Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/869

 

 

 

 

 

                       

         2018          10           09                                       869

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Н.А................д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зургаадай овогт Н..............ржийн А................дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0073 00991 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зургаадай овогт Н..............ржийн А................д, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...................................

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Н.А................д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод оршин суух хохирогч Б.Э............яагийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч картнаас нь мөнгө уншуулан 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А................д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Э............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байтал...хуучин хамт ажиллаж байсан Өлзий,  Н.А................д нар манайд 10 цагийн үед ирсэн. Тэгээд бид нар пиво уухаар болоод дэлгүүр рүү С...........аатай хамт яваад том сэнгүр пиво аваад гэрт ирээд бид 3 хувааж уусан. Гэхдээ Н.Б..........ий уугаагүй. Н.А................д бид хоёр уусан. Тэгээд 12 цагийн үед Н.Б..........ий эхнэр дуудаад байна гээд тэр хоёр хамт манай гэрээс гараад явсан. Тэгээд би жоохон амарч байгаад босоод дэлгүүр орох гэтэл миний орон дээр нуусан байсан карт алга болчихсон байсан...Н.Б..........ий рүү яриад асуусан чинь эхлээд мэдэхгүй байсан. Тэгээд хэрэлдэж байгаад дахиад асуухад за за авсан эхлээд 30.000 төгрөг авсан дараа нь 50.000 төгрөг авсан гэсэн. Тэгээд Н.А................д үлдснийг нь мэднэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

“...Тухайн үед Н.А................д өөрийнхөө дүүтэй хамт манайд ирсэн. Тэгээд дүүгээ дагуулаад ирсэн бензиний мөнгө өг гээд байсан...тэгээд Н.А................д бид хоёр хамт дэлгүүр яваад би картаараа юм авах үед миний картны нууц кодыг харчихсан юм шиг байна лээ...намайг мэдээгүй хойгуур миний гудсан доогуур байсан картыг аваад явсан байсныг нь Н.А................д Н.Б..........ий нарыг явсны дараа мэдсэн. Тэгээд миний картнаас 3 удаагийн оролдлогоор 470.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

2. Гэрч Н.Б..........ийгийн (шүүгдэгчийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 11 цагийн үед...Б.Э............яагийн гэрт очтол Б.Э............яа урьд өдөр нь архи уусан бололтой ганцаараа байж байсан...тэгээд...бид гурав Орбитын эцэс орж дэлгүүрээс Н.А................д нэг том, хоёр жижиг пиво авсан...Тэгээд гэрийнхээ ойролцоох Хаан банкны АТМ орж надад картаа нууц кодтойгоо өгсөн. Тэгээд намайг 50.000 төгрөг ав гэсэн. Тэгээд би авсан мөнгөө Б.Э............яад өгтөл 30.000 төгрөгийг өөрөө аваад надад 20.000 төгрөг өгөөд ахиад 30.000 төгрөг аваад ир гэж хэлэхээр нь би АТМ орж 30.000 төгрөг авсан. Тэгээд Б.Э............яа 30.000 төгрөгөө манай эгч Н.А................дад өгөөд дэлгүүрээс пиво идэх юм аваад ир гэж оруулсан...Тэгээд Б.Э............яагийн гэрт очоод пиво уусан...Тэгээд 20-30 минутын дараа Б.Э............яа ганцаараа гараад том Боргио гэдэг пиво аваад ороод ирсэн...тэгээд над руу эхнэр Алтантуул утсаар дуудахаар нь би тэндээс эгчийг үлдээгээд гараад явсан. Н.А................д эгч Б.Э............яа хоёр тэндээ үлдсэн...орой 19 цагийн үед над руу танихгүй дугаараас Б.Э............яа залгаад миний банкны карт болон гар утас хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй та хоёр үлдсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26),

3. Баярсайханы Б.Э............яагийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...гүйлгээний огноо хэсэгт...30/07/2017, салбар код хэсэгт...5171, цаг хэсэгт 15:13, хуулгын агуулга хэсэгт...TRF=000555664301-949618xxxxxx6113-ATM156>ATM1, зарлага хэсэгт ...390,000.00...” гэх баримт (хавтаст хэргийн 18),

4. Шүүгдэгч Н.А................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай найз Б.Э............яа над руу утсаар яриад хүрээд ирээч гээд байсан. Би тухайн үед завгүй байсан учраас маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн дүү Н.Б..........ийгийн хамт Б.Э............яагийн гэрт нь очсон. Б.Э............яад би очиж чадахгүй гэхэд Н.Б..........ийг дагуулаад хүрээд ир би бензиний мөнгө өгнө гэж хэлсэн болохоор Н.Б..........ий бид хоёр очсон. Бид хоёрыг очиход Н.Б..........ийгийн машинд бензин хийнэ гээд Б.Э............яа өөрийнхөө картнаас дэлгүүрт орж юм авч байгаад бэлэн 50.000 төгрөгийг Н.Б..........ийд өгсөн. Дараа нь бид гурав юм хумаа ууж идэж байгаад дахиад идэж уух юм авах гээд хамт явцгааж өөрөө дэлгүүр орж 30.000 төгрөгөөр ууж идэх юм авсан. Тэгээд удалгүй Н.Б..........ий гэрээс нь хүн дуудаад байна гээд яваад өгсөн. Н.Б..........ийг явснаас 1 цагийн дараа би Б.Э............яагийн хоолныхоо тавиурын дотор саванд хийчихсэн байсан картыг нь аваад Цэнхэр дэлгүүрийн ойролцоо байх АТМ-с 390.000 төгрөгийг аваад гэр лүүгээ яван. Намайг картыг нь аваад гарах үед Б.Э............яа тасарчихсан унтаж байсан. ...Б.Э............яа надад картнаас нь мөнгө авахыг зөвшөөрөөгүй. Орбитын тойргийн АТМ-с эхэлж 50.000 төгрөгийг авч манай дүүд өгчихөөд дараа нь 30.000 төгрөгийг тэр дор нь уншуулж аваад идэж уух юм авцгаасан...Н.Б..........ий ямар ч оролцоогүй. Н.Б..........ий тухайн үед гэр рүүгээ явчихсан байсан. Н.Б..........ий намайг Б.Э............яагийн картыг нь авсан асуудлын талаар юу ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 58), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 66), хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 67-68) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэх авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А................дад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Шүүгдэгч Н.А................дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Н.А................д нь Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Б.Э............яагийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч картнаас нь мөнгө уншуулан 390.000 төгрөгийн хохирол болох нь;

-Хохирогч Б.Э............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр...манай гэрт хуучин хамт ажиллаж байсан Өлзий, Н.А................д нар 10 цагийн үед ирсэн. Тэгээд бид нар пиво уухаар болоод дэлгүүр рүү С...........аатай хамт яваад том Сэнгүр аваад гэрт ирээд уусан. ...Тэгээд 12 цагийн үед Н.Б..........ий эхнэр дуудаад байна гээд тэр хоёр хамт манай гэрээс гараад явсан. Тэгээд би жоохон амарч байгаад босоод дэлгүүр орох гэтэл миний орон дээр нуусан байсан карт алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

“...Н.А................д бид хоёр хамт дэлгүүр яваад би картаараа юм авах үед миний картны нууц кодыг харчихсан юм шиг байна лээ... миний картнаас 3 удаагийн оролдлогоор 470.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

- Гэрч Н.Б..........ийгийн (шүүгдэгчийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 11 цагийн үед...Б.Э............яагийн гэрт очсон. ...бид гурав Орбитын эцэс орж дэлгүүрээс Н.А................д нэг том хоёр жижиг пиво авсан...Тэгээд гэрийнхээ ойролцоох Хаан банкны АТМ орж надад картаа нууц кодтойгоо өгсөн. Тэгээд намайг 50.000 төгрөг намайг ав гэсэн. Тэгээд би авсан мөнгөө Б.Э............яад өгтөл 30.000 төгрөгийг өөрөө аваад надад 20.000 төгрөг өгөөд ахиад 30.000 төгрөг аваад ир гэж хэлэхээр нь би АТМ орж 30.000 төгрөг авсан. Тэгээд Б.Э............яа 30.000 төгрөгөө манай эгч Н.А................дад өгөөд дэлгүүрээс пиво идэх юм аваад ир гэж оруулсан...Тэгээд Б.Э............яагийн гэрт очоод пиво уусан...Тэгээд 20-30 минутын дараа Б.Э............яа ганцаараа гараад том Боргио гэдэг пиво аваад ороод ирсэн...тэгээд над руу эхнэр Алтантуул утсаар дуудахаар нь би тэндээс эгчийг үлдээгээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26),

- Шүүгдэгч Н.А................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр...Н.Б..........ийг явснаас 1 цагийн дараа би Б.Э............яагийн хоолныхоо тавиурын дотор саванд хийчихсэн байсан картыг нь аваад Цэнхэр дэлгүүрийн ойролцоо байх АТМ-с 390.000 төгрөгийг аваад гэр рүүгээ явсан. Намайг картыг нь аваад гарах үед Б.Э............яа тасарчихсан унтаж байсан. ...Б.Э............яа надад картнаас нь мөнгө авахыг зөвшөөрөөгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.А................дын үйлдэл нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор, хохирогчийн, Б.Э............яагийн “виза картыг” хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Н.А................дыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас Н.А................д нь хохирогч Б.Э............яад 390.000 төгрөгний хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Б.Э............яад учруулсан хохирлыг шүүгдэгч Н.А................даас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.А................дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгч нийтэд тустай ажил хийх ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.А................д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагчаас Н.А................дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүйг болон шүүгдэгчийн хувийн байдал болох өрх толгойлсон, 12, 17 настай хоёр хүүхдийн хамт оршин суудаг, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоож болно.” гэж заасан байх тул шүүгдэгчийн гэмт хэргийг улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, илэрхийлсэн байгааг харгалзан түүнд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнсэж хянан харгалзсан хугацаанд авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.А................д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулав.

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0073 00991 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зургаадай овогт Н..............ржийн А................дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.А................дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй..

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Н.А................дад мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.А................д нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А................даас 390.000 (гурван зуун ерөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э............яад олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ