........ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Их Өвөр ХХК-тай Орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 1 дүгээр орцын 2 давхар, 5 тоотоос 1 өрөө орон сууцыг 26 000 000 төгрөгөөр захиалж, бариулахаар болсон бөгөөд уг орон сууцыг гүйцэтгэгч тал 2009 оны 1 дүгээр сарын 15-ны дотор батлагдсан зураг төсвийн дагуу барьж, захиалагчид хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан. 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөг, 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 600 000 төгрөг буюу нийт 26 600 000 төгрөгийг Их Өвөр ХХК-д бэлнээр төлж барагдуулсан. Гэтэл Их Өвөр ХХК нь 2 давхрын 5 тоот 1 өрөө орон сууцыг ..........д өгөх боломжгүй болсон, уг байрны 1 давхрын 1 тоот нэг өрөө орон сууцыг санал болгосон ба тухай үед зөвшөөр ч хүлээн авсан. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, ..........улсын бүртгэлийн дугаартай, 35.55 метр квадрат 1 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг удахгүй гарна гэж хэлсээр өдий хүрсэн. .......... нь 2009 оноос хойш уг орон сууцад амьдарч байгаа бөгөөд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг .......... нь өөрийнхөө нэр дээр гарган авч, 2015 оны 04 сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж ..........т шилжүүлсэн. Иймд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, .........., ..........нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ..........ын нэр дээр гаргуулахыг ..........ад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..........тай байгуулсан 50 дугаар байрны 5 тоотыг худалдах, худалдан авах гэрээг н.Доржбадам байгуулсан учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Их өвөр ХХК нь 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь би, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд н.Доржбадам биш. Тухайн үед 50 дугаар байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг 26 600 000 төгрөгөөр худалдах худалдах авах гэрээ хийсэн гэж 21 000 000 төгрөг өгсөн гэж н.Доржбадам хэлсэн учраас би зөвшөөрсөн. ..........тай 50 дугаар байрны 20 айлын 5 тоотод орон сууцанд гэрээ хийсэн болохоос 1 тоот орон сууцанд гэрээ байгуулаагүй,гэрээний бус шаардлага шүүхэд гаргаж байна. Гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлсөн гэдэг боловч 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоолоор 5 600 000 төгрөгийг төлөөгүй гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр төлбөрөө дутуу төлсөн учир байранд орох эрхгүй. ..........тай хуувилдаж, 1 тоот орон сууцны цоожийг эвдэж орсон. Тухайн байрыг би хууль ёсоор бусдад шилжүүлсэн. .......... гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 5 600 000 төгрөг төлөөд байраа өөрийн болгож ав, эсхүл гэрээгээ цуцална, 100 хувь ашиглалтад орсон байранд та орсон гэдгийг тайлбарласан. Үндсэн гэрээгээр 5 тоотыг л шаардах эрхтэй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Манай компани нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдсан. Үүнээс хойш тухайн компанийн эрх залгамжлагчийг тогтоосон ямар ч эрх зүйн акт гараагүй. Нэхэмжлэгч ..........ыг тухайн компанийн эрх залгамжлагч гэдгийг тогтоох ёсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай. ..........т орон сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдаж бэлэглэлийн гэрээ байгуулсан. ..........ын анх захиалсан байртай ямар ч холбоогүй. ..........тай байгуулсан гэрээ цуцлагдсан учраас өгсөн мөнгөө буцаан авах боломжтой. Нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч ..........шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлдээ: .......... нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар орон сууцны 1 дүгээр орцны 17 тоот 1 өрөө сууцыг орон сууц захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Харин Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон Б.Доржийн гудамж 50-1 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг захиалан бариулсан гэрээ хэлцэл байхгүй. ..........ын шаардаж буй объект 50 айлын 1 тоот биш, харин 20 айлын орон сууцны 5 тоот болох нь тогтоогддог. Би ..........тай байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон Б.Доржийн гудамжны 50 дугаар байрны 1 тоотын өмчлөгч болсон. .......... нь 26 000 000 төгрөгийг Их Өвөр ХХК-д төлөх үүрэг хүлээсэн. ..........нь ..........аас 6 500 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч, уг мөнгийг Ц.Доржбадамд хүлээлгэн өгсөн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн ч энэ талаар нотолсон баримт авагдаагүй. .......... нь уг байранд 2009 оноос хойш амьдарч байгаа гэх боловч эрчим хүч дулаан ашиглалтын гэрээг .......... 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан байх ба тэрээр энэ үед 50 дугаар байрны 01 тоотын хаалгыг эвдэж дураар авирласан болох нь нотлогдож байгаа. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхоны 50 дугаар байрны 01 тоотыг өмчилж авсан ба Их Өвөр ХХК уг орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Иймд ..........ыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот орон сууцнаас албадан нүүлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01088 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 243.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч .......... овогт ..........ийн ..........ыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байр 1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054706 дугаартай, 33,55 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч .........., ..........нар хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заанаар Улсын бүртгэлийн гэрчилгээг ..........ын нэр дээр гаргуулахыг хариуцагч ..........ад даалгах тухай шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........ын гаргасан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот орон сууцнаас ..........ыг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 361 150 төгрөг, хариуцагч ..........аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..........д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1246 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01088 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар ..........ыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054706 дугаарт бүртгэлтэй, 33,55 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, .........., ..........нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ын өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй гэж өөрчлөн найруулж, 4 дэх заалтыг олгосугай гэснийг олгож, .........., .......... нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..........д олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ..........хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд гомдол гаргаж байна. 1. Миний бие БЗД-ийн 2-р хороо, Хоршоолол хотхоны Б.Доржийн гудамжны 50-р байрны 01 тоот байршилтай 1 өрөө орон сууцны өмчлөгч юм. Уг өмчөөс .......... гэгчийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. .......... нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хурал дээр гардан авч газар дээр нь тайлбар өгсөн байна. Уг тайлбар нь шинээр гарган өгч буй нотлох баримтыг буюу хариу тайлбарыг нэхэмжлэгч надад танилцуулаагүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн энэ алдааг засан зөвтгөн шийдвэрлэн үүргээ хэрэгжүүлээгүй давж заалдах шатны магадлалд гомдолтой байна. 2. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэгэн хууль зүйн үндэслэл заалгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх “үндэслэлгүйгээр” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж хууль бус ажиллагааг баталгаажуулсанд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалын сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, ..........миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .......... нь хариуцагч .........., ..........нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг ..........ад даалгуулах, .........., ..........нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүйгээс гадна ..........нь уг орон сууцыг ..........ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх ..........ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, өмчлөх эрхийн бүртгэл хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг нэмж хангасан нь үндэслэлтэй болсон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд .......... нь 2009 оны 12 сарын 04-ний өдөр Их Өвөр ХХК-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар орон сууцны 2 давхарт 5 тоот 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч, орон сууцны үнэ 26 600 000 төгрөгийг төлсөн, худалдагчийн зүгээс ..........д гэрээний зүйл болох 5 тоот орон сууцыг бус 1 тоот сууцыг хүлээлгэн өгсөн, .......... нь уг сууцыг 2010 оноос хойш эзэмшиж байгаа үйл баримт тогтоогджээ.

 

Их өвөр ХХК 2009 оны 01 дүгээр сарын 15-ны дотор орон сууцыг батлагдсан зураг төсвийн дагуу барьж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч 2010 онд ..........ын эзэмшилд 1 тоот орон сууцыг, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр барилгыг улсын комисст хүлээлгэж өгчээ.

 

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ. Их өвөр ХХК-ийг төлөөлж Ц.Доржбадам нь ..........тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээг баталж Их өвөр ХХК-ийн захирал .......... гарын үсгээ зурсан байна. .......... нь орон сууцны барилгыг өөрийн нэрээр улсын комисст хүлээлгэн өгч, 2013 оны 10 дугаар сарын 03 өдөр улсын бүртгэлд, өмчлөлдөө бүртгүүлсэн байх тул гэрээний худалдагч талыг .......... гэж тодорхойлсон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Худалдах-худалдан авах гэрээний дагуу .......... нь орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлсэн бол .......... нь орон сууцыг шилжүүлж өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Талууд гэрээний нөхцөлөө өөрчилж болох бөгөөд гэрээний зүйл болох 2 давхарын 1 өрөө орон сууцыг 1 давхарын 1 өрөө орон сууцаар сольсон, .......... нь 2010 оноос хойш уг сууцыг эзэмшиж ашигласан, энэ талаар .......... гомдол гаргаж байгаагүй үйл баримтад тулгуурлан шүүх нэхэмжлэгч ..........ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ талаар буюу нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа орон сууц нь гэрээний зүйл биш, уг сууцанд нэхэмжлэгч нь дайрч орсон гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

 

.......... нь орон сууцны үнийг төлсөн тул өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ..........аас шаардах эрхтэй, өмчлөгчөөр тогтоолгосноор зөрчигдсөн эрх нь  сэргээгдсэн, нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Давж заалдах шатны шүүх 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр .........., ..........нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь үндэслэлтэй болсон боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Маргаж буй орон сууцыг .......... эзэмшилдээ авсан, орон сууцны үнийг төлсөн байхад .......... нь орон сууцны өмчлөх эрхийг ..........т шилжүүлсэн байна.

 

.........., ..........нарын байгуулсан бэлэглэлийн гэрээ хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн” гэх үндэслэл нь ийм төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, тухайн хэлцлийн агуулга угтаа хуульд нийцээгүй агуулга юм.

.......... нь орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр ..........т шилжүүлсэн боловч ..........нь орон сууцыг биетээр хүлээж аваагүйгээс гадна өмгөөллийн хөлсөд тооцон авсан гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн баримтаас үзвэл өмчлөх эрхийг шилжүүлэх бодитой үр дагаврыг үүсгэхийн тулд биш гадаад илэрхийллийг бий болгохын тулд талууд гэрээг байгуулсан байдал тогтоогджээ. Иймд дүр үзүүлэн хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус тул хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж, магадлалд энэ талаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Хариуцагч ..........орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба энэ тохиолдолд шүүх түүний өмчлөх эрх, хариуцагчийн эзэмшлийн эрх зүйн үндэслэлийг дүгнэх учиртай. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар аливаа эд хөрөнгийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч ..........ыг өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1246 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56.1.1 гэснийг ...56.1.2 гэж, ...гэж үзсүгэй гэснийг ...болохыг дурьдаж, ..........ын нэр дээрх өмчлөх эрхийн 000406775 тоот гэрчилгээг хүчингүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ..........ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАХ

                                       ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА