| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0026/э |
| Дугаар | 2019/ШЦТ/26 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам, Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Аийн Бт холбогдох 1935000720026 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, аав, ээж, ах нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 1-16 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:ОЮ97102815, Б ургийн овогтой Аийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүслэн" зочид буудлын №05 тоот өрөөнд байсан хохирогч Г.Өын 335.417 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси А5 загварын, цагаан өнгийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч А.Быг бусдын хөрөнгө эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: Шүүгдэгч А.Б нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүслэн" зочид буудлын 05 тоот өрөөнөөс хохирогч Г.Өын 335.417 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси А5 загварын, цагаан өнгийн гар утсыг хууль бусаар авсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. Үүнд: Хохирогч Г.Өын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2019 оны 2 дугаар сарын 08- ны өдрийн 09 цагийн орчимд гэрээсээ гараад найз Бийн гэрт очсон. Намайг тэдний гэрт очиход Б, түүний аав, хоёр дүүгийнхээ хамт байхаар нь би мэнд ус мэдээд суусан. Тухайн үед Б бид хоёр хоорондоо юм ярьж байгаад коллежид цуг сурч байсан Б нэртэй охинтой уулзахаар болоод тэдний гэрээс гарсан. Б гэрээсээ Бгийн гар утас руу залгаж ярьчихаад "гэрт хүрээд ир гэж байна" гэж хэлэхээр нь Б бид хоёр Бгийн гэр рүү явсан. Тэдний гэрт очиход Б гэртээ ганцаараа байсан ба бид гурав хоорондоо юм ярьж байгаад Соёмбо караокед очиж дуулангаа юм ярьж суухаар болоод Бгийн гэрээс гараад Соёмбо караоке руу явсан. Соёмбо караокены №05 тоот өрөөнд бид гурав суугаад юм ярьж байгаад найз Быг дуудаж уулзахаар болоод Б найз Бын гар утас руу залгасан. Бид гурав караокед дуулаад сууж байтал найз Б хүрч ирсэн. Б, Б, Б бид гурав караокед сууж дуулах хугацаандаа сэрүүн нэртэй 6 лааз пиво хувааж уусан. Бид дөрөв 2019 оны 02 сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Соёмбо караокегаас гараад тус аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүслэн зочид буудал руу явсан. Хүслэн зочид буудал руу явж байх замдаа Б бид хоёр дэлгүүрээс 2.5 литрийн Сэрүүн нэртэй 3 сав пиво авсан. Бид дөрөв Хүслэн зочид буудлын №05 тоот өрөөнд ороод юм ярингаа дэлгүүрээс авсан 3 сав пивийг хувааж ууж дуусгасан. Бид нарын дэлгүүрээс авсан 3 сав пиво дууссаны дараагаар Б бид хоёр Хүслэн зочид буудлаас гарч дэлгүүр орж 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг, 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво нэг савыг авсан. Уг дэлгүүрээс авсан Улаанбаатар нэртэй архи 1 шилийг, 2.5 литрийн Сэрүүн нэртэй пивийг ууж дуусгасны дараагаар юм яриад сууж байтал Б "Миний ээжийг өнгөрөхөд чи ирж уулзаагүй биз дээ" гэж хэлэхээр нь би "тэр хамаагүй байхгүй шүү дээ" гэж хэлээд Бийн хацар руу алгадахад Б зөрүүлээд миний зүүн нүд рүү нэг удаа цохиход миний хамраас цус гоожсон. Тэгэхээр нь би хамрынхаа цусыг тогтоох гээд нойлын өрөө рүү орсон. Нойлын өрөөнд ороод хамрынхаа цусыг тогтоочихоод гарч ирэхэд Б, Б, Б гурав буудлын өрөөнөөс гараад явчихсан байсан. Би өрөөндөө сууж байтал гаднаас зүс таних хүүхэд орж ирээд "Таны гар утсыг Б ах сая надаар базуулж аваад /гар аргаар порматлуулах/ явсан. Та гар утсаа Б ахад өгсөн юм уу?" гэж хэлсэн. Би Samsung galaxy А5 загварын гар утсыг 2018 оны 12 дугар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод байрлах Теди худалдааны төвөөс 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авсан. Уг гар утас нь цагаан өнгийн их биетэй шилэн наалттай, дэлгэцэндээ зурдаг кодтой, шинэвтэр зэрэг содон шинж тэмдэгтэй байсан. Манай найзууд Бг Б гэж дууддаг бөгөөд дандаа Б гэж дууддаг учраас би түүний иргэний үнэмлэхний нэрийг сайн мэдэхгүй байсан. Тэгээд би урьд мэдүүлэг өгөхдөө түүний албан ёсны нэрийг Б гэж бодоод андуураад хэлчихсэн байна лээ. Миний самсунг А5 маркын гар утасыг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагаас А.Баас хураан авч хүлээлгэн өгсөн. Миний самсунг А5 маркын гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, бүрэн бүтэн, ажиллагаа хэвийн байсан. Мөн тухайн өдөр А.Б надтай уулзаад надад "чиний гар утсыг найз нь тэр шөнө чамайг ариун цэврийн өрөө рүү орсны дараа буудлын өрөөнөөс куртикны халааснаас чинь авчихсан, тэгээд буудлын коридорт таньдаг дүү таарахаар нь базуулаад порматлуулчихсан юм" гэж хэлээд надаас уучлалт гуйсан юм. Миний хохирол төлөгдсөн, надад гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 тал/,
гэрч Э.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Миний найз Ө нь 2019 оны 02 сарын 08-ны өдөр цагаан өнгийн их биетэй Samsung galaxy А5 загварын гар утас барьж байсан. Тухайн шөнө бид нар буудлын өрөөнд байж байгаад Ө бид хоёр маргалдаад нэг нэгнээ цохисны дараа Өын хамраас цус гарахаар Ө нь буудлын ариун цэврийн өрөө рүү явсан. Тэгээд Б, Б бид гурав Хүслэн зочид буудлын өрөөнд байж байтал Б нь өрөөнөөс гараад явчихсан. Тухайн үед Б нь хаашаа гарч байгаагаа хэлээгүй юм. Тэгээд удалгүй Б бид хоёр уг өрөөнөөс гарч харихаар болоод явсан бөгөөд би замаараа Бг Улаангом сумын 9- р баг Буянт хороололд байх гэрт нь хүргэж өгчихөөд өөрийнхөө гэрлүүгээ явсан юм. ...Б нь тэр орой Б бид хоёртой хамт буудлаас гараагүй юм. Б бид хоёрыг Хүслэн зочид буудлаас гарч явж байхад Ө нь ариун цэврийн өрөө рүү явчихаад эргэж ирээгүй байсан бөгөөд түүний улаан өнгийн гадуурх куртик нь буудлын өрөөний орон дээр байсан. Мөн түүний гар утас нь Өын куртикны халаасанд байсан. ...Би 2019 оны 02 сарын 08-аас хойш Бтай уузахгүй байж байгаад 2019 оны 02 сарын 14-ний өдөр цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөны дараа уулзахад А.Б нь надад "би 2019 оны 02 сарын 08-ны орой Б та хоёрыг буудлаас явсаны дараа хажуу талын өрөөнд сууж байгаад эргэж ороод Өын куртикны халаасанд байсан гар утасыг хулгайлаад авчихсан юм, тэгчихээд буудлаас явчихсан" гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 тал/,
гэрч Б.Бгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 16:00 цагийн үед Улаангом сумын 9-р багт байх гэртээ байж байтал манайд манай найзууд болох Б, Ө нар хүрч ирсэн юм. Тэгээд бид гурав манай гэрээс 17:00 цагийн үед байх гараад Соёмбо караоке ороод найз болох А.Быг хүрээд ирээч гэж дуудсан. Б нь удалгүй хүрч ирсэн юм. Тэгээд Ө, Б, Б бид дөрөв уг караокенд 2 цаг гаруй дуулангаа 6 лааз пиво хувааж уусан юм. Тэгээд бид нар караокенээс гараад Хүслэн зочид буудал руу явсан. Хүслэн зочид буудлын 5 дугаартай өрөөнд орж хоорондоо юм ярингаа авч очсон 3 сав пивыг хувааж ууж дууссан. Тэгээд Ө бид хоёр дахин буудлаас гараад 0.75 литрийн Улаанбаатар гэх нэртэй 1 шил архи, мөн 2.5 литрийн пиво авч, хувааж ууцгаасан. Би гар утасаа оролдоод фэйсбүүк орж байтал Ө Б нар нь хоорондоо маргалдаад байсан бөгөөд Б нь Өыг нүдийг цохиход Өын хамраас цус гоожсон юм. Тэгээд Ө хамрынхаа цусыг тогтоохоор ариун цэврийн өрөө рүү орсон юм. Тэгтэл удалгүй Б нь ямар нэгэн зүйл хэлэлгүй буудлын өрөөнөөс гараад явчихсан юм. Тэгэхээр нь Б бид хоёр Быг гэрлүүгээ яваад өгсөн юм байх гэж бодоод Хүслэн зочид буудлын 5 дугаарын өрөөнөөс гарцгаасан юм. Тэгээд Б нь намайг гэрт хүргэж өгчихөөд гэр лүүгээ харихаар явсан юм. Харин Ө нь Хүслэн зочид буудалд ариун цэврийн өрөөнд үлдсэн юм. Ө нь тухайн өдөр самсунг А5 маркын цагаан өнгийн гар утас ашиглаж байсан юм. Ө нь тухайн өдөр өөрийнхөө гар утасыг куртикныхаа халаасандаа хийж байсан бөгөөд Ө нь тухайн өдөр улаан өнгийн куртиктай явсан юм. Б бид хоёрыг Хүслэн зочид буудлаас гарч явж байхад Өын куртик нь буудлын өрөөний орон дээр байсан, мөн гар утас нь куртикных нь халаасанд байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
гэрч М.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Би гэртээ байж байтал 22:30 цагийн үед над руу манай найз А залгаад "төрсөн өдрийн мэнд хүргье андаа, хаана байна Жэтсийн караокенд хүрээд ирээч" гэж дуудсан. Би гэрээсээ гараад Жэтсийн караокенд явж очиход манай найз А, Ш, В нар болон Вийн дүү гэх миний танихгүй 2 залуу байсан ба бид нар Жэтсийн караоке дотор 1 цаг орчим дуулцгаасан. Бид нар тэндээсээ гараад Хүслэн зочид буудал руу явцгаасан ба Хүслэн зочид буудалд очоод 3 дугаартай өрөөнд орсон юм. ...Хүслэн зочид буудлын коридорт миний танил ах Б ганцаараа явж байгаад таараад цагаан өнгийн самсунг А5 маркын гар утасыг гаргаж ирээд надад "ахдаа энэ утасыг базаад порматлаад өгөөч" гэж хэлээд өгсөн. Би тэр гар утасыг харахад миний танил А.Бын найз болох Ө ахын гар утас байсан юм. Тэгээд би тухайн үед Баас ямар нэгэн зүйл асуухгүйгээр уг гар утасыг гадна талаас нь буюу гурван товчлуурыг нь зэрэг дарж порматлуулсан юм. Тэгээд Б ах Хүслэн зочид буудлаас гараад явчихсан. Тухайн гар утасыг порматлахад 3-5 орчим минут болсон байх. Тэгээд би Хүслэн зочид буудлаас гарч гадна тамхи татчихаад буцаад буудал руу ороход Ө буудлын №5 дугаарын өрөө рүү орж явсан. Би араас нь ороход Ө уг өрөөн дотор ганцаараа сууж байсан. Тэгэхээр нь би Ө ахад "таны гар утасыг сая Б ах надаар базуулж аваад явлаа, та утасаа Б ахад өгсөн юм уу" гэж асуусан. Тэгтэл Ө ах надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Тэгээд би тэр өрөөнөөс гараад өөрийнхөө сууж байсан №3 дугаарын өрөө рүү орсон юм. Би буудлын өрөөнд орчихоод найзууддаа Б ахтай таарсан талаар болон түүнд гар утасыг нь базаж порматлаж өгсөн талаараа хэлээгүй юм. Гар утас базна гэдэг нь уг гар утасны товчлууруудыг зэрэг дарж гаднаас нь порматлана гэсэн үг юм. Гар утасыг гаднаас нь порматлахад тухайн гар утас дээрх бүх зүйлүүд нь устдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, гэрч Л.Аийн өгсөн: “Б нь надад гар утас хулгайлсан талаараа хэлээгүй бөгөөд өнөөдөр л надад "би 2019 оны 02 сарын 08-ны шөнө хамт явж байсан өөрийн найз Г.Өын гар утасыг хулгайлчихсан юм" гэж хэлсэн. Тэгээд би яах гэж хүний гар утас хулгайлж байгаа юм гэж Баас асуухад Б нь "надад мөнгө хэрэг болоод байсан" гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
шүүгдэгч А.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б, Ө нар нь юм яриад сууж байгаад Ө нь эхлээд Бийн зүүн талын хацар луу нэг удаа алгадахад Б нь буцаагаад Өзийбаярын зүүн талын хацар луу нэг удаа цохисон юм. Тэгтэл Өын хамраас цус гоожсон бөгөөд Ө нь хамрынхаа цусыг тогтоохоор буудлын ариун цэврийн өрөө рүү явсан юм. Тэгээд Б, Б бид гурав буудлынхаа өрөөнд байж байгаад би өрөөнөөс гарч яваад буудлын гадна гарч бие засчихаад Б, Ө нарыг ахиад хоорондоо хэрэлдэж маргалдаж магадгүй гэж бодоод өөрийн байсан №5 дугаарын өрөө рүү орохгүйгээр хажуу талынх нь №4 дугаарын өрөө онгорхой эзгүй байхаар нь тийшээгээ ороод орон дээр нь хэдэн минут хэвтэж байгаад Б, Ө нарыг хоорондоо зодолдоод нэг нэгнээ гэмтээчихвэл бас бөөн юм болох байх гэж бодоод өрөөнөөс гараад №5 дугаарын өрөө рүү ороход Б, Б нар нь буудлын өрөөнөөс гараад явчихсан байсан, мөн Ө нь ариун цэврийн өрөөнөөс гарч ирээгүй №5 дугаарын өрөө эзгүй байсан. Тэгэхээр нь би буудлын өрөөний орон дээр байсан Өын улаан өнгийн курткны халаасанд байсан самсунг А5 маркын цагаан өнгийн гар утасыг хулгайлж авсан юм. Тэгчихээд би өрөөнөөс гарахад буудлын коридорт миний зүс таних Б гэх дүү ганцаараа явж таарсан. Би тэр залууд Өын самсунг А5 маркын гар утасыг өгөөд товчлуурыг нь базуулж гар аргаар Өын гар утасыг порматлуулсан юм. Гар утасыг базуулж порматлуулахад 5 гаруй минут л болсон байх. Тэгээд би Улаангом сумын 10-р баг 01-16 тоотод байх гэр лүүгээ явсан. Би замдаа Өын гар утаснаас сим картыг нь гаргаж авсан юм. Би гэртээ ирэхэд манай гэрт манай аав А, Ээж Алтанцэцэг, мөн манай дүү Азбаяр нар унтаж байсан бөгөөд тухайн үед 23:50 цаг болж байсан юм. ...Би Өын гар утасыг хэд хоногоос зарж мөнгө болгож авна гэж бодож байсан бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн газраас мөрдөгч ирж надтай уулзахад би Өын гар утасыг хулгайлсан, уг гар утас надад байгаа талаар мөн хэлсэн юм. ...Би Г.Өаас уучлалт гуйж түүний гар утасыг мөрдөн байцаалтын шатанд хураалгасан бөгөөд Г.Өт учирсан хохирлыг төлж барагдуулсан юм. Би мөн Өын гар утсанд байсан сим картыг нь буцааж өгсөн юм. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 тал/,
Увс Финанс-Аудит ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар “Увс аймагт 2019 оны 2 сарын байдлаар "Samsung galaxy А5" загварын гар утасны зах зээлийн үнэ цэнэ 335.400 /Гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун/ төгрөг болохыг тодорхойлов” гэх тайлан /хх-ийн 28 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-26 тал/ бүхий нотлох баримтууд хамаарч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч А.Б нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүслэн" зочид буудлын №05 тоот өрөөнөөс хохирогч Г.Өын Самсунг галакси А5 загварын цагаан өнгийн гар утсыг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авсан нь хангалттай нотлогдсон байна. Шүүгдэгч А.Бын бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авсан үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогч Г.Өт 335.400 төгрөгийн хохирол учирсан нь “Увс Финанс-Аудит” ХХКийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай “Гар утас үнэлсэн тухай” тайлангаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж дүгнэнэ.
Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч А.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэрэгт шүүгдэгч А.Бын хувийн зан байдал, амьдралын талаар гэрч Д.Алтанцэцэгийн өгсөн: “А.Б нь 1997 онд Увс аймгийн Улаангом сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж Цогцолбор нэгдүгээр сургуулийг 2012 онд 9-р анги төгссөн, дараа нь үргэлжлүүлэн Улаангом политехник коллежийн селессерын ангийг 2.5 жилээр суралцаж төгссөн. Тэгээд дахин үргэлжлүүлэн сантехникчээр 1 жилийн хугацаанд суралцаж төгсөж тусгай боловсрол эзэмшсэн юм. Тэгээд 2017 оны хавар хугацаат цэргийн албанд татагдаж Завхан аймгийн Тэс сумын 0277 дугаар ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хаагаад 2018 оны 05 дугаар сард цэргээс халагдсан юм. А.Б нь цэргээс халагдаж ирэхдээ түрийч цолтой, 2017 оны тэргүүний хугацаат цэргийн алба хаагчаар шалгарч байсан. Миний хүү Б нь цэргийн албанд сонирхолтой байсан учраас цэргийн албыг сайн хааж ирсэн юм. А.Б нь одоогоор хийсэн ямар нэгэн ажилгүй гэртээ байгаа юм. А.Б нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, ямар ч хүнтэй зөв боловсон харьцдаг, сагсан бөмбөг тоглодог спортод сонирхолтой, багаасаа гараараа модон эдлэл хийдэг ямар нэгэн зүйлд эв дүй сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи хааяа хааяа татдаг, муу зуршилгүй хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
гэрч Л.Аийн өгсөн: “А.Б нь ...А.Б нь цэрэгт явж ирсэнээс хойш хувиараа барилгын болон хар бор ажил хийдэг юм. А.Б нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, хүнтэй хэрэлдэж маргалдаж, хүнд муу санадаггүй, цайлган сэтгэлтэй, хүнтэй зөв боловсон харилцдаг, аливаа юманд эв дүй сайтай, аль болох хүнд тусалж явдаг тусархуу хүүхэд юм. А.Б нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй, ял шийтгэл, торгууль авч байгаагүй юм. Мөн А.Б ам бүл 5 аав, ээж, 2 ах нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 09-р баг 02-52 тоотод гэрт оршин суудаг юм. А.Б нь гарын эв дүй сайтай модоор гэрийн хаалга, авдар, сандал зэрэг модон эдлэл хийдэг мөн сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг спортод сонирхолтой, байнга л зааланд спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлж байдаг юм. А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, харин тамхи татдаг юм”гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч А.Б урьд өмнө гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/-аар нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Өын Samsung galaxy A5 загварын гар утсыг шүүгдэгч А.Баас хураан авч, хүлээлгэн өгсөн болох нь эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй талаархи мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл болон түүний хувийн байдал, улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч А.Бт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б ургийн овогтой Аийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б ургийн овогтой Аийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА