Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/868

 

 

 

 

                       

 

       2018          10           09                                         868

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Ганчимэг (томилолтоор),

өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ц..............г, тэдгээрийн өмгөөлөгч Х.Баатарбилэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2156) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сутай овогт Ц..............гийн Ч............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0405 51021 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сутай овогт Ц..............гийн Ч............г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, суурь боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн ...............................................................

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Ц.Ч............г нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скорпион” цахим тоглоомын газраас компьютерын 4 ширхэг “рам” /шуурхай санах ойн карт/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б...............эйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутын үед цахим тоглоомын газраа нээсэн, нээгээд удаагүй байж байтал улаан өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, 15-16 настай хүүхэд орж ирээд манай тусгай өрөө рүү ороод төд удалгүй гараад явсан...тэгээд 12 цагийн үед 43 болон 44 дүгээр компьютер асахгүй байна гэж хэлэхээр нь очоод үзтэл 43-44 дүгээр компьютерийн “RAM” нь алга болсон байсан. Тэгээд камераа шүүгээд үзтэл улаан өнгийн малгайтай цамцтай, бараан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, 14-16 насны эрэгтэй хүн хулгайлж байх нь бичлэгт харагдаж байсан...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 09 цаг 30 минутын орчим цахим тоглоомын газраа нээсэн. Тэгээд хүмүүс үйлчлүүлж байтал өдөр 16 цагийн үед 31, 32 дугаар компьютер асахгүй байна гэхээр нь яваад очтол мөн  “RAM” нь алга болсон байсан. Тэгээд камерийн бичлэгээ шүүгээд үзтэл улаан өнгийн футболкатай, бараан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй 14-16 насны эрэгтэй хүн хулгайлж байх нь камерт бичигдсэн байсан. Тэгээд тоглоомын газраа байж байтал “PGS” цахим тоглоомын газар ажиллуулдаг Чимэдээ гэх залуу Ч............г гэдэг нэртэй хүүхэд дагуулаад ороод ирэхээр нь камерийн бичлэгтэй тулгаж үзэхэд мөн байсан. Миний алдсан компьютерийн “RАМ” нь содон шинж тэмдэг байхгүй...би алдсан компьютерийн “RАМ”-аа нэг ширхэгийн нь 80.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 320.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...Ч............г...манай РС тоглоомын газраас хулгайлж авсан 4 ширхэг рамны хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулсан хохиролгүй болсон учир одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

2. Гэрч Х.А..............д (хохирогчийн эцэг) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний...өдөр 12 цагийн үед гэртээ байж байтал хүү Билгүтэй нь 2 ширхэг компьютер асахгүй байна гэж хэлэхээр нь очоод үзтэл компьютерийн “RАМ” нь байхгүй байсан. Тэгээд камерын бичлэг үзтэл...улаан өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй 15-16 настай хүүхэд...компьютерийн “RАМ” авч байгаа нь бичигдсэн байсан...мөн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр...16 цагийн үед цахим тоглоомын газар ирсэн. Тэгээд хүүтэйгээ солигдоод би цахим тоглоомын газраа ажиллуулж байтал 31-32 дугаар компьютер асахгүй байна гэж хэлсэн очоод үзтэл 31, 32 дугаар компьютерийн “RАМ” нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

3. Гэрч Д.Ч..............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 46-6 тоотод PC тоглоомын газар ажиллуулдаг. Намайг тоглоомын газраа ажиллуулж байхад манай урд талд байрлах “Скорпион” PC тоглоомыг ажиллуулдаг Б...............эй орж ирээд надад камерийн бичлэг үзүүлээд энэ эрэгтэй хүүхдийг таних уу гэж надаас асуусан. Би бичлэгийг харахад манай PC тоглоомын газраар орж ирээд тоглоод байдаг Ч............г гэдэг хүүхэд байхаар нь танина ш дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17)

3. Дүрс бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5)

4. Арвижих-Эстимейт ХХК-ний эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 26-27),

5. Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “PGS” РС тоглоомын газар руу 10 цагийн орчимд орсон. Би РС тоглоомын газарт ороод РС тоглох гэж байгаа юм шиг дүр үзүүлж байгаад 41, 42, 43, 44 гэсэн номертой 4 компьютерынх нь 4 ширхэг RАМ-ыг нь хулгайлж аваад гарсан ба фейсбүүк дээр компьютер ланд засвар үйлчилгээний фейсбүүк группэд компьютерын РАМ зарна гэсэн зарыг тавьсан чинь нэг танихгүй хүн над руу коммент бичээд авъя гэж хэлсэн. Ингээд би 4 ширхэг RАМ-ыг нийтэд нь 240.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь ойр зуур идэх юм авч идээд РС тоглоод дуусгасан...Анх РС тоглох санаатай орсон чинь компьютерынх нь процессорынх нь таг нь онгорхой байхаар нь РС тоглолгүйгээр 4 компьютерын RАМ-ыг нь хулгайлаад авчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38)

- Өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 40, 42), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 44-49), нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 41), хохирол төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 50)  зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............г нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скорпион” цахим тоглоомын газраас 2018 оны 8 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, компьютерийн 4 ширхэг “RAМ” буюу шуурхай санах ойн картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь;

-Хохирогч Б.Б...............эйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутын үед цахим тоглоомын газраа нээсэн, нээгээд удаагүй байж байтал улаан өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, 15-16 настай хүүхэд орж ирээд манай тусгай өрөө рүү ороод төд удалгүй гараад явсан...тэгээд 12 цагийн үед 43 болон 44 дүгээр компьютер асахгүй байна гэж хэлэхээр нь очоод үзтэл 43-44 дүгээр компьютерийн “RAM” нь алга болсон байсан. Тэгээд камераа шүүгээд үзтэл улаан өнгийн малгайтай цамцтай, бараан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, 14-16 насны эрэгтэй хүн хулгайлж байх нь бичлэгт харагдаж байсан...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 09 цаг 30 минутын орчим цахим тоглоомын газраа нээсэн. Тэгээд хүмүүс үйлчлүүлж байтал өдөр 16 цагийн үед 31, 32 дугаар компьютер асахгүй байна гэхээр нь яваад очтол мөн  “RAM” нь алга болсон байсан. Тэгээд камерийн бичлэгээ шүүгээд үзтэл улаан өнгийн футболкатай, бараан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй 14-16 насны эрэгтэй хүн хулгайлж байх нь камерт бичигдсэн байсан. Тэгээд тоглоомын газраа байж байтал “PGS” цахим тоглоомын газар ажиллуулдаг Чимэдээ гэх залуу Ч............г гэдэг нэртэй хүүхэд дагуулаад ороод ирэхээр нь камерийн бичлэгтэй тулгаж үзэхэд мөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

2. Гэрч Х.А..............д (хохирогчийн эцэг) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний...өдөр 12 цагийн үед гэртээ байж байтал хүү Билгүтэй нь 2 ширхэг компьютер асахгүй байна гэж хэлэхээр нь очоод үзтэл компьютерийн “RАМ” нь байхгүй байсан. Тэгээд камерын бичлэг үзтэл...улаан өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй 15-16 настай хүүхэд...компьютерийн “RАМ” авч байгаа нь бичигдсэн байсан...мөн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр...16 цагийн үед цахим тоглоомын газар ирсэн. Тэгээд хүүтэйгээ солигдоод би цахим тоглоомын газраа ажиллуулж байтал 31-32 дугаар компьютер асахгүй байна гэж хэлсэн очоод үзтэл 31, 32 дугаар компьютерийн “RАМ” нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

3. Гэрч Д.Ч..............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 46-6 тоотод PC тоглоомын газар ажиллуулдаг. Намайг тоглоомын газраа ажиллуулж байхад манай урд талд байрлах “Скорпион” PC тоглоомыг ажиллуулдаг Б...............эй орж ирээд надад камерийн бичлэг үзүүлээд энэ эрэгтэй хүүхдийг таних уу гэж надаас асуусан. Би бичлэгийг харахад манай PC тоглоомын газраар орж ирээд тоглоод байдаг Ч............г гэдэг хүүхэд байхаар нь танина ш дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17)

3. Дүрс бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5)

4. Арвижих-Эстимейт ХХК-ний эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 26-27) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............г нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ч............г нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, ёс суртахуун, сэтгэцийн онцлогыг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад...чиглэсэн байна” гэжээ.

Иймд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагиийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг хөнгөрүүлж 120 ( зуун хорин) цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нөгөө талаас өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгүүлж болох гэмт хэрэг үйлджээ. Иймд шүүгдэгч Ц.Ч............гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангид заасны дагуу оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Ч............гийн нийтэд тустай ажил хийлгэх ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсантай холбогдуулан түүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гт хуульд зааснаар “зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “цахим тоглоомын газар очих” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүхээс авах нь тохиромжтой байна.

Ill. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0405 51021 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий сд 1 ширхэг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хадгалах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүниий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сутай овогт Ц..............гийн Ч............гийг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гт мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 (зуун хорин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Ч............гт оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ч............гт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “цахим тоглоомын газар очих” хязгаарлалтыг тус тус авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Ч............г нь шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч, нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ