Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/872

 

                                   

 

 

 

 

      2018          10             10                                        872

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Д.О.................үү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Д...........нгийн О.................үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0356 91127 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Д...........нгийн О.................үү, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам, Сэлэнгэ татах хэсэгт машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ................................., урьд;

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 294 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 449 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн,

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.О.................үү нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ................ тоот хашаанд иргэн Б.А..............гыг зодож эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О.................үү мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч С.А..............гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим ...ажлаа хийгээд байж байсан чинь манай 6 насны хүү Х...............нэ гүйгээд ороод ирсэн. Тэгтэл нийтийн байрны оршин суугч О.................үү араас нь орж ирээд “гөлөг минь шээсийг чинь ална, гаргаад ир янхан, гичий минь” гээд орилоод байхаар нь хүүгээ дагуулаад гартал миний нүүр рүү хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би “чи яахаараа хүн цохьдог юм” гэтэл “чи миний хүүхдийг хар” гээд нийтийн байрны оршин суугчид ордог орц руу чиглээд миний гарнаас чирээд явсан. Тэгтэл орцны үүдэнд О.................үүгийн эхнэр хүүхдийнхээ амыг цэвэрлээд зогсож байсан. Тэгээд яасан юм бол гээд асуутал О.................үү орилж хашгираад над руу дайраад миний үснээс зулгаагаад авсан...миний духны зүүн талд болон хөмсөгний дээд ясны орчимд хөхрөөд төр дороо хавдчихсан...би шүүх эмнэлэгт 8000 төгрөг, толгойн томографийн зураг, Натур эмнэлэгт 120.000 төгрөгөөр авахуулсан. Гэрэл гэх нүдний эмнэлэгт 10.000 төгрөгөөр үзүүлсэн. Нийт 138.000 төгрөгний зардал гарсан үүнийгээ нэхэмжилж байна.... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20)

2. Гэрч Ч.Т....яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 14-15 цагийн орчим нөхөртэйгөө гэртээ хоолоо хийгээд байж байсан. Гэтэл хүү О............л нь гадаа тоглож байгаад амнаас нь цус гарчихсан “ааваа” гээд ороод ирсэн...О.................үү хүүгээ аваад гараад явсан...тэгтэл гадаа хүн маргалдах чимээ гарахаар нь гараад ирсэн чинь нийтийн байрын үүдэнд О.................үү халуун усны газар үсчин хийдэг хүүхэнтэй хэрэлдээд маргалдаад зогсож байхаар нь дундуур нь ороод боль гэж хэлсэн...О.................үү миний толгой дээгүүр гараа саваад л тэр эмэгтэйг алгадаад авах шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)

3. Гэрч С.Г..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед ...нийтийн байрны залгаа байранд халуун усны газар үсчин ажилтай А..............гын дух нь хавдчихсан байсан...О.................үү намайг цохисон гэж хэлсэн. Яагаад цохиулсан юм гэсэн чинь өчигдөр манай хоёр хүүхэд гадаа тоглож байгаад гүйгээд ороод ирсэн чинь араас нь О.................үү орж ирээд миний дух руу гараараа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29),

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9162 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Духны зүүн дээд хэсэгт 3х3.5см хавдсан, хүрэн өнгийн цус хуралттай

2018.7.27-ны Натур эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээнд: Тархины эдэд болон гавал ясанд гэмтлийн өөрчлөлтгүй гэжээ...ДҮГНЭЛТ

1. С.А..............гын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33),

 

5. Шинжээч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Үзүүлэгч С.А..............гыг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үзэхэд түүний биед духны зүүн хэсэгт 3х3.5см хавдсан, хүрэн өнгийн цус хуралттай байсан. Дээрх гэмтэл нь духны зөөлөн эдийн няцрал гэмтэл...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),

6. Шүүгдэгч Д.О.................үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хадмыг эмнэлэгт эргэх гээд эхнэрийн хамт хоол хийгээд гэртээ байж байсан чинь манай 4 настай хүү О............л гаднаас орж ирээд ааваа агаа намайг зодчихлоо гээд хамар, шүд, буйлнаас нь цус гарчихсан ороод ирэхээр нь би халуун усны газар үсчин ажилтай А..............гатай уулзах гээд халуун усны газар руу орсон. Танай хүүхэд чинь манай хүүхдийн хамраас цус гаргачихлаа чи очоод хардаа гэсэн чинь өөдөөс чи өөрөө хүүхдээ харахад яадаг юм гэхээр нь чи юу гээд солироод байгаа юм манай хүүхэд танай хүүхдийг цохьчихсон бол чи үүнээс илүү юм болох байсан биздээ гэсэн чинь арчаагүй новш гэсэн ингээд би тэр халуун уснаас гараад нийтийн байрны хашаа руу орсон А..............га миний араас гарч ирсэн. Ингээд нийтийн байрны хашаан дотор А..............гатай хэрэлдээд зогсож байсан чинь эхнэр байрнаас гарч ирээд хүүгийн цусыг арчиж цэвэрлэж байсан. Ингээд А..............гыг дагуулаад хүүхэд эхнэр хоёрынхоо хажууд очоод харуулах гэсэн чинь тэр хүүхэн намайг арчаагүй архичин гээд хэл амаар доромжлоод нүүр рүү цохисон. Тэгэхээр нь...уур хүрээд тэр хүүхний нүүр рүү баруун гараараа зүүн хацар рүү нь нэг удаа алгадсан...би А..............гын нүүр рүү баруун гараараа зүүн хацар руу нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64),

 

7. Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 56),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 41, 42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-54), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 43, 47-48, 77-93), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 73), нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар (хавтаст хэргийн 74-76) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.О.................үүд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.О.................үү нь Сонгинохайрхан дүүргийн ................ тоот хашааны орчим, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, хүүхдээ өмөөрсөн хувийн сэдэлтээр, хүү О............лынхоо зодуулсан байдлыг харуулах зорилгоор, шүүгдэгч, хохирогчийн бие биендээ хүндэтгэлгүй харьцсан шалтгаан нөхцлийн улмаас, тэрээр  шууд санаатай үйлдлээр, Б.А..............гын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.АриунТ....яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь манай 6 насны хүү Х...............нэ сум шиг гүйгээд ороод ирсэн. Тэгтэл нийтийн байрны оршин суугч О.................үү араас нь орж ирээд гөлөг минь шээсийг чинь ална гаргаад ир янхан минь гичий минь гээд орилоод байхаар нь О.................үүг дагуулаад гадаа гартал миний нүүр рүү хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би чи яахаараа хүн цохьдог юм гэтэл чи миний хүүхдийг хар гээд нийтийн байрны оршин суугчид ордог орц руу чиглээд миний гарнаас чирээд явсан. Тэгтэл орцны үүдэнд О.................үүгийн эхнэр хүүхдийнхээ амыг цэвэрлээд зогсож байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20)

- Гэрч Ч.Т....яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү О............л нь гадаа тоглож байгаад амнаас нь цус гарчихсан “ааваа” гээд ороод ирсэн...О.................үү хүүгээ аваад гараад явсан...тэгтэл гадаа хүн маргалдах чимээ гарахаар нь гараад ирсэн чинь нийтийн байрын үүдэнд О.................үү халуун усны газар үсчин хийдэг хүүхэнтэй хэрэлдээд маргалдаад зогсож байхаар нь дундуур нь ороод боль гэж хэлсэн...О.................үү миний толгой дээгүүр гараа саваад л тэр эмэгтэйг алгадаад авах шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)

- Гэрч С.Г..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед ирсэн чинь нийтийн байрны залгаа байранд халуун усны газар үсчин ажилтай А..............гын дух нь хавдчихсан байсан...О.................үү намайг цохисон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9162 дугаар дүгнэлт “...1.С.А..............гын биед гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

- Шинжээч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...С.А..............гыг...биед духны зүүн хэсэгт 3х3.5см хавдсан, хүрэн өнгийн цус хуралттай байсан. Дээрх гэмтэл нь...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),

- Шүүгдэгч Д.О.................үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай 4 настай хүү О............л гаднаас орж ирээд ааваа агаа намайг зодчихлоо гээд хамар, шүд, буйлнаас нь цус гарчихсан ороод ирэхээр нь би халуун усны газар үсчин ажилтай А..............гатай уулзах гээд халуун усны газар руу орсон. Танай хүүхэд чинь манай хүүхдийн хамраас цус гаргачихлаа чи очоод хардаа гэсэн чинь өөдөөс чи өөрөө хүүхдээ харахад яадаг юм... арчаагүй новш гэсэн. Ингээд...А..............га...нийтийн байрны хашаан дотор...хэрэлдээд зогсож байсан ...тэгтэл намайг арчаагүй архичин гээд хэл амаар доромжлоод нүүр рүү цохисон. Тэгэхээр нь...уур хүрээд тэр хүүхний нүүр рүү баруун гараараа зүүн хацар рүү нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.О.................үү нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хүүхэд зодлоо” гэх сэдэлтээр, хохирогч А..............гыг нүүрэн тус газар нь цохиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О.................үү нь хохирогч ...А..............гыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.О.................үүг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А..............га нь эмчилгээний зардалд баримтаар 149.100 төгрөгийг (хавтаст хэргийн 56) нэхэмжилсэн боловч шүүгдэгч Д.О.................үү нь хохирогчид 138.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 73) баримтаар нотлогдон тогтоогдсон. Нөгөө талаар хохирогч нь гомдол санал байхгүй (хавтаст хэргийн 73) гэх тул шүүгдэгч Д.О.................үү нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О.................үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О.................үү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.О.................үү нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Д.О.................үүд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Иймд шүүгдэгч Д.О.................үүгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр “Улаанбаатар төмөр зам, Сэлэнгэ татах хэсэгт машинч” ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.О.................үүд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0356 91127 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д...........нгийн О.................үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О.................үүг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О.................үүд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.О.................үү нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ